Зах зээлийн айхавтар шилжилттэй зэрэгцэж хоёр том үйл явц өрнөснийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Нэг үйл явц нь манай өмнөд хөршийн лут лут өнгөцлөгүүдтэй холбоотой бол нөгөө том явц нь хойд хөршийн уламжлалт бодлогоос үүдэлтэй үйл явцууд байсан ажээ. Хэрэв Орос, Хятадын хамтын колонсог харилцаа түүхийн хувьд нэгэнт туршлагажсан, зүг чигээ олчихсон, үлэмжийн хор уршигтай болчихсон гэдэг нь Монголчууд бидэнд төсөөлөгдөж байсан бол харин барууныхны капиталист чиглэмж бүхий зах зээлийн агуу шилжилт ямар хор уршиг тарих вэ гэсэн асуудал манай олонх сэхээтнүүдэд, бар лийдэрүүдэд ойлгогдохгүй үлдээд байсныг хэлэх ёстой. 1991 оны 1-р сард засгийн газрын 20-р тогтоол гарснаар Монгол улс түүхийн ямар гольдирлоор, ямар гээч замналаар явах вэ гэсэн асуудал шударга монголчуудын сэтгэлийг түгшээж эхэлсэн юм. Засгийн газрын 20-р тогтоолд чөлөөт зах зээлийн дэглэмийг Монголын төр төлөвшүүлнэ гэсэн заалт огт байгаагүй ч гэсэн зах зээл, барууны эрх чөлөө хэмээх хоёр ойлголт Монгол улсын эдийн засгийн нүүр царайг цаашид тодорхойлох болчихлоо гэдгийг цөөн тооны эрдэмтэд анзаарч эхэлсэн гэлтэй. Монголд зах зээлийн шилжилтийг эхлүүлсэн хүн бол Ерөнхий сайд Д.Бямбасүрэн мөн байсан гэдэгт хэн ч маргалдахгүй биз.
Гэхдээ 1992 оны шинэ Үндсэн Хуулийг боловсруулахад Монгол улсын Ерөнхий сайд зарчмын асуудлууд дээр өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүй ёсны хэрэг юм. Ялангуяа Үндсэн Хуулинд дээд зорилго томъёологддогтой холбогдож эл зорилго ямар ч байсан зах зээлийн чиглэмжийг өөртөө агуулсан байх ёстой. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үндэслэж дэвшүүлэх тэрхүү гол зорилго гэгч нь зах зээлийн том шилжилтийн агуулгаас урган гарах ёстой гэдгийг Үндсэн Хууль зохиогчид хамгийн түрүүнд анхаарах учиртай байсан юм. Өөрөөр хэлбэл улс орондоо ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгмийг цогцлуулах нь Монгол улсын эрхэм зорилго мөн хэмээн шинэ Үндсэн Хуулинд бичигдэх учиртай юм. Гэтэл Ардчилсан Үндсэн Хуулинд гол зорилгыг огт өөрөөр томъёолсон байжээ. Тухайлбал, “Монголын ард түмэн бид… зх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэжээ. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэсэн томъёолол шинэ Үндсэн Хуулийн мөн чанарыг илтгэдэг болсноор Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн эхлүүлсэн зах зээлийн том шилжилтийн агуулгатай, тодруулбал ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм гэсэн улс төрийн томъёололтой харшилдсаар 20 жилийн нүүрийг үзэх гэж байна.
Ер нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм агуулга чиглэмжээрээ заавал ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмтэй 100 хувь тохирч байх ёстой ч юм биш. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зах зээлийн шилжилттэй үл тохирох гольдирлоор сүндэрлэн босч болох хандлагыг үгүйсгэж болохгүй. 1990-д оны эхэнд Монгол улсын түүхэн замналын хувь заяа шийдэгдэж буй тэр цаг үед ялангуяа ардчилсан хувьсгалын онол нотолгоо Монгол улсын ээдрээт бодит амьдралыг чандлан харгалзаж, Монгол улс чухамдаа ямар улс болох ёстой вэ гэсэн зарчмын тодорхойлолтыг дэвшүүлж тавьсан билээ. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурлаар батлагдсан улс төрийн Мөрийн хөтөлбөрт: “ТУСГААР ТОГТНОСОН, ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС байгуулахыг Монголын Ардчилсан Холбоо зорих болно” гэжээ. Бид ардчилсан хувьсгалын’ том зорилгыг томъёолохдоо улсын гурван гоц шинжийг товойлгох учиртай байв. Нэг нь тусгаар тогтнол, хоёрдахь нь хүнлэг ёс, гуравдахь нь ардчилал юм.
Бид Монгол улсыг зах зээлд шилжүүлнэ гэсэн чиг баримжааг хэзээ ч баримталж байгаагүй. Бид Монгол улсаа хараат замналаас гаргаж, хараат биш замнал руу оруулах лут чиглэлийг дэвшүүлж энэхүү чиглэлд нийцүүлэн улс төрийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулсан билээ. Улс төрийн мөрийн хөтөлбөрийн зангилаа асуудлууд хожим нь шинэ Үндсэн Хуулинд тусгалаа олох учйртай юм. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хуралд “малыш” Энхтүвшингээр хавсралт илтгэл тавиулсан бөгөөд уг илтгэлийг “Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн” гэж зориуд гарчигласан юм. Хавсралт илтгэлээс нэг ишлэлийг авъя. Үүнд: “Ардын Төлөөлөгчдийн дээд чуулган нь засгийн эрх барих, хууль тогтоох байнгын ажиллагаат дээд байгууллага байх ба Монголын нийгмийн зохистой цогцолбор хөгжлийн нэгдсэн бодлогын боловсруулалт хэрэгжүүлэлтийг бүрэн хариуцна. Тэрээр ард олныг нийгэм-эдийн засгийн болон оюуны амьдралын хүндрэл гачаалд оруулахгүй байх, улс орноо цэцэглэн мандуулах улс төрийн хариуцлагыг нийт ард түмний өмнө хүлээж ажиллана” гэв.
Ер нь Үндсэн Хуулийг боловсруулахад хамгийн түрүүнд хоёр асуудлыг зангидаж хуульчилдаг учиртай. Тухайлбал нэг нь нэгдсэн бодлого, нөгөөх нь улс төрийн хариуцлага юм. 1992 оны Үндсэн Хуулинд дээрх хоёр асуудлын нэг нь ор тас орхигдож, нөгөөх нь нэн чамлалттай боловсрогджээ. Бид нэгдсэн бодлогыг төрийн дотоод гадаад бодлоготой адилтгаж үздэггүй бөгөөд нэгдсэн бодлого нь зохистой цогц хөгжлийг хангахад чиглэгддэг бөгөөд улс төрийн хариуцлагыг аль нэг том байгууллагын өмнө биш тэр тусмаа намын байгууллагын өмнө биш чухамдаа ард түмний өмнө хүлээх ёстой гэсэн чиглэлийг хатуу баримталдаг. Улс төрийн хариуцлагыг хоёр лут асуудалтай юуны өмнө уялдуулдгыг дурьдаж хэлэх нь зөв байх. Ард олныг аливаа хүндрэл гачаалд оруулахгүй байх, улс орноо цогцлон хөгжүүлэх гэсэн ийм хоёр зангилаа асуудлаар төр түүний бүх байгууллагууд ард түмний өмнө улс төрийн хариуцлага хүлээх учиртай билээ. Үүнээс гадна авсаархан бүтэцтэй удирдлагын тогтолцоонд улс төрийн хариуцлагыг хөгжлийн нэгдсэн бодлоготой шууд холбох гоц чиглэмжтэй байдгийг бид энэ дашрамд хэлэх шаардлагатай юм.
Бид Үндсэн Хуулинд тусгагддаг гол зооилго гэсэн томъёолол Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрт хэрхэн яаж тусгагдсаныг тодрууллаа. Дээрх дурьдсан зүйлүүдээс бид гол нь юуг хэлэх гээд байна вэ гэвэл 1990-д оны эхэнд Монгол улсын гол зорилгын талаар гурван өөр өөр чиглэлийн улс төрийн томъёолол дэвшигдсэн гэдгийг зон олондоо хэлэх гэсэн юм.
Эхний томъёолол буюу тусгаар тогтносон хүнлэг ардчилсан улс сүндэрлүүлэх гол зорилгыг Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурлаар зарлан тунхагласантай холбогддог бол хоёр дахь томъёолол нь зах зээлийн шилжилттэй шууд уялдаж ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм байгуулах зорилгоор илрэх ёстой байв. Гэвч Ерөнхий сайд Д. Бямбасүрэн тэр үед зах зээлийн шилжилтийн гол чиглэмжийг шинэ Үндсэн Хуулинд гол зорилгын төвшинд дээдлэн, тодорхойлж чадаагүй байсныг бид хожим мэдсэн билээ. Үүнээс шалтгаалж 1992 оны Үндсэн Хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсаи нийгэм нь ард түмний гол зорилго болон томъёологдлоо. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм нь зах зээлийн шилжилттэй шууд холбогдохоо больж, зах зээлийн эдийн засаг хэмээх ойлголтоос холдож улмаар олон хэвшилт эдийн засаг гэсэн лут тогтолцоо руу ойртох болсон ажээ. Ингэж Үндсэн Хуулийн тавдугаар зүйлд нэгэн лут томъёолол амилж эхлэв.
Үүнийг сийрүүлвэл: “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлсэн олон хэвшмэл бүхий эдийн засагтай байна” гэжээ. Зүй нь Үндсэн Хуулийн тавдугаар зүйл нь зах зээлийн шилжилттэй холбогдож: “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засагтай байна” гэсэн утгаар томъёологдох ёстой байв. Олон хэвшилт эдийн засаг нь ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгаас зарчмын том ялгаатай гэдгийг бид хэлэх учиртай. Олон хэвшилт эдийн засаг хэмээх томъёолол нь Монгол улс шилжилтийн үед хараат биш замналаар үндэснийхээ үйлдвэрлэлийг ямар ч өргүй үлэмжийн авлагатай тийм үйлдвэрлэлийн чиглэлийг амилуулах ёстойг илэрхийлэх учиртай юм. Олон хэвшилт эдийн засаг нь ийм чиглэлээр төлөвшихдөө гадны далд колоничлолыг ч бас шинэ колоничлолыг ч давж гарах тийм эдийн засаг болж чадсан байх ёстой. Зөвхөн ингэж баймааж л манай улс бие даасан эдийн засагтай болж ардчилсан хувьсгалын хамгийн хэцүү ээдрээт нэгэн зорилго биелэх ёстой байв. Олон хэвшилт эдийн засаг нь энэ утгаараа тусгаар тогтносон хүнлэг ардчилсан нийгмийн жинхэнэ амилаг ноён нуруу нь болж өгөх учиртай юм. Энд нэгэн зүйлийг онцолж хэлэх шаардлагатай.
Тэр нь юу вэ гэвэл ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн дэвшүүлсэн Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрөөр баталгаажсан олон хэвшилт эдийн засагтай эрс тэрс харшилддаг гэдгийг зориуд цохож хэлэх учиртай. Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь Монгол улсад өрнөсөн зах зээлийн хувьсгалын агуулгыг төгс илэрхийлж чадах бөгөөд тэрбээр ханшны их уналт, имфляцийн довтолгоо, үнэ цалин хоёрын далд сөргөлцөөн, луйврын хувьчлал, гадаадын шулаач капиталын дайралт зэрэг аймшигт үйл явцуудтай хавсарч амилахын хамт зах зээлийн эдийн засаг улам бүр монжооч эдийн засгийн шинжийг олж, аливаа улс орныг, тэр тусмаа далд колони улсыг сүйтгэл сүйрэл рүү таягдаж хаядгийг бид өөрийн орны амьдралаас харж болно.
1992 оны Үндсэн Хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм чухамдаа олон хэвшилт эдийн засагт тулгуурлаж сүндэрлэнэ гэсэн чиглэл тусгагджээ. Хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм нь ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засагт түшиж хөгжинө гэсэн заалт Үндсэн Хуулинд байхгүй. Хэрэв олон хэвшилт эдийн засаг нь шилжилтийн үеийн агуулгыг баталгаажуулдаг бол ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь шилжилтийн үеийн агуулгыг хаяж, түүний оронд завсрын үеийн лут лут хандлагуудыг амилуулах чадалтай байдаг. Сүүлийн хорин жилийг бүхэлд нь тандахад манай улсад олон хэвшилт эдийн засаг бий болж чадсангүй, харин дан ганц хувийн өмчинд түшиглэсэн монжооч зах зээлийн эдийн засаг цогцлон сүндэрлэсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнгөрсөн хорин жил нь завсрын үе монжооч зах зээлийн эдийн засгийнхаа хамт амилан өндийж харин олон хэвшилт эдийн засаг нь шилжилтийнхээ үеийн хамт сэхэж чадалгүй түүхийн хог новш руу таягдууллаа гэсэн үг.
Эцсийн дүнд зах зээлийн шилжилт өөрийн аюултай хандлагуудаараа нүгэлт оньсуудаараа 1992 оны Үндсэн Хуулиар тунхаглагдсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг чангалан атгаж, уг нийгмийг шилжилтийн үе рүү алхуулалгүй шууд завсрын үе рүү шахан оруулж, түүнийг хэний ч үл таних тийм нийгэм болгон хувиргаж чадлаа. Хэний ч үл таних ийм нийгэмд шинэ маягийн колониализм төгс амилж, бас хоёр лут жигүүрлэг далд колониализмтай мөр зэрэгцэн алхах сайхан боломжийг олж авчээ. Бид 1990-ээд оноос яригддаг болсон гурван янзын нийгмийн тухай асуудлыг зон олондоо толилуулахад бас нэгэн чухал асуудлыг хөндөх шаардлагатай болсон. Энэ юу гэсэн асуудал вэ гэвэл ер нь монголчууд бид Монголынхоо жинхэнэ амьдралыг мэдэж байна уу, үгүй юу, Монгол улс, Монгол үндэстэн энэ хорвоод орших уу, эс орших уу гэсэн асуудал юм. Хүмүүс бие биенээ, бас залуусыг амьдрал мэдэхгүй байна хэмээн зэмлэдэг, дарамталдаг, хавчдаг. Амьдрал бол нэн өргөн утгатай ойлголт.
Бид аж ахуйн амьдрал, гэр бүлийн амьдрал, аймаг орны амьдрал зэргийг зааглахаас гадна олон улсын амьдрал, эдийн засгийн амьдрал, соёлын амьдрал, бас улс төрийн амьдрал, хамт олны амьдрал гээд л амьдралын олон хэлбэрүүдтэй байнга учирсаар байгаа. Эдгээр амьдралыг бүгдийг нь таван хуруу шигээ мэддэг тийм лут толгой аль ч улс оронд төрөөгүй байгаа. Харин бодлогын төвшинд, удирдахуйн төвшинд амьдрал гэсэн ухагдахууныг тодорхой чиглэлээр, тодорхой салбар хүрээгээр зааглаж гол гол хандлагууд том том үйл явцуудаар нь тандаж залуурдах тийм боломж гарч байдгийг хэлэхэд илүүдэхгүй. Бидний хөндөж буй асуудлын гол гогцоо нь бүхэл бүтэн улс орныг, том нийгмийн тогтолцоог хамарч байгаа учраас бид нийгмийн амьдралыг эдийн засгийн амьдрал, хүн ардын амьдрал, соёлын амьдрал, улс төрийн амьдрал гэж ангилахын зэрэгцээ эдгээр амьдралын хүрээнүүдийг холбодог улс орны дотоод амьдрал, улс орны гадаад амьдрал гэсэн хоёр том огтлолыг заавал анхааралдаа авах ёстой.
Бид Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хуралд зориулж, Ардчилсан хувьсгалын онол бодлогыг эцэлсэн боловсруулахдаа нийгмийн амьдралын дээр дурьдсан хүрээнүүдийг шүтэлцүүлэн уялдуулдаг гол үйл явцууд, том чиглэмжүүд, лут зөрчлүүд, тэмцлийн хэлбэрүүд зэргийг хөгжлийн гольдролтой, хөгийнжилийн хандлагатай холбон үзэж шилжилтийн үеийн болон завсрын үеийн асуудлыг шийдэх боломжтой болсон юм. Ингэснээр Монголын ээдрээт бодит амьдрал руу улам ойртож манай улс социалист улс биш, харин далд колони улс болчихсныг тогтоосон төдийгүй бидний гол түшиг болж байсан зөвлөлт гүрэн социалист улс биш гэдгийг, жинхэнэ том колоничлогч гүрэн болчихсныг тодруулж, улмаар Монгол улс бие даан хөгжих асар их нөөц чадавхтай гэдгийг давхар тодорхойлж чадсан билээ.
Хэрэв Монгол улсын бодит амьдралыг онолын төвшинд, үзлийн төвшинд, том бодлогын төвшинд, зөв тандаж баймааж л нийгмийн амьдралын жинхэнэ үнэнийг тайлж, түүнийг түүхэн ямар замналаар урагшлуулах чиг шугмыг гаргаж болдгийг бид ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулах их ажлын үеэр олж мэдсэн гэлтэй. Үүнтэй уялдуулж бид нэгэн тодорхой амьдралын жишээг дурьдъя. 1978 оны үед Монгол улс далд колониализмын гольдролоор гэлдэрч байсныг тогтоомогц энэ нь нийгмийн тэргүүлэх шинжлэх ухаануудын уялдааг огт өөр өнцгөөс харах шаардлагыг тавив. Ингээд л хямрал, том гажлууд, далд мөлжлөг, их өр, хөгжилгүй өсөлт, тарчиг амьдрал зэрэг үзэгдлүүд юунаас үүссэн гэдэг нь цэгтлэгдсэн юм. Манай зарим том лийдэрүүд Монголынхоо ээдрээт бодит амьдралыг тандах онол улс төрийн арга зүйг эзэмшээгүйгээсээ болж Монгол улсад социализм цаашдаа явуургүй болчихлоо гэсэн дүгнэлтийг хийж улмаар улс орноо бушуухан өөр нийгмийн тогтолцоо руу, бүр тодруулбал зах зээлийн нийгэм рүү оруулах шаардлагатай гэсэн том үндэслэлийг дэвшүүлж байсан.
Үүнээс үүдэж бид юуг хэлэх гэж байна вэ гэвэл манай том дарга лийдэрүүдийн дотор социализмыг таньдаггүй, бас капитализмыг ойлгодоггүй, коммунизмийг төсөөлдөггүй, колониализмыг хардаггүй, улмаар далд колониализм гэдгийг огт сонсоогүй тийм дээдчүүл олон байсан гэдгийг цохож хэлэх гэсэн юм. Тийм ч учраас улс төрийн том бодлогын асуудал яригдахад нийгмийн янз бүрийн тогтолцоонуудыг ялган салгаж, зааглаж мэддэггүй явдал гарах нь тун аюултай хор уршиг тарьдгийг онцолж сануулах хэрэгтэй. Монгол улсад социалист нийгэм огт байгуулагдаагүй байхад, социализмын материал техникийн бааз нь биш харин далд колониализмын суурь үндэс тавигдсаныг огт ойлгохгүйгээр улс төрийн хөтөлбөрийг гоё цэцэн үгээр бичиж, олон түмний тархийг угаах явдал газар авсан байлаа. Лут лут лийдэрүүдийн амнаас “Бид социализмын үед”, “Бид коммунист байгууллын үед” гэж өнөөг хүртэл ярьсаар байна.
Ингээд монголчууд маань колониализм руу гараа зангидаж тэмцэх биш, харин огт байгуулж чадаагүй социализм рүү, коммунизм руу дайран давшилдаг болсоор хорин жилийг өнгөрөөлөө. Олон янзын нийгмүүдийг зөв таних нь зөвхөн нийгмийн хандлага зөрчлүүдийг онол-үзэл-бодлого гэсэн уялдаат сүлжээгээр судлаж тогтоох ёстой. Үүнтэй холбож надтай тохиолдсон нэгэн түүхийг дурьдъя. Саяхан болж өнгөрсөн Ардчилалын баярын үеэр Монголын ардчиллын тухай баримтат кинонуудыг олон түмэнд үзүүлжээ. Тэгэхэд нэгэн лоозон дээр “Нэргүй, Бошигт хоёр бол урвагч” гэж бичсэн байна. 1990 онд миний бие Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүнээс татгалзаж намынхаа батлахыг буцааж өгсөн. Энэ нь цаанаа том шалтгаантай байв. Энэ шалтгааныг би хорин жилийн дараа хэлэх учиртай. Монгол Ардын Хувьсгалт Нам Марксизм Ленинизмийг өөрийн гол үзэл суртал болгоно хэмээн 1960 оны Үндсэн Хуулинд оруулж баталчихаад гучин жилийн дараа энэ нам Марксизм Ленинизмаас татгалзах болсон учраас би Марксизм Ленинизмд үнэнчээр үлдэж МАХН-аас холдсон билээ.
Тэгээд ч зогсохгүй Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрт: “Бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний гайхамшигт өв сан МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМЫН АРГА ЗҮЙГ үнэнхүү бүтээлчээр ашиглахыг эрмэлзэнэ” гэж тусган оруулж, МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМД үнэнч хэвээр үлдсэнээ харуулсан билээ. Чухам хэн нь урвасан бэ гэдгийг зон олон тогтоож чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Гол үзэл суртлаасаа татгалзсан МАХН урваж, МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМД үнэнчээр үлдэж, Марксизм-Ленинизмын онол арга зүйг төгс судлаж эзэмшихийн төлөө чармайж зүтгэсэн П.Нэргүй мэтийн хүмүүс юунаас ч урваагүй гэдэг нь тодорхой болох биз.
Доктор П.Нэргүй /Huh tolbo/
No comments:
Post a Comment