Эртний сурвалж бичгүүдэд Төвдийн Алтан сандалт хааны хүүхдүүд өөр зуураа дайсагналцан бага хүү “Бөрт чоно” хэмээх нь умар зүг дутаан Монголын “Алтан ураг” болсон мэт тун үнэмшилтэйгээр найруулан зохиомжилсон байдаг. Гэвч нарийн анзаарвал энэ нь үнэн худал хоёрыг сүлжиж томсон “дээс” бололтой. Учир нь “Алтан ураг” гэж ямар нэгэн хааны үр удмыг хэлдэг юм огт биш. Энэ үг бол нэлээн хожуу утга агуулга нь гажиж мөн чанараа алдсан болохоос биш, хүний, тэр дундаа Монголчуудын гарал үүслийн онцлогийг заасан чухал нэр томъёо. Азийн хэмжээнд тархмал байсан хатан хаант “Охидын улс” –ыг Суварнаготра буюу Алтан ураг хэмээж байсан нь их л учиртай. Тэдгээр хүүхнүүд хүний бус, “Тэнгэр” –ийн үр хүүхдийг төрүүлдэг байснаараа ийнхүү нэрлэгдсэн хэрэг. Яагаад ч юм “Бөрт чоно” –ыг Тэнгэр гаралтай Монголчуудын өвөг дээдэс болгох гэсэн санаа сэм “шургалж” сурвалж бичгүүдэд баттай байр сууриа эзэлж амжжээ. Монгол туургатны хаанаас нь ч Бөрт чоно “аав” –ыгаа дурсан санагалзсан аман яриа, үлгэр домог, туульс мэт ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн иш баримт олдохгүй буйзаа. Гэтэл судар номонд шургаад орчихсон нь ганц нэгээрээ бядан явагч шашны номлогч нар лугаа холбоотой л болов уу. Түүнээс биш аль ч талаас нь бодоод үзсэн “Бөрт чоно” бидний өвөг дээдэс байх үндэсгүйн адил иймэрхүү юм яриад хэнэгч үгүй зогсох Монгол хүн яаж байгаа аж даа.
Бас нэг хачирхалтай юм гэвэл Бөрт чоно Төвдөөс тэнгис далайг гаталж ирсэн байдаг… Төв Азид томоохон тэнгис далай байснуу гэвэл байсан, гэвчиг түм гаруй жилийн өмнө сарны татах хүчний нөлөөгөөр сацагдан тархаж юу ч үгүй болсон тул “Тэнгис далайг гаталж ирсэн” гэх хэллэг ямарч байсан Алтан сандалт хааны хүүд хамаагүй юм. Судлаачдын бичиж байгаагаас харьцуулалт хийвэл Бөрт чоно нь их л эртдээ МЭ –ий 2-3 дугаар зууны хүн аж. Тэгэхлээр мань нөхөр шөнө үүрэглэж яваад Бөөнцагаан нуурлуу тавиад орчихоогүй л болжгэм юуных нь тэнгис далайг гаталж ирсэн байх вэ дээ. Энэ бүхэн Алтан сандалт хааны хүүд хамаагүй юм бол хэнд хамаатай юм бэ, ийм хэллэг яагаад гарах болов гэсэн асуулт хар аяндаа урган гарна. Тогтсон үг хэллэгийн цаана заавал томоохон учир шалтгаан нуугдаж байдаг шиг “Бөрт чоно” –той холбоотой ээдрээтэй асуултын хариу тунчиг холоос сүүмэлзэнэ. Хорхой гижигдэм ээдрээ нь дэлхийн түүхийн учир битүүлэг томоохон үйл явдалтай салшгүй холбоотой мэт санагдахыг нь яана. Сэтгэлд бугшсан сонирхлын дэвийг уудлан илааршуулахаар өргөн олон уншигчиддаа хандаж буй минь энээ.
Мөхөс миний бичсэн ном (Хүний үүсэл), бас бус нийтлэлүүд эзэндээ нэр хүнд авчрахын оронд ихэнхдээ “гажигтай” гэсэн ойлголт төрүүлээд байх шиг. Учир юу хэмээвээс миний бодож сэтгэсэн бүхэн дэлхийн түүхийн талаарх ШУ –ны өнөөгийн үзэл баримтлалтай эсрэгцэж байгаа нь юутай гачлантай. Харин би вээр шүүмжлэн зөрүүдлэхийн дон шүглэсэндээ ШУ –ныг зориуд санаатай үгүйсгэн муучилж нэр хүнд олох гээгүй ба үзэл бодлын тусгал яв явсаар ийнхүү эсрэгцсэн мэт онолдож таарсан хэрэг. Би тавьсан сумаа (хэлсэн ярьсан бүхэн) бодит “үнэн” –д илүү дөхүү туссан гэдгээ мэдэрдэг ба үүнийгээ огт нуудаггүй учир, зарим хүмүүст ШУ –ныг хар таамгаар “миалаад” байгаа мэт санагддаг бизээ. Ер нь ч улиг болтлоо ахин дахин бичээд байгаа нь, чухал юмны сэжүүрээс атгасан хүн тавихгүйг л хичээнэ биз дээ. Өнөө биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт мөхөс миний гаргасан харгуйгаар түүхийн ШУ замнана (өөр аргагүй), тэр чинээгээр дэлхийн хүн амын оюун сэтгэлгээнд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс муулдаг нэг нь муулж л байг, гэмгүй…
Түүхийн эх сурвалжид, өмнөд Америкаас авахуулаад Евразийн өргөн уудам нутагт “Амазоны охид” хэмээх гайхамшигтай хүүхнүүд тархмал маягаар аж төрж байсныг бид хэн хүнгүй мэддэг, үгүй ядахдаа сонсож байсан. Энэ хүүхнүүд нэг хэсэгтээ л дэлхийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг харин тэр болгон хүн мэддэггүй. Амазоны охид Балти орчмын нутаг хүртэл тархаж, тэдний нөлөөгөөр “нохой эртэн” –ий омог бий болсон бол, нэлээн хожуу болтол Анатолийн хойг орчмоор “Охидын улс” –ын шинжийг хадгалан оршин тогтнож байсан гэдэг. Тэд эрэлхэг, дайчин шинжтэй тул Энэтхэгийн их хаан Ашог (Монголчууд Гаслангуй хаан хэмээдэг) Амозоны охидыг цэрэгт татаж амь бие, орд харшаа хамгаалуулж байсан гэх нь бий. Төв Азийн нутгаар мал хариулан хөндлөн гулд нүүдэллэж асан Монгол хольцтой Түрэг угсааныхан (Хятад сурвалжид Хянь-юнь, Хуньюй хэмээж “нохой” гэсэн ханз оруулан бичдэг байсан ба тэд хожим нь Хүннү гүрний гол цөм болсон) хэвэн хэзээний л Амазоны охид лугаа холбоотой байсан гэх үндэстэй. Хятад сурвалж бичигт хойд зүгийн хүмүүсийг “Умарт Ди” хэмээгээд гал, нохой гэсэн хоёр ханзаар төлөөлүүлэн бичдэг байсан нь гал (Монгол), нохой (Түрэг) угсааныхан хамт байгаа гэсэн санааг гайхалтай товчоор илэрхийлсэн хэрэг. Түрэг угсааныхан (Ашина, Усунь гм) өөрсдийгөө “чононоос гаралтай” хэмээн домоглодог нь ч, Азийн хэмжээнд энд тэнд “нохой эртэн” –ий омог байсан гэдэг нь ч оргүй юм биш. Харин ч болоос мөхөс миний ярих гээд байгаа юмны баталгаа болохын хувьд онцгой чухал “мэдээ” мөн. Амазоны охид яахлаараа ингэж дэвэн дэлхийгээр нэг тархаж, хачирхалтай үйл хэрэг мандуулсан юм бэ гэдэгт хариулт өгөхийн өмнө тэдний гарал үүслийг “малтах” хэрэгтэй болно.
Одоогоос бараг 1,2 түмэн жилийн өмнө дэлхий дээр асар том сүйрэл болсныг түмэн янзын мэдээ баримт гэрчилнэ. Үүнийг ихэнх газар оронд “Их үер” ч гэдэг. Энэ гамшгаар Атлантын далай дахь Атлантида тив бүрмөсөн сүйрсэн бол, Номхон далай дахь Му тив бут үсрэн живдэг нь живж, хөвдөг нь хөвж өнгө төрхөө өөрчилсөн аж. Сүйрлийн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг ч мөхөс миний үзэхээр “сартай мөргөлдсөн” нь сэжиггүй байхаа. Тэр үеийн үйл явдал, хожмын шинж байдалтай нь харьцуулбал үнэндээ өөр янз бүрийн юм болоогүй, гол хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь ердөө л сар. Хагарсан Му тивийн зарим нь хэсэг бусаг болон хөвсөөр Америк тивийн эх газартай нэгдсэн бололтой. Ж –нь: Аляскаас Калифорни хүртэлх нутаг Японы хавиас Филиппинтэй харваа газарт Азитай залгаа маягаар оршиж байсан бол Перу хавийн нутаг Австралд ойрхон хаа нэгтэй байсан мэт. (“Хүний үүсэл” -1. 149 -155 х) Хойд болон дундад Америкийн хүн амыг Японы “Охидын улс” –ын Монголжуу төрхтнүүд, хөвж ирсэн эх газарт өмнө зүгээс аль эрт нүүн ирж байран суурингаа олчихсон байсан Хондван тивийнхэн буюу Африк төрхтнүүд (баталгаатай хэлж чадахгүй ч Австрал төрхтнүүд бас байх магадлалтай.), Атлантида тивээс дүрвэж ирсэн ари төрхтнүүд бүрдүүлсэн юм. Харин өмнөд Америкийн тухайд өөр. Тухайн бүс нутагт мэдээж дээр дурдсан арьстнуудын түрэлт явагдах нь мэдээж. Гэхдээ л Перу хавийн нутаг, түүнд хамаарах Амазоны охид онцгой юм. Перугийн нутаг дэвсгэр дээр Америкийн өөр хаана ч үгүй чулуун байгууламжууд, газар дээрх асар том зураг дүрслэл, учрыг нь олж уншиж гэмээ нь өнө эртний түүхийг яруу тодорхой үгүүлсэн “чулуун судар” сэлт байгаа нь Америкийн үндсэн газар биш, хөвж ирсэн гэдгийг илтгэнэ. Амазоны охид ч гэсэн Му тивийг тарж бутрахаас өмнө энэ л газарт “голомт хатгасан” гэмээр санагдана. Учир юу хэмээвээс 4 -5 түмэн жилийн өмнө Азийн өргөн уудам нутаг даяар (бас ойролцоо бүс нутагт) энд тэндгүй цоо шинэ ухаант хүн (хомо сапиенс) үүсэх их давлагаан бий болжухуй. (“Хүний үүсэл” -1. 22 -73 х) Шинээр үүссэн хомо сапиенсууд дан Монголжуу төрхтэй байсан нь нэн сонин. Энд тэндгүй хүн үүсээд байжээ гэдгийг баталгаатай хэлэх гол баримжаа нь саяхан болтол (МЭ –ний эхэн үе) ус тасраагүй байсан Охидын улсын тухай мэдээ юм. Азийн их давлагаанаар Занзибар (Африк), Индонезийн арал, Япон, Камчаткад хүн үүсэж болсон юм чинь, халуун дулаан газарт байсан өнөөгийн Перугийн нутагт хүн үүсэж, тэр дундаа “Охидын улс” бий болж яагаад болохгүй гэж. “Амазоны охид” –ыг Монгол төрхтэйг бодсон ч, Австрали хавьд байсныг бодсон ч Азийн хүний үүслийн их давлагаантай холбож үзэхээс өөр аргагүй байгаа юм.
Хүний үүслийн үеийн хамгийн чухал гол “цөм” нь Охидын улс. Хэдий хачирхалтай ч тэд эр хүнтэй ер хавьтдаггүй, зөвхөн тэнгэрийн үр хүүхдийг төрүүлдэг юмаа. Тиймээс түүхэнд “Алтан ураг” нэрээр мөнхөрсөн хэрэг. Охидын улсын хүүхнүүд, Тэнгэр нар харьцахаа байж, удам судар тасрахад хүрвэл тааралдсан ямар ч амьтан лугаа (өөрийн овгийн эр хүн л биш бол) нөхцөж үр удмаа үлдээж чаддаг байжээ. Эр хүйстэн төрвөл нөхцсөн амьтнаа өвчсөн мэт байдаг бол, эм хүйстэн төрвөл үзэсгэлэнт охин гарах жишээтэй. Үүнийг жинхэнэ гайхамшиг гэхээс өөр яахав. (“Хүний үүсэл” -1. 38 -5О х) Яг ийм байдал Амазоны охидод тохиолдсон бололтой. Хаа бараа нь газар “нүүгээд” явчихлаар, харсан Тэнгэр нь “төөрсөн” байж болох талтай. Ийнхүү өмнөд Америкийн “чоно” овог, Азийн чоно (чинос) овог, Бөрт чоно, чононоос үүслээ барьлаа гэх яриа хөөрөөний эх үндэс нь мэдэгдээд ирж байгаа юм. Одоо, хаа байсан өмнөд Америкийн Амазоны охид яахлаараа Еврази даяар тархчихсан юм бэ гэсэн эгзэгтэй асуултад хариулах л үлдэх шив.
Аль ч улс орны “Дэлхийн түүх” –ийн сурах бичиг, холбогдох судар номонд “Америк тивээс Азийг чиглэсэн их нүүдэл болсон, түүнд үй олон угсаатны төлөөлөл хамрагдсан” хэмээн ер бичигдээгүй ба харин ч эсрэгээр “Монголчууд Америкт очсон, Индианчууд бол Монгол” гэх шүү юм яриад, бичээд байгаа нь дэндсэн том төөрөгдөл. Ямар сайндаа мөхөс би аргаа барахын эрхэнд энэ сэдвээр “Би ганцаардана гэж үү, ёстой гонж” гэсэн нийтлэлэрхүү юм бичих вэ дээ. Эрхэм уншигчид минь үүнийг олж үзээрэй. Судлаачид Монгол –Индианы хэл, заншлын ойролцоог ажиглаатахсан хирнээ Америкийн нутаг дэвсгэрт байгаа ари угсаатнуудын хэл, соёл, бүтээн байгуулалтын дурсгалыг олж хараагүй, харсан ч энэ талаар дуугарахыг хүсээгүй нь, Азид элбэг тохиолдох нүүдлийн ул мөр, хар арьстан болоод индиан хүний олдворын талаар ганц ган хийхгүй байгаа нь, өмнөд Америкийн Амазоны охид Еврази даяар тархаад байгаа нь илэрхий атал чив чимээгүй суугаа нь ямар гээч араншин юм бол. “Монголчууд Америкт очжээ” гээд байгаа нь Индианы хэл, заншил, суртахуун Түрэг нараар, бас
Индиан хүмүүсээр өөрсдөөр нь зөөгдөж ирсэн болохоос өөр юм бус. Мөхөс би Америкаас Азийг чиглэсэн их нүүдэл үнэхээр өргөн бүрэлдэхүүнтэй, бодлоготой, далайцтай, томоохон үйл хэрэг байсан гэж санадаг. Нүүдэлд хамрагдсан гол гол угсаатнууд гэвэл, Атлантида тивээс дүрвэж ирсэн ари төрхтнүүд: Өнөөгийн Герман, Скандиновын орныхон, Фин –Угор үндэстнүүд, Уралын олон ястнууд, Сляванчууд, Этрүсүүд, Кельтүүд, Финикүүд, Шотландууд, Ирландууд, Түрэгүүд, Иранууд, Энэтхэгийн ари төрхтнүүд гм. (Европын нийт хүн амыг нүүсэн, суусан байдлаар нь гурван хэсэгт хувааж болох ба дээр дурдсан угсаатнууд нэг хэсэг нь юмаа.) Индианы олон овог аймгууд: Алеут, Авар, Нивхи, Кеты, Тэлингид, Кипчаг, Чоно (чинос), Чибчис, Амазоны охидууд ирсэн мэт. Бүсгүй заяа нөлөөлсөн үү яасан, Амазоны охид нэлээд тархмал шинжтэй байсны ул мөр ажиглагддаг бол, Индианы бусад овог харьцангуй бөөн байсан шиг. Тухайлбал эртний Хятад сурвалжид Гяньгүнь (өнөөгийн Хиргис) хэмээн тэмдэглэгдсэн овог аймаг ердөө Индиануудын бөөгнөрөл байсан мэт анзаарагддаг. (“Хүний үүсэл” -2. 118 -120 х)
Түрэг нар өөрсдийгөө “чононоос үүссэн” хэмээдэг нь тийм ч оргүй хоосон домог биш. Ер нь Амазоны охидтой хамгийн их зууралдсан угсаатан бол яахын аргагүй Түрэгүүд. Ийм байдал нь яваандаа удамшлын гурвалжин сүлжээ (Охидын улс -чоно –хүн гэсэн) үүсгэхэд хүрсэн бололтой. Амазоны охидын тархац Түрэгүүдтэй холбоотой ч байж болох. Түрэгүүд, Зүүн өмнөд Ази, Тайланд, Бирм, Энэтхэг, Төвд, Төв Ази бүхэлдээ, Сибирийн урд бие, дорнод Европ, Дундад Ази, Казакстаны тал нутагт тархаж бодлоготой, бодлогогүй үйл ажиллагаа явуулж байсан мэт төсөөлөгдөнө. Түрэгтэй холбогдох газар оронд юм л бол “нохой эртэн”, “чоно” овог, эсвэл “бөрт чоно”, үгүй ядахдаа л “чононоос үүсээтэхлээ” энээ тэрээ гэсэн яриа хөөрөө тасардаггүй нь ердөө л Амазоны охид, Түрэг нарын явлаас үүдэлтэй. Бодоход, Амазоны охин, Түрэг гэсэн хоёр хүн “хавьтлаа” гэе, тэгвэл “хүн” гарах нь мэдээж боловч дараа дараагийн үед эгзэг таарвал эр нь ч тэр, эм нь ч тэр, чоно, нохойтой эвцэж үр удмаа үлдээхэд бэлэн байдаг мэт. Охидын улсын хүүхнүүд (Алтан ургийнхан) гэж ийнхүү хүний генийн санд гүнзгий нөлөөлөх чадвартай гайхалтай хүмүүс байж дээ. Түүнээс биш өнгөцхөн бодож муучлах юм биш базарваань. Монголчууд хоточ нохойгоо нүд анихлаар сүүлийг нь огтолж дэрлүүлэн хөдөөлүүлдэг нь “хүний төрөл олоосой” гэсэн шашны зан үйл мэт харагдавч, Амазоны охидоос уламжлан халдварласан чоно, нохойг дээдлэх ёсон байж мэдэх л юм. Монголчууд, Түрэг нартай наад зах нь дөрвөн мянга орчим жил нүдэлдэж ирсэн. Ийм байхад “удамшлын гурвалжин сүлжээ” –рүү татагдан ордоггүй юмаа гэхэд шүтлэг, суртахуун, заншлын талаар ижилсэн нэгдэнэ гэдэг наад захын явдал. Иймдээ ч шал хөндлөнгийн “Бөрт чоно” гэдэг “өвөг дээдэс” –тэй болсондоо нэг их жийрхээгүй, харин ч шүтэх хандлагатай байгаа юм. Байгалын чоныг ч гэсэн дээ, хар үгээр муулах гэж үгүй, “урд шөнө манай хотруу Хангай эргэлээ” гэх юмуу, мэнд солих зуураа “энэ хавиар Хангай өлзий юу” гэлцдэг нь Түрэгээс суралцсан хэллэг байж болох. Амазоны охид, балар эрт цагт Му тивд байсныгаа, оршин буй эх газрын хамт Америк тиврүү хөвж хүрсэнээ “мартсан” байж болох юм.
Гэвч Төв азийн хүний оршуулгыг судалсан археологичид “зосон будаг хэрэглэсэн нь, оршуулгын зан үйл нь Австралийнхтай төсөөтэй” –г гайхан тэмдэглэсэн байдаг. Энэ нь Перу хавийн нутаг Австралийн ойролцоо байсныг гэрчлэх баримт мөний сацуу, Австралийн зан үйл Амазоны охидоор зөөгдөн иржээ хэмээсэн чухал дүгнэлт хийж болох юм. Тэгэхлээр Амазоны охид “Му тивийн гаралтай” гэдгээ “мартсан” гэх нь бас хаашаа. Ямар ч байсан Америкаас Азид ирсэн гэдгээ тун сайн мэддэг байсан нь сэжиггүй. Тийм ч учраас үр удамдаа “Тэнгис далайг гаталж ирсэн” гэдгээ байнга хэлж, сануулдаг байжухуй. Бөрт чонын “Тэнгис далайг гаталж ирсэн” учир энэ буюу.
Эх сурвалж http://delgermaaarmaa.blogspot.com/
Tuesday, March 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment