1.
Ану хатан бол нэг талаас эх оронч нөгөө талаас хайр сэтгэлийнхээ төлөө нас барсан эмэгтэй
“Монголчуудын амьдрал” сонины 2009 оны 12-р сарын №36-д зохиолч сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг ярилцлага өгөхдөө, хүний хамгийн үнэт зүйл бол сэтгэлгээний эрх чөлөө мөн гэж би боддог. Би өтлөхөөс илүү зөнөхөөс айдаг. Хүн тархиа залуу байлгах хэрэгтэй. Хоёроос дээш хэл мэддэг хүний тархи хөгширдөггүй гэж уншсан юм байна гээд л ийн ярьжээ.
Сур: Таныг түүхэн роман бичиж байгаа гэж сонслоо. Яагаад энэ төрөлд хүч үзэх болов?
Б.Ш. -”Ану хатан” нэртэй нэг роман эхэлж байгаа. Гэхдээ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр дуусаагүй зохиолоо яриад байх нь ч хаашаа юм. Монгол үндэсний зан заншил, хэл соёлоо дээдлэх үзэл бодлын хувьд би Б.Ренчин гуайг их хүндэлж явдаг юм. Одоо Токиогийн хэл соёлын сургуульд багшилж байгаа Ж.Бат-Ирээдүй доктор миний монгол хэлний багш. Энэ хүн Чой.Лувсанжав гуайн шавь, Лувсанжав багш Ренчин гуайн шавь. Ингээд бодохоор би Ренчин гуайн талын хүн. Ренчин гуайн “Ану хатан” өгүүллэгийн төгсгөлд “Хэрвээ миний бие гүйцэх юм бол энэ эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” гэсэн байдаг юм. Харамсалтай нь бичиж амжаагүй. Тэгээд би тэр баатарлаг эмэгтэйн тухай нэг роман бичихээр шийдэн эхэлчихээд байна.
Сур: Роман, тэр дундаа түүхэн роман бичнэ гэдэг хэцүү бишүү?
Б.Ш. -Ямар ч зүйл хоёр талтай байдаг шиг панаалтайгаар биччихье гэвэл түүн шиг амархан юм байхгүй. Хэн ч 18-р зуун руу очиж шалгахгүй учраас. Гэхдээ хэн ч эсэн хийж буй зүйлдээ үнэнч байх ёстой. Тэр талаасаа бол үнэхээр хэцүү. Түүнээс гадна энэ дэлхий ертөнц, эрэгтэйчүүдийн бүтээсэн соёл, түүхийг мөн л эрчүүд бичиж үлдээсэн болохоор эмэгтэй хүний талаарх баримт материал түүхэнд бараг байдаггүй юм билээ. Хүмүүсийн хан, цагаан яст язгууртнуудын удам угсааг зөвхөн эцгийн талыг бариад биччихдэг. Ямар сайндаа л Америкийн зохиолч “Монголын их хатадын түүх” гээд Чингис хааны охидын тухай бичиж байх вэ. Тийм учраас Ану хатан гэж Хошуудын Очиртсэцэн хааны охин, Ойрадын Галдан бошгот хааны хатан, одоогийн Улаанбаатар, Туул голын орчим Зуунмод гэдэг газар манжтай хийсэн тулалдаанд амь үрэгдсэн гэх балархай зүйл л түүхэнд үлдсэн байдаг юм байна лээ. Тэр нь бүр Манжийн эх сурвалжид илүү тодорхой байдаг. Энх-Амгалан хааны төв ази дахь хамгийн том дайсан нь Галдан бошигт байсан болохоор түүнийг сөнөөн устгасан гэдгээ одоогийнхоор бол асар том пиартайгаар түүхэндээ тэмдэглэн үлдээсэн. Ану хатан нэг талаасаа эх оронч, нөгөө талаасаа хайр сэтгэлийнхээ төлөө нас барсан эмэгтэй юм шиг байгаа юм. Галдан Бошготыг амьдаар нь манжийн гарт өгөхгүй гэж бүслэлтийг сэтлэх тулалдаанд орсон гэж бичсэн байдаг. Бас Галдан Бошгот өөрөө хатан болгож буулгасан, ах Сэнгэ хааных нь хатан байсныг асрамжлах ёсны дагуу авсан гэж түүхчид маргадаг. Тийм болохоор амаргүй, хэцүү. Гэхдээ хүн хэцүүгийн өмнө шантарч болохгүй.
2.
Ану хатан бол Галдан Бошгот хааны хамтран зүтгэгч. Ингэж судлаач түүхч Д.Энхцэцэг бичсэн байх юм. Түүний “Ану хатан” тэмдэглэлээс сонирхуулбал: Галдан /1644-1697/ Төв Азийн улс төрийн байдал тун эгзэгтэй үед Зүүнгарын улсын хаан ширээнд сууж, засаг төр, эдийн засгийн оновчтой шинэчлэлт хийж, бүх Ойрадыг нэгтгэн захирч Зүүнгарын хаант улсыг хүчирхэгжүүлэн бэхжүүлсэн болой. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад ихэд анхаарч, мал аж ахуй, газар тариалан, гар урлалыг хөгжүүлэх, сүм хийд олныг байгуулан, шашныг дэлгэрүүлэх бодлого явуулж байв. Харийн түрэмгийллээс хамгаалах зориулалт бүхий цэргийн бэхлэлт, хот тариалангийн суурингууд нь хожмын зарим хотын үндэс болж, соёл шашин, худалдааны төв болж өргөжсөн. Галдан Бошгот Манж дайчин улсын Төв Азид явуулсан түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч байв. Тэрээр цэргийн үйлдвэрлэлийг өргөтгөн, галт зэвсгийг монголд анх үйлдвэрлэсэн, цэргийн эрдэмд гарамгай шалгарсан цэргийн жанжин төдийгүй Зүүн гарын хаант улсад шашныг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн шашны том зүтгэлтэн байжээ.
XVII зууны Төв Азийн улстөрийн амьдралд гарсан томоохон үйл явдал нь Зүүнгарын хаант улс байгуулагдсан явдал юм. Зүүн-гарын хаант улс нь тухайн бүс нутгийн улс төрийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Манжийн түрэмгийллийг сөрөн зогссоор байлаа.
Ялангуяа Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошгот хаан Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч нэгэн байлаа. Түүний хамтран тэмцэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн болсон Ану / **/ байсан юм. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ / ***/ алагдаж, түүний орыг дүү Галдан авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Далай лам түүнд “Бошгот” цол өргөмжилсөн тул Галдан Бошгот хаан хэмээн олноо алдаршсан. Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл:
Галдан өөрийн эх Юм-Агийн / ***/зөвлөснөөр Ануг гэргий болгосон /6/
Энэ нь тухайн үедээ Ойрадын дотоодод хамгийн нөлөө бүхий хошуудын эзэн хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсантай холбоотой, ач охин Ануг нь хатнаа болгосон.
Хошууд аймаг энэ үед хуваагдмал байдалтай болж зүүн жигүүрийг захирах болсон дүү Аблайн эсрэг тэмцэлд Ойрадын ханаас тусламж авахыг Очирт сэцэн хан ч ихэд эрмэлзэж байсан тул Ануг Галданд гэргий /3/ болгон өгөх зэрэг хоёр талын улс төрийн шалтгаанууд харилцан нэгдэн нийлжээ. Зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байж, Очирт сэцэн ханы өргөөнд өссөн тухай тэмдэглэсэн байдаг./4/ нэгэнт Галдан Төвдөд шавилан суух болсон шашин номын хүн тул гэрлэхгүй тухайн үөийн ёс журмын дагуу Сэнгийн хатан болсон бололтой. Харин хожим Галдан Бошготын хатан болжээ.
Ану хатны тухай эх сурвалжид дурьдахдаа зарим тохиолдолд Очирт цэцэн хааны охин гэж, заримд нь Очирт сэцэн хааны хүү Галдмаа Баатарын охин /***/ , өөрөөр хэлбэл Очирт сэцэн ханы ач охин гэсэн зөрүүтэй / 5/ тэмдэглэсэн байдаг. Хэдий тийм боловч Ану хатны тухай мэдээ тун хомс, тусгайлан тэмдэглэж үлдээсэн зүйл байхгүй, ямар нэг үйл явдалтай холбогдуулан цөөн хэдэн нэр, үйл явдалд дурьдсанаас үзвэл Ану хатны хүү Сэвдэн балжир, охид нь Юнчихай, Бум нар байжээ./6/
Бошгот хааны хатан Ану түүний нэгэн насны хань гол тушиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар, дайчин нөхөр нь болж байсан.
3.
Ану хатан гэж үнэхээр байсан уу? Түүхэн хүн үү? Аль эсвэл домог уу? Үнэхээр цөөхөн хэдэн мэдээ үлдсэнийг иш татах төдий дурьддаг юм байна. Чорос Бирадамбийн “Ойрадын түүхэн зурвас” номноос эшилбэл: -…Галдангийн довтолгоон халхын долоон хошууг бүрнээр хамраад зогссонгүй Манжид дагаж орсон Өвөр монголын хошуудыг түгшээхэд хүрч хүрээгээ тэлж өргөжиж буйд Манжийн эрх баригчид түгшиж Өөлдүүдийг нэгмөсөн дарж авахаар шийдсэн ажээ. Энх Амгалан хаан гурван замаар хорин түмэн цэрэг хөдөлгөж цэргийнхээ тоог дөчин түм хэмээн дөвийлгөн цуу үгийг нийтэд тарааж сүрдүүлэг хийхийг оролдсон хийгээд хаан өөрөө дунд буюу гол замын хүчээ захиран хөдлөхөөр шийдсэн амуй.
Энэхүү мөчид Галдангийн гол хүч Хэрлэн голыг уруудаж өгсөж байр сэлгэж явсаар Туул голын эхэн урсгал хавьд буудалласан байлаа.
Энх-Амгалан хаан их цэргээ Халхын гүнд оруулахад цаг хугацаа шаардлагатайг харгалзаж хугацаа хожих сүүлчийнхээ мэхийг хэрэглэж өөрийн охидын дотроос гоо төрсөн Түвэ Цэн гэгч гүнжийг сонгон өндөр зэргийн дэв, нэртэй элч хараар Галданд хүргүүлэхээр мордуулжээ. Гүнжийн аюулгүй байдлыг хангах хоёр зуун гавшгай цэргийг дагалдуулан явуулав.
Өнгө мөнгө Хятад Манжийн бусдыг татах үндэсний зэвсгийн нэгэн гэдгээ тэд юуцд мартав гэж. Галданд гоо гүнжийг дагуулж хоёр зуун лан мөнгө, хэлхээтэй зоос, алтан хуяг, магнаг aye булган малгай зэрэг ховор нандин эд элтийг бэлтгэн илгээсэн авай.
…Энэ завсар Манжийн цэргийн их хүч хугацаа хожиж амжсан агаад Баруун замын цэрэг нь Туул голд тулж ирэв. Эл мөчид Галдангийн гол хүч заан Тэрэлжийн Зуун мод хэмээх газар хүрээлэн буудаллан Манжийн их хүчтэй тулалдахаар бэлтгэн байв.
Манжийн цэрэг 1696 оны 7 дугаар сарын 13 (Ш.Нацагдорж -Манжийн эрхшээлд байсан үеийн Халхын хураангуй түүх 54-р нүүр)-ын өдөр довтолгооноо эхэлж өдөржин зууралдан тулалдаад хоёр тал алин ч ялж дийлж чадсангүй.
Харин хоёр талаас адил ихээхэн хохирол амсаж олон мянган хүн хүчээ алдсан ажээ. Манж нар нэгэн Хятад жанжины санаачилгаар хэсэг хүчийг Галдангийн ар хударгаар оруулж ар талын ачаа хөсөг, хүнс тэжээл, хүүхэд эмэгтэйчүүдийг булаан авлаа. Дайсан бэлтгэл хүчээ тулалдаанд оруулахад Ойрадууд арга буюу хэсэг бүлээр ухарч эхлэв. Хүний олон, зэвсгийн хурцаар давуу дайсантай хүч үзсэн тэнцвэргүй эл аймшигт тулалдаанд Галдан хан өөрийн биеэр цэргээ тэргүүлэн орж баатар эрсээ зоригжуулан чухам манж нарыг намнахыг нь намнаж, таллахыг нь таллаж байв хэмээнэ. Хатан Ану ч мөн мориноосоо бууж эр нөхрийнхөө нэгэн адил гар тулалдаанд эрэгчин эмэг чинээ үзэлцэх завсар манжийн галт бууны суманд оногдож үхэтхийн уналаа. Ийнхүү Монголын нэгэн нэрт хатан эрэлхэг эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсаныг нэхэн сэтгэл сэмрэн харамсах юун билээ.
Жич, Ану хатун аваас Галдан ханы итгэмжит хань, хамтран зүтгэгч эрэмгий дайчин эмэгтэй хийгээд Монголын дээд сурвалжит язгууртан нарын удам хойч нь амуй. Тэрбээр Баруун Монголын хошууд аймгийн ноён, Хасарын угсааны Гүш хан Торбайхын ач охин буюу Очирт сэцэн ханы охин (Е.Кычанов Ойрадын Галдан Бошгот ханы тухай өгүүлэх нь 35-р нүүр) хэмээн бичсэн байх авай. Харин дээр дурдсан Өвөр Монголын Намсрай Очирт сэцэний хөвгүүн Галдмаагийн охин хэмээн бичжээ.
4.
“Торгуудын их нүүдэл” бүтээлдээ судлаач Цүрэмийн Мухар өгүүлэхдээ:
-Зарим эх сурвалжид Галдан бошгот цагаан хаант оросоос цэргийн зөвлөх авч, галт зэвсгийн наймаа хийж, Ижил мөрнөөс Хоо Өрлөгийн торгууд нараас тусламж авах оролдлого хийж байсан боловч Манжийн хаан Галданг Оростой харилцаа тогтоох боломжийг бүрэн хааж, түүгээрч барахгүй Хөх нуур, Түвдтэй харилцах замыг тасалж, ар хударгаар нь зүүн гарт Галдангийн ач дүү Цэвээнравданг хаан өргөмжилж Галдангийн эсрэг Ховд, Улаангомд хоёр ч удаа турхирч амжжээ.
Галдан удалгүй шинэ армитай болж Манжийн хааны (1696он) цэрэгтэй Тэрэлж, Зуун модны элсэнд шийдвэрлэх тулаан хийжээ. Ширүүн байлдаанд Галдан дахин ялагдаж, дайны талбарт үрэгдэгсдийн дунд түүний хатан Анударь байлаа. Хятадын түүх бичлэгээр Ану хатан нь дайнч, үзэсгэлэн гуа эмэгтэй байв. Гялалзсан шар өнгөтэй гуулин хуяг өмсөж дайсандаа үхэл авчрах нум сумыг чадамгай харвадаг нэгэн байсан бөгөөд унасан морь нь тэмээ шиг өндөр сурлэг байв. Ану хатаны тугийн дор шилдэг дайчид тулалдаж эцсийн тулалдаанд бүгдээрээ Анутай хамт алагджээ.
5.
Тэрэлжид Ану толгой гэж түүхийн дурсгалт үзэсгэлэнт сайхан уул байдаг юм байна. Энэ толгой дээр Ану хатан шилдэг баатаруудтайгаа цуг байж эцсийн шийдвэрлэх тулаанд орж бүслэлтийг сэтлэн Галдан хааныг бүслэлтээс гаргаж өөрөө хүнд шарх авч мөн амьд мэнд гарсан боловч Орхон гол хавьд юмуу хаа нэгэнтэй нас баржээ. Түүнийг нас барахад эмгэнэн гашуудаж нэн хүндэтгэлтэй оршуулсан гэсэн домог байдаг юм байна.
Энэ түүхэн баатар эмэгтэйн талаар одоо хүртэл олигтай судалгааны бүтээл бичигдээгүй байна.
Оросын зохиолч Анна Ахматова:
Үгүй ээ харь орны тэнгэр доор ч биш
Хар элэгтний далавчны нөмөрт ч биш
Гай зовлон ард түмнийг минь дайрсан тэр л газар
Гарцаагүй би ард олонтойгоо хамт байсан гэж бичиж байсан бол Унгарын зохиолч Петөөфи Шаандор:
Янаг, амраг эрх чөлөө
Яасан ч энэ хоёр хэрэгтэй
Амрагтай болохын төлөө
Амь алдсан ч надад хамаагүй
Эрх чөлөөний төлөө л
Энхрий янагаа ч би хайрлахгүй
гэж бичсэнтэй Галдан хаан, Ану хатны амьдрал ижил мэт санагдана.
Тэрэлжийн Зуун модонд болсон эмгэнэлт тулалдааны тухай бичгийн их хүн Бямбын Ринчен гуай бичихдээ:
Дөрвөн Ойрадын төрийн их сүлд, та бүгдийг Ойрад сайхан нутгийн зах хүртэл ивээн тэтгэх болтугай! Моринд минь бугын баг өмсгөгтүн! гэхэд нь, хөтөч баатар нь Бор өргөөнөөс арван хоёр салаат мөнгөн бугын баг хүлэг моринд нь зүүв. Нэгэн өтгөс мянгатан, Дөрвөн ойрадын харъяа их хар сүлдэнд айраг цэгээ цацаж, Ануд айраг барин өчрүүн:
Ойрад тумний догшин хар сүлд ,
Олон дайсан манжийг сүрдүүлж,
Атаатан дайсантай алалдан
Амь хайргүй тулах та бүгдийг
Сүр их хүчтэн болготугай!
Харьтан дайсантай цавчилдах
Хатан илд тань хурц болтугай!
Ойрад тумнийхээ төлөө тулалдаж
Онгон сахиус болох та бүхэн,
Махбод биеэн гээж байлдавч,
Мандаа онгон сахиус болтугай!
Үй түмэн ойрадын ач тань
Үеийн үед та бүхнийг дурднам!
гээд салах ёс гүцэтгэхэд Галданы сэтгэл тэсгэлгүй хөдөлж, Анугийн баруун хацрыг үнсэн тэврээд, баруун гараа өргөн баатар дагалдагсдыг нь ёслов. Ану арван хоёр салаа эвэрт мөнгөн баг зүүсэн хулэг мориндоо мордоод Галданг өгүүлшгүй хайртай сэтгэл төгөлдөр харцаар ширтэн хараад, цэрэгтээ явах дохио өгсөнд цөм хөдөлж Ойрадын хар сүлдийг нар зөв тойрон гарахад үлдэгсэд нумтай нь нумаа, сэлэмтэй нь сэлмээ, жад барьсан нь жадаа өргөн ёсолж үдэв. Анугийн зуутан баатар, дөрвөн ойрадын аялгууг эгшиглэн үүсгэсэнд, зуун цэрэг нь эрэлхэг зоригт хоолойгоор жавхлан төгс тэр аялгууг түрэн дуулалцаж дайсны зүг байлдахаар их хүрээнээс гаран довтлов.
Дайсны явган цэргийн дундуур гудамж мэт зам гарган дайрч Ану баатар цэрэгтэйгээ хятад бууч цэргийн байранд довтлон орж цавчин тулалдав. Ану сэлэм гялалзуулан цавчиж, европ сурган зааварлагчийн зүг явган цэргийн дундуур дайран орсонд сандрахынхаа ихэд яаран хятад буучийн дааган бууны амыг Анугийн өөдөөс чиглүүлэн харуулж чичирхийлэх гараараа бялтыг дарийн аманд хүргэвээс дааган бууны амнаас гал утаа бурт хийж, ширмэн сум баатар хатны элгэндэх мөнгөн толинд туссанд хадуурт хяргуулсан атар газрын цэцэг мэт ойчин унав. Дайсны цэрэг баярлалдан хашгиралдаж улам ширүүлэн дайравч Ану хатны шилдэг баатар цэрэг нь нэг ч алхам ухралгүй тулалдсаар ойрадын их цэргийн хүрээнд үлдсэн цэрэгт дайсны бүслэлтээс цөмрөн гарах зам нээгдэж, зургаа дахин хүч зэвсэг давуу цэрэгтэй баатарлан тулалдсаар Галдан Бошгот Туулын Зуунмодны сүүлчийн их тулалдаанд төмөр хүрээ мэт бүсэлсэн манж хятад цэргийн хүрээг сэтлэн гарч, өрнө зүг, дөрвөн ойрадын нутгийн зах тэмцэн одсонд зургаан тум гаруй дайсны цэрэг түм хүрэхтэй үгүйтэй ойрад цэргийг ихэд дарав гэж сүр бадруулан бичдэг боловч гагцхүү зуугаад ойрад цэргийг олзолсон нь цөм байлдаанд шарх олж, зэвсэг барин эсэргүүцэж чадахгүй болсон эрс байсан гэж өвгөд өтгөсийн аман домогт хэлэлцдэг түүнийг үзвэл, юутай зориглон тулалдсан нь илэрхий байнам.
some commet
Зохиолч С.Пүрэвийн Манан Будан зохиолд Галдан хааныг сайн муу хоёр Ану буюу сайн нь авааль гэргий Ану хатан муу нь Сэнгэ хааны бэлэвсэн эхнэр Анударь гэж ховч завхуул хатантай байсан тухай бичсэн байдаг. Тэр хүнээс хаанаас эх сурвалж авч бичснийг нь асуух нь зүйтэй.
Бас ойрдын ам дамжсан домог ярианд Галдмаа баатрыг нилээн эрт идэр залуу насандаа эцгийнхээ залуу хатны явуулгаар хаан эцэгийн тушаалаар ордны эмчид хорлогдож нас барсан тухай нь гардаг
Гар алдсан Гаг эмч
Ганцыгаа алдсан Сэцэн хаан
Аяа босошгүй Галдмаа минь (Ойрад ардын дуунаас)….
=+++
Галдан хэзээ ч Монголын төлөө байлдаагүй, Галдан шунал ихтэй харгис, ойворгон, холын бодолгүй ном сурч чадаагүй үлий толгойтой хүн байсан!!! Галдан харин цэргийн сайн жанжин байсан гэдгийг хэлж болно!!! Галдан төрсөн ахынхаа хүү хаан болох учиртай байсан ах Сэнгийн хүү Сономравданг хор өгөн алсан. Галдан хадам эцэг, өөрийнх нь амийг 2 удаа аварсан Ану хатных нь аав Очирт Сэцэн хааныг одоо хэрэг нь үгүй болов хэмээн алсан!!! Түүх бол үнэнээрээ байдаг!! Луйварчин дөрвөдүүд худал хэлж мянга давтсан ч үнэн болохгүй!!
Галдан Манж Орос 2-той хуйвалдан Халх руу довтолсон тэгэхдээ Оросуудаас галт зэвсэг авч Монгол руу хамтран дайрах болсон ба, тухайн үед Түшээт хаан Оросуудтай Байгал нуур орчимоор байлдаж байсан юм. Галдан Манжуудтай мөн сэм хуйвалдаж Халхыг эзэлсэн тохиолдолд Манжууд галданг хүлээн зөвшөөрнө гэсэн хэлцээ байсан. Халхын Түшээт ханы хойд хязгаар Байгал нуурт Түшээт хан 6 мяанган цэрэгээ оруулаад байлдаж байхад нь Галдан ар хударгаар нь 30 мянган цэргийн хүчээр довтолж замд тааралдсан Халх хүн бүрийг маш муухай харгисаар алж байсан түүхэн баримт үлдэжээ. Бүр хөгшид хүүхэд лам бүсгүйчүүдийг тамлан алж байсан. Жишээ нь гэхэд УБ баруун тийш холгүй орших Хөгнийн хийдэд Галдан 300 ламыг барьж аваад бүгдийг нь хөгнэж байгаад Толгойг нь цавчин авч овоо босгож байсан гэдэг. Уншигч та бүхэн тэр хийд дээр нь очоод үзээрэй хэлээд өгнө!!
Ингээд 1688 онд болсон тулаанд Түшээт хан хойд хил дээрээ Оросуудад мөн төв нутагтааа болсон тулаанд Галданд ялагдаж (Засагт хан Түшээт хантай байлдан, Галдангийн хамсаатан байсан боловч түүнээс айж зугцан, Сэцэн хан мөн онд нас барж 5 настай хүү захирч байв тэд тулаанд ороогүй) өмнө зүг зугтсан юм.
Ха, ха, урвасан хулгай золбин нохой Галдан Халхыг байтугай 4 ойрдыг ч захирч байгаагүй юм. Галдан нохойн үхлээр үхсэн!!! Харийн дайснуудтай холбоо хамжин Халх руу өнгийсөн тэр муу заяат нохойг магтан дуулах санаатай луйварчин дөрвөдүүдэд ч мөн л тийм хувь заяа ноогдож байж.
++++
Галданбошигтыг дөрвөд хүн гэж ярьж байгаа хүний үгийг хүн байтугай нохой тоож сонсох уу. Галданбошигтын эцэг нь Халх, Ойрдын их эвлэрэлийн хурал Дөчин дөрвөн 2-ын чуулганыг санаачилан хуралдуулж Хубилай, Аригбөх 2-с болж үүссэн халх, ойрдын зөрчилийг арилган зохицуулахыг зорьж байсан Хошуудын Эрдэнэбаатар хунтайж, эх нь торгуудын Юм-Агас хатан гэдгээ ядаж мэддэг байж ийм чиглэлийн юм ярих хэрэгтэй. Өөлд гэж байгаа ч буруу. Өөрөөр хэлбэл хошууд эцэг, торгууд эхээс гарсан. Галданбошигтоос эхэлсэн ойрд түмний Манжид дагаар орохгүй монгол үндэстэн бусдад дагаар орж байсан түүхгүй гэсэн нэгэн эшт санаан дээр үндэслэсэн тэмцэл нь нийт монгол туургатан манжид дагаар орох хугацааг 100 орчим жилээр хойшлуулсан гавьяатай.
Ганц Галданг л ярих юм. Амарсанааг хүртэл үе үеийн ойрдын хаад энэ тэмцлийг үргэлжлүүлсэн бөгөөд ялангуяа энэ Галданбошигтын дараа гарсан Галданцэрэнгийн үед Зүүнгарын хаант улсын хүчин чадал эзэлсэн газар нутаг, эд баялаг, гадаад харилцаа болон цэрэг зэвсгийн хүчээрээ урд хожид байгаагүй оргил үедээ хүрч Энх-Амгалан, Эеэр засагч нарын манжын хаадын шээсийг гоожуулж байсан гэдгийг дурдмаар байна. Галданцэрэн бол манж халхын холбоот цэрэгтэй Галданбошигтоос илүү амжилттай тулалдаж маш олон удаа ялалт байгуулсан байтал маш бага дурдагдах юм. Зарим хүмүүс бодохдоо Зуун модонд Галдан ялагдаж Ану хатан нас бараад л ойрдууд ялагдсан, дууссан шахуу ойлгох нь юм. Галдангийн дараа Галданцэрэнгийн үед жинхэнэ хүчирхэг болсийм.
++++
Галдан бошгот Халхуудыг Оросуудтай Байгал нуурт дайтаж байхад нь ар хударгаар нь хуйвалдан дайрсан нь үнэн!! бас Түшээт хан Засагт хан 2-ыг хооронд нь байлдуулсан нь үнэн!! Сэцэн хан тухайн үед нас барж 5 настай хүү захирч байв. Галдан Халхтай байлдаагүй зөвхөн Түшээт хантай байлдсан. Оросуудтай хуйвалдаад Оросоос зэвсгийн тусламж авч хамтаран дайрсаны хүчинд Оросууд Буриадад ялалт байгуулж Буриадыг Түшээт ханаас салгаж авсан. Энэ бүгд асуудал 1688 онд дараалан болсон юм!!
+++
Юмаа мэдэж бич. Хотын ойролцоо Хөгнийн хийд гэнэ үү? Хаана байдгийн ч мэдэхгүй. Би халх хүн, гэхдээ халх гэдэг нэр томъёо хожуу Батмөнх даян хааны хөвгүүдийн үед бий болсон. Энэ шиг Манжид эзлэгдэхгүй гэсэн Баруун монголын зохион байгуулалтаар 1650-аад онд захчинууд, Манжийн үед торгон сүрэг хариулагчдаас Дарьгангачууд үүссэн.
Түүхээ хар, Ойрад болон халхууд хамтарсан үедээ л хүчтэй байсан. Чингисийн үе, Эсэн хааны үе, Батмөнх хааны үе …, Иймээс Дөрвөн ойрад төрийн тулгуур Дөрвөн шийр малын тулгуур гэж өвгөд ярих болсон. Гэтэл энэ үгийг Цэдэнбалд дургүй хэсэг хүн гуйвуулж дөрвөд хүн хүн биш гэх болсон (соц-ийн үед л ингэж хэлэх болсон, хүн гэчихээд хүн биш гэсэн найруулгын алдаатай хэлц)
Эвтэй байя Монголчуудаа, түүхээ мэдэх нь алдаагаа давтахгүй байх тустай болохоос хагаралдах үүд болохгүй,
Sunday, March 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Цэдэнбал гэдэг тэнэг малаар ойрад түмнийг төсөөлөх нь утгагүй л дээ. Ойрдууд үнэхээр хүчирхэг, баатарлаг түмэн байсан. Халхууд ч бас л баатарлаг ард түмэн байсан тулдаа л өнөөг хүртэл тэсэж ирлээ шүү дээ. Хоорондоо алалдаж дуусахын даваан дээр нийлж эргээд арайхийж 2.7 сая болсон эдгээр хүмүүс л одоо монгол нутагт монгол нэрээрээ овоглож явна. Тэгсэн мөртөл л баруун, зүүн аймгийнхан болоод хэрэлдээд байна. Яачихсан үйл лайтай хүмүүс бэ бид. Ураг төрөл хөөвөл ойрдууд Хасарын удмын, Халхууд Чингисийн удмын л монголчууд гэгддэг.
Үлий толгойт Галдан өөрийн толгой, сурсан эрдэм байхгүй цээжилсэн хэдэн үгээрээ орж Төвдөөс зааварлуулж байсан. Ану хатан нь харин хаа очиж уужуу тайван, ухаан хурц, сэцэн хүн байсан гэгддэг юм билээ. Мулгуу Галдан Ану хатаныхаа үгэнд орсон бол Монгол манжид дарлагдахгүй л байлаа. Чахундорж хогийн загнасан ч Галдан түүнээс дээр загнаж чадаагүй өөдгүй л хог ш дээ.
Харин Ану хатан баатрын үхлээр бардам тэнгэрт хальсан бол харин Галдан, Цэдэнбал 2 бараг л ижил нохойн үхлээр үхсэн нь худал гэж үү?
Урваж дүрвэж ирсэн ойрадууд шинэ түүхээ унш.
Галдан бошигт манжтай 3 удаа том тулаан хийсэн. Эхнийхэд Улахуй голд Галдан төгс ялсан. Улаанбуданд манжийн 100 000 цэрэгтэй Галдан 25 000 орчим цэрэгтэй тулсан . Ялагдах шинжтэй болмогц аргалж хэлэлцээр хийхээр арга заль зохиож гарсан энэ бол тэнцээ . Харин Зуу Модонд манжуудад ( манж + хятад+ ар халх+ өвөр халхын нэгдсэн их цэрэгт )ялагдсан. Галдан бол бүх Монголчуудыг нэгтгэх гэсэн баатар хаан. Харин Занабазар , Чахундорж 2 бол хятад манжийн хааны бөгс долоосон 2 муу урвагч . Энэ 2 урвагчийн балагаар одоо 2 их гүрний дунд хавчуулагдсан гарцгүй болж жижгэрсэн. Буриад Оросых болсон нь Галдантай ямар ч хамаагүй зүйл . Чахундорж Оросын хаанд захиа бичиж ( 1676 онд ) бүүр Сэлэнгэ мөрний эрэг дээр байгаа Оросуудын байшинг танай хааны газар гэж бичсэн захиа нь олдсон . Занбазар , Чахундорж 2 энэ бүх хямралыг манж хятадын хааны даалгавараар хийсэн .
Post a Comment