Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай, эртний мэргэдийн сургаалаас иш татан, дэлхийн оршин тогтнох мөчлөгийг зургаан галавт хуваадаг тухай үгүүлсэн. Үүнд: “Тогтохын галав, Оршихуйн галав, дундад галав, эвдрэхүйн галав, хоосон галав, их галав” гэх ба өнөөгийн бид “эвдрэхүйн галав” –т аж төрж буй гэнэ. (“Дал” сонин 173.) Эдгээр галавуудын зөвхөн нэрийг нь сонсоход л, манай гарагийн үүсэл, хөгжлөөс авахуулаад мөхөл хүртэлх бүх “түүх” –ийг үгүүлэх мэт болж байгаа нь, нэн “хүчирхэг” угшилтай мэдээлэл гэдгийг харуулна. Гэтэл өнөөгийн бид чинь, дэлхий үүсээд шулуухан замаар явсаар өнөөгийн их л сүрхий “хөгжил” –д хүрээтэхсэн мэт ойлгож дадсан нь, сэтгэлгээний “гажуудал” гэлтэй. Галав юүлэх тоолонгоор өсөж өндийж, бууран доройтож, урваж хөрвөж, төгөлдөржиж ирсэн тэр их намтар цадигийг, нэгэн хүмүүн “толгойдоо багтаан” хүүрнэн үгүүлэх гэвэл дэндүү “хэтийдсэн” хэрэг болно. Харин дусал дуслаар хураан цуглуулсан дорно дахины далд мэдлэг (эзотерик номлол) –ийн их сан хөмрөгөөс суралцах, цааш нь олон нийтийн хүртээл болгох гэвэл өөрөө. Дорнын тэрхүү эрдмээс “авшиг” хүртсэн, Европын анхны “азтан” нь яахын аргагүй Е.П. Блаватская (1831-1891) гуай аж. Харин өнөөдөр түүний албан бус “залгамжлагч” –аар Оросын эрдэмтэн Э.Мулдашев гуай “тодроод” байх шиг. Эд нарын болоод бусад хүмүүсийн бичсэн нууцлаг ухааны номыг уншиж, зарим эрдэмт хүмүүсээс асууж сураглан бодолхийлэх тусам, ерөнхий нэгэн чиг ойлгогдоод ирдэг мөртөө зарим талаар санал нийлмээргүй санагддаг нь хачин. Олон жилийн хөдөлмөр зарцуулсны үр дүнд, басчиг өөрийн гэсэн баримтлалтай болсноо, өөрийн тэрлэсэн “Хүний үүсэл” номоор баримжаалан уншигч олондоо хүргэе.
Манай гариг дээр амьдралын анхны бүдүүлэг хэлбэр (нахиалан үрждэг ч юм гэж саная) үүсэхэд л анхны хүн, тийм мах бодтойгоор үүсэн бий болж, улмаар амьд байгалын хувьслыг даган өөрчлөгдөж иржээ. Гэхдээ бусад амьтдын биеийн бүтэцрүү хальтраад орчихолгүй, нэгэн чиг шугамаа алдал үгүй баримталж ирсэн мэт. Тэр нь ч үнэхээр ортой биз. Харин анхны хүн үлэмжийн том биет байснаа, жижгэрсээр өнөөгийн байдалд хүрсэн мэтээр бичсэн нь эргэлзээ төрүүлдэг юм. Жинхэнэ “Аваргасын эрин” гэж болохоор чулуун нүүрс (360-320 сая жилийн өмнө) –ний үеэс эхлэн, өнөөгийн хүний дайтай хомо сапиенсийн ул мөр олдоод байгааг юу гэх вэ. Энэ нь, аварга биет жижгэрсээр аажимдаа өнөөгийн хүн болсон гэх үзлийг үгүйсгэж байгаа юм. Түүнчлэн, саяхан болтол аварга хүмүүс, жирийн хомо сапиенс нартай зэрэгцэн аж төрж байсныг бас л яалтай. Олон дахин харьцуулан бодсоны эцэст, аварга хүн, жирийн хүн хоёр, адилхан “хүн” мөн боловч, төрөл өөр юм гэж үзээд “Хүний үүсэл” номондоо тусад нь “Хэт ухаантан –аваргууд” гэсэн бүлэг болгож бичсэний учир энэ. Аваргууд болбоос, Тэнгэр –хүн хоёрыг холбогч “гүүр” мэт санагдаад болж өгдөггүй юм. Одоо энэ тухай ярилцая.
“Сүмбэр уулын номлол” –д, наад зах нь 3-2 түмэн жилийн өмнөх, төв болон өмнөд Азийн газар нутаг, хүн амын тухай, хүн хэрхэн үүссэн тухай гойд сонин мэдээлэл байдаг. Юу нь гойд юм бэ гэвэл, уг номлолд үгүүлснээс ажихад, Сүмбэр уул (Шамбал) –ын бүс нутагт “Замбуутивийн хүн” (өвөг Монголчууд) Тэнгэрээс тасран хүмүүн төрлийг олоод удаагүй, харин бусад Монголжуу төрхтнүүд үүсээгүй, тэдний “оронд” Үлэмж биетнүүд яригдаж байгаад оршино. Энэ номлолд Замбуутив (өнөөгийн Энэтхэг, Пакистан) –ийн эргэн тойрон орших, газар орны тухай тун нарийн ялгамжтай, мэдлэгтэйгээр үгүүлсэн нь, эгэл хүнийх бус, Шамбалын орны мэдээлэл гэмээр санагддаг. Үлэмж биет тив. Гималайн нурууны өмнөд бэлээс Малаккын хойг хүртэлх газар. Аварга биет хүмүүсийн нутаг учраас, ийм нэр авчээ. Үхэр эдлэгч тив. Өнөөгийн Пакистаны өрнөд хэсэг, Афганистан, Ираны нутаг. Үхрийг эдэлдэгч, бас энэрдэгч, үлэмж биетэй хүмүүс аж төрдөг учраас ийм нэр өгчүхүй. Муу дуут тив. Өнөөгийн Төвдийн умарт бие, Алтан таг, Наньшанийн нуруу хавийн нутаг. Тэр цагт, Такла –Маканы говь, Зүүнгарын говь, Алашаний говьд том том тэнгис цэлэлзэж байсан гэх үндэс бий.
Дээр үгүүлсэн үлэмж биет хүмүүсээс хамгийн товир биетэй нь Муу дуутынхан. Замбуутивийн хүнийхээр 32 тохой хэмээсэн нь, 16 м орчим өндөр гэсэн үг. Монголын говиос олдсон 15 м өндөр хүний араг яс, Муу дуутын хүнийх байж таарна. Энэ тивийн хүмүүсийг насны хугацал болуут, 7 хоногийн өмнөөс тэнгэрт, “чи үхмүй” гэх ёозгүй муухай дуу хаддаг учир Муу дуут хэмээсэн нэр өгсөн юмдаг уу даа.
Монголчууд, “Харсан Тэнгэр” хэмээх үгийг нэг мэдэхэд л, санамсаргүйгээр амнаасаа унагачихсан байдаг. Энэ үг, хүний үүслийн шатанд хамгийн чухал үүрэгтэй байснаа, элэгдэж мартагдсаар, эдүүгээ юу хэлээд байгааг ойлгох нь байтугай зөв тайлбар өгөх хүнгүй болжээ. Гэхдээ л ярилцсаар. Товчоор хэлбэл, газар газрын хүмүүс, өөр өөр Тэнгэрийн үр сад төдийгүй, эцэг Тэнгэр нь дээрээс байнга харж, хандаж байдаг. Монголчууд үүнийг сайн мэддэг байсан төдийгүй, “Эцэг Тэнгэр” –ийн ивээлд багтаж явахын тулд гүн хүндэтгэлтэй ханддаг байсны нэгэн улбаа нь “Харсан Тэнгэр” учраас “амны уншлага” болсон нь тэр. Үүнийг юуны тулд үгүүлэв гэхлээр, зөвхөн хомо сапиенс төдийгүй, үлэмж биет хүмүүст өөр өөрийн харъяаллын, харьцдаг Тэнгэр гэж байсан бололтой. Тэнгэрүүд, үлэмж биетнүүдийн оролцоо, тусламжтай шинэ үр сад (хомо сапиенс) –аа сахиулж, өсгөж үржүүлсэн гэх үндэс байна. “Үхэр эдлэгч” тивийн үлэмж биет хүмүүсийн нөлөөгөөр, тэнд шинээр үүссэн хомо сапиенс нар мөн л үхрийг эдэлдэг, энэрэн хайрладаг болсон нь лавтай. Тэр нь Энэтхэг (өвөг Монгол) –т “халдварлаж” одоогоороо Энэтхэгт ч тэр, Монгол оронд ч тэр улбаа нь хадгалагдсаар. “Муу дуут” хэмээх лут аварга хүмүүс аж төрдөг, хачирхалтай энэ тивд, шинээр бий болсон хомо сапиенсууд “Асура” –ыг шүтдэг байсан нь олон юм бодоход хүргэдэг. Асура хэмээх нь Тэнгэр нартай адил маш хүчирхэг “хий биет” юм. Эзотерик ном зохиол дээр, “Дээд бүтээгч хүчин” –ээс манай гаригт “бурханлиг хүмүүс бий болгох” даалгавартай явуулсан элч Тэнгэрүүдийн хамгийн авъяаслаг, хүчирхэг нь болох “Люцифер” нэрт Тэнгэр урваж, Дээд бүтээгч хүчин –ээс холбоогоо тасалдаг. Тэгвэл тэр Люцифер Тэнгэр бол Асура мөн хэмээн мөхөс би мунхагладаг юм. “Сүмбэр уул” –ын номлол дээр, Сүмбэр уулын Тэнгэр нар Асуртай байнга дайтаж, ялж ялагдаж байгаа тухай гардаг. Эд нар юу булаалдсан юм бол, уйдсандаа дайтаагүй нь л лав. Миний ойлгож буйгаар “Сүмбэр уул” –аа булаалдаж байгаа нь тэр. “Сүмбэр уул” бол зүгээр нэг овоорсон хад цохио бишээ. Энэ бол “Дээд бүтээгч хүчин” –тэй холбогдсон, дуртай үедээ харьцаж болох “Эфирэн багана” хэмээн төсөөлөгдөнө.
Энэ гайхамшигт “байгууламж” –ийг Асура нар нураах гэж, Тэнгэр нар хамгаалах гэж үйлээ үзэж байгаа дүр зураг тодрох шиг санагдана. “Сүмбэр уулыг хэчнээн хайвч олдохгүй байгаа нь ийм учиртай буюу. “Сүмбэр уул” гэсэн нэр дуудлагын хазгайгаас болсон уу, яасан өдгөө “Шамбал” хэмээгдэх болжээ. Тэнгэр нар бодит ертөнцөд үр удмаа “хүн” болгосон шиг, Асура нар ч бас хоцорсонгүй. Тэнгэр ч тэр, Асура нар ч тэр бодит ертөнцөд “биежих” –дээ анхлан Үлэмж биетнүүдийг бий болгож, дараа нь тэдний тусламжтай жинхэнэ “хомо сапиенс” –ийг төрүүлж, өсгөн үржүүлдэг зүй тогтолтой байж болох. Ж –нь: Төвдийн хойд талаар оршиж асан “Охидын улс” Асура шүтлэгтэй байгаа нь, Муу дуут тивийн Үлэмж биетнүүд “биежсэн” Асурууд байж, дараа нь Асуруудын үр сад мэндлэх үед Үлэмж биетнүүд сахиж, харж ханддаг байсан гэх бодол хар аяндаа мөрдөн гардаг юм. Нэгэн өөнтөгч этгээд, “Үлэмж биет хүмүүсийг төрөхөд нь хэн сахисан юм бэ” хэмээн асууж мэднэ. Тэгвэл, эзотерик ном зохиолд “хий биет Тэнгэрүүд нягтарсаар биеждэг” тухай гардаг шүү дээ, хэмээн хариулмаар байна. Тэгээд ч “Сүмбэр уулын номлол” –д Муу дуут тивийнхэн 1000, Үхэр эдлэгч тивийнхэн 500, Үлэмж биет тивийнхэн 35О насладаг тухай гардаг нь санамсаргүй юм биш. Сонирхуулж хэлэхэд, жинхэнэ Асура (хий биет) –ын насыг 100000 жил хэмээн тооцжээ. Бид мэддэггүйдээ л сонирхдоггүй болохоос биш, хий биет Тэнгэр нар хүнтэй адилхан бэр буулгаж, үр хүүхэд төрүүлж, өсгөж, улмаар өтөлдөг, үхдэг ертөнцийн жамаас ер гаждаггүй байх юм.
Энэ бүхнээс дүгнэлт хийх юм бол Үлэмж биетэн гэдэг нь:
1. Биежсэн Тэнгэр байхаас зайлахгүй. Харин тэдэнд эр, эм сүв бий эсэх, хоорондоо эвцэж үр хүүхэд төрүүлдэг эсэх талаар одоохондоо зоригтой дуугарах боломж алга. Хүн л юм болохоороо эсрэг хүйстэн байж таарна, хүний л хийдгийг хийж таарна гэх муйхар бодлыг маань Герегийн үлгэр домог, Лу. Алтан товч зэрэг гайхамшигт бичгийн дурсгал дээр, хүн нэлээд хожуу “саланги бэлэгтэн” болсон тухай үгүүлж байгаа нь “амаа татах” –д хүргэсэн юм. “Ариун Библи” судрын “Шастирийн дэд” бүлэгт Аварга биетнүүдэд үр удам байдаг мэтээр бичсэн нь бий. Тийм бол сайн л биз. Болтугай.
2. Гарал угсаа нэгтэй Тэнгэр нарын үр сад (хомо сапиенс) –ыг сахиж, асарч тойлж хүн болгох үүрэгтэй мэт. Зөвхөн үүгээр зогсохгүй өөрсдийн бодит ертөнцтэй харьцдаг туршлагыг, Тэнгэр нарын, нарийн ертөнцтэй хэрхэн харьцдаг аргыг зааж сургадаг хэмээж болно. Энэ байдал Замбуутивийн хүн (өвөг Монголчууд) –ий үүсэл, хөгжлөөс тов тодорхой харагддаг. Хүн төрөлтөн, олон галавын тэртээгээс авахуулаад юу болсон, яасан ийснийг яв цав мэдээд байдаг нь ийм учиртай ажгуу.
3. Дэлхий дээрх оньсого мэт байгууламжууд (Ази, Африк, Америкийн пирамидууд, Стэүхэнжийн цамхаг, Пасхи арлын хөшөө, Наскын аварга дүрс, Кускогийн чулуун байгууламж гм) цөм л Үлэмж биетүүдийн хийсэн ажил. Үлэмж биетнүүд дангаараа биш юмаа гэхэд, ядаж тэдний оролцоотой бүтсэн байж таарна. Үлэмж биетүүд жирийн хүмүүстэй зэрэгцэн аж төрж байсан гэх баримт өч төчнөөн бий.
4. Үлэмж биет хүмүүстэй холбогдох олдворыг харсан ШУ –ны эрдэмтэд, “Гигантопитекус” (аварга сармагчин) хэмээн нэрийдсэн байдаг. Хэлэх ч үг алга, энэ ч арай дэндэнэ ээ…
Ер нь арга билиг дээр суурилсан дорнын гүн ухаан, эмпирик арга дээр суурилсан ШУ хоёр, бие биендээ уусан нэгдээгүй цагт иймэрхүү шог байдал хэзээ ч тасрахгүй. Энэ хоёрын гол ялгаа гэвэл ШУ нь шинээр хөгжиж байгаа болоод ч тэрүү, судалгааны арга нь хэт явцуу шигээ танин мэдэхүйн хүрээ тийм давчуу юм. Харин дорнын гүн ухаан болохоор, олон галавыг дамжсан, оюун санааны охь манлай болсон “мэдлэг” –ийг чимх чимхээр хурааж цуглуулсан байдгаас агуу хүчирхэг. Учир иймээс, энэ хоёрын ертөнцийг үзэх “суурь” үзэл нь хүртэл тэс өөр аж. ШУ –ны ном ёсоор бол, дэлхий дээр “амьдрал” үүсэхдээ “0” –ээс эхэлж өгсөх дараалалтай явагдсан мэтээр үгүүлдэг. Тэгвэл дорнын гүн ухаан “Шим ертөнц тогтох, бас хоосрох ёс” –ыг хэрхэн номлодог вэ гэдгийг товчоор тайлбарлах гэж оролдоё. Барих биегүй үй олон ухаалаг хүчин нүгүүд (Тэнгэр нар) дээрээс доош чиглэлтэй, дээд шатных нь доод шатандаа гм –ээр (шатаар буух шиг) хувилан төрцгөөх гэж бөөн бужигнаан болдог мэт. Гэхдээ “бодит ертөнцөд юу болж төрөх” нь, мэдээж Үйлийн үр (Карма) –ийн хуулиар зохицуулагдана.
Ер нь “Шим ертөнц тогтоно” гэдэг, нэг ёсондоо, хий биет ухаалаг хүчин нүгүүдийн “задрал” явагдаж буй мэт санагдана. Ийнхүү эх болсон 6 зүйл, хамаг амьтан бий болдог аж. Харин “Хоосрохын галав” –ын үед эсрэгээр, доод шатны амьтан дээд шатандаа хувилан төрж эхэлдэг байна. Мэдээж, үйлээ бараагүй, тийм чадваргүй нь шарьжинд үрэгдэж замхардаг аж. Ийнхүү 3 муу заяаны орон, адгуусны орон, хүний орон хоосорч, хүчирхэг Тэнгэр нар болон хумигддагаас “Хоосрохын галав” хэмээн нэрлэжүхүй. Агни Йогын сургаал ёсоор хорвоо ертөнцийн бүхий л юмсыг 7 бие болгон ангилж, дээд 3 бие (гал, буддха, атми) –ийг мөнх хэмээдэг. Тэгвэл бидний ярьсан хумилт явсаар, ийм агуу төгөлдөр биетүүд болтлоо үргэлжилдэг байж болно. Тэр үед галав юүлж, газар тэнгэр нийлж, дэлхий бут үсэрдэг байлаа ч агуу “бурхад” мөнх хэвээр, “амьдрал цэцэглүүлэх” дараачийн аятай боломжийг хайсаар байх авай. Шинжлэх ухаан ядаж, дорнын иймэрхүү суурь мэдлэгүүдийг хүлээн зөвшөөрч бодлогын өөрчлөлт хийлээ гэхэд туулах “зам” –ыг эвхээд тавьчихсан мэт болохын сацуу, төөрч мунгинаад байх явдал үгүй болно. Тэр хэрээр хүн төрөлтний танин мэдэхүй, сэтгэлгээнд хувьсгалт өөрчлөлт гарч, хөгжлийн манлайд хүрэх юм. Мөхөс би энэ талаар ад болтлоо яншсан, нийтийн тусын тулд цаашид, ер нь нүд анитлаа үглэсээр л байх болно.
Эх сурвалж http://delgermaaarmaa.blogspot.com/
Tuesday, March 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment