Sunday, March 7, 2010

Мөнх хааныг түүний төрсөн дүү Хубилай хаантай харьцуулашгүйн адил Рубрукыг Марко Полотой харьцуулашгүй

Н.Даваа


“Чингис хааны булшийг Монголчуудын ариун дагшин уул гэж үздэг Бурхан Халдуны орой дээр бий гэж хэлж болно. Булшлахад оролцсон хүмүүсийг нууц задраахгүй хэмээн хөнөөсөн” /Вильям де Рубрук. Монголын эзэнт гүрнээр зорчсон нь. УБ. 240 дэх тал/.
Рубрукийн бичмэл эхүүдийг нягтлан шүүсний дүнд дээрх мэдээг олсон бөгөөд хэр зэрэг үндэслэл тэй болох талаар тухайн үеийн бодит байдлаас харахыг оролдьё.

XIII зууны дунд үед христ болон лалын шашин шүтдэг улс орон, ард түмнүүд Монголын Эзэнт Гүрний эрхшээлд орж, тэдний цаашдын хувь тавилан монголчуудын хүслээр болж байлаа. Тухайлбал 1241 онд загалмайтны шилдэг 30000 хүлэг баатрууд Доод Силезийн /Польш, Германы хил орчмын/ Лигниц хотын ойролцоо Байдар жанжины удирдсан 5000 цэрэгтэй тулгарч бут цохигджээ. Үүний дараа богинохон хугацааны дотор болсон 3 удаагийн том тулаануудад загалмайтны цэргүүд цөөн тооны монголчуудад дараалан ялагдаж байсан байна.

Ингэж Ромын Пап лам IV Инносений /Иннокентий/ Загалмайн шашинт Франц, Англи, Итали, Герман, Польш зэрэг Европын вант улсуудын цэргийн хүчээр Монголчуудын довтолгооныг зогсоох боломжгүй болсоноо сайн ойлгосон юм. Гэсэн ч 1242 онд Их хаан Өгөөдэй нас барж Монгол цэргийн давшилт зогссон цаг хугацааг нь ашиглан тэдэнтэй найрамдах, тулгамдсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэн тэднийг тагнан тандах зорилготойгоор Монголын их хаадад элч зарж захидал илгээж байв. Газрын дундад тэнгист Сицил, Сардина, Киприс хэмээх том гурван арал байдаг бөгөөд Киприс нь байрлалын хувьд стратегийн чухал ач холбогдолтой, үзэсгэлэнтэй сайхан, байглийн баялаг ихтэй арал тул Христ, Лалын шашинтнууд мянга, мянган жилийн туршид өвөр зуураа булаацалдсаар ирсэнийг бид мэднэ. Тухайн үед францын ван агсан Гэгээн Луй /Людовик/ загалмайтны аян дайнд бэлтгэн арлыг эзэмшиж байхад 1248 оны 12 сарын 14-нд Монголын элч нар Киприст очиж мөн сарын 19-нд Гэгээн Луйтай уулзаж байсан байна. Харилцан элч илгээх тохиролцооны дагуу 1253 оны хавраас Гэгээн Луйгийн захидлыг их хаан Мөнхөд хүргэж өгөх түүхэн үүрэг Рубрукт оногджээ. Францчуудын хамгийн их ван Гэгээн Луйгийн ойрын итгэмжит санваартан Рубрук нь эрүүл чийрэг том биетэй, гайхалтай тэвчээр хатуужилтай, ухаалаг үнэнч шударга хүн байжээ. Ихээхэн чухал захидал бичиг хүргэн өгөхөөс гадна тагнан тандах гол үүргээ биелүүлэхээр Монголын эзэнт гүрний нутгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй зорьжээ. Тэд 16000 км замыг морьтой туулж, өвлийн тэсгэм хүйтэнд даарч өлсөн, өөрийнх нь бичсэнээр монголчуудын ихэмсэг дээрэнгүй зан, цэрэг дарга нарын дарамт шахалт бүрийг даван туулсаар 1254 оны 1 дүгээр сарын 4-нд Монголын эзэнт гүрний газар нутгийг хамгийн ихээр тэлж өргөтгөсөн дөрөв дэх их хаан Мөнхөд өөрийн шашны ёс заншлыг баримтлан толгой нүцгэн, хөлдөөсөн хөлийн хуруунуудаа үл тоомсорлон хөл нүцгэн бараалхаж, Гэгээн Луйгийн захидлыг өргөн барьжээ. Рубрук нутгаас гаран Батын том хүү Сартагын эзэмшлээр дамжиж Бат хааны хүрээнд байхдаа хааны дагуулж яваа цэргийн тоог хэд хэдэн удаа тоолж үзэхэд 500-аас хэтрэхгүй байжээ. Ийм цөөхөн цэрэгрэй хаан Европыг түгшүүлж байгаа нь бүр ч түүний гайхлыг төрүүлсэн. Рубрук их хаан Мөнхийн ивээлийг хүртэж, Монголд 6 сар байх хугацаандаа олон сонин юм ажиглаж, Хархорумд үлдэх хүсэлтэй байгаагаа удаа дараа уламжилсан ч Мөнх хаан түүнийг буцаах шийдвэр гаргажээ. Рубрук өөрт нь Мөнх хаан болон ордныхоны өгсөн алт мөнгийг огт авдаггүй байсан бөгөөд энэ газар мөнгө олох гэж ирээгүй гэдгээ шулуухан хэлдэг байсан байна. Тэрээр 1255 оны сүүлээр Киприс аралд эргэн ирж Мөнх хааны тулган шаардах бичиг болон Хархорум хот хүртэлх улс үндэстнүүдийн газарзүйн байршил, амьдралын хэв шинж, ёс заншил, цэргийн зохион байгуулалт, зэвсэглэлийн талаар нарийн судалгаа хийн 169 хуудас тэмдэглэлийг пап ламд өргөн барьсан байдаг. Рубрукын аялалын тэмдэглэл, дүгнэлтүүд мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн бөгөөд цөөн тооны цэрэгтэй, түүний бичсэнээр зэвсэглэл муутай, биеийн хөгжлөөр европчуудад хүрэхгүй Монголчууд яагаад ийм их хүчтэй байгаа учрыг олж тогтоож чадсан. Рубрук Монголчуудын эсрэг дэлхий дахины бүх хүмүүсийг дайнд уриалан дуудаж, номлон сургахад бэлэн байгаагаа замын тэмдэглэлдээ нэг бус удаа илэрхийлсэн байдаг. Учир нь өөрсдийгөө бөрт чонын удам гэж бахархдаг монголчууд хаагуур нутаглаж, эзэмшлийнхээ хязгаараа хаагуур тогтоох нь их хааны хүслээр байсан бөгөөд монголчууд айх аюулгүй, чоно шиг эрх дураараа, өөрийн сонголтоор амьдарч байв.

Монголын их хаадаас загалмайтны эздэд илгээж байсан захидал Хубилай хааныг хүртэл шууд бууж өгөхийг тулгаж шаардсан “Мөнх хөх тэнгэрийн зарлиг” хэмээгээд “…эс дагавал бэрхийг хялбар, холыг ойр болгож чаддаг Мөнх тэнгэр мэдтүгэй” хэмээн тулгадаг байжээ.

Чингис хааныг нас барахад түүний голомт сахисан бага хүү Тулуйн ахмад хүү Мөнх 18 орчим настай байсан. Их хааныг онголоход Өгөөдэй, Тулуйн гэр бүл гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Рубрук нь Алтан ордны Сартаг, Бат болон Гүег хааны бэлэвсэн гэргий, Мөнх хаан түүний хатад ордныхонтой холбоо тогтоож, монгол цэрэгт олзлогдоод Хархорумд суурьшин Ангел бурхантай мөнгөн модыг урласан францын дархан Гийом Бушетэй найз нөхрийн дотно холбоотой болж, хамтдаа амьдрах ч байсан тул Чингис хааны бунханы талаар хамгийн бодит мэдээлэл үлдээж чадах хүний нэг мөн байлаа. Мөн тэрбээр үхэгсэдээ онголж нутаглуулдаг Монголчуудын ёс, булш бунхны талаар нилээд судалж түүхэн тэмдэглэлээ үлдээсэн. Монголчуудын хүчтэй байгаа нь ямар нэг далдын хүчин зүйл бус “цэрэг дайчид нь үйл хэргээ ухамсарлаж, хамгийн шилдэг хүчирхэг авьяастай хүнээр хаанаа сонгосон” гэсэн эцсийн дүгнэлт өгсөн. Рубрук шулуун шударга санваартан тул Хархорумд энэ хүчирхэг сайхан хүмүүсийн дунд үлдэн амьдарлаа өнгөрөөхийг хүсч байсан.

Мөнх хааныг түүний төрсөн дүү Хубилай хаантай харьцуулашгүйн адил Рубрукыг Марко Полотой харьцуулашгүй юм.

Хубилай хааны үеэс Монголын дотоодод хөлгүй дайн эхэлж, ахан дүүс хоорондоо алалдаж, Монголчууд бие биенийхээ цусыг урсгаж эхэлсэн. Хубилай өөрийн дүү Аригбухтай хаан ширээ булаалдан тулалдаж, Хубилайн нөгөө дүү Хүлэгүгийн Ил хаадын улс, Зүчийн хүү Бэрхийн Алтан ордны улсын хооронд ширүүн тулаан өрнөсний дүнд лал, христ шашинт улсуудын хувь заяа аврагдаж Монголын эзэнт гүрний задрал эхэлж, сул дорой мунхаг хүн төр удирдвал түүний дутууг ард түмэн цус хөлсөөрөө нөхдөг түүхэн жишээ давтагдаж эхэлсэн. Марко Поло түүний аав, авга нарын аялал нь ашиг харсан худалдаачдын аялал байсан. Марко Поло 1272 оноос Хувилай хааны дэргэд 17 жил итгэлт хүнээр ажилласан. Энэ л үеэс Монголын их хаад Ромын папад найрамдлын зөөлөн үгтэй захидлыг илгээж байлаа.

Миний бие нөхдийн хамт дээрхи түүхэн нутаг болох Кипр арал, Түрк, Түркменистан, Казахстан, Киргизийн нутгаар хоёр ч удаа очиж Рубрукын зарим нэгэн мэдээллийг газар дээр нь нягтлан үзсэн болно. Жишээ нь одоогийн Түркменистаны нутагт бухыг дийлж, арсланг ч барьж иддэг зэрлэг авиртай лут том биетэй ноход байдаг гэж өгүүлсэн нь дэндүү үндэслэлгүй худал зүйл шиг санагдаж байсан ч газар дээр нь очиж үзэхэд бат бөх төмөр хаалгыг галзуурсан мэт эвдэх шахан дайрч байгаа арслан шиг толгойтой, бяруунаас ч том биетэй, догшин араатныг тулан харж, хамт яваа нөхдийн хамт ихэд цочирдон сандарч билээ. Ийм нэг нохойн гаалийн татвар 60.000$ гэж нутгийнхан ярьсан. Мөн 40 км зайд уралддаг, жирийн морьноос 2 дахин том зүрхтэй түркмен морьдыг сонирхуулж байсан.

Би судлаач нөхдийн хамт Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт, шийдвэрлэх том тулалдаануудын тактик, хаадууд болон удирдагчдын удирдах арга барил, авьяас чадвар, сэтгэл зүй, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн уламжлал, тэднийг оршуулах зан үйл зэргийг судлан газар дээр нь батлан тогтоох зорилготойгоор олон жил ажиллаж байна. Үүгээрээ ч бид улс орныхоо цаашдын хөгжлийн замаа тодорхойлно гэж үздэг .

Марко Поло Чингисийн удам угсааны их хаадыг Алтайн их ууланд онголон оршуулдаг, зуун өдрийн хол газар байсан ч ялгаагүй тэр ууланд нутаглуулдгийг мэдвэл зохилтой гэж тэмдэглэн үлдээсэн. Их хаадын онгонтой холбоотой эх сурвалжууд түүхэн ном сударт нилээд тэмдэглэгдэн үлдсэн. Жишээ нь Монголын нууц товчоо, Хөх судар, Алтан товч, Судрын чуулган, академч Пэрлээ, доктор Бадамхатан нарын бүтээлүүдийг ихээхэн цаг зав гарган мэдээлэл, үнэн бодит байдлыг тус бүрд нь нягтлан үзэх шаардлагатай нь ойлгомжтой. Нөгөө талаар нэгдүгээрт, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн цаг хугацаанаас хамааралгүй эртний Египэд, Грек, Ромын, Англи, Хятадын томоохон хаадын бунхныг газар дээр нь судлах, хоёрдугаарт, Монголын их хаадын бунхан оршуулгатай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн газар нутаг, их бага уулын оройн хэсэгт археологи, геофизикийн судалгаанууд хийх зайлшгүй шаардлагатай.

Бидний хэсэг судлаачид булш бунхан болох нь тогтоогдсон байгууламжид тандан судалгаа, малтлага хийх зэргээр олон жилийн судалсаны дүнд 10 гаруй хаадын бунхныг илрүүлснээс Чингис хааны бунхан болон Түрэгийн эзэнт гүрний Билгэ хааны бунханыг баттай тогтоогоод байна.

No comments: