Өдөр тутмын "Үнэн" сонины 2009 оны 07 дугаарт Үндэсний архивын газрын дарга, түүхийн ухааны доктор /Ph.D/ Д. Өлзийбаатартай сэтгүүлч Д.Элбэрэлтийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
_
- Халх голын тулалдааны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа, Түүхчдийн хувьд энэ тулалдааныг өөр өнцгөөс харахад дөхөм болох олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байгаа гэсэн үү?
- Монголын дорнод хил Халх голд 1939 онд болсон тулалдаан хожмын олон улсын, тэр дундаа Азийн орнуудын цэрэг, улс төрийн харилцаанд нэгэн шинэ үеийн эхлэлийг тавьсан. Хүйтэн дайны дараагаас Орос, Монголын эрдэмтэд Халх голын тулалдааныг улам сонирхон судалж, уг мөргөлдөөнтэй холбоотой нууц баримтуудыг илрүүлсэн. Халх голын тулалдааны Японд Номонхааны үйл явдал гэж нэрлэдэг юм. Энэ түүхт тулалдааны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Үндэсний архивын газар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Японы “Сэкикүчи” олон нийтийн судалгааны нийгэмлэгтэй хамтран “Халх голын тулалдаан /Номонхааны үйл явдал/ дэлхийн түүхэнд: Өнгөрсний мэдэх, ирээдүйг хэлэлцэх нь” сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
Симпозиум энэ оны долдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо болох юм. Хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр оны өмнөхөн Япон яваад ирлээ. Хичнээн улсын төлөөлөгч оролцох юм, илтгэлийг ямар сэдвийн хүрээнд тавих вэ? гэдгээ тохиролцсон. Одоогоор хуралд арав гаруй орны эрдэмтэн, судлаачид оролцох хандлагатай байгаа. Сая Монгол, Японы талаас оролцох эрдэмтэн , судлаачдын тоо, илтгэлийн талаар хэлэлцэж, тохироод ирлээ. Зөвхөн Японы талаас 20 гаруй эрдэмтэн оролцоно.
“Халх голын тулалдаан /Номонхааны үйл явдал / дэлхийн түүхэнд: Өнгөрснийг мэдэх, ирээдүйг хэлэлцэх нь” сэдэвт олон улсын симпозиумын онцлог, зорилго нь энэ үйл явдлын талаархи шинэ үзэл хандлагыг гаргаж ирэх, шинэ баримтуудыг нээх. Өмнөх он жилүүдэд Халх голын тулалдааны түүхийг хөндөхдөө дандаа Орос, Монголын талаас хөндөж, ярьдаг байсан. “Орос , Монголын цэргүүд 1939 онд Японы милитаристуудыг ялсан.” гэж. Харин бидний хувьд түүхийг олон талаас нь, олон өнцгөөс нь нээх, мөн чанарыг нь зөв харах ёстой гэдэг үүднээс Японы талтай хамтран эрдэм шинжилгээний хурал хийхээр шийдвэрлэсэн юм. Халх голын тулалдааны эргэн тойронд ямар үйл явдал болов, энэ талаархи баримтыг кино, урлаг, утга зохиолд яаж тусгасан бэ? гэхчилэн өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Гол илтгэлүүдийг Монгол, Орос, Японы эрдэмтэн, судлаачид тавина.
Монголын талын түүхчдийн сүүлийн үед баримталж байгаа нэг хандлага бол Халх голын тулалдаан Монгол Японы зөрчил байгаагүй. Орос, Японы геополитикийн хүрээнд, Монголын нутагт болсон тулалдаан гэсэн үзэл. Энэ нь ч үндэслэлтэй.
- Тодруулбал?
- Тухайн үед Япон Зүүн хойд Хятад, Манжуурыг эзлээд Манж-Го гэсэн өөрийн тоглоомын улсыг байгуулсан. Японы ерөнхий хандлага нь Зөвлөлтийн коммунист нөлөөллийг таслан зогсоох, Германтай хамтран дэлхийг хуваах зорилготой байсан нь тодорхой байдаг. Энэ зорилгын дунд Монголын нутаг дэвсгэр орж ирсэн. Учир нь 1939 оны үед Монгол, Хятад, Манж-Го, Орос гэсэн гурван улстай хиллэдэг болчихсон байсан онцлогтой. 1935 оноос Монгол Манжуурын хэлэлцээр эхэлсэн байсан. Гэндэнгийн засаглалын үед шүү дээ. Монголууд Манж-Го улсыг хүлээн зөвшөөрөх талдаа, үүнийг нь Оросын тал эрс эсэргүүцсэн нь түүхийн баримтуудад бий.
Нөгөө талаар өөр нэг онцлог нь Халх голын тулалдаан дэлхийн хоёрдугаар дайны угтал болсон. Япон 1939 онд Халх голын тулалдаанд бүрэн ялагдсан, дараа нь Герман 1939 оны есдүгээр сард Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхлэсэн гэж түүхчид ярьдаг . Тэгэхээр энэ хоёр үйл явц салшгүй холбоотой. Иймээс бид АНУ, Герман, Польшоос эрдэмтэн судлаачид урьсан. Халх голын тулалдааныг эдгээр оронд хэрхэн дүгнэж, ямар байр сууринаас ханддаг байв гэдгийг тодруулах зорилготой. Америк, Герман, Польш, Хятад, Орос гээд хуралд оролцох орны эрдэмтэд өөр өөр улсын архивын баримтуудад түшиглэн сонирхолтой илтгэл тавина.
Их өргөн хүрээтэй, сонирхолтой, шинэ баримтууд, үзэл хандлагыг нээсэн хурал болно гэж итгэж байгаа. Энэ ч үүднээс симпозиум Монголын түүх, 1930, 1940-өөд оны үеийн онцлог үйл явдлыг бодитой, шинэ, өөр өнцгөөс харж дүгнэхэд онцгой ач холбогдолтой. Монгол, Япон, Оросын архивуудад байгаа, бидэнд мэдэгдээгүй шинэ, сонирхолтой баримтуудыг гаргаж тавихаар ярьж байгаа. Тулалдаанд оролцсон хүмүүсийн дурдатгал, Монгол, Японы ард түмний нийгмийн сэтгэл зүйд энэ тулалдаан ямар байр суурь эзэлдэг, хоёр улсын урлаг, утга зохиолд Халх голын тулалдааны талаар юу гэж тусгасныг мөн харуулна. Одоогоор оны эхний улиралд багтаан илтгэлүүдийг хүлээн авч, хураангуйг монгол, япон хэлээр хэвлүүлэхээр зэхээд байна.
- Та өөрөө түүхч хүн. Халх голын тулалдааныг ямар өнцгөөс нь харж, дүгнэдэг вэ? Судалгааны бүтээлүүддээ энэ талаархи баримтуудыг тусгадаг л байж таарна?
- Миний судалдаг сэдэв 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн гадаад орчны нөлөө. Халх голын тулалдаан энэ сэдэвтэй уялддаг. Баримтууд нь сонирхол татдаг. Хэлмэгдсэн хүмүүсийг ялласан гол үндэслэл нь “Японы тагнуул, эх орнооосоо урвасан ” гэх буруутгал. Ийм үндэслэлээр хорихыг нь хорьж, цаазлахыг нь цаазалсан байдаг. 1930-аад оны үед Оросын тагнуулын байгууллага Монголд тэр чигээрээ ажиллаж байв. Монголын тагнуулын байгууллагын сургагч зөвлөхүүд Оросын тагнуулын өндөр албан тушаалтнууд байсан. Манай яам, газруудад бүгдэд нь орос зөвлөхүүд ажиллаж байв. Эндээс Монгол Орост геостратегийнх нь орон зайн хувьд ямар чухал байсан нь харагддаг. Нөгөө талаас япончуудын хэтийн төлөвлөгөө, ЗХУ-ын эсрэг довтлох төлөвлөгөөнд Монгол газар нутгийн хувьд яах аргагүй орж байлаа. Иймээс ч Япон 1935 оноос эхлээд Монголын зүүн хил дээр удаа дараа өдөөн хатгасан тулалдаануудыг хийж байсан. Энэ бүхэн нь Монголын эх орончдыг “Японы тагнуул” гэж яллахад түлхэц болсон нь харагддаг. Яагаад гэхээр тэр үед Хятад дотооддоо байлдаад, Монголтой манатай байлаа. Харин Япон, Манж-Гог Монголын дайсан гэж үзэх, түүний эсрэг сурталчилгаа хүчтэй байсан. Тэр үүднээс Монголын эх орончдыг “Япон тагнуул” гэх үндэслэлээр буруутгаж, яллахад дөхөм болсон. Энэ нь цаашлаад 1939 оны Халх голын тулалдаанаар баталгаажсан. Халх голд Орос, Монгол, Японы цэрэг тулалдсан. Гэхдээ хүн хүч, техник, тулалдааны график талаас нь аваад үзвэл яах аргагүй Орос, Японы дайн болсон юм. Манайх бол оролцсон. Халх голын тулалдаанд Японыг ялсан, гэвч Монгол газар нутгаа алдсан шүү дээ. Бүр багагүй хэмжээний газар нутгаа алдсан. Үүний зэрэгцээ 1939 оны тулалдаан Монголын ард түмний нийгмийн сэтгэл зүйд хэлмэгдүүлэлтийг зөвтгөхөд нөлөөлсөн. “Үнэхээр Япон бидний дайсан байж, манайд урвагчид байсныг Зөвлөлтийн тусламжтай даран сөнөөлөө” гэсэн сэтгэхүйг бий болгосон. Иймээс ч 1940 оноос Чойбалсангийн байр суурь их бэхжсэн, хэмжээгүй дарангуйлагч болох зам нь нээгдсэн. Энэ бүхнийг олон орны эрдэмтэд тал талаас нь дүгнээд, хэлэлцэхэд түүхэнд их сонин дүгнэлтүүд гэрч ирнэ. Би илтгэл тавих гэж байгаа, 1930-аад оны үеийн нийгмийн уур амьсгал, “Японы тагнуул” гэсэн үйл ажиллагаа Халх голын дайнд нөлөөлсөн үү үгүй юу гэдэг сэдвийг хөндөх юм.
Бичиг соёлын өвийн он цагийг урагшлуулах нь төрийн бодлого байх учиртай.
- Манай ард түмэн нүүдэлчин соёл иргэншилтэй, Гэхдээ түүхийн үнэтэй, ховор нандин асар их баримт бичгийг бидэнд уламжлуулан хадгалж ирсэн гэдэг. Өнөөдөр үндэсний архивт хэдэн зууны түүхийн баримтыг хадгалж байгаа вэ?
- Үнэхээр гадны эрдэмтэд, судлаачид, түүх сонирхогчид хэлдэг. Монголчууд нүүдэлчин ард түмэн гэхэд бичиг соёлын асар их өв үлдээж чадсан байна гэж гайхан биширдэг. Энэ бол бидний бахархаж явах ёстой зүйл. Өдгөө үндэсний архивт XYII зуун буюу 1674 оноос хойшхи баримтууд хадгалагдаж байгаа. Манж чин улсын эрхшээлд бүрэн орохын өмнөх үе гэсэн үг. Ботиор тоолох юм бол 13 сая гаруй боть баримт хадгалагдаж байна. Тэгэхээр үүнээс өмнөх үеийн түүхийн баримтуудаар сан хөмрөгөө баяжуулах зорилт өмнө маань тулгараад байгаа. Бид 2021 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө гадаад орнуудын архивт хадгалагдаж буй Монголын түүхэнд холбогдох баримтуудаар сан хөмрөгөө баяжуулах зорилт дэвшүүлсэн. Их Монгол Улс 1206 онд байгуулагдсан, энэ цаг үед холбогдох баримт байх ёстой. Юутай ч Хятадын архивын байгууллагынхантай ярьж байгаа. Түүхийн баримтуудыг хувь хувилбараар авах талаар. Ингэснээр өөрсдийн бичиг соёлын өвийн он цагийг урагшлуулах, болж өгвөл 1206, түүнээс өмнөх түүхийн баримтуудаар сан хөмрөгөө баяжуулах хэрэгтэй. Энэ нь зөвхөн архивын биш төрийн бодлого байх учиртай юм. Өмнөх жилүүдэд ч үүнд анхаарч байсан нь харагддаг. Тухайлбал: Франын архиваас Мөнх хааны үеийн баримтуудыг хувь хувилбараар авсан. Ватиканы архивт Монголын түүхэнд холбогдох асар их баримт перс хэлээр байна. Эдгээрийг олж авахын тулд мэргэжилтнээ суралцуулах шаардлагатай.
- Аль нэг орны архивт хадгалагдаж байгаа, Монголын түүхэнд холбогдох баримтуудыг хувь хувилбараар эсвэл өөр баримтар сольж авахад учирдаг гол бэрхшээл юу вэ?
- Тухайн улсын архивт Монголын чиглэлээр судалгаа хийж, баримтуудыг илрүүлэх мэргэжилтэн, судлаач байдаггүй нь гол бэрхшээл. Тиймээс үүнд анхаарч, өөрийнхөө мэргэжилтнүүдийг суралцуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд АНУ, Солонгос, Хятадын архиваас тодорхой хэмжээний баримтуудыг авсан. Манай архивт байхгүй баримтуудыг авч байгаа юм. Гэхдээ он цаг урагшаа явж өгөхгүй байна.
Энэ жил есдүгээр сард Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын архивын салбарт хамтран ажиллах комиссын хуралдаан болно. Бид ХХ зууны Монгол, Оросын харилцаанд холбогдох баримтуудыг авч байна. Харин цаашид он цагийг урагшлуулъя гэж байгаа. Тухайлбал 1910-аад оны Богд хаант Монгол Улсын үеийн Монгол, Оросын харилцаанд холбогдох, Түүнээс өмнөх үеийн баримтуудыг хамтын ажиллагааны шугамаар олох, ном бүтээлд тусгах санал тавьсан.
Үүнээс өмнөх үе болохоор Манж, Оросын харилцаа болчихдог. Нөгөөтэйгүүр манжийн түрэмгийлэлд өртөхөөс өмнөх буюу Ар Юань улсын үе, Хятадын Мин улсын үеийн баримтуудыг олж авахаар холбогдох архивуудтай ярицаж байна. Тэр дундаа Монголын Юань улсыг мөхөөгөөд гарч ирсэн Хятадын Мин улсын үед Монгол, Солонгос их нягт харилцаатай байсан гэж түүхчид үздэг. Иймээс Солонгосын архивт хандаад тер үеийн түүхийн баримтуудыг авах, судлаачдад хүргэх зорилт тавиад байна.
Үндэсний архивын шинэ барилга 50 жилийн нөөцтэй
- Солонгос гэснээс тэндхийн Үндэсний архивын шинэ барилгыг барьсан мэргэжилтнүүд манай улсын архивын барилгын зураг төсөлд зөвлөгөө өгөөд явсан. Үндэсний архивын барилга барих ажил, зураг төсөл ямар шатанд байна вэ?
- Үндэсний архивын шинэ барилга барих асуудлыг Засгийн газар 2007 онд шийдвэрлэсэн. Энэ дагуу өнгөрсөн жил их ажил хийж амжууллаа. Барилга нэлээд нүсэр учраас гурван жил барина гэж төлөвлөсөн. Тэгэхээр 2011 оны сүүлээр барилгыг барьж, 2012 онд нүүж шилжих ажиллгаа дуусах болов уу. Хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгаж өгсөн байгаа. Өнөөдрийн тухайд архивын барилгын зураг үндсэндээ бэлэн болсон. Зураг төслийг “Проекц - Х” компани хийсэн. Бид “Койка” -гийн шугамаар санал тавиад Солонгосын архивын барилгыг барьсан мэргэжилтнүүдийг урьж авчирсан юм. Гурван мэргэжилтэн 21 хоног ажиллаад сая буцлаа. Тэд зураг төсөл хийсэн инженерүүдтэй нэг бүрчлэн уулзаж, ерөнхий архитектор, дулаан, цахилгаан гээд зураг төслийн бүх хэсэг дээр үнэтэй зөвлгөө өгсний дагуу бид тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд дууслаа. Зураг төсөл батлагдахаар тендер зарлаж, дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлнэ.
Үндэсний архивын шинэ барилга Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутагт Цагаан хаалганы өмнө босно. Хотын төвд газар байхгүй, хотын төвд арихивын барилга барих боломж ч байхгүй. Иймээс бид хотын захиргаанд хэд хэдэн газар санал болгосны дагуу энэ газрыг олгосон. Архивын баримтын хадгалалтанд утаа, агаарын бохирдол муугаар нөлөөлдөг . Шинэ барилга барих газрын хувьд агаарын бохирдолгүй, хөрсний шинжилгээгээр сөрөг зүйл илгээгүй. Нэг шүүмжилж байгаа зүйл нь нисэх буудалд ойрхон. Гэхдээ нисэх буудал онцгой нөлөөгүй, Олон улсын архивын байгууллага үүнийг стандарт зөрчсөн гэж үздэггүй юм. Барилга маань 50 жилийн нөөцтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн баримтуудыг бүгдийг нь хадгална, дээр нь цаашид 50 жилийн баримтыг хадгалахад санаа зовох зүйлгүй гэсэн үг. Тавин жилийн дараа сан хөмрөг барьж болно. Улс үндэстэн оршиж л байвал түүхийн баримтууд гарна, түүнийг нь хадгалж таарна шүү дээ. Энэ үүднээс бид нэлээд хэдэн жил оршин тогтнох барилга барихаар шийдсэн.
- Шинэ барилга ашиглалтанд орлоо гэхэд бичиг баримтыг хадгалах, бүртгэх, хамгаалах орчин үеийн тоног төхөөрөмж, систем шаардлагатай байх. Үүнд мэдээж багагүй мөнгө зарцуулна, төсөвт тусгасан уу?
- Төсөвт бол зөвхөн барилга барих хөрөнгийг тусгасан. Их мөнгө, найман сая гаруй ам.доллар. Архивын барилга олон дахин бариад байдаггүй онцлогтой. Иймээс олон жилийн эдэлгээ даах, хадгалах талбайн нөөц зэргийг сайтар тооцсон. Дотоод тоног төхөөрөмжийг авахаар гадны байгууллагуудтай ярьж байна. Манай архивын гадаад харилцаа 2001 оноос их хөгжсөн. Япон, Солонгос, Хятад гэхчилэн Зүүн хойд Азийн орны архивын байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн Олон улсын архивын байгууллагын идэвхтэй гишүүн. ХБНГУ-ын архивтай хамтын ажиллагаатай. Тус улсын архивынхантай ярьж, хэлэлцсэн зүйл нэлээд бий. Жишээ нь: 300 мянган еврогийн үнэтэй тоног төхөөрөмжийг авахаар ярьж байгаа. Өнгөрсөн оны зургадугаар сард очоод ирсэн. Манай талын хөөцөлдлөгөө жаахан дутаад байгаа. Сангийн яам, ХЗДХЯ-ны гадаад харилцаагаар дамжуулж энэ асуудлыг шийдвэрлэх юм. Солонгосын “Койка”-д мөн бид санал тавьсан. Эдгээрийг хэрэгжүүлэх ажил л үлдлээ.
- БНСУ–ын архивын барилга Азид төдийгүй дэлхийн загвар гэж үнэлэгдэж байгаа юм билээ. Эндээс туршлага судлах, авах зүйл их байсан уу?
- Анх би 2002 онд Солонгост очиж, архивын байгууллагатай нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Тэр үеэс Солонгосын тал архивын шинэ барилга барих гэж байгаагаа дурдсан. Олон улсын архивын байгууллага дэлхийн улс орнуудын архивын байгууллагад шаардлага тавьж эхэлсэн үе л дээ. Хадгалалт хамгаалалтаа сайжруул гэж. Учир нь 1999 оноос эхлээд байсхийгээд байгалийн гамшиг болж архивын асар их баримт үрэгдсэн. Ялангуяа Азийн орнуудад. Шри-Ланк гэхэд л архивын баримтгүй болсон. Иймээс ч Олон улсын архивын байгууллагын шаардлагын дагуу улс орнууд архивын барилгаа сайжруулах, хадгалалт, хамгаалалтаа дээшлүүлэхэд анхаарч эхэлсэн. Солонгосын архивынхантай уулзаж байхдаа манай архивын барилгын өнөөгийн байдал ямар билээ, бид ямар орчинд баримтаа хадгалж байгаа билээ, баримтууд маань ямар үнэ цэнэтэй билээ гэж бодогдсон. ИЙмээс 2003 оноос эхлэн архивын шинэ барилга барих асуудлыг тавьж эхлэсэн. Улмаар 2007 онд Засгийн газрын шийдвэр гарч, энэ ажил хэрэгжих шатандаа явж байна. Солонгосын архивын барилгын хувьд үнэхээр загвар болохуйц. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барилгын нээлт болж, дэлхийн өнцөг булан бүрээс архивчид, түүхчид ирсэн. Зөвхөн архивын барилга барьсан гэдэг үүднээс түүхчид ханддаггүй. Харин Солонгосын ард түмэн ийм их бичиг соёлын өвтэй, үүнийгээ ингэж хадгалж, хамгаалж чадлаа гэдгээ дэлхий нийтэд харуулсанд хүндэтгэлтэй хандаж байлаа. Барилгын хувьд гадна талаас нь эхлээд аюулгүй байдлыг хангаж чадсан. Их бууны сум ханан дээр нь ойхоор хийсэн гэдгээ сонирхуулж байсан. Канадад байдаг, архивын барилгын дотор хийдэг тусгай бодисоор гэхэд л хана, таазыг нь хийсэн. Энэ нь асар өндөр үнэтэй. Дээрх үйл явдлаас хойш хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан. Архивын барилга барих зорилготой байна гэдгээ хэлсэн. Тиймээс Солонгосын үндэсний архивын газраас надад архивын барилгын янз бүрийн зураг төслүүдийг явуулсан юм. Эдгээрийг судалж байгаад бид өөрсдийн хэмжээнд зураг төслөө хийсэн. Сая ирээд явсан Солонгос мэргэжилтнүүд “шаардлага хангасан зураг төсөл боловсруулсан байна” гэж үнэллээ.
2012 он гэхэд архивын баримтуудыг онлайнаар авдаг болно.
- Түүхээ мэдэхгүй хүнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг. Гэхдээ өнөөдрийн хувьд түүхийн баримтуудыг сонирхох боломж залууст ховор. Уг нь мэдээллийн технологи хөгжсөн энэ цаг үед онлайнаар түүхийн баримтуудтай танилцдаг болоход хэцүү юмгүй санагддаг?
- Ойрын үед хийхээр төлөвлөсөн хамгийн чухал ажлын нэг нь албан хэрэг хөтлөлтийг тоон системд шилжүүлэх. Энэ нь зүгээр нэг байгууллагын программ боловсруулах хэмжээний ажил биш. Архивын баримтыг тоон системд шилжүүлэх нь асар их хүч, хөдөлмөр шаардана.
Дахиад л Солонгосын жишээг ярья. Солонгост 1988-2005 оны хугацаанд энэ чиглэлээр 80 гаруй хууль гаргасан. Технологийн дэвшилтэй холбоотой учраас сайн бодож, нарийн төлөвлөх ёстой. Өнөөгийн төвшнөөрөө хийчихлээ гэхэд техникийн дэвшил гараад ирэхээр хоцрогдчихдог. Харьцуулахад, 1990–ээд онд бид баримт бичгийг zip дээр хадгалах юм ярьж байсан бол одоо огт өөр болсон шүү дээ. Том том серверүүд, компьютерийн дэвшил, хэвлэн буулгах, микрофильмийн төхөөрөмжүүд гараад ирсэн. Дээр нь түүхийн баримтуудыг хаанаас нь эхэлж тоон системд шилжүүлэх вэ, аль нь ач холбогдолтой, Үнэ цэнийг нь яаж тогтоох гээд чимхлүүр ажил их. Иймээс бид 2008 оноос эхлэн хэд хэдэн том фондоо тоон системд оруулах ажлыг туршилтаар эхэлсэн.
Өнгөрсөн жил Үндэсний архивыг тоон системд шилжүүлэх төхөөрөмжөөр бүрэн тоноглолоо. Одоо баримтаа буулгах, арга зүйн баримтыг зөв гаргах ажил тулгараад байна. Үүнээс гадна аймгийн архивуудад тоон системийг нэвтрүүлж эхлэхээр зэхсэн. Аймгийн архивуудад 1-3 хүн ажилладаг. Тоон системд шилжүүлэхээр програмын чиглэлийн мэргэжилтэн хэрэгтэй. Тийм учраас 2009-2010 оноос аймгийн архивуудыг хүн, хүчний хувьд бэхжүүлэхээр төлөвлөж байна.
Архив албан хэрэг хөтлөлт нэгдсэн системд орчихвол Монгол нэг архивтай болох юм. Ач тус нь их. Тухайлбал, Улаанбаатарт амьдардаг хүн Ховд аймагт ажиллаж байсан талаарх лавлагааг авахдаа цаг заваа үрэхгүй. Онлайнаар авчихна. Одоо бол шуудангаар явуулаад, тэнд нь архив ухуулаад дор хаяж 21 хоног, дээд тал нь сарын хугацаанд аймгийн архиваас баримтаа олж авч байна. Ерөөсөө архивын баримтууд хүмүүст нээлттэй, гэрээсээ ч олж харах боломж бүрдүүлэх нь бидний зорилго. Ямар ч байсан 2012 он гэхэд 21 аймгийн архивыг сүлжээгээр холбож архивын бүх лавлагаа, мэдээллийг онлайнаар авдаг болох юм.
- Архив албан хэрэг хөтлөлтийн тоон системд шилүүлэх хөтөлбөрийг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа. Энэ ажил нь урагштай байна уу?
- Сая 2004-2008 оны үйл ажиллагааныхаа дүнг бид хэлэлцлээ. Хийсэн ажлаа дүгнэж ярилаа. Ирэх онуудад хийх ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргалаа. Энэ оноос архивын үйл ажиллагаа цоо шинэ, хөгжлийнхөө шатанд гарна гэж дүгнэж байгаа. Хоёр жилийн өмнө архив, албан хэрэг хөтлөлтийн тоон системд шилжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. Хөтөлбөрийн хоёр дах шат энэ оноос эхэлж байгаа. Өнгөрсөн 2 жилд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр хоёр том программ хийлээ. Архивын эрэлт хайлт, тоо бүртгэлийн программ боловсруулж томоохон фондууддаа оруулж эхлээд байна.
Дархан, Хэнтий, Төв аймгийн архивт туршилтын журмаар эрэлт хайлт, тоо бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Ингэснээр архивын үйл ажиллагаа цэгцэрч, нэг ч хуудас материал үрэгдэхгүй, гэмдэхгүй, хойч үедээ бүрэн бүтэн хүргэх боломж бүрдэнэ.
- Төрийн албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийн нэг загвартай болгох чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
- Өнөөдөр байгууллагууд өөр өөрсдөө бүртгэлийн шинжтэй программ суулгаад явж байгаа. Харин бидний ярьж байгаа гол чиглэл нь төрийн бүх байгууллага албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн програмттай байх. Ингэснээр төрийн ажил цэгцэрнэ. Хэдийгээр энэ нь цаг хугацаа шаардсан ажил ч гэсэн одоогоор хэд хэдэн яам, газарт туршилтаар суулгаж байна. Үүнтэй уялдаад Архивын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн албан хэрэг хөтлөлтийн хуулийг батлан гаргах шаардлагатай.
Төрийн албан хэрэг хөтлөлт өдгөө зааврын түвшинд л байгаа. Засгийн газрын 41 дүгээр тогтоол, албан хэрэгт хөтлөлтийн зааврын хэмжээнд. Үүнийг бид хуульчлах ёстой. Өөр нэг санаа зовоосон, шийдэх асуудал нь ажилчдынхаа чадавхийг дээшлүүлэх. Архивт удсан мэргэжилтэн үнэ цэнэтэй болдог онцлогтой. Тэд фондоо, хаана юу байгаа, ямар өөрчлөлт хийснийг сайн мэддэг. Ихэнх байгууллагад залуучууд нэлээд ажиллах нь бий. Харин манайд бол өөр. Ахмад ажилтан 40, дунд залуу үе 60 хувьтай гэсэн боловсон хүчний бодлого барьж явдаг. Архивт ажилтнаар ороход гурван жил болж байж нилээд дөртэй болно. Иймээс энэ чиглэлээр хүмүүсийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, туршлагажуулах, компьютер технологийн мэдлэгийг сайжруулах нь одоо бидний өмнө чухал зорилт болж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment