Гэтэл Хятадын цэргийн эрхтнүүд сэжиг авч залхаан цээрлүүлэх их хүч илгээсэн байна.
1912 оны хавар Хятад цэргийн давуу хүчтэй хэд хэдэн удаа тулалдаж хятад цэрэгт арга буюу түрэгдэн арга буюу Оросын нутагт шурган оржээ. Сумъяа өөрийн дагуулсан 250 гаруй өрх айлаа авч шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол улсад дагаар орох, энэ хэрэгтээ туслахыг Оросын засгийн газарт хүсч тусгай зөвшөөрөл авчээ.
1912 оны намрын сүүл сард хуучин Хиагт боомтоор Монгол улсад нэвтрэн ирж дагаар оржээ. Нутгийн ардын тэмцлийг толгойлон удирдсан Сумъяаг Богд хааны засгийн газраас улсад туслагч гүнгийн хэргэмээр шагнасан байна. Сумъяа Дарьганга зэрэг нутгаар цөмрөн орж ирсэн хятад цэргийн довтолгооныг няцаан зах хязгаар нутгийг төвшитгөхөд идэвхтэй оролцжээ.
Эл гавъяаных нь учир Сумъяаг Богд хааны засгийн газраас улсын түшээ гүн хэргэм, Ялгуун баатар цол шагнаж, Шинжаанаас дагуулж ирсэн айлуудаар нь тусгай хошуу байгуулж, засаг ноён болгож, хувьд нь 30 өрх хамжлага таслан өгчээ. Монголын засгийн газраас Манлай баатар Дамдинсүрэнгийн удирдлагаар илгээсэн их цэргийн бүрэлдэхүүнд Сумъяа цэрэг удирдан оролцож, Долнуур, Зуу-Үд, Шулуун Хөхийн хошуу зэрэг газар хятад цэрэгтэй амжилттай тулалдаж байжээ.
Д. Сүхбаатар 1920-оны эцсээр тус орны хойд хэсэгт хувьсгалын ажил өрнүүлэхдээ Сумъяа бэйсийн хошуунаас ажлаа эхэлбэл зохино. Сумъяа бэйс хятадад их өшөөтэй хүн. . бас цэргийн хэрэгт туршлагатай учир манай ажилд тусалж чадна гэж байжээ. 1921 оны 1-р сард Чойбалсан, Чагдаржав нар Сумъяагийнд ирж хувьсгалын ажлаа танилцуулж ярихад Сумъяа уг хэрэгт бэлэн байгаагаа мэдэгдэж хошуунаасаа цэрэг эрс гаргахаа илэрхийлжээ.
Үүний дараа цэргээ авч Эрээн гэдэг газар хүрэлцэн ирэхийг Сүхбаатараас мэдэгдсэн ёсоор 1921 оны 2 сарын 24-нд өөрийн элсүүлсэн 60 гаруй цэргээ авч Эрээнд хүрэлцэн очиж Сүхбаатарын цэрэгтэй нийлсэн байна. 1921 оны 3 сарын 12 нд Дээд Шивээнд сууж буй ардын төлөөлөгч нарын хурлаас Хиагт хотыг хэрхэн чөлөөлөх, газарх орон, олон монголчуудыг хамгаалан авах тухай асуудлыг хэлэлцэж Л.Сумьяаг Монгол ардын журамт цэргийн дэд жанжин болгон томилохоор шийджээ.
1921 оны 3 сарын 18нд Хиагт хотыг хятад цэргээс чөлөөлөх тулалдааныг удирдан зохион байгуулахад Л.Сумьяа дэд жанжны хувьд оролцож галын шугамд тулалдаж явжээ. 1921 оны 3 сарын 24нд Ардын Намын Төв Хороо, түр засгийн газрын хамтарсан хурлаар дэд жанжин бэйс Л.Сумьяаг Цэргийн яамны дайчлах хэлтсийг эрхэлсэн түшмэлд томилсноос гадна мөн Или, Урианхайн зэрэг газартай хэлхээ холбоо байгуулах тухай асуудал хэлэлцэж Л.Сумьяаг намын хэдэн гишүүдтэй ухуулах бичиг авахуулан Илийн газарт одуулах нь зүйтэй хэмээн тогтож тэр үед Хиагтаас баруун тийшхи харуул, Ахай гүн, Сумьяа бэйс, Ханд Чин Вангийн хошуу зэрэг нутагт цагаантан үүрлэн, нутгийн ард олныг түйвээн зовоож, байдал их л түгшүүртэй байв.
Энэ байдлыг харгалзан 1921 оны 3 сарын 26 нд Л.Сумьяа “Дотно дүү жанжинд” гэж хаягласан нэгэн захидлыг Д.Сүхбаатарт бичжээ. Түүндээ “.....манай хошууны цахар цэргүүдийг энэхүү очсон элч цэргүүдийн хамт нааш буцааж, орныг бусад хорооноос нөхөн очуулах ажаамуу. Тэрхүү тус хошууны цахар цэргүүдийг би биеэр авч мордоод тэрхүү муу хулгай нарыг хядан сөнөөтүгэй хэмээмүй. Үүний тулд дахин давтан гуйна” гэсэн хүсэлт тавьжээ.
“Баруун замын байлдаан” 1921 оны 4 сард эхэлжээ. Л.Сумьяа мөн сарын 12ны орчим Хавтгай харуулын ард этгээдэд улаан цэргийн жижиг хэсэгтэй нийлэн хүчээ нэмэгдүүлж 200-аад цэрэгтэй болон Ахай гүн Лувсанхайдавын хошуунд нэвтрэн оржээ. Л.Сумьяа, Төрмандах /Иванов/ нараас намын төв хороонд илгээсэн бичигтээ, тэд хэсэг цэргийн хамт Лувсанхайдавын хошуунд ирээд байгаагаа дурдаад, тайж Пунцаг, Түшмэл Айбал нарыг 100 орчим цэргийн хамт цагаантан Сухарёв, тэдэнтэй нийлсэн Мэнгэт нарын хойноос явуулсан, төлөөний түшмэл Данзанг 3 хоногийн дотор маш яаралтай ирүүлж, цэргийн чухал хэрэг шийтгэлцэнэ үү” гэжээ.
1921 оны 4 сарын 26нд цэргийн яамнаас Л.Сумьяа, Иванов нарт тушаасан бичигт “Эрхэм жанжныг Илийн газар морилуулахаар нэгэнт тогтсон, үүнийг сонсгон явуулаад гуйх нь, хувцас хунарын зэрэг эх хэрэглэгдэхүүнийг идэвхийлэн төхөөрч ирэхийг хамтаар дурдан үүний тул тушаан илгээв” гэжээ. Ийнхүү Л.Сумьяа баруун замын байлдааныг удирдах ажлаасаа 4 сарын 28-28-нд чөлөөлөгджээ.
Дээрх тушаалыг нэг хэсэг Л.Дэмбэрэлбилэг, Б.Пунцаг, иванов, Давидов нар гүйцэтгэж байсан бололтой. 1922 оны эхээр Ардын засгийн газраас хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцогсодыг хөхүүлэн шагнахад хн.Чойбалсан, Д.Лосол, Б. Пунцаг нарын зэрэг нөхдийн хамт Л.Сумьяад үе улирах бэйсийн хэргэмээр шагнаж байжээ. Л.Сумьяа 1921-1929 онд Богд Хан уулын аймгийн Их Түшиг уулын хошуунд намын 87-р үүр байгуулахад намын гишүүнд элсэн орж, улмаар уг үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдож байв.
Гэвч Зүүний нугалааны үед түүнийг хуучин гүн, бэйсийн зэрэгтэй засаг ноён явсан хэмээн намаас хөөж, улмаар 1931 онд сонгуулийн эрхийг нь хасч байжээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид 1934 оны4 сарын 4-нд Л.Сумьяагийн гомдлыг хянаж үзээд түүнд ардын нэгэн адил сонгуулийн эрх мэдүүлэх шийдвэр гаргажээ.
1934 оны 7 сарын 8-нд Л.Сумьяаг ардын хувьсгалын Партизан болгож 418 тоот үнэмлэх олгожээ.
Энэ үед Л.Сумьяа 1935 оны эхээр 61 насандээрээ өвчний улмаас нас нөгчжээ.
Нэг хүнийг тахин шүтэх үеийн хэлмэгдүүлэлтэд түүний дүү Л. Дэмбэрэл болон бусад олон дайчин нөхдийг нь хамруулж харамсалтайгаар хөнөөн бүрэлгэж, үр хүүхдийг нь сэжиглэн хардаж элдвээр хавчиж байжээ.
Г.Цэрэндорж
No comments:
Post a Comment