Алтайн уулсын дундах газар нутгаас болоод Жа лам киргизүүд хоёрын хооронд зөрчил үүсээд хэдэн жил болжээ.
Эцсийн ширүүн мөргөлдөөнөөр Киргизүүдийн удирдагч Хайсан баригдаад, Жа ламын шоронд оров. Ар гэрийнхэн нь их хэмжээний золиос амлахад Жа лам Хайсаныг суллахаар амласан байна. Ингээд киргизийн удирдагчийн эх хамаг байдаг алт мөнгөн зүүтгэл чимэг, ангийн арьс үсийг хамж аваад Жа ламын хуаранд ирэхэд монгол лам тун элэгсэг дотноор хүлээн авчээ.
Хайсаны эхтэй ярилцан, золиосны зүйлсийг үзэж байх яг тэр үед Жа ламын үнэнч зарц нар хүүгийнх нь арьсыг амьдаар нь өвчиж байв. Тэд Хайсаны арьсыг өвчөөд эхэд нь амьдаар үзүүлэх ёстой байж.
Гэвч Хайсан энэ тамлалтыг даалгүй үхсэн учир арьсыг нь шургаагт тохоод, эхэд нь үзүүлэхэд хөөрхий эх хүүгийнхээ арьсыг үзэнгүүтээ ухаан алдан унаж л дээ. Үүнийг үзээд зандалчин Жа лам марсайн инээж байсан гэдэг.
Жа ламын харгис хэрцгийн баталгаа болсон энэ жигшүүрт үйл явдлыг одоо ч Алтай нутгийн малчид хүүрнэн буй.
Жа лам эхлээд Томскт жил хэртэй хоригдож байгаад Якут руу цөлөгдсөн байна. Тэндээс Астраханд хүргэгдээд 1918 он хүртэл хоригдож байв.
Гэтэл 1917-1918 оны бужигнаанаар суллагдаад, Сэлэнгээр дамжин дахин Монголд орж иржээ. Хуучин дагалдагсад нь түүнийг талархан угтаж авлаа. Түүний нөхөр, туслагч байсан Жалханз хутагт түүнтэй Улиастайд уулзаад, Монголын баруун өмнөд хязгаарт байсан орлогч асан Жалцан бэйсийнд хүргэж өгчээ.
Дахин үзэгдсэн Жа лам Өргөөний захиргаанд ихээхэн төвөг учруулах болсон тул түүнийг баривчлах захирамж гаргасан байлаа.
Монгол улс дотор орогнох боломжгүй болсон Жа лам говийн зэлүүд нутаг, Юм бэйсийн сүмээс урагш 250 бээр зайтай Бага Маажин сан ууланд шинэ хуаран, бэхлэлт байгуулахаар шийджээ. Хуучин дагалдагчид нь ирж нийлсээр удалгүй түүний асрын эргэн тойрон 500-гаад майхан боссон байв. Энэ үеэс эхлэн маш сайн зэвсэглэсэн Жа ламын зандалчид ойр хол ялгалгүй их аюул учруулах болов.
Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний толгойлогчдын нэг ийнхүү зандалчдын толгойлогч боллоо. Тэр үед өмнө хэн байсныг нь үл харгалзан нааш харсан хүн бүхнийг өөрийн бүлэгт элсүүлэн авч байв.
Тэдний дунд цэргээс оргосон хятадууд, дээрэмчин монголчууд, түвэдийн хонторваандууд, киргизийн адууны хулгайчид гэх мэт есөн шидийн гэмт хэрэгтнүүдээс гадна торгууд анчид ч байв. Их хүчтэй болсон Жа лам Монголын баруун өмнөд хязгаарт байн байн аюул учруулах боллоо.
Энэ нутгаар аянчин жинчин ч явах боломжгүй болов. Жишээ нь Юм бэйсээс Аньси ордог их замаар энэ хугацаанд амар мэнд нэвтэрсэн хүн үгүй гэдэг. Жа ламын дээрэмчид өдөр шөнөгүй, хааяагүй тэнүүчлэн шиншилж, аянчин жинчид явдаг нарийн хавцалд отож байгаад дээрэм тонуул хийж байлаа. 1919 онд Хятадын генерал Сюй Шү Чжен цэргийн хүчээр Өргөөг эзэлж, Монголын автономийг устгав. Хятад цэргүүд Өргөө, Улиастай зэрэгт эзэгнэн суух болсноор барахгүй Оросын хилээр нэвтрэн Хиагт, Троицкосавскаар үзэгдэх болов. Тэд хааяагүй түйвээж, жирийн хүмүүсийг ч алж устгах нь олшров. Монголын ард түмэн эх орондоо амар тайван сууж чадахаа больсон энэ үед ардын чөлөөлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөед Жа лам ч бас зүгээр суусангүй. Монголын баруун өмнөд хяэгаарт хятадууд руу довтлон ихээхэн гарз хохирол учруулсан гэдэг. 1921 онд Сюй Шү Чжений цэргийг бут цохин Өргөөг чөлөөлсөн Барон Унгернтэй Жа лам холбоотой байсан гэдэг мэдээ бий. Монголын журамт цэрэг Барон Унгерний цэргийг бут цохиод Монгол оронд шинэ журам дэглэм тогтооход Жа лам хуучныг санагалзагчдын дунд гол хүчин болж үлдэв. Хөх хотын хятад захиргаадтай, мен Умард Цайдамын хүрлэг монголчуудтай найрсаг харилцаа тогтоосон байлаа. Ховдын хязгаарын хүн амын дунд Жа ламын нөлөө бас ч гэж унаж доройтоогүй байсан бөгөөд цаашдаа Өргөө рүү хөдлөн, Монголын шинэ тогтсон засаг захиргааг түлхэн унагаагаад Азийн элгэн дээр Монгол, Түвд, Хятадын Туркестаныг нэгтгэсэн их гүрэн байгуулахаар санаархаж байжээ.
Жа лам байдлаа бэхжүүлэх зорилгоор алс зэлүүд газарт нэгэн бэхлэлт байгуулсан нь Туркестан, Түвдийн барилгын хэв загварыг дууриалгасан сонин байгууламж байв. Түүний 4 зүгт алсын хараатай толгойн оройд харуулын байр байгуулжээ. Бэхлэлт нь чулуу тоосгоор өрсөн өндөр хэрэмтэй. Үүнийг одоо "Дамбийжаагийн байшин" гэж нэрлэх болжээ.
Олзлогдсон хүмүүс, хоригдлууд Бага Маажин сан уулын ар бэлийн нэн алс бөглүү газарт нэн хүнд бэрх нөхцөлд энэ бэхлэлтийг босгосон хэрэг. Эргэн тойрон гүвээ толгодоор хүрээлэгдсэн энэ хөндий дээрэмчдийн бүгэхэд нэн тохиромжтой газар байлаа. Горхины хөвөө, уул толгодын бэлээр ургадаг өвс ногоо тачирхан ч гэсэн Жа лам, түүний дагалдагчдын адуу, малд хүрэлцээтэй бэлчээр байв.
Бэхлэлтийн ээвсэгт хүч гэвэл эндхийн нөхцөлтэй тохирсон дэг журамтай, ямар нэгэн хэмжээгээр байлдааны сургууль хийсэн 500-гаад хүн байв. Тэдний олонх нь бердан, маузер, гар буугаар зэвсэглэсэн, цөөнх нь хятадаас олзолж авсан япон винтовтой байв.
Монголын ардын намаар удирдуулсан шинэ засгийн газар тогтоход хуучин дэглэмийн үлдэгдэл, нутгийн зарим тайж нар өөрсдийгөө Монголын цагаантнууд гэж нэрийдээд, Жа ламтай нийлэх бодолтой болсон байна.
Өөрийгөө.цэргийн их жанжин, мэргэн түргэн лам гэж алдаршуулсан Жа ламаас хүн болгон айдаг байлаа. Ламын хувиар адис тавьж, ном айлдан дүвчигнэнэ. Жанжны хувьд гэмгүй номхон аянчин жинчдийг дээрэмдэнэ, алж тална.
Жингийн тэмээ мал, бараа таваарыг хурааж аваад, жинчдийг дор нь ална. Нэг монгол лам 1920 онд Монголоос Түвд орох гэж яваад дээрэмдүүлсэн тухайгаа ингэж ярьсан юм.
Огт санаандгүй явж байтал Жа лам гэнэт довтлон орж, жин тээж явсан хар хүмүүсийг дор нь буудан хороогоод хамаг эд барааг хураан авсан. Харин нөмөрсөн жанчнаас өөр юу ч үгүй хоцорсон бидний хэдэн ламыг тавьж явуулсан. Гэвч юу ч үгүй хоосон хоцорсон бидний хэд нь Ганьсу нутгийн захад хүрэлгүй өөд болсон.
Дашлхүмбэ хийдээс Юм бэйсийн хийд орж явсан Түвдийн худалдааны төлөөлөгч Жа ламд баригдаад түүний шоронд үхжээ. Түүнтэй хамт явсан хүмүүсийн ихэнхийг устгаад, үлдсэнийх нь чихийг огтолж, боол болгож, хүнд хүчир ажил хийлгэдэг байсан гэж мэдэх хүн надад ярьсан юм.
Ийм маягаар Жа лам өдий төдий хүнийг олзлон авч боол болгон ажиллуулдаг байв.
Түвдийн лам, худалдаачид, Монголын мөргөлчид, жинчид, Жа ламын өстнүүд, хятад худалдаачид, киргизийн ноёд, цөм энд боол болон ажиллаж, тоосго шатааж, чулуу бэлдэж, хана хэрэм, байшин барилга барьж байв. Төөнөм халуун нөхцөлд хүнд хүчир ажилд нухлагдсан хүмүүс бүтэн жил амьд байх нь ховорхон.
Нэг бол өлбөрч үхнэ, эсвэл оргож босоод алуулна.
Цайдамын нэг монгол Жа ламд баригдаад хэрэмд хоригдож байгаад оргосноо надад ярьсан юм,
Тэр хүн Түвдийн худалдаачидтай жин тээгээд Ар Монгол орохоор говь дундуур явж байжээ. Аньсигаас зүүн урагш 100-гаад бээр газар амар тайван явж байтал гэнэт хажуугийн гүвээн дээгүүр морьтой хүмүүс гарч ирлээ.
Тэгээд сэхээ авч амжаагүй байтал хамаг юм болоод өнгөрчихсөн байв. Дээрэмчид яах ийхийн завдал өгөлгүй буудахыг нь буудаад, занчихыг нь занчаад тэмээ мал, эд барааг хаман одлоо. Жингийн толгойлогч Түвдийн баян худалдаачин эд баялгаа хамгаалан тэмцээд хамгийн түрүүнд алагдсан. Бид хэдэн монгол жинчид эсэргүүцсэн боловч хүчинд автан баривчлагдлаа. Ингээд бид Жа ламын ажилд хэдэн сар зүтгэлээ.
Түлээ түлш бэлдэнэ, тоосго цохино, барилга барина. Өдөр шөнөгүй хүнд ажилд нухлагдан олон хүн ядарч туйлдан үхдэг байлаа. Зарим сүйхээтэй хэд нь оргож босно. Би нэг шөнө харуулын хүнийг цохиж унагаад буугий нь аван зугтсан. Эндхийн нутаг орны байдлыг сайн мэддэг тулдаа л нэхсэн хүмүүст олдолгүй амьд гарсан юм гээд тэр Жа ламын тухай, түүний хүрээ хуарангийн тухай тодорхой ярьсан билээ.
1922 онд Өргөөд нэгэн хуйвалдааныг илрүүлж нөлөө бүхий олон хүнийг баривчлан заримыг нь цаазалсан гэдэг. Монголын албан ёсны мэдэгдэлд өгүүлснээр бол тэд цөм Жа ламтай нууц холбоо тогтоон, Хятадын цэргийг оруулж ирэхээр завдаж байсан аж.
Засаг төрөө шинээр төвхнүүлэн байгуулсан монголчууд Барон Унгернийг устгасныхаа дараа Баруун өмнөд хязгаарт түйвээж буй Жа лам, түүний дээрэмчдийгустгах зорилго тавьжээ. Монгол-Оросын хамтарсан анги говь нутгийг самнан, Нань Шань уул, Хөх нуур хүрсэн удаатай.
Дараа нь 1923 ондЖа ламын байдлыг ажиглан, бололцоо олдвол түүнийг устгуулахаар домогт баатар Балдандоржоор (дПал-лден рДордже) удирдуулсан морин цэргийн суманг илгээсэн байна.
Хилийн будлиан үүсгэхээс аль болохоор зайлсхийх ёстой тус анги тун болгоомжтой явсаар Жа ламын бэхлэлтэд дөхөж очжээ. Балдандорж Жа ламтай халз тулж, цус урсгахаас болгоомжлон заль хэрэглэхээр шийдэв.
Тэгээд цэргүүдээ нууц газар байрлуулаад, өөрөө мөргөлчин болж хувираад, нэг нөхрөө дагуулан хүрч очжээ. Жа ламд хадаг барьж адис хүртэх гэсэн юм гэж гуйхад ёсыг бодож уулзуулахаар болсон байна. Тэгээд хэрэм дотор майхан барьж алс холоос ирсэн гэх энэ хоёр мөргөлчнийг түр байрлуулжээ.
Жа ламд бараалхаж, хадаг барих цаг болоход Балдандорж гар буугаа хадаг дороо нуугаад, хадгаа өргөх үедээ ламыг дор нь нам буудсан байна. Гэтэл Жа ламын бараа бологчид ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Учир нь муу санаатай Жа лам бүх буу зэвсгийг хурааж аваад тусгай газар хадгалдаг, хэрэг болоход тарааж өгдөг байж.
Буу зэвсэггүй хүмүүс Балдандоржийн эсрэг хөдөлж чадсангүй. Бууж өгөх нь бууж өгөөд, зугтаах нь зугтаагаад, Жа ламын цэрэг сарниж ямар ч хор хохирол учруулалгүй устаж үгүй болсон байна.
Ингээд Балдандоржийн суман бэхлэлтийг амархан эзлээд, Жа ламын дагуулуудаас нэн их гэм буруутай хэдийг баривчлан бусдыг нь тавьж явуулжээ.
Жа ламын бүх эд бараа, буу зэвсгийг хураан аваад, 2000 гаруй хонь малыг энд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тараан өгсөн байна. Жа ламын толгойг огтолж аваад Улиастайн зах дээр олны хөлийн газар өндөр шонд өлгөсөн байсныг хүмүүс үзээд, цагаан толгой гэдэгбайж.
Түүнийг хожим нь формалинтай том лонхонд хийгээд Өргөөд аваачсан бөгөөд тэнд хэсэг хугацаанд гар дамжин явдаг байснаа нэг мэдэхэд алга болжээ. Нар салхинд удаан байснаас нүүрний хэв загвар, өнгө зүс өөрчлөгдөн танихын аргагүй болсон аж.
Жа лам талийгаач болох үөдээ бараан царайтай, цагаан үстэй байсан гэдэг. Харин гэрэл зурагт ганган мундиртэй, чийрэг биетэй, өргөн дугуй царайтай, намхан хамартай, дунд насны эр дүрслэгдсэн байдаг. Ер нь Жа лам европ маягийн цэрэг хувцсаар гангарах дуртай байсан гэдэг. Энэ хүн үхсэн хэдий ч түүний тухай одоог хүртэл ярилцсаар байгаа нь тэр хүний амьдрал хэр сонирхолтой бөгөөд ээдрээтэй өнгөрсөнийг харуулж буй хэрэг бизээ. Өдгөө түүний толгой ОХУ-д үзмэр болон хадгалагдаж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment