Monday, March 8, 2010

Цагаан зүсмийн чоныг Бөртэ гэдэг



Эрт балар цагаас монгол угсаатнууд чоныг сүлдлэн үзэж, чоноос гарал угсаатай гэж үлгэр домогтоо өгүүлсээр ирсэн.

Өнөөдөр ч монгол угсаатанд чинус буюу чоно овогтон цөөнгүй байдаг. Архангай аймгийн Жаргалант сумын Асгатын голоор нутагладаг хүмүүс өөрсдийгөө "Чоно бүртийнхэн", "Бөртийнхөн" гэж овоглодог. Чинос буюу Чинод овог Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Халхын гол, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх, Ренчинлхүмбэ сумдад бас байдаг ажээ. үүнээс гадна дээд, доод чоно овог Ховд аймгийн Чандмань суманд байдаг байна.

Монгол хэлний тайлбар тольд Бөртэ гэдэг нь цагаан, цайвар өнгө зүсэнд оролцсон хар, бор толбо гэж тайлбарласныг үзвэл "Монголын нууц товчоо"-нд өгүүлсэн Бөртэ чоно нь цагаан зүсмийн чоно буюу тийм өнгийн цөөвөр чоныг хэлжээ.

Монгол нутагт цагаан чоно их ховор тохиолддог. Тухайн орон нутгийн хүмүүс түүнийг ихэд дээдлэн биширч, алж устгахыг цээрлэсээр ирсэн. Манай оронд арваад төрлийн чоно нутагшин амьдарсаар иржээ.

Тухайлбал, хөх чоно харавтар үнсэн өнгөгэй, бие нь хатангир, хөл богино, сүүл зэгзгэр, хүч тамир муутай учир морьтой хүнд хөөгдвөл амархан сульдаж алагддаг байна.

Хар чоно нь хүч чадал ихтэй, нуруу урттай, зуйвандуу хар нүдтэй, ноолуур ихтэй, маш том толгойтой, сайран хамар нь хар, ихэнх үед сүүлээ өргөж явдаг, гялалзсан хар сортой гэнэ.

Цагаан чоно бол Богдхан уул, Хэнтийн Асралтхайрхан, Хараагийн ноён ууланд гээд хэдхэн газарт маш цөөн тохиолддог. Уг чонын зоо нь их урт, гэдэс нарийн, хөл урт, нүд хурц, маш хурдан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт нэгэн дархлагдсан цагаан чоно хэдэн бэлтрэгтэйгээ байдаг аж.

Харин дэлт чонын цээж ханхар, таваг томтой, толгой занхгар, ам дарвагар, үс урттай, улаавтар хөхөлбөр буюу заримдаа хар саарал өнгөтэй, сээр хүзүүндээ дэлтэй, омруундаа зогдортой байдаг гэнэ.

Д.Түвшин

1 comment:

hudagtull said...

tanii blog mash ijed taalgdlaa unshih tusam tseneglegdej baigaa baterei met kk