Төв Азийн өргөн уудам нутгаас нууц далд увидас чадлаар олон түмнээ удирдан дагуулсан жигтэй хүмүүс олон гарч байжээ. Тэдний нэг нь Ойрадын жанжин Амарсанаагийн хойт дүр хэмээн өөрийгөө зарлан өргөмжилж гарч ирсэн гэх Дамбийжанцан буюу Жа ламын юм. Энэ хүн 1911-1912 оны Монголын үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнд нэлээд оролцоо бүхий байсан боловч хачирхалтай нэгэн байв. Түүний амьдрал нууцаар дүүрэн, хаанаас ирсэн, юу санаж сэдэж явсан нь оньсого шиг гэж хэлж болох юм.
Жа ламын үйл ажиллагаа тоймгүй олон янз, үзэж харсан газар орон нь ч маш уудам тул түүний амьдралын тухай элдэв эрээн бараан мэдээ сэлтийг нэгтгэн учрыг нь тунгаах тун хэцүү ажээ. Түүний үйл ажиллагаа Астраханаас аваад Бээжин, Өргөөгөөс аваад алс өмнийн Энэтхэг хүртэл бүх Азийн өргөн уудам дайдад болж байжээ. Ер нь Жа лам гэгч үнэхээр бурхан, өөрөөр хэлбэл "хувилгаан" хүн байсан уу, аль эсвэл чөтгөр шулам шүглэсэн дээрэмчдийн толгойлогч байв уу? Жа ламын үйл ажиллагаа хэдийгээр ер бусын байсан ч гэсэн түүний амьдрал бүхэлдээ дээрэмчдийн том толгойлогчдынхтой төстэй байлаа. Энэ хүн нэлээд дээгүүр санаархаж, бас ч гэж үндэс угсааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг оролдож байсныг хэлэх хэрэгтэй.
Домогт энэ этгээд олон талын авъяас чадвартай хүн байлаа. Тухайлбал, жирийн хүний ойлгоход бэрх тарнийн номыг зэгсэн сайн эзэмшсэн, говь газарт шивээ бэхлэлт байгуулсан, дагасан хүмүүстээ цэргийн эрдэм өөрөө сургадаг байсан төдийгүй монголчуудыг байлдан дагуулаад, сэргээн мандуулахыг мөрөөдөж байв. Түүний тухай тун сайн тодорхойлолт үлдээсэн Ф.Оссендовский “Хүмүүс, араатан, бурхад” номдоо, түүнийг Түшээ гүн цолтой ламын нэрээр өшөө авагч байсан гэжээ.
Түүний жинхэнэ нэр Балдан. Оросын өмнөд хязгаарын Астрахан мужид төрсөн. Бага Дөрвөд овгийн харъяат байв. Түүнийг хүүхэд насанд нь Монголд авчраад, Хятадын хил орчмын Долоннуур хотын нэг том хийдэд шавь оруулсан гэдэг. Эндээсээ Түвд ороод Гомон гэдэг коллеж буюу сүмд, бас хамгийн олон монгол ламтай Лхасын Дрепүн гэдэг том хийдэд олон жил шавилан суужээ.
Түвдэд байх хугацаандаа Энэтхэг орж, тэндхийн шашны түүхт газруудаар явсан байх бүрэн боломжтой. Түвдийн сүм хийдүүд, тэндхийн амьдрал ахуйг сайн мэддэг, бас дээрэмчидтэй тулалдсан тухайгаа их ярьдаг байж.
Тэр залуудаа нэр алдар хөөцөлддөг, цочмог түргэн зантай, харгис дээрэнгүй байв. Нэг өрөөнд суудаг нөхрөө алчихаад сүм хийдийн хатуу шийтгэлээс мултрахын тулд Лхасаас оргон гарсан гэдэг. Үүнийг нь ч Түвд болон Монголд мэддэг байжээ. Хүн амины энэ хэргээс үүдээд л түүний амьдралд эрс өөрчлөлт гарч, элдэв адал явдал, хэрэг төвгөөр дүүрэн мэргэн түргэн бадарчин ламын бүтэлгүй замаар замнах болсон бололтой. Түүнийг сайн мэддэг хүмүүс түүнийг шашны сургаал номлол, тарнийн ёсны өргөн мэдлэгтэй байсныг гэрчилдэг бөгөөд тиймээс ч Монголын дээд зиндааны лам нарын дунд их нэр хүндтэй байсан бололтой. Өөрийн нь ярьснаар бол нэг үе тэр Бээжин дэх Жанжаа хутагтын яаманд Да лам байсан аж. Сүмийн эрдэмтэй лам нар зурхай зурж, цаг тооны бичиг зохиодог, мэрэг төлөг тавьдаг байсан гэнэ. Жа лам Энэтхэг, Хятад, Түвэд, Монгол орноор аялан явсан тухай үлгэр домог шиг түүх их яригдана. Тэр түвд, монгол, хятад хэлээр нэвтрэлцдэг, санскрит, орос хэл бага зэрэг мэддэг байж. Жа лам анх 1890-ээд онд Ар Монголд үзэгдсэн бололтой байдаг.
Профессор Позднеев "Монгол орон ба монголчууд" хэмээх алдартай бүтээлдээ түүний үйл ажиллагааны эхэн үеийн тухай товчхон мэдээлсэн байдаг. Шарын шашны нэн том хийдүүдийн нэг Амарбаясгалант хийдэд очиход нь нутгийн нэг түшмэл Позднеевт, нэг том лам Монголд 1890 оны намар орж ирээд, хилийн Улиастай өртөөгөөр дамжин Өргөө орсон тухай ярьжээ.Тэр лам алтан очир жинстэй, үнэгэн малгайтай байсан, ядуу хүмүүст эрдэнийн зүйл, зоос их тараасан. Явсан газар болгондоо би бол алдарт Амарсанаагийн удам төдийгүй Монголыг харийн дарлалаас чөлөөлөхөөр төрсөн түүний хойт дүр байна гэж ухуулж явжээ.
Энэ суртал нэвтрүүлэгт нь итгэсэн нүүдэлчид түүний барааг харж, түүнээс адис авахаар замыг нь тосон өртөө болгонд олноороо цугларах болжээ. Монголд ихээхэн нөлөө бүхий Жанжаа хутагт, Ялгуусан хутагт хоёр Жа ламын үйл ажиллагааг дэмжсэнээс болж, хятадуудад мөрдөгдөх болжээ. Жа ламын суртал нэвтрүүлэг хүчтэй болсонд сандарч тэвдсэн хятадууд Өргөөд суугаа Цагаан хаант Орос улсын консулд хандан түүнийг баривчлах шаардлага тавьжээ.
Консул Хятадын шаардлагыг хүлээн аваад явуулгатай ламыг Өргөөд ирмэгц баривчлаад Хиагт хүргүүлсэн байна. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд Жа ламын тухай сураг чимээ огт дуулдсангүй. Тэр Орост тийм ч удаан хоригдож байгаагүй. Удалгүй Түвд буюу Өвөрмонгол руу оргон одсон бололтой байдаг.1891 оны эцсээр мань хүн Ар Монголд дахин үзэгдэхдээ 2 сайхан цагаан тэмээтэй явсан учраас "Хоёр тэмээт лам" гэж алдаршив. Хятадууд түүнийг дахин баривчлаад, Улиастайд хүргүүлэв. Гэтэл тэр асуулт байцаалтанд хариулахаас татгалзаад, Астраханы халимаг Дамбийжанцан гэсэн паспорт үзүүлсэнд хятадууд түүнд нь итгээд суллан тавьжээ. Жа лам Улиастайгаас Ховд ороод тэнд хэдэн сар байгаад, Ховдоос Улиастай эргэн очиж, тэндээс Өргөө орсон боловч дахин баривчлагдаад бас л Хиагтад хүргэгдсэн байна. Үүнээс хойш түүний сураг 10 жил тасарчээ.
Энэ хугацаанд тэр хаагуур юу хийж явсан нь тодорхойгүй боловч Цайдам, Түвдийн зүүн хойт нутгуудаар байн байн үзэгддэг байсан сураг бий.Хоёр илжиг унаатай, нэг дагуултай, Цайдамын баруун нутгуудаар Махайг дайран өнгөрч явахыг хэдэн удаа харсан гэж Цайдамын хүрлэг монголчууд надад ярьсан. Үүнээс үзэхэд тэр Түвдтэй холбоо харилцаагаа таслаагүй, тийшээ байн байн очдог байсан бололтой.
Генерал П.К. Козловын газарчин байдлаар тэр 1900 онд Түвдийн Кам нутагт дахин үзэгдсэн байна. Тэр үе Шираб (Шез-Раб) лам нэртэй байсан гэдэг. Генерал Козлов хэдийгээр Далай ламд их бэлэг сэлт өгүүлсэн ч гэсэн шинжилгээний ангийг нь Но-мочу-гаас цааш нэвтрүүлсэнгүй. Козлов Түвэдийн засаг захиргаатай хэлэлцээ хийлгэхээр Шираб ламыг Жа лам нэрээр Түвд рүү илгээсэн бололтой байдаг. Гэтэл мань хүн дахин Козловтой нийлэлгүй өөрийн замыг хөөн Хятадын Туркестаны Карашар хот ороод нутгийн торгууд ноёныд байрласан бололтой байгаа юм. Тэндээсээ Ховдоор дамжин Өргөө ороод, Козловын шинжилгээний ангийг эрэхээр илгээгдсэн гэдэг. Үүнээс хойш дахиад 10 жил алга болсон. Энэ хугацаанд түүний юу хийж явсныг бид огт мэдэхгүй. 1910 онд тэр Карашарт дахин гэнэт үзэгджээ. Карашарын орос худалдаачин Кряжевын хэлснээр бол Жа ламын гадаад төрх байдал эрс өөрчлөгдсөн байжээ. Урд нь бавгар сахалтай байсан бол одоо мөлчийтөл хусдаг болж. Ламын шар орхимжийн цаана Европ цэргийн дүрэмт хувцас гэмээр юм өмссөн байсан гэнэ. Карашарт нэлээд удаан байсны дараа Ховд ороод, тэндээсээ 1912 оны намар Хангилцаг дахь Дөрвөдийн Түмэн гүний намаржаанд хүрч очжээ. Жа лам 1890 онд өөрийгөө алдарт Амарсанаагийн (1755 онд өөд болсон) хойт дүр гэдэг цуурхал тарааж явсан тухай дээр өгүүлсэн. Монголыг хятадын дарлалаас чөлөөлөх шинэ дайнд Амарсанаагийн хойт дүр Дамбийжанцан оролцоод ялалт байгуулж, Ойрадын хаант улсыг сэргээн тогтоох болно гэдэг лүндэн шашны ном сударт байдаг гэх бөгөөд зурхайч мэргэч төлөгч нарт итгэдэг жирийн олон сүсэгтэн Жа ламын ухуулгад амархан автагдах нь зүйн хэрэг юм. Ховд хавьд Жа лам дахин үзэгдсэн явдал ихээхэн үймээн шуугиан дэгдээв. Хятадын дарлалаас чөлөөлөх ариун дайнд уриалан дуудаж буй шинэ толгойлогчийг дагаад олон түмэн хуйларч эхэллээ.
Ахархан хугацаанд Жа лам зэвсэгт хүчирхэг бүлэг байгуулаад тэднийгээ Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд бэлтгэж эхэлсэн байна. Энэ үеэр хятадууд Өргөө, Улиастайгаас хөөгдөв. Ховдын амбан Манчуд хэрмийн түлхүүр өг гэсэн шаардлага тавив. Амбан Өргөөгөөс ирсэн шаардлагыг биелүүлэхээс татгалзан хэрмийн хаалгыг хаажээ. Хэрэм дотор босогчдын эсрэг тэмцэхээр зэхсэн хятад цэрэг, сайн дурынхан нийлээд 1000 гаруй хүн бүгсэн байв. Амбаны татгалзсан хариуг авангуутаа Жа лам хятадын цэрэгт дайн зарлажээ. Монгол, урианхай, дөрвөд, торгууд тэргүүтэн маш олон хүн Жа ламын захиргаанд орж, Хятадын хэрмийг дайлаар хөдлөв. Нийт 5000 орчим хүн байсан гэдэг. Энэ үед морин тэрэг өрнө зүг нүүгэлтэн хөдлөхийг Монгол орон дахин үзжээ.
Энэ их цэрэг маузер, бердан буугаар зэвсэглэсэн, өвөрмөц шөвгөр малгайтай, шар буюу ягаан хүрэмтэй халхчууд, сумны мөнгөн тоногтой дайзаар цээжин биеэ чимсэн, намхан дугуй малгайтай цахарууд, шовгор үнэгэн малгай, үстэй дээлтэй Урианхайн ноёдууд, цэнхэр алчууртай, ногоон хүрэм савхин гуталтай Булганы торгуудуудаас бүрдэж байв. Цэргийн хороог албан ёсоор Сүрэн гүн захирдаг боловч үнэн хэрэгтээ Жа ламын санаачлага захирамжаар бүх үйл ажиллагаа явагдаж байв. Энэ үйл явдал 1912 оны 5 сард эхлээд 8 дугаар сарын 6-нд Ховдын хэрэм унаснаар төгсчээ. Хэрмийг түймэрдээд хятадуудыг хүйс тэмтрэв. Оросын консул, түүний хамгаалалтын цэргүүд хэдхэн хятад хүнийг аварч Бийскээр дамжуулан Орос руу явуулаад, тэндээс Хятад руу буцаажээ. Ховдын хэрмийг эзлэн авч, Хятадын эзэмшлийг устгасны дараа Жа ламын шууд удирдлага оролцоотойгоор хятад, мусульман худалдаачдаас бүрдсэн 10 хүний зүрхийг амьдаар нь сугалж тугаа тахьжээ. Хөрш залгаа Синьзян мужийн захиргаа энэ хэргийг сонсоод, ихэд сандран Ку-чен-га болон Шар сүмээс цэрэг хөдөлгөсөн боловч тэр нь Ховд хүрэлгүй, 200-аад бээр зайтай Цагаан Тонх гэдэг газар өвөлжихөөр буудалласан байна. Жа ламаар толгойлуулсан Монголын цэрэг тэднийг угтан байлдахаар яваад Улаан давааны наад талд байрлав. Тэгээд хятадын цэргийг буцахад Монголын цэрэг таран сарнисан гэдэг.
Германы жуулчин Х.Констен саяхан хэвлэгдсэн "Монголын бэлчээр" номынхоо II ботид Улаан давааны хуарангийн тухай тодорхой бичсэн байна. Зохиогч өөрөө Жа ламтай нүүр учраагүй боловч энд тун эмх цэгцтэй, дэг журамтай, цэвэр цэмцгэр байдлыг үзээд их гайхсан гэнэ. Үүнийг Жа ламын хатуу шаардлагын үр дүн гэж түүнд ойлгуулсан аж.
Монгол улс тусгаар тогтнох үйл хэрэгт оруулсан гавъяаг нь өндрөөр үнэлэн Жа ламд Түшээ гүн цол шагнаад, дараа нь бас Номун хан хутагт хэргэм хөхүүлэн олгосноор барахгүй Ховд хотоос жараад бээр зайтай Ховд голын хөвөөгөөр орших бүхэл бүтэн хошуу захирах эрх олгох болсон байна. Мөн холбоотнууд нь түүнд сүрэг сүргээр адуу, үхэр бэлэглэн, олон айл өрхийг албат болгон нийлүүлсэн гэдэг.
Ийнхүү Жа лам Ховд нутгийг захирах жанжин төдийгүй бүх Монголдоо хамгийн хүчирхэг ноёны нэг болжээ.
Жа лам өөрийн эзэмшил хошуундаа нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн бөгөөд энэ ажиллагаанаас нь түүний олон талын санаачлагатай хүн болох нь харагдаж байв.
Үүнд тэр албат нартаа аж ахуйгаа хэрхэн сайжруулахыг зааж, Оросоос хөдөө аж ахуйн зарим машин авчирсан байв. Мөн тогтмол өвөлжөө хаваржаатай бол, өвс хадаж, өвөл малаа онд оруулахад хэрэглэ гэж зааварладаг байв. Үлгэр жишээ болох дэг журамтай сүм байгуулж, лам нарын тоог эрс цөөрүүлэн, тэднийг цэрэгтээ дайчлан авлаа.
Цэргээ европ зүгийн цэргийн сургуулиар сургаж, адуу, үхрийн үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Оросоос сайн үүлдрийн мал оруулж байв.
Жа лам дайсандаа маш харгис хэрцгий ханддаг, дагалдагчиддаа бараг итгэдэггүй хүн байж. Дагалдагчдынх нь ярьснаар бол тэр олзлогдсон хүмүүсийг өөрөө байцаадаг, тэгэхдээ нурууных нь арьснаас зурвас зурвасаар огтлон, халуун төмрөөр хайрч тамладаг байжээ. Улаангомын хүрээний хэсэг лам түүнийг эсэргүүцээд цөм үхтлээ зодуулсан гэдэг.
Бас нэг орос худалдаачныг үг даалгавар биелүүлсэнгүй гэж тамлан алсан байна. Ховд хязгаарын бүх тайж, ноёд түүнээс ухаангүй айдаг, түүнд барлаг зарц мэтээр үйлчлэн морийг нь эмээллэн, дөрөөгий нь түшин өргөн мордуулдаг байж.
Жа лам Ховдод суугаа Оросын консулын хамгаалалтын цэргүүдэд гэнэт баривчлагдан Орос руу хүргэгдэх хүртлээ буюу 1914 он хүртэл хошуугаа захирсаар байжээ.
1914 оны эхээр Жа ламын харгис хэрцгий үйлдлийн тухай мэдээ Оросын засаг захиргаанд хүрчээ. Сибирийн хасаг цэргийн морьт сумангийн талыг аваад Баруун Монголын Ховд хотын орчимд байгаа Жа ламын үйл ажиллагааг зогсоо гэдэг тушаалыг ахмад Булатов 1914 оны 2 дугаар сарын 6-нд хүлээн авсан байна.
Хасаг цэргүүд Жа ламын цэрэгтэй хэд хэд тулгарсны эцэст ламыг баривчлаад, харгис хэрцгий үйл ажиллагааг шалгажээ. Ингээд тэд Жа ламын тушаалаар амьдаар нь өвчсөн 2 хүний арьсыг олж авсан байна. Энэ 2 арьсны нэг нь Монгол Алтай дахь Киргизүүдийн удирдагч Хайсаных аж. /үргэлжлэл бий/
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment