1930-аад онд мөнөөх Махатма “Бидний ажиглалтын хүрээнээс гадна байгаа нэгэн шинэ од ойртож буй тухай би аль хэдийнэ ярьсан” гэж сануулсан билээ. Бархасвадийн цаана сая сая оддын гэгээнд дарагдан энэ циклийн туршид энгийн нүдэнд үл ажиглагдах Ража од энэхүү ХХ зууны сүүлчээр үзэгдэж эхлэх ёстой тул дэлхийн одон орончид одоо нэгэнт олж тогтоосон байна. Энэ од XXI зуунаас эхлэн 3 дахь мянганы эхний 200 жилийн турш нарны системийг чиглэн дөхөх бөгөөд энэ явцад нэг талаас манай хүн төрөлхтөний нүгэл хилэнц ёроолдоо тулж, нөгөө талаас гэрэл гэгээ, бурханлаг ариуныг хүсэмжлэх хүслэн оргилдоо хүрэх ажээ.
Ийнхүү, энэ зууны эцсээр гэнэт асч, 3 дахь мянганы эхний 200 жилийн турш дөхөн ойртсоор эцэстээ манай нарны систем руу галаар довтлон нөмрөх Хаан-Од гаригийн бүх амьдралыг өөрчлөх шинэ туяа болон цацарч, шинэ Будда-Майдар бурхан мэндэлнэ.
Буддизмд Майдар, иудаизмд Мессия, мусульман шашинд Мунтазара, Христос шашинд хоёр дахь Христос, Индуизмд Калки Аватарагийн дүрээр шинэ эринийг нээх аврагчийн тухай мессианистик ойлголт адилхан тусгагдсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын гайхамшигтай урласан Майдар бурхны алхаж яваа байдал нь түүний залралтын гэнэтийн санаандгүйг, мишээсэн амгалан дүр нь залралт нь сайн сайхныг авчрахыг бэлгэднэ. Мөрөн дээгүүрээ тохсон өчүүхэн ямааны арьс нь хувь тавилангийн Санчир гаригийг ялан дийлэгч болохыг, мутартаа бумба барьсан нь мөнх амьдралын ариун рашаанаар хүн төрөлхтөнийг адислахын тэмдэг юм.
Санчир гариг нь Матар ордыг жолооддог. Матрын ордны бэлгэ тэмдэг нь матрын сүүлтэй Ямаа байдаг. Ямаа нь материйн эрхшээлд орсон хүмүүн бидний энергийг эрхшээдэг Бофамед чөтгөрийн дүр билээ. Ингэхлээр Майдар бурхан залрахдаа хүн төрөлхтөнийг сансар дахь харанхуйн хүчний эрхшээлээс чөлөөлөгдөх эрдмийг авчирч, замыг заах ажээ.
Энэтхэгийн Калки Пуранад дүрсэлсэн Аврагч-Калки Аватара нь сүүлт одны хэлбэртэй сэлэм эргүүлж, үүлэн цагаан морь хөлөглөн өвч зэвсэглэсэн байдаг. Үүлэн цагаан морь урдах баруун хөлөө өргөсөн нь гариг дээр буухдаа газар тэнгэр нийлж, хүмүүсийн хамаг хилэнц самуурлыг ор мөргүй хийсгэхийн дохио гэнэ.
“Би шамбалын оронд ирж Мора багшийг Девапитай дэлхий дээр зална. Би Сатья Югаг тогтоон, Кали могойг устгаад эргээд дээшээ морилно” гэж Калки Аватара дээрх сударт өгүүлнэ.
Нэрт хэл шинжээч профессор, индолог Макс Мюллерын хөрвүүлснээр Мора нь Энэтхэгийн нарны, Мориагийн хаанчлалтай холбоотой бөгөөд түүний удам газар дээр нарны хаанчлалыг сэргээн тогтнуулна гэж байдаг ажээ. Девапи буюу Кришнагийн ээж Деваки нь гэгээн Мария дарь эхийн язгуур дүр бөгөөд энэ нь ирж буй эрин цаг эмэгтэй хүнд өндөр дээд хувь тавиланг авчирч буйг болон эх зарчмын гүйцэтгэх өндөр үүргийг зөгнөсөн хэрэг ажээ. Махатма Мориа нь нарны хааны удмаас гаралтай билээ.
Сатья Юга нь алтан эрин, Кали могой нь өнөө шувтран ахуй харанхуйн эринийг эрхшээгч эзнийг хэлж буй юм.
Калки Аватарын өргөсөн сүүлт одны хэлбэрт сэлэм нь сансрын гүнээс шинэ туяа цацрагийг авчирч буй аварга том Ража одны бэлгэдэл ажээ. Майдарын туг нүгэлтний харанхуйлсан нүдэнд цусан далай болон урсаж, билгийн мэлмийгээ нээгсдийн хувьд дүрэлзсэн гал улаан наран болон үлдэнэ гэж Дорнын домогт өгүүлдэг.
Нарны аймгийг чиглэн аажмаар улам дөхсөөр буй Ража нар-одноос цацрах цацрагуудын үелзэл улам өндөрсөн буй тул туяа гаригийн бүх амьдрал, хүн төрөлхтөн, үелзэл нь цуцалтгүй хурдсах шинээс шинэ энергүүдийн дарамтад нэрвэгдэж байна. Цаашид энэ хандлага улам хүчээ авах болно. Үүнд ухаалгаар дасан зохицож улам өндөр үелзэлд хариу өгөн сэрэл мэдрэхүй, сэтгэн бодохуйгаа улам хурдасган дэвших шаардлага тавигдаж байна.
Дорнын домогт өгүүлсэн Майдарын залралт 2 янзаар үзэгдэх явдалд, шинэ цацрагууд нь массад буюу хүн төрөлхтөний сэтгэлийн хөдөлгөөнд автагдагч хэсэгт маш их шаналал зовлон, сүйрэл, өвчин тахал авчирч, манлайлагч хэсэгт туурвих сэтгэх хүрээнд асар их бололцоо, хэтийн төлөвийг нээж эергээр нөлөөлж байгаа бодит байдал тайлбарлах түлхүүр болж өгнө.
Сансарын гал буюу Ража нарнаас цацрах өндөр үелзлийн туяаг, үелзлийн доод туйлд орших дэлхийн дотоод гал-Камадуро шингээж чадахгүй, 2 гал мөргөлдөснөөс геологийн аймшигт катаклизмууд, цуст дайн, өвчин тахал үйл олноор нь хүн төрөлхтөнийг хяргадаг ажээ. Хүн төрөлхтөн үүнд өөрөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд учир нь Камадурогийн шинж чанар нь хүн төрөлхтөний оюун сэтгэлээсээ цацраах эманациас шууд шалтгаалдаг юм.
Нэг талаас Сансарын цэвэр ариун гал ба нөгөө талаас хүн төрөлхтөний өш хонзон, үзэн ядахуй сэтгэл, шунал, ужид цэнгэлээс цацрах бузар эманациудыг тээсэн газрын хэвлийн 7 дугаар давхарга дахь Кадамуро галын тэнцвэргүй, эрс тэс чанар гаригийг сансрын коллапст оруулах ганцхан үр дагавартай. Өөрөөр хэлбэл, гаригийг өвч бүрхсэн үе үеийн хүн төрөлхтөний сэтгэл бодлын хортой эманациараа бүтээсэн цахиураас хатуу, харанхуй бараан ментал бүрхүүлийг саармагжуулан ярахаас нааш Сансарын гал, Кадамуро гал 2 тэнцвэржиж чадалгүй гариг зайлшгүй дэлбэрнэ. Үүнд тулахад хүрвэл байгаль эх олон тэрбум жилийн туршид уйгагүй урласан гаригаа аврахын тулд нийгэмшсэн “шавьж”-хүн төрөлхтөнийг гайд гаргах нь дамжиггүй буй за.
Гаригийн дотоод галыг бузарлан, сансрын шинэ туяа цацрагуудыг нэвтрүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж буй гаригийн ментал бараан бүрхүүлийг хоргүйжүүлж саармагжуулан, ингэснээр сансрын цацрагууд саадгүй нэвтрэх бололцоог бий болгохын тулд хүн төрөлхтөний тэн хагас нь алга болох ёстой, эсвэл тэрхүү тэн хагас өдөр тутам ялгаруулагч, эвдэн сүйтгэгч, хортой хилэнцэт бодол сэтгэлээсээ татгалзан үргэлж сайн сайхан бусдад энх амгалан аз жаргалыг ерөөсөн бодол хүслийг бүтээдэг болох ёстой.
Гэвч сүүлийн нөхцөл бүтэшгүйг бид мэднэ. Тиймээс тэрхүү тэн хагасын ачааг үүрэн хүн төрөлхтөний өмнө тулгарсан мөхлийг зайлуулахын тулд зөвхөн хэргийн учрыг ойлгосон цөөхөн оюун ухаанууд зүтгэх үлдсэн юм.
Ухаарал ихсэх тутам зовлон шууд пропорционалиар ихэсдэг.Үе үеийн туршид гариг дээрх тэнцвэрийг хангахын тулд цөөхөн ухаантны нуруун дээр бүхэл бүтэн хүн төрөлхтөний зовлон бэрхшээл тохогдсоор ирсэн юм. Ухаарал цаашид гэгээрэл болж гийхэд бүх 6 зүйл хамаг амьтны төлөө энэлсэн гашуун гансрал Бодисатвагийн үүрдийн дагуул болдог.
Ухаарал өөрийгөө умартан бусдын төлөө энэлэх зовлонг зайлшгүй авчирдаг. Нийтийн зовлон, нийтийн ачааг сайн дураар үүрч, хүн төрөлхтөний нийтийн үйлийн үрийг саармагжуулан хүн төрөлхтөнийг нөмрөн айсуй Сансарын галд бэлтгэн гал дөлийн урсгалыг удирдаж сурснаар нийтийн сүйрлээс аврах үйл хэрэг оюун ухаант хүн төрөлхтөний шилдгийн шилдэгүүдийг дуудаж байна.
Шинэ эрин нь нар, сар, Бархасвадь, Тишья од тэнгэрийн нэгэн гэрт ордод тохиоход эхэлнэ гэж Калка Пуранад өгүүлжээ. Тишья бол Сиддхартха Готамын өмнө заларсан Буддагийн нэр, нөгөө талаас Мэлхий ордны нэгэн одны нэр юм. Тишья одны дор Будда Готама мэндэлсэн гэж риши Вьяса, Нагаржуна нар бичсэн байдаг. Ирээдүйн Будда Майдар ч бас тийнхүү Тишья одон дор мэндлэх юм байна.
Гал гэрлийн эх үүсвэрийг хүн өөртөө асааж, дотроо агуулахгүйгээр нөмрөн айсуй Сансарын галд нэгдэх бүү хэл, ойртох ч аргагүй, дэнгийн эрвээхэй шиг шатаж үхэх тавилан хүлээж буй.
Галын эрин бидэнтэй хамт. Майдар залран айсуй.
Н.СОМА
No comments:
Post a Comment