Friday, April 23, 2010

Африкийн орнууд муугийн жишээ биш

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй уулзаж, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-Амлалт тойрсон дуулиан шуугиан тасрахаа болилоо. Дээрээс нь цалин нэмэхийг Засгийн газраас хатуу шаардаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх цаг болсон гэцгээж байна. Энэ үйл явдлуудыг эдийн засагчийн хувьд та хэрхэн үнэлж байна?

-Манай Монголын нийгэмд сонин содон үйл явдлууд өрнөж байна. Олон асуудлаар эсрэгцсэн байр суурь илэрхийлэх болсон тул хүмүүс төөрөгдөхөд хүрээд байгаа юм. Амлалт, цалин, төмөр зам, уул уурхайн орд газар гэхчилэн маргаан үүсгээд байгаа асуудлаар манай танхим тун удахгүй байр сууриа илэрхийлэх болно. Энэ бүхнийг заяагдмал нөөцийн олдмол хам шинжийн илрэл гэж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухайд танхимын байр суурь их тодорхой байдаг юм шүү дээ. Нэг хэмжээтэй цамц бүх хүнд таардагггүй гэсэн зарчмыг л баримтлах учиртай.

-Салбараар нь ялгаатай тогтооно гэсэн үг үү?

-Үгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүс нутгаар нь тогтоох ёстой. Монгол Улсыг таван бүст хуваан хөгжүүлэхээр “Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргасан. Бүс нутгийн газарзүйн байршил, хүн ам, хөдөлмөрийн бүтээмж, бизнесийн хөгжил бүгд ялгаатай. Тиймээс тэдгээрийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох учиртай. Мөн Улаанбаатарт ч ялгаатай байх ёстой. Ер нь бол танхимын зүгээс хоёр санал тавьдаг. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огт тогтоохгүй байх, хоёрдугаарт Засгийн газраас ерөнхий жишгийг зөвлөмжийн шинж чанартайгаар тогтоох. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоогоогүй улс орон дэлхий дээр олон бий. Засгийн газар хатуу тоо тавих нь буруу. Иймд бүс нутаг бүрт хувийн хэвшил, иргэний нийгмийнхнийг бүгдийг нь оролцуулан хэлэлцээд тогтоодог байх нь хамгийн оновчтой шийдэл гэж.

-Сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд цалин, хөдөлмөрийн хөлсийг тухайн ажилтны ур чадварт тохируулан харилцан адилгүй тогтоох болсон. Гэтэл зарим хүн адил хөдөлмөр эрхэлж байгаа бол цалин ч мөн ижил байх ёстой гэсэн байр суурьтай. Тэгэхээр бүс нутгаар ялгамжтай тогтоохыг хэр хүлээж авах бол. Бүсээр бус салбараар ялгаатай тогтоож болохгүй юу?

-Мэдээж, энэ мэт эсэргүүцэл гаргах л байх. Гэхдээ тухайн бүс нутагт заяагдсан баялгийн хэмжээ, ажиллах хүчний хүрэлцээ хангамж, хөгжил, дэд бүтэц, мал сүрэг зэрэг зүйлс олон арван жилийн турш ялгамжтай явсаар ирсэн. Зарим УИХ-ын гишүүн говийн нэмэгдлийн талаар ярьж байгаа нь бүс нутгийн хөгжлийн нэг хэсэг. Бүс нутагт эрх шилжүүлье гэж ярих болсон. Тэгвэл эхний эрх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эрх мэдэл байж яагаад болохгүй гэж. Ингэлээ гээд хөдөлмөрийн зах зээл дээр гажуудал үүсэхгүй. Салбараар тогтоох нь аюултай. Жишээ нь уул уурхайн салбарт асар их хэмжээний мөнгө орж ирж, голланд өвчний эх суурь тавигдахыг үгүйсгэхгүй.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодоггүй орон олон ч энэ нь манай нөхцөлд тохиромжгүй зүйл биш үү?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооно гэдэг чинь хөдөлмөрийн зах зээлд төрийн зүгээс хөндлөнгөөс оролцож байна л гэсэн үг шүү дээ. Зах зээлийн чөлөөт зарчмыг илүү үнэлдэг улс орнуудад энэ асуудлыг ярьдаггүй. Өнөөг болтол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог улс орнуудад бүтээмж нь илүү байна гэсэн судалгаа, нотолгоо алга. Харин ч эсрэгээрээ хөдөлмөрийн зах зээлд төрийн оролцоо их байх тусам хүн нь хөгждөггүй, бүтээмж нь дээшилдэггүй юм байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болоод цалинг хоёр дахин, бүр түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бий гэж МҮЭ-ийн холбооноос мэдэгдэж байгаа. Ярьж байгаа үндэслэлийг нь сонсохоор үнэхээр боломжтой ч юм шиг?

- Эдийн засагт цалин-үнэ-цалин гэсэн гинжин урвал байдаг ч энэ нь тодорхой цаг хугацааны давтамжтай явагддаг онцлогтой. Жишээ нь хоёрдугаар улиралд цалин нэмэхэд гуравдугаар улиралд үнэ өсдөг ч гэх юм уу. Энэ бол олон улсын туршлагаар батлагдсан зүйл. Ер нь хөндлөнгөөс ажиглахад цалинг нэмэгдүүлэх боломж, бололцоо байгаа мэт харагддаг тал бий. Улсын төсвийн үрэлгэн зарлага, үүр ашиггүй тендер зэргийг хэмнээд цалин нэмж болох юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ цалинг гэнэт их хэмжээгээр, тухайлбал хоёр дахин нэмэгдүүлснээр эдийн засагт сайнаасаа илүү саар үр дагавар авчрах магадлалтай. Харин тэр Засгийн газрын гаргасан 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо судалгаа нь хантай байх гэж бодож байгаа. Төсвийн шинэтгэл хийгээгүй өнөөгийн нөхцөлд 20 хувиас хэтрүүлэн нэмэх боломж байхгүй. Гэхдээ сүүлийн үед хүн болгон шахам цалин нэмэх нь инфляцид нөлөөлнө гэж ярьж байгаа нь огт худал зүйл. Цалинг үе шаттайгаар нэмбэл инфляцид нөлөөлдөггүй. Харин М.Энхболдын Засгийн газар шиг зарлаж байгаад гэнэт 50 хувиар нэмэх юм бол хүлээлт үүсч, инфляцийн дарамтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ цалинг хоёр дахин нэмбэл дээрх алдааг давтах магадлалтай.
Дээр нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж буй хамгийн гол хүчин зүйл амлалт. Бэлэн мөнгө өгнө гэснээр хүний ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бууруулдаг. Тийм учраас инфляцийг хөөргөж байгаа гол шалтгаан бол амлалтууд. Өнөөдөр Монголын эдийн засагт инфляцийн дарамт нь цалинг үе шаттайгаар нэмэх, эдийн засагт мөнгө гаргаснаас болж буй хэрэг биш. Үүнийг Монголбанк энэ жилээс л ойлгож эхэлж байх шиг байна. Саяхан төв банкнаас гаргасан мэдэгдэлд “Эдийн засагт мөнгө гаргахыг дэмжинэ” гэсэн өгүүлбэр оруулсан байна лээ. Энд бас нэг зүйлийг онцлон хэлэхэд инфляцийг барих бодлогыг зөвхөн Монголбанк боловсруулах нь буруу. Санхүүгийн харилцаанд Сангийн яам их хэмжээгээр оролцож, мөнгөний бодлого, мөнгөний секторт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тийм болохоор мөнгөний бодлогыг Монголбанк, Сангийн яам тус тусдаа боловсруулах нь зүйтэй юм. Эндээс харахад инфляци гэдэг бол ганц мөнгөний нийлүүлэлтээс болдог зүйл биш. Инфляци өсөхөд нөлөөлдөг маш олон шалтгааны дотор улстөрийн хүчин зүйл хүртэл ордог. Инфляцийг гурван талт хэлэлцээрээр ч тогтоодоггүй юм.

-Гурван талт хэлэлцээрт худалдаа аж үйлдвэрийн танхим орохгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Танхим хоёр жилийн өмнөөс гурван талт хэлэлцээрээс татгалзсан. Яагаад гэвэл энэ хэлэлцээр хэлбэр төдий явдаг. Тиймээс бид тодорхой асуудлаарх байр сууриа бичгээр илэрхийлдэг болсон.Эсвэл сайд, дарга нартай нь уулзаж санал бодлоо солилцож байна.

-Инфляци зээлийн хүүтэй уялдаатайгаар өсч байна гэж зарим эдийн засагч тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэн тэгж байгаа юм. Тэр хүнээсээ эхлээд зээлийн хүү яагаад өндөр байгааг асуух хэрэгтэй юм байна. Зээлийн хүү өндөр байгаа нь өрсөлдөөн байхгүйтэй л холбоотой. Манайд байгаа хэдэн банк нэг хэсэгтээ жаахан өрсөлдмөр болж, зээлийн хүү бага зэрэг буурч байтал хямрал гээч болсон шиг байгаа юм. Банк ч гэсэн компани шүү дээ. Тэдний өрсөлдөөнийг урамшуулж өгөх хэрэгтэй. Төв банк анх удаа өрсөлдөөнийг дэмжинэ гэж мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Банкны секторт өрсөлдөөн байж гэмээнэ зээлийн хүү буурна.

-Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн зүгээс Монголд банк олдоод байна, 5-6 банк л манайд хангалттай гэсэн утгатай үг хэд хэдэн удаа хэлж байсан. Мөн банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ч яригдаж байгаа. Банкыг цөөлснөөр, эсвэл дүрмийн санг нэмснээр өрсөлдөөн өрнөх үү?

-Би “Монголд компани олдоод байна. Мянга орчим компани л байхад хангалттай ”гэж хэлбэл танд ямар сонсогдож байна. Жам ёсны процесс явдгаараа явж л байг л дээ. Зах зээлийн, аливаа бизнесийн хөгжлийн гол түлхүүр өрсөлдөөн шүү дээ.

-Дээр хальт дурдаад орхисон амлалтын талаар эргэн ярилцмаар санагдлаа. Та сая бэлэн мөнгө амласнаараа бид Африкаас хоцорч яваагаа харуллаа гэлээ. Одоогийн байдлаар бол эрх баригчид нэгэнт амласан юм чинь мөнгөө өгөх л ёстой биз дээ. Хүмүүст мөнгө хэрэгтэй байна шүү дээ?

-Африкийн орнууд иргэн бүртээ 1,5 сая динар амлалаа гэж та сонссон уу. Амладаггүй л байхгүй юу. Тиймээс бид муу бүхний жишээнд Африкийн орнуудыг дурдахаасаа бас ичдэг байх ёстой юм. Өнөөдөр хүмүүст мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Хүмүүст, эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Инфляцийг барих нэрээр олон жил мөнгө гаргалгүй явж ирлээ. Үүнээс болоод бизнесийн идэвхжил саарч, ажиллагсдын цалин хөлс царцанги байдалд ороод байна. Худалдаа үйлчилгээ, импортын зах зээл хумигдаж, хүмүүс нь худалдан авах чадваргүй болсон нь гашуун боловч үнэн шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгө амлахаасаа илүү юм хийх гэсэн хүмүүсийг дэмжих бодлого л хэрэгтэй байна. Өчигдөр надтай Зүүнхараад амьдардаг залуу ирж уулзлаа. Тэр залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн боловч нутагтаа чацаргана тарих хүсэлтэй байгаагаа хэлж байна лээ. Эд нар шиг хүмүүст тусалж чадвал хүмүүсийн худалдан авах чадвар ч нэмэгдэнэ, эдийн засаг ч өснө. Засгийн газраас бизнес эрхлэгчдэд 30 тэрбум төгрөгийн зээл олгох болсон нь сайн эхлэл. Гэхдээ энэ мөнгө хүрэлцээтэй биш. 50, бүр 100 тэрбумыг олгоё л доо. Яагаад болохгүй гэж. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бизнесийн идэвхийг нь өрнүүлэх чухал. Хамгийн зөв арга бол энэ.

-Тухайлбал ямар боломж олгож болох вэ?

-Томоохон бизнес эрхлэгчдийн тухайд улсын хэмжээний төслүүдэд шударгаар оролцох боломжийг олгох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд татвар болон зээлийн, бизнесийн орчныг сайжруулах , үүн дотроо зээлийн баталгааны сантай болох, барьцаагүй зээл олгох, санхүүгийн лизинг олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүл л гэсэн үг. Түүнээс биш нэг хэсэг нь цалинг хоёр дахин нэмэгдүүл гэхэд нөгөө нь 20 хувь л нэмнэ хэмээн мэтгэсээр энэ нь нийгмийн хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа нь инээдтэй хэрэг л дээ. Өнөөдөр Монголын нийгэмд ядуурал, ажилгүйдэл гэсэн хоёр том асуудал байна.
Түрүүн ч би хэлсэн. 30 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө. Амьдралынхаа төлөө гутал загнаж, гурав дөрвөн оёдлын машин ажиллуулж байгаа хүмүүст тэр мөнгө хүрэлцэхгүй байна. Нөгөө талаар тэр мөнгийг засаг тарааж байгаа нь зөв шийдэл биш. Түүнийг манай танхимаар дамжуулаад өг л дөө. Яагаад болохгүй гэж. Дараа нь гүйцэтгэлийг нь аваад бид худлаа хэлж үү, хуурамчаар баримт бүрдүүлж үү гэдгийг хяна л даа. Амьдралаа авч явахын тулд хөдөлж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дэмжье гэдгийг бид хэлээд байгаа юм. Бүр үндэсний хэмжээний бодлого болгоод хэрэгжүүлчихвэл цалин, тэтгэвэр нэм гэхээ болино. Үүнд цэцэн ухаан шаардлагагүй, асар мундаг эдийн засагч байх ч хэрэггүй. Амьдралыг бодит нүдээр л хардаг байх хэрэгтэй.

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонооос гаргасан судалгаагаар манай улсын эдийн засаг 2011 онд 8,2 хувиар өсөх боломжтой гэсэн байна лээ. Ийм боломж бий юү?

-Эдийн засгийн өсөлтийг харуулдаг үзүүлэлтүүд нь хуучирчихаад байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гэхэд л утгагүй үзүүлэлт санагддаг. Түүнийхээ оронд хүний хөгжил, тэр дундаа энэ жил хичнээн үйлдвэр байгуулагдав, ажилгүйдэл хэдэн хувиар буурав, агаарын бохирдол хэр буурав, төрийн байгууллагын хүнд суртал хэр багасав зэрэг үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцдог болмоор юм. Ер нь сүүлийн үед хүнд хүртээмжтэй, наалдацтай үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцдог болсон. Гэтэл бид энэ тухай ярихгүй байгаа. Зүгээр л бурхны хишиг буюу дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ гэх мэтэд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг тооцож байна. Эдийн засаг 8-10 хувь өслөө гэх мэт үгийг сонсоод хүмүүс уурладаг болж байна шүү дээ. Тэр өсөлт чинь хаана байна, надад тэр өсөлтөөс юу наалдав, тэр өсөлт надад ямар хамаатай юм гэдэг болсон. Өөрөөр хэлбэл одоогийн эдийн засгийн өсөлт чинь хүнээсээ бүүр хол сонсогдоод байна шүү дээ.

-Манай улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжих нь гарцаагүй. Иймд Оюутолгой, Тавантолгойн тухай тантай ярилцахгүй үлдээж боломгүй байна. Тавантолгойн төсөлд монгол компаниуд хэрхэн яаж оролцох вэ?

- Энэ асуудлаар би Ерөнхий сайдтай ярилцсан. Өнгөрсөн долоо хоногт Монголдоо томд тооцогдох хэд хэдэн компанийн захирлуудтай уулзаж байр суурийг нь сонирхсон. Хувийн хэвшил нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Энэхүү байр сууриа танхимаар дамжуулж Ерөнхий сайдад хүргүүлнэ. Тавантолгой нь зуун хувь төрийн өмчлөлд байгаа. Үндсэн хуулийн заалтаараа бол ард түмний өмчлөлд байна гэсэн үг шүү дээ. Тавантолгойд Монголын компаниудын хийж чадах зүйл ч бий, бас чадахгүй зүйл ч байна. Тэгэхээр чадах зүйлээ өөрсдөө хийгээд, чадахгүйгээ гадаадынхантай хамтарч хийе гэсэн байр суурийг бид илэрхийлнэ. Монгол Улсын төрийн мэдлийн энэ ордыг ашиглахад монголчууд туслан гүйцэтгэгчээр биш, үндсэн тоглогчоор оролцох ёстой. Давтан хэлье, монголчууд оператороор бус үндсэн тоглогчоор оролцоно. Нэгэнт төрийн мэдэлд байгаа хойно төр үүнийг зохицуулаад өгчих хэрэгтэй юм. Төр гадаад дотоодын компаниудад өөрийн зүгээс тавих шаардлагаа танилцуулаад “та бүхэн бизнесийн хэл”-ээрээ ойлголц гэх учиртай юм. Одоо бол гадаадын компаниуд монгол компанийг сонгодог байдал түгээмэл байгаа. Тэгвэл Тавантолгойд гадаадын болон Монголын компани эрх тэгш байх ёстой. Мөн нэг компани хоёр гурван зүйлд орохгүй байхаар зохицуулах нь зүйтэй санагддаг. Төр бол өөрийн сонирхлыг бодлогоороо илэрхийлэхийн зэрэгцээ нийт ард түмний эрх ашиг хангагдаж чадаж байна уу гэдгийг л хянах зарчмыг баримтлах нь зүйтэй юм. Түүнээс биш төрийн өмчит компаниуд байгуулах хэрэг байхгүй.

-Гадаадын компаниудад найр тавиад байгаагийн гол учир нь урьдчилгаа төлбөрт байдаг юм биш үү. Наад зах нь амлалтаа биелүүлэхэд төрд мөнгө хэрэгтэй шүү дээ?

-Мөнгө шаардлагатай нь үнэн. Дэд бүтэц хөгжүүлэх, төмөр зам барихад мөнгө зарцуулах нь зөв. Харин улстөрийн амлалтад мөнгө өгөхийн тулд асар үнэтэй гэрээг хийнэ гэвэл буруу шүү. Өнөөдөр Сангийн яам болоод сайд нь маш хүнд байдалд байгаа. Улс төрийн амлалтууд Сангийн яамны маневрлах чадварыг хязгаарлаж боочихоод байна шүү дээ. Тиймээс Монголын төр засаг Тавантолгойн хувьд Монголын компаниуддаа үлэмж дотночлон үзэхийг бид санал болгож байгаа. Монголын компаниудаа бодлоготойгоор үндсэн тоглогчоор оруулбал хожим ямар нэгэн асуудал үүслээ ч Монголын төр болон компаниудын эзэлж буй хувь хэмжээ их байх нь мэдээж. Тавантолгойд алсыг харсан шийдвэр гаргах хэрэгтэй. Арван жилийн дараа Оюутолгой, Тавантолгой хоёрыг зэрэгцүүлээд харахад аль нь зөв шийдвэр вэ гэдэг нь харагдана. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлыг бид 20 жилийн өмнөх өлөн нүдээр харж болохгүй. Гэхдээ шинэ баяны бардам, онгироо нүдээр харж бас болохгүй. Ухаарлын нүдээр харах цаг ирээд байна. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулалтын тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй байна.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг дээр зарим УИХ-ын гишүүд санал нэгдээд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд өсөн нэмэгдэх роялти буюу нөөцийн төлбөрийг тусгах ёстой ч гэх шиг. Ийм боломж бий юу?

-Оюутолгойн тухай одоо яриад байх шаардлагагүй. Нэгэнт гэрээг байгуулчихсан юм чинь харах л хэрэгтэй. Гэхдээ Оюутолгой бол сонгодог жишээ биш. Эрдэнэт ч бас сонгодог биш. Уул уурхайн ил тод байх, хариуцлагатай байх, байгаль орчинд халгүй байх гэсэн үндсэн зарчмыг биелүүлэхийг л шаардах учиртай, төр. Тиймээс Тавантолгойд төр хувийн хэвшилтэйгээ хамтраад гаднын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар юу бүтээж болдгийн жишээ болгон харуулъя л даа. Жижиг орны том дипломат үйл ажиллагаа гэдэг бол хөлд нь сууж ажиллахыг хэлдэг. Тэгэхээр маш уян хатан бодлогоор хүссэн үр дүнг авах хэрэгтэй байна.

-Одоогийн байдлаар Таван­толгойд ажиллах сонир­холтой хэчнээн монгол компани байгаа вэ. Нэрлэж болох уу?

-Яг одоогоор тэр энэ гэж нэрлэхэд эрт байна.

Ярилцсан Д.Цээпилмаа

No comments: