Sunday, March 14, 2010 5
Утга зохиол, урлагийн тухайд болоод түүнийг бүтээгчдийн тухайд иш үгсийг бүтээгчдээс өөрсдөөс нь иш татсан болно. Афоризм, эсвээс онч үг гэхээсээ илүүтэйгээр иш үгс юм шүү. Танил зохиолчдынхоо зохиол бүтээлээс гадна, утга зохиолын талаарх үзэл бодолтой нь зэрвэс ч болохнээ танилцахад эдгээр иш үгс дусал нэмэр... Урт материалаас шууд орчуулсан болохоор эндүү андуу байваас өөрсдийнхөө мэддэгээр засч хэлж өгөөрэй. Амралтын хоёр өдрийн ааг зоог "ажил" гэхүү дээ.
Б.Баясгалан
Октавиа Паз
Уран зохиол бол ямар нэгэн зүйлээр дутагтаад байгаа тэр л мэдрэмжийн илэрхийлэл, басхүү тэрхүү дутаж гачигдаж буй зүйлсийн эсрэг эх булаг. Хэл хэмээх зүйл хүн төрлөхтөнд юу өгсөнийг бодоод үзэхэд ч энэ эсрэгцэл үнэн хэвээр байдаг. Хэл бол ямар ч утгагүй дуу авиануудын эсрэг, басхүү байгалийн болоод түүхийн анир чимээгүйгийн эсрэг эх булаг юм шүү дээ.
Хулио Кортасор
Уран зохиолын өв санг эвдэлж сүйтгэж чадахгүй бол ямар сайн зохиолч байх вэ дээ. Харин бидний хувьд.., тэрхүү эвдэн сүйрүүлэх ажиллагаанд чадах чинээгээрээ туслахгүй юм бол бидний сайн нь бас юундаа байх вэ дээ...
Вольтер Скотт
Утга зохиолын болоод түүхийн ямар ч мэдлэггүй хуульч бол энгийн нэг засварчинтай л адилхан. Харин эдгээр мэдлэгийн зах зухаас бага ч болов эзэмшсэн хуульч бол өөрийгөө уран барилгачины зиндаанд дуудаж болно.
Самуэль Тэйлор Кольриж
Испанийн ард түмний суут хүмүүс нь ямар ч сэргэг гойд ухаангүй мөртлөө хэт чамирхуу хүмүүс байдаг юм. Тийм учраас л тэдний уран зохиолд оюун санааны үр шим хомс, харин хошин шог зүйл асар их байдаг юм.
Томас Элиот
Их уншдаг хүнд бидний зүгээс үзүүлэх хамгийн өндөр хүндэтгэл бол түүнийг хангалттай ихээр магтах явдал юм. Уран зохиолын төлөөд шүү дээ.
***
Шашны хувьд би Англо-Католик, уран зохиолын хувьд би классицизмыг баримтлагч, харин улс төрийн хувьд би хаант засгийг дэмжигч...
Херманн Хэссэ
Уншигчдаас маань надад ирж байгаа захидлуудын дотроос оюун санааны хувьд тасралтгүйгээр өссөөр байгаа тодорхой хүрээг олж болно. Үүнийг би уран зохиол хийгээд уншигчдын хоорондох харилцаанаас үүдсэн оюуны өсөлтийн шинж тэмдэг хэмээн харж байна.
Мильтон Фридман
Уран зураг болоод архитектурт, шинжлэх ухаан болоод утга зохиолд, хөдөө аж ахуй хийгээд аж үйлдвэрт гэхчлэн хүний иргэншилд гарсан бүхий л дэвшлүүд нь хэзээ ч төвлөрсөн төрийн удирдлагын дор гарч байгаагүй билээ.
Роберт Луйз Стевенсон
Уран зохиолын хамгийн хэцүү нь түүнийг бичихэд байгаа юм биш ээ, харин чи яг ямар санаа гаргах гэснээ бичихэд л байгаа юм. Мөнхүү уншигчдаа хэрхэн нөлөөлөх асуудал ч хэцүү биш, харин түүнд яг өөрийнхөө хүссэнээр нөлөөлж чадсан эсэх л хамгийн хэцүү.
Алекса́ндр Солжени́цын
Би Оросын утга зохиолын ертөнцөд харъяалагдахаасаа илүүтэйгээр Оросын гэмт хэрэгтэн, ялтнуудын ертөнцөд харъяалагддаг гэдгээ ерөөсөө ч цэрвэлгүйгээр хэлчихье. Тэндээс л би өөрийн боловсролоо олж авсан юм. Сурсан зүйлс маань надтай үүрд хамт байх болно.
***
Утга зохиол нь харгис хүчний хатуу хяналтаар тасар татагдсан тэр үндэстний төлөө эмгэнэн гашууднам. Энэ бол зүгээр нэг хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж буй хэрэг төдийхөн биш ээ. Энэ бол үндэстний зүрх сэтгэлийг боомилж, ой санамжийг нь огтлон хаяж буй үйл явц мөн.
Франсуаза Саган
Урлаг дахь гарцаагүй нэг төөрөгдөл бол жинхэнэ уран зохиол нь амьдралд туйлын ойр байдаг гэх хандлага. Гэвч энэ бол үнэний эсрэг үзэл юм. Амьдрал бол эмх замбараагүй, ямар ч хэлбэр дүрсгүй зүйл шүү дээ. Харин уран зохиол туйлын хэлбэршмэл зүйл байдаг.
Йоханн Вольфганг Гёте
Утга зохиолынх нь мөхөл нь тухайн үндэстний мөхлийг харуулж байдаг.
Оскар Уайлд
Уран зохиол хийгээд сэтгүүл зүй хоёрын дундах гол ялгааг хүмүүс төдийлэн мэдэхгүй юм. Би хэлье л дээ.. Сэтгүүл зүй бол уншууртай зүйл биш, харин уран зохиол бол уншдаг зүйл биш.
Исаак Зингер
Уран зохиолын хамгийн гол амин сүнс нь сэтгэл хөдлөл хийгээд оюун ухаан, амьдрал хийгээд үхлийн хоорондох тулаан байдаг. Зохиолыг хэт ухаанаар зодож бичвэл сэтгэлгүй, хөшүүн болдог. Харин оюун санааг орхигдуулаад хөөрсөн сэтгэлээр бялдаж бичвэл энэ нь ямар ч авах юмгүй, мунхаг, үнэндээ бол огтоос утгагүй зүйл болон хувирдаг.
Антон Павлович Чехов
Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол миний нууц амраг юм. Нэгнээс нь болж ядрахаараа нөгөөтэй нь би шөнийг өнгөрүүлдэг.
Владимир Набаков
Уран зохиолд "Авъяасын" гэсэн ганцхан сургууль л байдаг.
Эзра Паунд
Уран зохиол бол мэдээ чигээрээ үлддэг мэдээ юм.
***
Үндэсний утга зохиол унавал тухайн үндэстэнд оюуны хоосрол нүүрлэж, нийгэм нь ялзралд орно.
***
Уран зохиол бол тусгаарлагдмал орчинд байдаг зүйл биш. Зохиолч хүн зохиол бичих чадамжтайгаа энэ тэнцүү хувиар нийгмийн өмнө хүлээх тодорхой үүрэгтэй байдаг. Энэ бол тэдний хамгийн чухал хэрэглэгдэхүүн юм.
***
Жинхэнэ уран зохиол нь байж болох хамгийн дээд түвшинд утга санаагаа илэрхийлэхийн тулд туйлын энгийн үгээр туурвигдсан байдаг.
***
Уран зохиолын урт удаан жилийн нас нь магадгүй, үргэлжид орчуулгын урт удаан жилийн настай холбоотой байдаг.
Борис Пастернак
Уран зохиол бол энгийн хүмүүсийн тухайд энгийн бус зүйлийг нээн олоод, тэрүхүү эгэл биш зүйлээ эгэл хэлээр илэрхийлэн гаргахуйн урлаг юм.
Эрнест Хэмингуэй
Америкийн орчин үеийн утга зохиол гээч нь Марк Твэйний "Хаклберри Финн" хэмээх ганцхан номоос л эхтэй юм шүү дээ.
Доррис Лессинг
Уран зохиол бол үйл явдлыг ард нь задлан шинжлэхүй юм.
Евгений Евтушенко
Уран зохиол нь улс төрд ёс суртахууны хяналт маягаар үйлчилж байх ёстой.
Дэвид Хэрберт Лауренс
Уран зохиол гэдэг бол нөр их хөдөлмөр... Түүнийг бичнэ гэдэг урхинд орсонтой л адилхан зүйл. Энэ бол гүнээ шившигдсэн хараал л гэсэн үг...
***
Ай, уран зохиол оо гэж... Гайхамшигтай урлаг... Чөмгийг маань дундалсан ажил. Биднийг төмөр шанагаар хутган аваад, хажуу тийшээгээ цацчихдаг эд чинь энэ шүү дээ. Ай, халаг гэж...
Хэнри Жэймс
Уран зохиолын тун өчүүхэн хэсгийг л бичихийн тулд түүхийн асар том судалгаа хийх шаардлагатай болдог.
Олдос Хаксли
Хүмүүсийн амьдралынх нь дурсамжууд тэдний өөрсдийнх нь бичсэн зохиол юм.
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Royal Rumble 2015
Royal Rumble 2015
Post a Comment