Энэ нэр томьёо их тайлбар толь бичгүүдэд алга. Хэл шинжлэлч нөхдөөс тодруулахад үүнийг жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай унаган монгол үг мөн болохыг нотолж өглөө. Түүх шастирт олонтаа тааралдах тэрхүү пайз гэдэг нь монголжсон нанхиад үг бөгөөд хааяа бас гэрэгэ гэх нь ч бий. Сурвалжийг мөшгин үзвэл, монголчууд Хүннү, Кидан улсын үеэс харь оронд илгээх бичгийг 1-2 тохой урт самбарт бичиж, хааны зарлиг бүхий пайзтай элч одвоос зам тохиолдох газар бүр түүнд унаа, хүнс залгуулж нийлүүлдэг байсан ажээ.
Мэдээлэл дамжуулах, холбоо барих зам харилцааны өвөрмөц маягийн энэ тогтолцоо яв явсаар Монголын нэгдсэн улс, Эзэнт гүрэн буюу Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх, Хувилай нарын их хаадын үед ач холбогдол, үүрэг нь бүр ч их болж, агуулга, зориулалт, хэрэглүүрийн хувьд сүрхий баяжиж, өргөн тархсаныг 17 жил Монголын хааны ордонд алба хашсан Италийн Марко Поло “гавьяа зүтгэл, хэргэм зэргийн пайзтан, их цэрэг даасан чухал хэргийн пайзтан, газар орныг захирах онц эрхийн пайзтан, хаант төрийн хэргээр зорчигчдын пайзтан” хэмээн дөрөв багцалж хувааж үзсэнээс гадна түүхч Г.Сүхбаатар зар тушаалын пайз, итгэмжлэх пайз гэсэн хоёр зүйл пайз хэрэглэж байсан тухай өгүүлсэн байна.
Сонирхолтой нь “угтуул”, “үтэр яаралтай”, “зарлигаар довтлон морилох” гэсэн тусгай тэмдэг бүхий хааны пайзат элч нар өртөөлөн явахдаа эхний өдөр 700 ли /403 км/, удаах өдөр нь 500 ли /288 км/ газар хурдавчлан одох үүрэгтэй байсан бөгөөд албанаас буцаж ирээд пайзаа хаанд өөрийн биеэр эгүүлэн барих дүрэмтэй байжээ. (Х.Пэрлээ. Эрдэм шинжилгээний өгүүллүүд, Улаанбаатар, 2001 он, 316-318-р тал).
Энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээт пайз, алт, мөнгөн пайз зэрэг олон зүйл төрлийн пайз хэрэглэж ирсэн бөгөөд Мэнда Бэйлу авхайн тэмдэглэснээр ялангуяа Далай Чингис хааны үеэс “барс тэргүүт алтан пайз”, “алтан гэрэгэ нэртэй пайз”, жирийн алтан пайз” гэх мэтийн зориулалт нь өөр өөр алтан пайз өргөн хэрэглэх болсон байна.
1253-1255 онд Монголын эзэнт гүрэнд зорчсон Францын хаан Гэгээн Луйн элч Гийом де Рубрук ”Мөнх хаан элчдээ зарлигаа сийлүүлсэн алтан жуух буюу өргөнөөрөө алга дарам, уртаараа хагас тохой хэрийн алтан пайз (гэрэгэ)-аа гардуулжээ. Тийм жуух бүхий хүн юу хүссэнээ тушаахад тэрийг нь гүйцэтгэж байх учиртай ажээ.” (Гийом де Рубрук, Монголын эзэнт гүрэнд зорчсон нь, орчуулсан Т.Төмөрхүлэг) хэмээн тэмдэглэсэн болон бусад баримт сэлтээс үзэхэд энд дурдсан пайзууд дотроос “Алтан Гэрэгэ” нэртэй тэрхүү пайзыг Монголын хаад харь улсад илгээх элчдээ шийтгэн олгодог байжээ гэж үзэх магадлал ихээхэн өндөр байна. Чингис хааны үед хэрэглэж байсан энэхүү “Алтан Гэрэгэ” нэртэй пайз нь хилийн эв мод мэт хоёр хэсгээс бүрдэл болдог байснаараа бүр ч онцлог сонин байна. Түүнээс гадна алтан пайзыг гадаад улсын элчид тухайлбал, Армяны элчин Смибатад Гүюг хаан их зарлигийн хамт олгосон тухай эрдэмтэн А.Г.Галстян дурдсан байна.
Гол төлөв төр, түүний тэргүүний сүр хүчийг илтгэсэн барс, шонхор шувуун дүрстэй, нанхиад, кидан, худам монгол, дөрвөлжин бичгээр ОХУ, БНХАУ зэрэг хэд хэдэн газраас одоогоор олдоод байгаа гэрэгэ(пайз)-ний 10 гаруй хувилбарт бичигдсэн зарлиг бичээсийн утга агуулга нь “Тэнгэрийн заяасан Чингис хааны зарлиг. Яаравчилтугай.”, “Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг. Хэргийг үзэмжээр явуулбаас зохимой.”, ”Мөнх тэнгэрийн хүчинд хаан нэр хутагтай болтугай. Хэн үл бишрэх алдах, үхэх.”, “Мөнх тэнгэрийн хүчинд их хааны нэр хаана ч бишрэлтэй, сайшаалтай болтугай. Хэн үл захирагдах үхэх, хөрөнгө хураагдах.”, ”Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр халдашгүй дархан. Зарлигийг үл дагах хүнийг ял тулган шийтгэнэ.” гэх мэт тун ойр төстэй байна.
НҮБ-ын төв байранд хадгалагдаж байгаа, Тулгар төр улс байгуулагдсаны Их 800 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд ГХЯ-нд анх удаа ёслол төгөлдөр залж буй “Алтан Гэрэгэ ” нь худам монгол бичгээр олдоод байгаа цорын ганц хувилбар нь юм. Днепр мөрний ойролцоогоос 1845 онд олдож, эдүгээ ОХУ-ын Санктпетербург хотын Петр хааны цуглуулга музейд хадгалагдаж буй түүний нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор”, ар талд нь “Аугаа хааны (Абудулала) зарлиг хэн үл бишрэх хүмүүн алдах, үхэх.” хэмээн бичжээ.
Найман зууны дараах өнөөгийн бидний төсөөллөөр бол өгүүлэн буй энэхүү Гэрэгэ/пайз/-нүүд нь Монгол төрийн элчийн Итгэмжлэх жуух бичиг, халдашгүй дархан эрхийн баталгаа, саадгүй зорчих бүрэн эрх бүхий паспортын үүрэг гүйцэтгэж байжээ гэж үзэхэд хүргэж байна. Энэ утгаараа Гэрэгэ нь Монгол төрийн бэлгэдэл- Есөн хөлт их цагаан сүлд, Хас эрдэнийн тамга, тэрчлэн нүүдлийн соёл иргэншилт Эзэнт гүрний төрт ёсны сонгодог хэлбэрийн үндсэн бүтэц- “Их засаг хууль Цааз”, “Их хурилдай”-д үүрэг, ач холбогдлоороо зохих ёсоор холбогдох нь тодорхой. Түүнчлэн Монголын Эзэнт гүрний дотоод, гадаад бодлогын суу билгийг бүхэлд нь “Европ-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс нутаг бүрдүүлж, дорно-өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. …интернэт бүтээгдэхээс 700 жилийн тэртээ дэлхийг холбосон харилцаа, холбооны сүлжээг анх бий болгосон юм. … шинэ шинэ технологийг сүлжилдүүлэн хослуулж, дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан юм” хэмээн шинэ, хуучин хоёр мянганы зааг дээр гадныхан хийсэн үнэлгээнд энэхүү суу билгийг бүрдүүлэгч олон хүчин зүйлсийн нэг болсон. Гэрэгэний тогтолцоо өөрийн гэсэн өвөрмөц байр сууриа баттай эзэлсэн нь лавтай.
Иймэрхүү учир шалтгаануудаас үүдэн Гэрэгэ нь Монгол Улсын дипломат албаны нэр төрийн бэлгэдэл болох нь зүй ёсны хэрэг юм. Бэлгэдэлтэй байх нь сүр хүч, цог хиймортой байна гэсэн үг. Бас тэгээд бэлгэдлийнхээ учир утгыг байнга баяжуулж явах үүрэг, хариуцлага давхар ногдох болно. Эцэст нь “ГЭРЭГЭ” гэдэг нэр томьёо удахгүй их тайлбар толь бичгүүдэд тод томруунаар дурайн бичигдэнэ гэдэгт үүнийг тэрлэгч бас бат итгэнэм.
Түүхийн ухааны доктор Б.Лхагва
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment