Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм. Хүний амьдралын олон талыг тусгасан болохоор энэхүү тууль нь зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн бүхий л ард түмний дур сонирхлыг соронзон мэт татаж, түүний судлагдхуун олон, олон мэргэдийн оюуны гижгийг үнэхээр хүргэж байдаг юм. “Жангар” туулийг аугаа их Пушкин сайн мэдэж байсан гэдэг. 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тэр үед “Дружба народов” зурагт сэтгүүлийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан Орос Зөвлөлтийн алдарт зохиолч Максим Горький “Жангар” туульд анхаарлаа хандуулж, “Идэвхитэй зарчмыг номлосон, хүн төрөлхтний соёлын их өв эрдэнэ” гэж нэрлэсэн билээ.“Жангар” туулийн анхны хэсгүүдийг 1804 онд Германы эрдэмтэн В.Бергман Халимагийн алдарт Жангарчдаас олж мэдээд немц хэлээр орчуулан тайлбартайгаар хэвлүүлснээс хойш, Орос-зөвлөлт, Герман, Америк, Япон зэрэг олон орны эрдэмтэд энэхүү туулийг олон талаас нь судалсан боловч одоо хир нь түүний гайхамшигт нууцыг бүрэн дүүрэн нээж чадаагүй байгаа юм шүү.
Дэлхийн туулиудыг сайн мэддэг, судалдаг гадаад орны олон эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийн ард түмний дунд нэр нь түгсэн “Одиссей”, “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатрууд”, “Манас”, “Нартам”, “Калевала” зэрэг дэлхийн нэрт туулиудтай эн зэрэгцүүлэн цуг нэг эгнээнд тавьж авч үзсэн байдаг.“Жангар” тууль нь анхлан XV зууны үед Ойрад монголчууд Алтайн цаадтай одоогийн Шинжаан, үрэмчийн нутаг болох Ил Тарвагатайд амьдарч байсан үеэс дундаас ам дамжин хэлэгдэж үүссэн гэж үздэг бөгөөд, Ойрадуудын нэг хэсэг нь Хоо өрлөг ноёныхоо удидлагаар Оросын Ижил мөрөн тийш нүүж тэнд нутаглахдаа энэхүү туулийг авч одсон бөгөөд 1910 оны орчим Халимагийн алдарт туульч Эйлээн Овлаагаас 10 орчим туулийг Оросын эрдэмтэн В.Л.Котвич тэмдэглэн авч хэвлүүлсэнээс хойш Монгол, Халимаг, Хятадын Шинжааны өөрөө засах орны нутгаас олон арван бүлгүүд олджээ.Одоо “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 3О орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна.“Жангар” туулийн ойг 1940 болон 1990 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсад хоёр удаа, мөн Шинжаан-Уйгарын нутагт тэмдэглэсэн бөгөөд эдгээрт Орос зөвлөлт, Хятад, Монгол, Японы нэрд гарсан эрдэмтэд, аман зохиол судлаачид оролцож “Жангар”-ын туулийн талаар хийсэн тодорхой судалгаа шинжилгээний илтгэлүүдийг тавьж, үнэлэлт дүгнэлт өгчээ.“Жангар”-ын хамгийн анх мэдэгдсэн эх орон Халимагт “Жангар” туульд зориулан босгосон сүрлэг сайхан хөшөө бий. Тун удахгүй “Жангар”-ын нутаг гэж нэрлэсэн, анх үүсэж бий болсон Шинжааны нутагт мөн Жангарын хөшөөг босгох шийдвэр гарсан баярт мэдээ дуулдаж байна.Ийнхүү Монгол болон хилийн чанадад “Жангар” туулийг, чамлахааргүй хугацаанд олон талаас нь судалсан гэлээ ч түүний үг үсэг бүрийн цаана нуугдсан түмэн өнгийн нууцыг бүрэн гүйцэд тайлж чадаагүй хэвээр байна.“Жангар” туулийг, түүний эх орон Монгол улсад бас л чамлахааргүй судалсан бөгөөд, энд заавал дурдах ёстой нэг онцлог бол түүнийг мэддэг олон арван туульч баруун Монголд байсан явдал бөгөөд тэднээс Ойрадын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж, жинхэнэ Монгол ахуй дотроо, үдэш оройн цагаар “Жангар” туулиа тэргэл саран, тэнгэрийн ододтой цуг уяран сонсож урт шөнийг бардаг байсан юм.
Бүр сүүлийн үеийн туульчдаас Түргэний Э.Намилан, Сагилийн А.Дамиа, Тэсийн Г.Самдан, Зүүнговийн З.Осор, Улаангом сумын Ч.Баглай зэрэг олон туульчид Жангар хайлдаг байсан, тэдний хайлсан олон бүлэг Монголын Шинжлэх Ухааны Академи, Хэл Судлалын Хүрээлэнд бичүүлснээр хадгалагдаж байна.Монголын нэрт зохиолч Л.Түдэв “өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоогийн тухай Жангарчууд мөрөөдөж туульс хайлсан нь агуулгынхаа гүн ухаанаар франц, герман, испанийн дууллуудаас хол түрүүлж гараад, нарны хотыг мөрөөдөгч Томас Моорын багш нь болохоор ах зах юм гэлтэй. Түүгээр ч барахгүй ирэх ХХI зууны сэтгэлгээ Жангар-члагдах болуужин гэх санаа төрнө” гэж бичсэн нь үнэхээр одоо энэхүү даяарчлагдаж буй нийгэмд магадгүй дэлхийн улс түмнүүд өөр өөрийн “Жангар”-тай болох тийм үе ирэх ч юм билүү гэж санагдахаар болжээ.
Эл өгүүллийг бичигч миний бие, Түргэн суманд бага ангид сурч байхад Намилан гэдэг ямаан сахалтай, намхан шар өвгөн “Жангар” туулийн “Луузан тив хааны Алтан бишгүүртэй байр байлдсан бүлэг” гэдгийг хайлж, би ч бас Халимагийн Жангарын олон бүлгүүдийг нутгийн хөгшчүүдэд уншиж өгдөг байсан маань хэзээ ч мартагдахгүй гайхам дурдатгал болон миний сэтгэлд үлдсэн билээ.Тэр үед Намилан баавай надад хэлэхдээ “Жангар” туульд хүний хийморь, лүндээг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц тарни байдаг юм шүү. “Жангар” хайлсан айлд оршихуйн буян ирдэг юм даа” гэж хэлж билээ.Төгс буянтын нэртэй лам нарын нэг, зурхайч тэр их ах маань үнэнийг хэлсэн гэдэгт би одоо ч хүртэл итгэж байдаг юм.
Доктор ( Phd) Жалхын Дэлэг
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment