Оршил
Ирээдүй бол өнгөрсний үргэлжлэл юм. Иймд ирээдүйн чиг хандлагыг тодорхой лoхын тулд өнгөрсөн түүхээ мэддэг байх шаардлага тай. Миний энэхүү бүтээлд “Монголын нууц товчоо” хэмээх одоогоор олдоод буй хамгийн анхны монголын бичигдмэл сурвалж, түүний зохиогчийн талаар өөрийн таамаглал ыг дэвшүүлж буй юм.
Хүн төрөлхтний соёл нь бичиг зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын номыг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна. Орос улсад 10-р зууны үед зохиогдсон “Игорийн хорооны үг”, Гүржид 10-р зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол, Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийг авч бичсэн зохиол, Грект “Илиада, Одиссей” гэдэг хоёр сайхан туульс байна. Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол “Монголын нууц товчоо” гэдэг зохиол мөн1.
Тэрчлэн энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мөн. Нууц товчоог 13-р зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээ хэлбэл халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно. Манай нүүдэлчин монголчуудад хадгалах тохитой байшин сав байхгүй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учраас ном бичгээ хялбархан үрэгдүүлдэг байсан юм.
Үлдсэн зохиолын зохиогчийн нэр тодорхойгүй бөгөөд тэр эрт цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найрyулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байна.
Судлаач оюутан миний зүгээс Монголын нууц товчоог судлан монголын хэрэйд аймгийн хүн бичсэн байж болох таамаг дэвшүүлэн судалсан минь энэ билээ.
“Монголын Нууц товчоо” нь монголын ард түмний үнэт өв болохыг Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди мөнхөд эрхэмлэн дээдлэх зарлиг буулгасан бөгөөд айл бүрийн хойморьт үеийн үед Их монгол улсын байгуулагдсан түүхийг өгүүлээд мөнхрөг.
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг
“Монголын нууц товцоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай
2004.02.18 №23 Улаанбаатар
Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баримтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалаж ирсэн гэгээн уламжлалтай билээ. “Монголын Нууц Товчоо” бол монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, “Тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн”. Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш туурвилыг даяар олноороо мөнх эрхэмлэн, үндэсний бахархалын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор монгол улсын үндсэн хуулийн 33-р зүйлийн нэгдэхь заалтын 3, монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэг, 12-р зүйлийн 12-р заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгах нь:
1.Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь “Монголын Нууц Товчоо”-г урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморьт залсугай.
2. Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.
3. Монголын нууц товчоог цогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэд, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгсдэд уриалсугай.
4. Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залах Монголын нууц товчоог урлан бүтээхийг засгийн газарт чиглэл болгосугай.
Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд
Н. Багабанди . Н.Энхбаяр
Тэргүүн бөлөг
Монголын нууц товчоо
Монголын нууц товчооны жинхэнэ нэр нь бол Yan Chao Pi Shi буюу юань улсын төрийн бүрэн эрх гэсэн утгатай үг хожим оросын эрдэмтэн хэвлүүлэхдээ Монголын Нууц товчоон нэртэйгээр хэвлүүлж алдаршcaнаас хойш “Монголын нууц товчоо” гэж нэрлэх болсон юм.
Монголын нууц товчоо бол 13-р зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Монголын нууц товчооны чухам үнэн хуваарь нь 12 дэвтэр бөгөөд тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон түүхэн үйл явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:
1. Тэмүүжиний уг гарвал ба бага насны үе
2. Чингисийн идэр нас
3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5. Татарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. Хэрэйд улс мөхсөн нь
7. Ван хан сөнөсөн нь
8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10.Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11.Хятан, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12.Чингис нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
гэсэн арван хоёр бүлэг, 282 зүйлтэй болно. Нууц товчоог Монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай болно. Монголын нууц товчоо зохиолын тухай оросын монголч эрдэмтэн Владимирцов “Дундад зууны үед нэг ч үндэстэн, монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох ба Монголын нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрсэлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино.”2 гэжээ.
Эл зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй.Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу Уйгур монгол үсгээр бичигдсэн аль нь болох нь тодорхойгүй.13-р зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгур монгол үсгээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлэн бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болох юм. “Юу ч болтугай уул монгол эх мөн гэж лав баримталмаар бичиг байхгүй тул хятад үсгийн эхийг гол болговол зохино.”3
Дэд бөлөг
Монгол угсааны хэрэйд аймаг
а/ Гарал үүсэл
Хэрэйд аймаг нь Хятан, Алтан улсын үед Монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм. Хэрэйдийн гарал үүслийн талаар түрэг, монгол гэсэн ацан судалгаа байдаг. Хэрэйдүүд олон аймаг, омог байсан ба бүгд Ван ханы харъяат зарц нар, тэдний салбар угсаатан аймгууд юм. Хэрэйд, эрт цагт долоон хүүтэй нэг хаан байсан гэдэг хөвгүүд нь цөм бараан царайтай байсан. Хэрэйд гэсний учир тийм буюу. Бүр сүүлийн үе хүртэл хэрэйд гэж нэг угсааг хэлдэг байсан.413-р зуунаас өмнө Хэрэйд, Жүрхэн, Нанхиад, Сакалд, Тумауд, Албат, Тунайд, Жирхун гэдэг хэрэйдийн найман аймаг байжээ.5
Судалгааны явцад монголын салбар аймаг байсан нь батлагддаг байна.
б/Газар нутаг
Хэрэйдийн хожуухан үеийн нутаг нь яг ябган /Заг, Завхан/, Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай нийлж, хойд талаараа мэргидтэй хил залгаж, зүүн талаараа төв Монголчуудтай нутаг савлаж, өмнөд талаараа тангудын Ся улстай хязгаар тулсан байжээ. Хятаны сүүлч, Алтан улсын эхэн үед Хэрэйдийн хан Тоорилын зуны орд нь Далай даваа гэдэг газар, өвлийн орд нь Онгийн голд байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдгэлжээ. Эдгээр газрууд нь Орхон голын сав дагуу байгаа болно. Тоорилын баруун жигүүрийн цэрэг анги нь: Тулсутан, Джансутанд, Зүүн жигүүрийн цэрэг анги нь: Илат, тарат /тариат/ Айджиэ, Күтүкэн /өтүкэн/, Уруйт, Ийлет, Гертитд нутагладаг байжээ. Энэ нь хэрэйдийн ханы нутгийн хожуу үеийн мэдээ боловч тэд өвөг дээдсээсээ тэнд нутагшин суусан нь мэдээж юм.
в/Монгол Хэрэйд
Ван хан буюу Тоорил хан ах дүүстэйгээ муудалцаж ялагдаад, Монголын Есүхэй баатарт ирэхэд: Есүхэй “Энэ хүнтэй бид нөхөрлөвөл зохино” гээд Тоорилтой Туулын хар-түнэ/ шугуйд/ анд бололцож, Гүр ханыг довтолж зугтуулан, Тоорилд хэрэйдийг эзлүүлсэн байна. Монголын нууц товчоонд: “Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлүүлсэн нь “Найманд эд хөрөнгө ба эм, хөвгүүдээ булаагдав би. Хөвгүүн чамаас дөрвөн хүлэг баатраа ирүүлэхийг гуйя. Миний албат иргэд ба эд хөрөнгийг аварч өгнө үү” гэжээ. Чингис цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дөрвөн хүлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байтал, Чингисийн дөрвөн хүлэг очиж түүнийг авраад албат хөрөнгө ба эм, хөвгүүд бүгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хан өгүүлрүүн: “Урьд Тэмүжиний сайн эцэг Есүхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн билээ. Одоо хөвгүүн Тэмүүжин бас дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагсан улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын илээ мэдтүгэй” гэв.”6
Ер нь Хэрэйд монголчуудын анд бололцох явдал үүгээр эхэлсэн биш, Хэрэйдийн Сарык хан монголчуудыг “дүүс” минь гэж үеэж, монгол, хэрэйд хоёрыг хоорондоо гэрлэхгүй, найрамдалтай явахыг сануулж байжээ. Монголчууд Сарык ханы хүч суларсныг харгалзан тэдний хүн бүрт, арав арван морь өгч тэнхрүүлж байсан удаа бий. Түүгээрч үл барам, Ван хан Тоорилын авга гүр хан Амбагайн хүү Хадаан тайштай сайн харилцаатай байжээ.7
Гэвч хэрэйдийн Ван хан бусдын ятгалганд орж Чингис хаантай эвдрэлцэж ялагдаад, найманд очвол тэтгэх биз гээд, найманд очиж чадалгүй хилийн харуулд алагдан амьсгал хураав. Чингис хаан: “Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун иргэнийг өгөв. Бас ван ханы дүү Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвгүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт /надад тус болж / яв гэж соёрхож өршөөв.8 Иймд Монголчууд, Хэрэйдүүд бат найрамдалтай байж байгаад 13-р зууны эхэнд Чингис хаан байлдан дагуулж нэгтгэсэн байна, миний бодоход байлдаж нэгтгээгүй бол Монголын нэгдсэн гүрэн байгуулагдахгүй байсан биз ээ.
г/Шашин шүтлэг
Хэрэйд аймаг христос шашин шүтдэг байсан гэж 13-р зууны Сирийн нэгэн түүхч бичсэн байдаг.9 Тэд өөрсдийн аймаг дотроос хүндэт эзэдтэй. Уг нутагтаа бусад аймгуудаас илүү хүчирхэг байв. Исус бурхaны сургаал хүрч түүнийг шүтэх болжээ. Исус гэж Христийн шашныг үндэслэгч. Хэрэйдүүд Христийн шашны нестор урсгалыг шүтдэг байсан. Исус амгалан болтугай гэж сүсэглэн мөргөдөг байсан. Христийн шашны гол судар нь Библи ном юм.
Библи нь Хуучин, Шинэ гэрээ гэсэн хоёр номтой. Хуучин гэрээ нь нийт 39 номтой, шинэ гэрээ нь 27 номтой ийм агуу шашны номноос гадна түүхийн зохиол гэж үзэх бүрэн үндэстэй юм.
Гутгаар бөлөг
Монголын нууц товчоог хэрэйд хүн бичсэн болох нь
а/ Монголын Нууц товчооны зургаан бүлэгт хэрэйдийн ханлиг гардаг болох нь:
Монголын нууц товчоонд хэрэйдийн ханлигийн талаар анх өгүүлсэн нь: Чингисийн идэр нас бүлэгт 96-зүйлд тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх бүрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгүл / өмсгөл/ гэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд /нөхөр/ Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг туул голын шугуйд нутаглан байхад хүрч очоод Тэмүжин өгүүлрүүн: “Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав” гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясч өгүүлрүүн:
“Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье.
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байг
/Ах захтай болог/” гэв.10
Дараа дараагаар нь
o Чингисийн идэр нас.
o Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь.
o Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь.
o Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь.
o Хэрэйд улсын мөхсөн нь
o Ван хан сөнөсөн нь гэсэн зургаан бүлэгт шууд дурьдсан бөгөөд бусад бүлэгт дам болов дурьдагддаг.
Дээр дурьдсан бүлгүүдэд тухайн явдлыг харсан мэт өгүүлсэн, бусад ханлигийн талаар ингэж их дурьдаагүйг харахад хэрэйд хүн бичсэн гэх таамаглах үндэс харагдаж байгаа юм.
б/ Хэрэйдийн бичгийн олон сайд Их монгол улс байгуулахад бүрэлдэхүүнд нь орсон нь.
Хэрэйд аймаг нь Хятан, Алтан улсын үед Монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм. Чингис хаан: “Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун иргэнийг өгөв. Бас ван ханы дүү Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвгүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт /надад тус болж / яв гэж соёрхож өршөөв” гэсэн мэдээ байна. “Түүнчлэн хэрэйд наймантай бэлчээрийн хувьд дайсагнавч, наймантай харилцаж, бас түрэг угсааны аймгууд дотроос хамгийн соёлтой уйгуртай харьцаж байсан нь хэрэйдийн дунд соёлын хэв заншил дэлгэрэхэд түлхэц болжээ. Тийм учраас тулгар төр байгуулагдах үед олон хэрэйд битикчи /бичээч/ нар хүчин зүтгэсэн билээ”.11 гэх мэдээ байгаа тул хэрэйдийн олон бичээч нар тулгар төрд хүчин зүтгэж байсан юм.
в/ Чингис хааны угийн бичгийн загвар, Есүсийн угийн бичгийн загвар хоёр нэгэн адил болох нь:
1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяатай төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
2. Бат цагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужил бууралын хөвүүн Саль-хачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
3. Харчугийн хөвүүн Боржигдой мэргэн бүлгээ. Боржигдой мэргэний гэргий нь Монголжин гуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Дову мэргэн хоёр бүлгээ гэх мэтээр Чингис хааны дээд 23 өвгийн түүхийг өгүүлсэнтэй нь Библийн Эхлэл-5 тай адил байгаа юм.
Библид:
“1. Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр
2. эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ.
3. Адам зуун гуч насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.
4. Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.
5. Адам есөн зуун гуч наслаад үхэв.”12 Гээд Нао хүртэл бичсэн гэх мэтээр явсаар Шинэ гэрээний Матай1 номонд:
“1. Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.
2. Абрахам исаакийн эцэг, Исаак Иаковийн эцэг, Иаков Иудагийн ах дүүсийнх нь эцэг болой.
3. Иудай нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг,
4. Рам Амминадабын эцэг, Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм гэх мэтээр
15. Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм.
16. Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.” 13 гээд Есүсийн угийн бичгийг өгүүлсэн нь яахын аргагүй Чингис хааны угийн бичгийн загвар, Есүсийн угийн бичгийн загвар хоёр нэгэн адил буйг харуулж байна.
Харин Чингисийн угийн бичигт аавын нэр-хөвүүн-хүүгийн нэрийг дурьдсан бол, Есүсийн угийн бичигт аавын нэр-хүүгийн нэрний ард “ийн” гээд эцэг гэж орсон нь өөр мэт санагдаж болох юм. Энэ бол зөвхөн хоёр соёл иргэншлийн зөрүүг л харуулж буй хэрэг юм. Иймд Библиэс Чингис хааны угийн бичиг бичих санааг авсан байж болох юм.
Дүгнэлт
Монголын нууц товчоо бол Өнөөгийн залуу сэхээтэн бүрийн гарын ном болох хэрэгтэй, түүнчлэн айл бүр дээдлэн хоймортоо сүслэх нь хойч ирээдүйн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Эл зохиол бол монголыг уран зохиол, яруу найраг, аж амьдрал, нийгмийн зохион байгуулалт, зан үйл, түүхийн мэдээг өгүүлсэн одоогоор олдоод байгаа анхны монгол нутагт зохиогдсон бичигдмэл сурвалж юм. Дээр дурьдсанчлан тэр үеийн олон сайхан сурвалжууд дайн байлдааны үед үрэгдсэн нь тодорхой байна. Иймд Монголын нууц товчоо бол монголын оюуны өв их бүтээл мөн. Цаашдаа ч мөн өнгөрсний тухай мэдээг хангалттай өгөх сурвалж хэмээн судалж дэлгэрүүлэх нь судлаач бидний үүрэг мөн.
Монголын хэрэйдийн ханлиг бол эртнээсээ монголчуудтай найрсаг, ахан дүүгийн барилдлагатай улсууд байсан ба тал нутгийн хүчирхэг аймаг байсан юм. Хэрэйдийн нутаг нь яг ябган /Заг, Завхан/, Туул, Сэлэнгэ, Элсэн говийн хооронд байж баруун талаараа наймантай нийлж, хойд талаараа мэргидтэй хил залгаж, зүүн талаараа төв Монголчуудтай нутаг савлаж, өмнөд талаараа Тангудын Ся улстай хязгаар тулсан байжээ. Хэрэйдийн ханлигийг Чингис хаан өөрийн байлдан дагууллаар мэдэлдээ авснаас хойш хэрэйдийн олон сайд, түшмэдүүд нь Их монгол улсын төлөө үнэнчээр зүтгэсэн юм. Түүнчлэн Есүс буюу Христийн шашинд итгэгч овог байсан байна.
Судлаачийн зүгээс дэвшүүлэн тавьсан гурван том нотолгоо бол:
1. Монголын Нууц товчооны зургаан бүлэгт хэрэйдийн ханлиг гардаг.
Тухайн явдлыг харсан мэт өгүүлсэн,бусад ханлигийн талаар ингэж их дурьдаагүйг харахад хэрэйд хүн бичсэн байх үндэстэй.
2. Хэрэйдийн бичгийн олон сайд Их монгол улс байгуулахад бүрэлдэхүүнд нь орсон.
Тулгар төр байгуулагдах үед олон хэрэйд битикчи /бичээч/ нар хүчин зүтгэсэн билээ” гэх сурвалжийн мэдээ байгаа тул хэрэйдийн олон бичээч нар тулгар төрд хүчин зүтгэж байсан тул бичсэн байх үндэстэй.
3. Чингис хааны угийн бичгийн загвар, Есүсийн угийн бичгийн загвар хоёр нэгэн адил.
Есүсийн угийн бичгийг өгүүлсэн нь яахын аргагүй Чингис хааны угийн бичгийн загвар, Есүсийн угийн бичгийн загвар хоёр нэгэн адил буйг харуулж байна. Иймд христчин хэрэйд аймгийн хүн бичсэн байх үндэс байна. Иймд Монголын Нууц Товчоог Христид итгэдэг Хэрэйд хүн бичсэн болов уу.
Ишлэл зүүлт
1- Монголын Нууц товчоо, Ц.Дамдинсүрэнгийн орчуулга,1990 он,
7-р тал.
2-Б.Я.Владимирцов, Общественный строй Монголов М-Л 1934 стр 8
3- Монголын Нууц товчоо, Ц.Дамдинсүрэнгийн орчуулга,1990 он,12-р тал
4- Г.Сүхбаатар бичиж , Ч.Далай редакторласан, Монголын түүхийн дээж бичиг-2, УБ 1992 он.
5- Рашид-ад-Дин 1-р боть, 1-дэвтэр, 128, 129, 132, 134-р тал
6- Монголын Нууц товчоо, Ц.Дамдинсүрэнгийн орчуулга,1990 он, 5-р бүлэг, 163-р зүйл
7- Рашид-ад-дин 1-боть 1-дэвтэр 45-р тал
8- Монголын Нууц товчоо, Ц.Дамдинсүрэнгийн орчуулга,1990 он, 7-р
бүлэг, 186-р зүйл
9- Г.Сүхбаатар бичиж , Ч.Далай редакторласан, Монголын түүхийн дээж бичиг-2, УБ 1992 он. 4-р тал
10- Монголын Нууц товчоо, Ц.Дамдинсүрэнгийн орчуулга,1990он, 96-р зүйл
11-БНМАУ-ын түүх Улаанбаатар 1966он 105-р тал
12- Библи Хуучин гэрээ, Эхлэл 5-ын 1-5
13-Библи Шинэ гэрээ, Матай 1-ийн 1
Эх сурвалж: http://iltgehhemnel.blog.mn/index.m?p=78
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Тэнэгтдэг хар лалар вэ чи. Магнайдаа хүргэн адис авч байх учиртай ганц түүхэн судраа....... Нэртэйгээр нь чи хужаа нар бичсэн гээд биччихгүй яасан юм. Хужаа нар тэнд чинь хар түрэгүүдээс дутуугүй дурдагдсан байгаа. Бүүр нэр заагаад тэнэгтэхгүй яасан шаар вээ чи.
Post a Comment