Tuesday, April 6, 2010

II Жавзандамба хутагтад холбогдох манж баримтаас

Нэгд: Тухайн үеийн улс төрийн нөхцөлд холбогдох баримт

1737- 1758 оны үеийн Манж, Зүүн гарын улс төрийн амьдралд гарсан өөрчлөлттэй холбоотой баримтаас нэгэн хоёр баримтаас жишээ татаж танилцуулъя.

...Найралт төвийн 9 дүгээр оны 9 дүгээр сард Зарлиг буулгасан нь, ..эфү Дондовдорж урьд хойд зам дор хулгай халдаар ирснийг сонсож, ууланд модоор цайз хийж бага Хутагтыг шилжүүлэн суулгасан хэмээв, модон цайз хулгайг зогсоож бататгаж чадна уу, энэ шийтгэсэн нь маш мунхагтай хэрэг. ...Хулгай хэрэв үнэхээр Хүрээнд ирвэл.. бага Хутагт, түүний хөхөлт эцэг, хөхөлт эх, ламын ойр бүхий ихэс лам, шавь нарын цөөнхийг Долон нуурт суулгах, бусад лам шавь нарыг Хүрээнд суулгахыг эфү Дондовдорж нь мэдэж, тухай дор санаа суулгаж, хэнд ч сэрүүлэхгүй дотор зуураа бэлдэж, хулгайн мэдээ байваас саатуулахгүй завдваас болмуй, түүнийг машид нарийв чилтугай ... гэжээ.

...Тэнгэрийн тэтгэсэний 12 дугаар оны 9 дүгээр сарын шинийн 3-нд, Гадаад мужийг засах жургаанаас Халхын туслагч жанжин чин ван Эринчиндоржид илгээв...Жавзандамба хутагтыг харгалзаж таван зуун цэрэг суулгасан нь угтаа онцгойлон Зүүн гарын мэдээ чимээ байваас Хутагтыг харгалзаж Долон нуурт хүргэж суулгасан, эдүгээ Зүүн гарын ард элч зарж найрсагаар уулзсан бөгөөд, Халхын ард ганд боогдож аж төрөх нь мөхөс болсон хэмээсэн тул гуйсан ёсоор цэргийг татсугай хэмээснийг тогтоон хэлэлцэж мэдүүлтүгэй хэмээжээ.


... Тэнгэрийн тэтгэсэний 20 дугаар оны 1 дүгээр сарын шинийн 9-нд, Халхын баруун гарын цэргийг захирах жасааны туслагч жанжин , киян чи мэнд явах засаг төрийн бэйлээс ..Халхын зүүн гарын цэргийг захирах туслагч жанжин, тамгыг тэргүүлсэн жүн ванд илгээсэн бичигт: ..хойд замын хөвөө ангид уг томилогдсон Халхын цэрэг хоёр мянган таван зуу, сүр цог хийх цэрэг таван мянган, эдүгээ Хойдын чин ван Амарсанаа бас хоёр зуун арван цэрэг гаргасан тул ... Халхын цэргийг уг томилсон тоо ёсоор байлгаваас үлэмж бага тул жанжин нарт тушааж Халхын цэргийг дөрвөн зуугаар цөөтгөсүгэй, ..цэрэг цөөтгөсөн хошуунаас хүн тус бүрд гурван тарган сайн морь тооцож сонгон Цэргийн хуранд хүргүүлтүгэй...

.....Тэнгэрийн тэтгэсэний 22 дугаар оны зургаан сарын шинийн 26 нд Зарлиг буулгасан нь, .. Цэнгүнжаваас зарагдсан хиа Мангида хэлсэн нь, Дамиранг дуудахаар очиход огт дагаж ирсэнгүй, Хутагтад мөргөхөөр явсан хэмээжээ. Дамиран гэдэг нь хулгай Чингүнжав лугаа хамт явж, дэмий үг зохиож Халхчуудыг турхирч явсан хүн, ял хэлтрүүлвээс болохгүй, Нийслэл хотод хүргэтүгэй хэмээв. ... Дамиранг барих мэдээг олж өгсөн Цэдэнсампилд тогосны отог, их торго ба албаны торго тус бүр хоёр, тайж Жанчив, мэйрэний занги Монижав, Тарвагай, тайж Ванжил нарыг хүн тус бүр их торго нэг, албаны торго нэгээр шагна

.... Тэнгэрийн тэтгэсэний 25 дугаар оны 2 дугаар сарын 5 нд Зарлиг буулгасан нь, Жавзандамба хутагт гэдэг нь ... урьд Зүүн гарын ард лугаа наалдаж ирсэн дор, хутагтыг хялмалзах зальт санаа суулгасаныг манай Хан эцэг гэгээнээр тольдож Зарлиг буулган, Хутагтыг Долон нуурын газарт шилжүүлэв... хэмээн тэмдэглэжээ

Хоёрт. Хутагтын жанч халсанд холбогдох баримт

...... Тэнгэрийн тэтгэсэний 22 дугаар оны 12 сарын шинийн 26 нд, жанжин ван эфү Сан, хэбэй гүн Лин нараас Цэргийн тухайн хэргийг шийтгэх газарт ... шанзудба Сүндэвдорж нарын өргөсөн явдал дор, Тэнгэрийн тэтгэсэний 22 дугаар оны 12 сарын 26-ны шөнө Хутагтын өвчин гэнэт хүндэрч 27-ны туулай цагт жанч халав. Хутагтын гэрээслэн айлтгасан үгэн дор: Жавзандамба лам би Шизүн эзний зарлигийг хүлээж тахиа жилээс нааш хорин есөн жил болтол хоёр үеийн Эзний хүнд хишгийг хүлээж өмнөх ламын ширээнд суув. Одоо хишиг үгүй тул гэнэт хүнд өвчин тохиолдож миний цаг тоо болсон тул Богд эзэнд шар хадаг нэг, морь есийг барихаас гадна, Жавзандамба би лам хүн тул Богд эзний түмэн өлзий үүрд оршихийн тул илүү хэдэн жил ном дуудсугай хэмээн санасан бөлгөө. Санамсаргүй дор зуурам ийнхүү болов. Жавзандамба би даруй дахин ирж Богд эзний хишгийг хүлээх буян гурван эрдэнэ дор залбирсугай. Богд эзний түмэн өлзийн тулд өмнөх ламын байгуулсан шажин дацан, шавь нарыг хэрхэн нигүүлсэн тэтгэх явдлыг гуйх нь, Богд эзэн гэгээнээр тольдоно уу хэмээн бичиг бичиж айлтга хэмээгээд жанч халжухуй. Хутагтыг гэрээслэсэн довтлох бичиг нэг, барих шар хадаг нэг, морь есийг жанжин ван нарын газраас уламжлан айлтгана уу хэмээв.

...... Тэнгэрийн тэтгэсэний 23 дугаар оны цагаан сарын шинийн 8 нд Зарлиг буулгасан нь, Халхын Жавзандамба хутагт жанч халжухуй. Жавзандамба хутагт нь хэдүй өмнөх үеийн хутагтын мэт эрдэм өлзий бүрдэж шажныг удтал бадруулаагүй боловч амьд ахуйдаа шарын шажныг бадруулж, амьтныг жаргаахыг хичээж явсан тул би ихэд сайшааж өршөөн хишиг хүртээсэн бөлгөө. Эдүгээ Хутагтын жанч халсныг сонсож, миний дотор ихэд энэрэн өршөөж санамуй, хишиг хүргэж, өмнөх үеийн хөгшин Жавзандамба хутагтад буян хүргэсэн ёсоор : тавин лан алтан мандал нэг, тавин лан мөнгөн домбо нэг, цар нэг, тэргүүн зэргийн болон хоёрдугаар зэргийн сийлбэрлэсэн эмээл тохсон морь тус бүр нэг, хоёрдугаар зэргийн ба бага магнаг тус бүр хоёр, хоёрдугаар зэргийн дардан /дурдан/ гурав, цэмбэ хоёр, бүдүүн торго дөрөв....цайны навч 100 жин, хүж арван багц тус бүрийг буянд хүргэтүгэй гэж бичжээ.

Дээр дурьдсан баримтаас бид түүхэн он жилүүдэд манжийн эрхшээлд орохын өмнөх үед Жавзандамба хутагт болон түүний эцгийг хатуу хянаж, тусгаар байлгаж байсан, манжийн эсрэг тэмцэгчдийг шийтгэн Нийслэл хотод хүргүүлсэн ба тэднийг барьж өгсөн хүмүүсийг зэрэг хэргэм, торгоор хөхүүлэн шагнасан, хоёрдугаар Хутагт гэнэт өвдсөн, түүний хойдын буянд өндөр гэгээний нэгэн адил оршуулгын зүйл өгүүлсэн зэрэг баримт нь монгол хэлээрх баримтыг нотолж байгаа хэрэг юм.

No comments: