Далаад оны америкчууд бид өөрсдийгөө алдаршуулан магтуулах дон шүгэлсэн зүсэн зүйлийн үл бүтэх этгээдүүдийн хөлд хангалттай үрэгдлээ. Тэдний нийтлэг нэг гол шинж бол хэн нэгэн номын багш юмуу Манлайлагчийг тойрон хүрээлж, түүний үндэслэсэн гэх сургааль ном, хууль дүрмийг сохроор тахин шүтэх явдал байдаг. Хэн тухайн номлолыг хамгийн сайн сохроор аялдан дагаж чадна, тэр хүн оргил өөд мацна. Номын багшийн оролцоогүйгээр шийдэгдэх асуудал гэж нэгээхэн ч үгүй. Мэдээж хэрэг, даган баясагчдын тоо хэрээс хэтрэн номын багш хүн нэг бүртэй тулж ажиллаж чадахгүй болмогц энэхүү номын өргөө нь шаталсан бүтэц рүү шилжих нь зүйн хэрэг. Номын өргөөний дээгүүр суудалд гол төлөв, ахмад зүтгэлтэн, тэргүүний аялдан дагалдагч этгээдүүд заларна. Өндөр тушаалын хэргэм зэрэгтнүүд өөр хоорондоо ураг барилдан байр суудлаа бэхжүүлэх нь олонтаа.
Эдгээр хэнээтнүүдийн гол шүтээн бол мөнгө, эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөх зарлаагүй дайн юм. Номын багш, түүний номлол, дүрмийг сохроор тахин шүтүүлэх замаар хүссэн эрх мэдлээ олж авна. Сэтгэлийн жолоог нь хууль, дүрмээр ягштал хянан барих замаар номхон, хүлцэнгүй байдлыг бий болгоно. Нэгэнт л номын багшийн оролцоо, хууль дүрэмгүйгээр түүний ямар ч үйл хэрэг дэвжин дээшлэхгүй гэсэн итгэл үнэмшлийг тархинд нь суулгасан бол тэр хүн номын багшийнхаа үүрдийн үнэнч боол болно. Мөнгөний урсгал доороос дээш чиглэх бөгөөд энэ нь доодос нь дээдэсдээ зарцлагдах юмуу эсвэл бэлэн мөнгөөр өргөл өргөх гэсэн хоёр хэлбэртэй байж болно.
Эдгээр хэнээтнүүдийн номын шүтээн нь заавал шашин байх албагүй, жишээ нь шашингүй үзэл юмуу бүр шашны эсрэг үзэл байлаа гэхэд гайхах явдалгүй. Гитлер, Муссолини, Сталин, Троцки, Мао гээд энд олон жишээ дурдаж болно. Их удирдагч, үүсгэн байгуулагчийг шүтэх шүтлэг, удирдлагын шаталсан бүтэц, мухар сүсэг, сэтгэлийн (эсвэл төрд хүчин зүтгэх) дуудлага гээд олон шинж тэмдэг энд маш тодорхой харагдаж байна.
Сүсэг ба Сүжиг
———————————————
Аливаа шүтлэг нь мухар сохроор даган баясагч нийт сүсэгтэн олонд зориулагдсан ил шүтлэг буюу сүсэг, түүнчлэн номын хүрдний галыг сахин хамгаалагч цөөн тооны санваартан, хутагт хувилгаадад зориулагдсан далд шүтлэг буюу сүжиг гэсэн хоёр өөр хэсгээс бүрдэнэ.
Сүсэг, сүжиг хоёр нь хоорондоо ялгаатай байгаад зогсохгүй, тэр ч бүү хэл харилцан бие биенээ үгүйсгэсэн шинжтэй байх тусмаа илүү хурц, тод, өнгөлөг болох ажээ. Ийм зөрчил нь шүтэн бишригчдийн амьдралд ямархуу нөлөө үзүүлэхийг тааж ядах юмгүй. Төрөл бүрийн Маркист, Ленинист шүтлэгтэнүүд албан ёсоор бүх төрлийн шашныг үгүйсгэн танин мэдэхүй, шинжлэх ухааныг оройн чимэг болгон залах боловч эргэлзэх зүйл бишгүй олон бий.
Намын бат нэгдлийн талаархи Лениний сургаалийн талаар Майер бичихдээ:
Лениний бодлоор, оюун санаа бол шийдвэр гаргагч машин гэдэг үүднээсээ, оюун санааны эв нэгдлийн илэрхийлэл болсон нам бол аливаа хүний дээр залрах оройн дээд бурхан ажээ. Цагийн аясаар энэхүү олон нийтийн байгууллага нь гэгээн хувилгаантны дүрээр амилан босоод гишүүд, сүсэгтнүүдийнхээ итгэл үнэмшлийг сорьж шалган, нэхэл хатуутай сахил хүртээгч хуулийн чөдөр болжээ. Чухамдаа нам бол мэргэн, нам өөрөө хэзээ ч алдаа гаргахгүй гэсэн хатуу чанд итгэл үнэмшлийн хүлээс дээр коммунистуудын тоглоом суурилдаг.
Ленинист суртлын гүн гүнзгий дотоод зөрчилдөөний зам мөрийг мөшгих нь ямар ч судлаачийн хорхой хүргэх сайхан хоол болох нь дамжиггүй, гэхдээ үүнээс илүү амтат зууш бас бий. Энэ бол жараад оны үеэр ид цэцэглэн хөгжсөн, бүр тодруулбал 1958 оны эхээр үндэслэсэн Бранден авгайн цуврал лекцүүдээс эхлэн салаа замын уулзвар дээр ирсэн Ранд, Бранден нарын салалт хүртэлхи арван жилийг хамран өнөө хүртэл амьсгаа нь тасраагүй Эйн Ранд сурталтан бөлгөө. Тэд бол шашныг үгүйсгэгч, үл итгэгч, Учир шалтгааныг дээдлэгч гэдэг туг далбааг нөмрөн ирж, бие даасан байдал гэдэг нэрээр номын багшийн боол, зардас болох, бие хүний онцлог гэдэг нэрээр удирдагчийг тахин шүтэж, номхон хүлцэнгүйгээр захирагдах, Учир шалтгааны нэрээр номын багш, хууль дүрэмд сохроор итгэж, сүсэглэх явдлыг сурталчилдаг этгээдүүд юм.
Энэ бүлэглэлийн бараг бүх гишүүд нь энэхүү бүлэглэл үүсэхийн өмнөхөн 1957 онд хэвлэгдэн гарсан Рандын бичсэн Atlas Shrugged хэмээх урт зохиолыг уншиж танилцаад зам мөрөө олцгоожээ. Ном зохиолд дулдуйдан энэ хөдөлгөөнд элсэн орсон явдал нь тэдний байнга чалчиж байдаг Учир шалтгаанд ач холбогдол өгнө гэдэг үзлээс илүүтэйгээр сэтгэлийн хөдлөлдөө илт автсан дүр зураг гарч байна. Atlas зохиолд зураглан гаргасан Рандийн үзэл суртал нь төрөл бүрийн өгүүлэл, тэр тусмаа The Objectivist Newsletter (хожим, The Objectivist) сар тутмын сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээр өргөжин баяжсан байдаг.
Зөвшөөрөгдсөн номын товъёог
———————————————
Аливаа суртал нь номын багшийн ялагдашгүй хүчин чадалд итгэх итгэл дээр суурилдаг тул өөрийн гишүүдийг үргээхгүйн тулд эсрэг үзэл бодолтой буруу номтон багшийн бүтээл уншихыг хориглох замаар өөрийн суртлын өнө мөнх оршин тогтнох замыг засдаг. Католик сүм хийдүүдэд Хориотой Номын Товъёог гэж байсны нэгэн адил “Бүх үнэн Коран сударт бий, бусад бүх номыг шатаагтун” гэсэн эртний лалын уриа дуудлага бас бий. Гэхдээ бүх гишүүдээ илүү нийтлэг үзлээр нэгтгэхийг хүссэн сурталтнууд үүнээс илүү хол явах шаардлага гарна. Коммунистууд коммунизмын эсрэг үзэлтэй ном уншихыг хатуу хориглодгийн нэгэн адил Рандийн сурталтнууд нэг ёсондоо Зөвшөөрөгдсөн Номын Товъоёг бий болгосон юм. Рандчууд гэнэн залуучуудын дунд өөрийн үзэл суртлыг дэлгэрүүлэхдээ өөр үзэл бодол, ялангуяа Рандын эсрэг үзэл суртлыг үл ойшоон, үгүйсгэх үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал тавьдаг.(Цөөн тохиолдолд Рандын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан эсрэг үзэл бодлыг мушгин гуйвуулж өөртөө ашиглахыг зөвшөөрдөг)
Рандын бодож олсон “дайсны өвөрт орохгүй байх” онол нь Рандчуудын бусдыг үгүйсгэх үзлийнх нь гүн ухааны суурь болдог. Дайсны ном (цөөн тохиолдлыг эс тооцвол, Рандын бичсэн номоос бусад бүх ном) унших нь дайснаа зөвшөөрснөөс ялгаагүй, энэ бол ёс суртахууны ялзрал, доройтол мөн гэж тэд үздэг. Зөвхөн онцгой тохиолдолд, дайсандаа хариу цохилт өгөхийн тулд эрх бүхий цөөн удирдагчид дайсныхаа номыг унших эрхтэй. Номтой дайн зарлах явдал нь Ранд, Бранден хоёр муудалцаж салсан 1968 оноос хойш хамгийн оргил цэгтээ хүрсэн бөгөөд энэ салалт нь Маркс, Ленин хоёрын салалт, эсвэл Исус, Паул хоёрын салалттай олон талаараа төстэй. Орвеллийн 1984 он зохиолд буруу номтон Эмануэл Голдштейний эсрэг түүнийг үзэн ядагчид эвлэлдэн нэгдэж тэмцэл явуулахдаа итгэл үнэмшлийн бат нягтрал бий болгодог, тэгвэл Рандчууд Рандэд үнэнч явахаа тангаргалж, уг тангаргийн гэрээндээ буруу номтон, эсэргүүн Брандений ямар ч номыг хэзээ ч уншихгүй гэсэн хатуу амлалт өгдөг. Их салалтын дараа, Брандений бичсэн номыг авч явсан Рандын ямар ч гишүүнийг өөрсдийн эгнээнээс хөөх болжээ. Санасан ёсоор, Брандений ойрын хамаатнууд ч мөн нэгэн адил Бранденаас холбоогоо бүрэн тасалсан юм.
Хүн өөрөө өөртөө эзэн байх ёстой хэмээн сурталддаг хүмүүс юунаас болоод Ранд, Бранден хоёр муудалцсан учрыг мэдэх эрхгүй, зүгээр л мухар сохроор Рандын зөв, Брандены буруу хэмээн зүтгэцгээж байдаг нь сонин. Энэ бүх ээдрээтэй хэргийн үнэн учрыг олж тунгаахаар оролдсон аливаа оролдлого нь өөрийн номын багш Эйн Рандаас урвасан гэдгийг нотлох хангалттай баримт болж өгөх бөгөөд ийм нүгэл үйлдсэн хүнийг шууд хөөх дүрэм үйлчилнэ.
Коммунистууд намын өндөрлөг өөд мацахдаа ямар ямар шалгуур давдаг талаар Френк Майер өөрийн бичсэн The Moulding of Communists номондоо тодорхой дурдсан байдаг. Түүний бичснээр, намын гишүүн хүн анх нийтийн жишиг даган орлогч гишүүн болохоос авахуулаад намын удирдлагын дээд шат руу өгсөх замдаа үзэл бодолдоо хэр туйлбартай, мятаршгүй тэмцэгч болохыг нь сорьсон олон хүнд шалгууруудыг даван туулдаг, энэ сорилтын явцад тухайн хүн нэг бол намаасаа гарна, үгүй бол намын төлөө юу ч хийхээс үл буцах хатаагдсан болд болон хувирна. Энэхүү сорилт нь жишээлбэл боолыг ажлын мал болгон зүтгүүлэх хэрэгтэй гэдэг юмуу Сталин, Гитлер хоёрын хийсэн нууц наймаа зөв болсон гэх мэт үзэл суртлын шинжтэй, эсвэл гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаасаа илүү намдаа үнэнч гэдгээ харуулах хувийн шинжтэй байж болно. Ийм шалгуурыг давсан хүн намын өндөрлөг өөд гайхалтай хурдан дээшилсээр хашир коммунистуудын эгнээнд шилжих бөгөөд тэдний тоо толгой маш хурдан өсөж үржсээр намынхаа гишүүдээс ч олон болдог.
Үүнтэй төстэй, гэхдээ илүү нарийн сорилтыг Рандийн хөдөлгөөнийхөн бодож олсон юм. Залуу хүмүүс Atlas зохиолд гаргаж тавьсан хүн өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн толгойтой байх ёстой гэсэн санааг шүүрэн авч сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөн Рандын хөдөлгөөнд элсэн ордог. Харин цаашдаа удирдлагын дээд шат руу мацахын тулд Рандын үзэл санаанд тууштай үнэнч гэдгээ үзэл суртал төдийгүй хувийн үйл амьдралаараа нотлон харуулах янз бүрийн сорилт, шалгуурыг давах шаардлага тулгарна. Дээд удирдлагаа сохроор тахин шүтэхэд хүргэдэг тэрхүү мунхруулгын далд оньс юу байж таарах вэ?
Эхний арга нь бидний дээр үзсэн бусдыг үл ойшоох үзэл. Рандын хэлсэн, ярьсан, бичсэн бүхэн агуулгын хувьд ч, хэлбэрийн хувьд ч туйлын үнэн гэдгийг итгүүлэх нь өөр нэг арга, Рандийн хэлсэн үгийг өчүүхэн төдий өөрчлөх гэж оролдвол тэр нь Рандын үзэл рүү дайрсан гэмт халдлага болж тооцогдоно. Яг л марксистуудын нэгэн адилаар, үгийн утгын өчүүхэн төдий өөрчлөлтөөс жанжин шугамаа алдаж болзошгүй гэж рандчууд үздэг. Товчхондоо, “үгийн халдашгүй байдлыг” сахин хамгаалах нэрийн дор үгийн салаа утга, тэр ч бүү хэл ойролцоо утгатай үгийг авч үзэхийг хориглоно.
Өөр нэг арга нь Atlas зохиолыг дахин дахин уншуулж сэтгэлийн хөөрөлд оруулах явдал. Atlas зохиол хэвлэгдсэний дараахан өндөр тушаалын нэгэн удирдагч уг зохиолыг дөнгөж ганцхан удаа уншсан байна гэж намайг зэмлэсэн юм. “Одоо энэ номыг эхнээс нь сайтар унших цаг боллоо” гэж тэр надад зааварчлаад “Би Atlas зохиолыг гучин таван удаа уншсан” гэж хэлсэн билээ.
Atlas зохиолыг олон дахин уншуулах гэж зорьж буйн цаад учир бол хэтэрхий нэг талыг барьж туйлширсан, мулгуу тэнэг хөшүүн, дэндүү хиймэл зохиолын баатруудаа бодит амьдрал дээр амилуулах явдал мөн. Хэрээстэн бүхэн өдөр тутмын амьдралдаа ИхУсыг даган дуурайхыг эрмэлздэгийн нэгэн адил рандийн гишүүн бүр Жонон Галтыг (Atlas зохиолын манлай баатар) даган дуурайхаар чармайна. Тэд алхам тутамдаа “Хэрэв Жонон Галт байсан бол яах байсан бол?” гэсэн асуулт өөртөө байнга тавина. ИхУс бол түүхийн бодит дүр, харин Галт бол зохиомол дүр, энэ хоёрын хооронд асар том ялгаа байгааг та анзаарсан биздээ. Тэгэхлээр, үнэн, худал, хууль дүрэм гэдэг нь зөвхөн номын багш, удирдагчдийн таашаалын асуудал болж хувирч байна. (Рандчууд Жонон Галттай ихэд эмээсэн байдалтай харьцдаг, ер нь тэдэнд бодит амьдрал, уран зохиол хоёрыг ялгаж салгах ухаан байдаг болов уу гэж гайхмаар)
Ариун Судар
———————————————
Нью Иорк хотод болсон рандчин хосын хурмын ёслол дээр болсон үйл явдал дээр тулгуурлан Atlas бол тэдний ариун судар мөн болохыг харуулъя. Уг ёслол дээр хосууд Рандад чин үнэнч явахаа тангаргалаад зогсохгүй, Atlas зохиолыг өмнөө гаргаж тавиад түүний ариун мөрүүдээс уншиж эхэлсэн юм.
Рандын хөдөлгөөнийхний хувьд иймэрхүү баяр ёслолын ажиллагаа тун дүнсгэр болж өнгөрнө. “Бусдыг хүндэлдэггүй” хүн л наргиж цэнгэдэг гэж тэд үздэг. Үнэн хэрэгтээ, наргиагаар дайруулж өөрсдийг нь чимхээд авах бий гэхээс тэд үхтлээ айдаг. Тэдний хувьд зөвшөөрөгдсөн ганцхан төрлийн наргиа байдаг нь өөрийн дайснаа шоолох явдал юм.
Яг үнэндээ, өөртөө таашаал авах явдлыг бусармаг, бузар үйлдэл гэж рандын хөдөлгөөнийхөн үзнэ. Юмыг байгаа байдлаар нь шууд тусган хүлээн авч болохгүй, хүний үйл хөдлөл нь цаанаа заавал ямар нэгэн далд, ухаалаг зорилго агуулах ёстой. Тиймээс, хүн зөвхөн амьдрахын тулд хооллох ёстой, харин хоолыг амталж идэх нь буруу; таашаал авахын тулд бэлгийн ажил хийх ёсгүй, харин хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд бэлгийн ажил хийх ёстой; уран зураг юмуу кино бүтээл нь хүнд хэрэгтэй ямар нэгэн зүйл агуулж байж сая жинхэнэ таашаал өгнө гэх мэт. Энэ бүх үнэлэмж нь хувь хүний үзэмжээр биш, харин нийтийн шалгуураар шүүгдэн хуульчлагдах ёстой. Гэхдээ яг амьдрал дээр энэ нь хэрэгждэггүй, гагцхүү Эйн Ранд юмуу бусад гэгээрэгсдийн зөвшөөрсөн ариун ёс жаягийг сахих шаардлагатай болдог болохыг дор харуулах болно.
Аливаа үзэл суртал, урсгалаас гишүүдээ барьж тогтоох гаршсан арга нь тухайн хөдөлгөөнөө байнга тасралтгүйгээр эргэлдүүлж хөдөлгөж байх зам байдаг. Энэ талаар Фрэнк Мэйер бичихдээ, коммунистууд өөрийн гишүүдийг өөрийн толгойгоор сэтгэх аюултай алхамаас нь хөндийрүүлэхийн тулд хамтын ажлаар байнга дардаг. Америкийн Нэгдсэн Улсад орогнож буй коммунист цагаачдын ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралаас удаан хугацаагаар хөндийрсний дараа дүрвэж ирснийг тэр анзаарсан байна. Товчоор хэлэхэд, тэдэнд өөрийн толгойгоо ажиллуулах (цэргийн алба хаах, судалгааны ажилд оролцох гэх мэт) бололцоо гарсан байна. Рандуудын хувьд гэвэл, Ранд болон түүний дээд удирдлагуудын төвлөрөн амьдарч байсан Нью Иорк хотод тэдний үйл ажиллагаа маш идэвхитэй өрнөж байв. Өөрийн суртлын үндэс суурь, сэтгэлзүй, бэлгийн харьцаа, уран зохиол, сэтгэхүй, урлаг, эдийн засаг, гүн ухаан гээд бүх чиглэлээр баримтлах “намын жанжин шугам”-ын талаархи айлдвараа хэн нэгэн дээд албан тушаалтан бусад гишүүддээ орой болгон номолдог. (Atlas Shrugged зохиолд бүдүүвчлэн гаргасан Тэмүүлэл-ийн үзэл санаа нь баатрууд орой болгон бие биедээ ном сургааль айлдах зарчимд тулгуурлана)
Иймэрхүү номын хэлэлцүүлэг таслах нь хөдөлгөөнийхний хувьд уучилшгүй алдаа болдог. Ингэж үзэх гүн ухааны үндэслэл нь дараах болой:
1. Рандчууд бол энэ ертөнцийн хамгийн зөв бодолтой хүмүүс (Яагаад гэвэл онол, үйл хэрэг хоёр нь хоорондоо зөрдөггүй үнэн зөв байдаг)
2. Та зөв бодолтой болохыг хүсэж байгаа (Тийм биш бол та амьдралын зорилгогүй тэнүүлчин гэсэн үг)
3. Та бол өөрийн бүх цагаа Рандчууд, боломжтой бол Ранд, түүний ойрын шадруудтай өнгөрүүлэхийг эрмэлзэгч ариун шудрага нэгэн мөн.
Өнгөц харахад энэ бүх зүйл зөв зүйтэй санагдана, гэвч хэрэв хэн нэгэн энэ бүхэнд эргэлзэж эхэлбэл юу болох вэ? Рандын үзлээр, сэтгэлийн хөдлөл бол бодлын тусгал учир сэтгэл хоёрдох нь ухаан суугаагүйн тод илрэл, тиймээс рандчууддаа эргэлзэх нь жинхэнэ мунхаглал тул ийм хүн удирдагчиддаа гэмээ наминчилж ариусах ёстой. Үзэл суртал, сэтгэлзүйн иймэрхүү гэмшил, ариуслын үр дүнд биеэ даасан, зөв бодолтой, бодьгал хүн төлөвшин улмаар Эйн Рандын жинхэнэ мухар сүсэгтэн болох учиртай.
Рандын хөдөлгөөний нэгэн дээгүүр тушаалтан сэтгэлийн эргэлзээгээ арилгах гэж хэрхэн зүдэрсэн тухай өрөвдөлтэй түүх байдаг. Нью-Иорк хотын Рандын хөдөлгөөний ахмад зүтгэлтэн, залуу Рандчин нэгэн өдөр Рандын гүн ухааны амин чухал асуудал дээр өөртөө эргэлзэж эхэлсэн байна: миний бодлоор энэ нь өөрийн оршихуйд эргэлзэсэн эргэлзээ байв. Ердийн ийм хялбар асуулт гаргаж тавих нь гэм нүгэлд тооцогдох тул тэр энэ асуултыг тавихаасаа маш их айсан, түүний бодлоор энэ асуултын цорын ганц зөв хариултыг зөвхөн Ранд өөрөө л хэлж чадна гэж гүн бат итгэж байв. Тиймээс, хэн нэгэн энэ асуултыг тавьж буруутна, харин далимд нь өөрийн асуултын хариуг олно гэж тэр олон жилийг өнгөрүүлсэн байна.
Ихэнхи үзэл сурталтнуудын хувьд, хууль номыг үндэслэгч Номын багшаа өөрийн гэр бүл, анд нөхдөөс илүү өндөрт гарган тахин шүтэх үзэл нэвт шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны хууль бол хэн нэгний бодож олсон зөв үзлийг өөр хэн нэгэнд тулган хүлээлгэх хүчирхийллийн зэвсэг, бүр тодруулбал өөрийн оюуны дайснаа устгах далдын үл үзэгдэх илд, мэсний үүрэг гүйцэтгэдэг. Рандынхны хувьд нэгэнт дээд удирдлага нь буруушаасан бол гэр бүлээ цуцлах нь хэвийн үзэгдэл. Тодорхойлолт ёсоор, сэтгэлийн хөдлөл бол бодлын тусгал, харин дээд удирдлага бол илүү хөгжингүй бодол, тиймээс дээд удирдлагадаа эргэлзэх нь тэнэг хэрэг мөн болно. Нью-Иорк хотын бүх сайн хүмүүсийг мэдэх тул хэн нь хэнтэйгээ гэрлэхэд тохирохыг шийдэх эрх танд байна гэж бодъё. Таныхаар ноён А, хатагтай Б хоёр тун тохирох хосууд болог, гэтэл хэн нэг нь нөгөөдөө таалагдахгүй байвал яахав? Мэдээж хэрэг, сэтгэл гонсгор байна гэдэг нь тухайн хүний төөрөгдөлтэй холбоотой, тиймээс тэр хүн ариусах ёстой болж таарч байна. Ядуу хүн ч мөн адил ухаан дутуу тул баян хүнд атаархах ёсгүй, тэдэнд үйлчлээд явж байх ёстой болж таарах нь.
Тиймээ, энэ бол өөрсдийнх нь эсрэг хувьсгал гарахаас үхтлээ айдаг, нийгмийн тогтолцоо хэмээх хиймэл байгууламжаа амьдралаас тасархай хуулиар чөдөрлөн ноёрхлоо үүрд хадгалан үлдэх гэсэн зальт этгээдүүдийн арга ядсан луйврын үхэр тэрэг гэдэг нь тодорхой. Тэд бол жинхэнэ эрх чөлөөний дайсан, хариуцлага хүлээхээс үхтлээ айдаг хулчгар, хулгайч, хоёр нүүртнүүд мөн.
Friday, March 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment