Friday, March 12, 2010

Амиа хорлосон Ардчилсан нам

Ардчилсан намын тухай өдий хориод жилийн түүхэнд шүүмжлэлт өнгө аястай өгүүлбэр тавьж хир халдааж байгаагүй юмсан.

Харин ч энэ намын гишүүд дэмжигчдийг дээр дооргүй МАХН гэдэг улс төрийн том мангаст бариулчих вий гэсэндээ чадахын хэрээр өмөөрч хамгаалж олон ч удаа цагдаа шүүхийн хаалга татаж явлаа. МАХН гэдэг улс төрийн хар мангас ардчилсан намыг бага балчирт нь барьж идэж чадаагүй. Учир нь МАХН ардчилсан намд хайртайдаа биш үзэл бодолдоо үнэнч зориг зүрхтэй шудрага гишүүд дэмжигчидтэй байснаас дийлдээгүй байв.

Гэтэл ардчилал эрийн цээнд хүрсэн хорин жилийн дараа коммунист дэглэмд дийлдээгүй ардчилсан нам өөрөө өөрийгөө хорлож байна. Бүүр тодруулбал Ардчилсан нам амиа зугуухан егүүтгэж байна. Цусаа байнга сэлбэж байхгүй бол нам , үхэж байгаагийн тэмдэг. Тэгвэл ардчилсан нам цус нь гүйхээ байж, мөнгө гэдэг амь тариагаар өөр дотроо тэс өөр бүлгийн цус сэлбээд байна. Өвчтэй хүнийг эдгээнэ гээд өөр бүлгийн цус хийвэл яадаг билээ, шууд л чад хийдэг биз дээ.

Ардчилсан нам яагаад нийгэмд нэр хүндээ алдав. Ардчилсан намын цус сэлбэгдэхээ больсны учир өөрийх нь дүрэмд байна. Ардчилсан нам нэг их ардчилалтай нам болж харагдах гэж олон зуун сая хүнтэй тэгээд гишүүнчлэл байхгүй Америкийн улс төрийн намуудын дүрмийг хуулж марофон, ротоци гэдэг хоёр үг оруулж ирсэн нь амиа хорлоход хүргэсэн юм.

Марофон гэдэг нь намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулдаг сунгаа юм. Хамгийн анх Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар Ардчилсан намын даргын төлөө орон даяар марофон хийж санал хурааж Ц.Элбэгдорж намын дарга болж байв. Энэ хоёр лидерийн аль нь ч зорилгоо мэдсэн томчууд учраас намаа дотор нь хагалаагүй ч гишүүд дэмжигчид нь дахин эвлэрэхгүйгээр ан цав гарч хоцорсныг мэддэг болов уу.

Дараагийн марофон Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын хооронд өрсөлдөв. Энэ хоёр хүний өрсөлдөөний уршгаар намын гишүүдийн тангараг нь тонгорог болов. Нэг намд байтугай нэг улсад багтахгүй болтлоо нэгнээ үзэн ядах үзэл гишүүдийн дунд үүссэн. Намын тамгаа булаалдаж орон даяар шившиг болох нь тэр. 2001 оноос намын үндэсний зөвлөлдөх хороонд мэдлэг боловсролтой хүн биш зүгээр л бөөн мөнгө орж ирж утгаа алдах нь тэр. Учир нь намынхаа цусыг сэлбэх ротоци гэдэг мөнгөний үйлдэл намд ноёрхсон.

Ротоци гэдэг нь намынхаа удирдах байгууллагыг сонгож цус сэлбэх зорилготой боловч зүгээр л хамгийн их мөнгө төлсөн нь намын удирдах байгууллагыг авч чаддаг улс төрийн дэлгүүр болгож, аймаг дүүргийн ардчилсан намыг цус ойртолт, хамаатан ах дүү, мөнгөний намын анхан шатны байгууллагууд бий болсон байдаг. Одоогийн ардчилсан намын удирдлагад гарч ирэхэд юун бодлого, үзэл бодол, мэдлэг чадвар, туршлага зүгээр л бүлэглэлүүдийн хоорондох ардчилсан намын удирдах байгууллагын дуудлага худалдаа болоод байна. Ардчилсан намын ротоци одоо ид болж байна. Хоорондоо хагараагүй, мөнгө барьж гүйлдээгүй аймаг, дүүргийн ротоци алга болж. Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд ардчилсан нам дотроо дажин гэхэд багадах дайн гэхэд ихдэх хагарал тэмцэл өрсөлдөөн болж байна. Дотроо хагараагүй, хоёр ардчилсан намтай болоогүй дүүргүүд байтугай аймгууд үгүй. Тэд тамга тэмдэгээ булаалдаж, байр савныхаа хаалгыг эвдэж, нэр төртэй яваа нэгийгээ сониноор захиалга өгөн гүтгүүлж, идсэн ууснаа дуудалцан шүүх цагдаагийн үүд сахидаг болжээ.

Гэхдээ энэ бүхнийг өрсөлдөгч МАХН хийгээгүй ардчилсан нам амиа хорлож байгаа нь энэ байхгүй юу. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч гэсэн хагарч бутарсан намынхаа анхан шатны хамт олноос холдож МАХН түүний засгийн газартай бол ойртоод байгаа юм биш үү. Хаанаас нь ч харсан Ардчилсан намын дэргэд МАХН хамаагүй залуужсан шинэ залуу боловсролтой залуусаар эгнээгээ тэлсэн харагддаг. МАХН боддогоор залуусаа дэмжин гаргаж ирдэг бол Ардчилсан намд залуус ороод улс төрийн карьераа ахиулна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ардчилсан намд ирээдүйтэй ганц хоёр залуучууд гарч ирсэн. Тэд чухам л өөрийнхөө хүчээр бүргэдийн дэгдээхэйн тавилангаар ардчилсан намаас гарч ирсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин зэрэг боловсролтой бол боловсролтой, төрд үнэлэгдэж түмэнд танигдсан залуус бий. Ардчилсан намын удирдлага ч дүүрэг хотын намын хороод нь тэднийгээ дэмжиж тэтгэж өгсүүлэх байтал ротоцоор унагаж авах юмсан гэж хор найруулаад явж байгаа бүлэглэлүүд ч байна. Ардчилсан нам амиа хорлосон нь ротоцоос болж байгаа юм. Парламентад суудалтай намуудын улс төрийн тоглоомын дүрэм адилхан байх ёстой гэсэн бичигдээгүй хууль байдгийг намын удирдлагууд нь мэддэггүй юм уу. Мэдсэн ч гэсэн санаатайгаар ардчилсан намыг өөрөөр нь өөрийнх нь амийг таслуулхаар ротоци хийж хагаралдуулаад байна уу.

Ардчилсан намын ротоцид МАХН-тай цус нэгтэй бүлгийнхэн давуу анхаарал тавьж ялалт байгуулах нь жилээс жилд нэмэгдээд байна. /МАХН-тай нэг бүлгийн цустай бүлэглэл гэж би Алтангадасынхныг тэмдэглэж байгаа юм. Г.Д/ Өөрөөр тайлбарлах юм бол яваандаа Ардчилсан намын ротоцид өрсөлдөгч улс төрийн хүчин юм уу гадаадын мөнгөтэй компаниуд давуу анхаарал тавьж төлбөрийг нь хийгээд хөгжмөө захиалдаг болох нь байна. Ардчилсан намын амийг ард түмэн ч биш Ардчилсан намынхан өөрснөө хорлож байгаа нь энэ гэхээс өөрөөр тайлбарлах арга алга.

Г.Дашрэнцэн
Niislel taims

No comments: