Tuesday, April 27, 2010

Монголын “Ардчилал”-ын “Нууц ажиллагаа”-ны нууцаас

Энэхүү сонин дурсамж нь 2010 оны “Хувийн мөрдөгч” сонины №04-т нийтлэгдсэн бөгеөд “Ардчилсан хувьсгал”
хэмээх нууц үйл ажиллагааны нууцаас бичсэн учир олны анхаарал татаж байна.

…1989 оны 8 дугаар сарын 9. Намайг зуслан дээрээ амарч байтал НАХЯ-ны сайд, дэслэгч генерал Жамсранжав дуудуулжээ. Сайдад ирснээ илтгэхэд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооноос манай яамны дэргэд суудаг зөвлөхүүдийн аппаратын мэдэлд чамайг шилжүүллээ. Жил орчим ажиллана. Цалин дээрээ рублиэр урамшуулал авах байх гэв. Сайдтай уулзчихаад өрөөгөөрөө ортол дотуур холбооны утас дуугарав.
Зөвлөхүүдийн бүлгийн М.К.Смирнов мэнд мэдмэгцээ оройн 23 цагт Зөвлөлтийн тусгай албаны нууц уулзалтын байранд уулзая гээд сансрын нэг байр, хаалганы дугаарыг хэлэв. Би ердийн л нэг нууц ажиллагаа байна гэж бодлоо. Тухайн үед зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагаа ид дундаа өрнөж байв. Зөвлөлтийн 37 дугаар хүч нэмэгдүүлсэн армийн Арвайхээр орчимд байрлуулсан дивизийн халхлалтанд байсан пуужингийн тусгай ангийг сэм гаргахтай холбоотой асуудал байх гэж таамаглалаа. Учир нь уг онц нууц ангийг шилжүүлэн тээвэрлэхэд Улаанбаатарыг чиглэн явж буй баруун аймгуудын улсын бэлтгэлийн тууврын хонины маршрут маш олон газраар огтлолцоод байв. Хятадын тагнуулын албад манай дотоодын шилжилт хөдөлгөөн, тээвэр, цэргийн маневрыг тагнахдаа тууварчдыг хятадууд элсүүлэх гэж оролдож байсан билээ. Тэр үед жолооч, тууварчид л тусгай зөвшөөрөлгүйгээр улс орноор хөндлөн гулд хэрж чаддаг байсан. Харин Арвайхээрээс зүүн зүг 13 км-т Онгийн голын эрэгт байрласан орос дивизийн халхлалт дор орших тэрхүү онц нууц пуужингийн анги нь тактикийн цөмийн пуужин бүхий салбар байсан болов уу гэж одоо боддог юм. Байр нь тэнд боловч бие бүрэлдэхүүн нь цаг үргэлж зэвсэг техниктэйгээ манай улсын өмнөд районуудаар хэрэн явдаг байлаа…

Тэр орой их бүгчим байснаа 22 цагийн үед учиргүй ширүүн бороо орлоо. Гэрээс гараад цув нөмөрч явган алхсан болохоор болзсон цагаасаа 10 минут хоцорч очив. Миний таних М.К.Смирновоос гадна огт танихгүй гурван орос хүн, манай албаны Т, Ф, Ц, Д, Ж нар ирчихсэн кофе ууж суулаа. М.К.Смирнов бол монгол хэлээр ус цас, бүр 1976 онд Монголд томилогдон ирсэн хүн. Аав нь өвөг эцэг нь бас хадам аав нь хүртэл Монголд алба хааж, ажиллаж бүр байлдаж явсан гэдэг. 1982 онд эхнэр нь элэгний хорт хавдраар нас барсан, зовлон үзэж яваа эр байлаа. Хоёр ихэр хүү нь Москвад дээд сургуулийн оюутан. Мань эр жилийн өмнөөс Орос хэлний дээдийн нэг залуухан багш хүүхэнтэй уулзаад байх болсныг би мэдэх юм. Тэр нь нөхөргүй болохоор буруу нь ч юу байх вэ. 36 настайдаа ЗХУ-ын аюулаас хамгаалахын хурандаа болсон азтай эр. Нэг дүү нь Афганистанд, нөгөө нь Никарагуад цэргийн тагнуулчаар ажилладаг гэсэн. Ийм нэг хээгүй сайхан орос эр миний найз, хамтран зүтгэгч минь байлаа. М.Смирнов 1990 онд нутаг буцаж, 2002 онд тагнуулын албанаасаа тэтгэвэрт гарсан боловч тусгай албаны сургуульд хичээл заасан шиг амьдарч байгаа.

Түүнтэй хамт амьдарч байсан нөгөө монгол хүүхэн нь 2000 онд онгоцны ослоор өөд болсон билээ…
Смирнов биднийг хооронд нь танилцууллаа. Надаас өмнө ирсэн хэдийг тэр оросуудтайгаа танилцуулж амжаагүй байж. Намайг ороход тэд Б.Бат-Эрдэнийг хэр олон жил түрүүлэх тухай ярьж байсан юм. Смирнов олон юм ярилгүй шууд эхэлдэг зангаараа “За бид бүгд хамтарч Бүгд Найрамдах Монгол Ард улсад өөрчлөн байгуулалтыг эрс түргэтгэн яаралтай хийх ажлыг гардах хэрэгтэй боллоо. ЗХУ-ын удирдагчид 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр энэ асуудлаар тодорхой нууц шийдвэр гаргасан. Манай Улс төрийн товчоо Монголын удирдлагыг дэндүү үхээнц, зориг зүрх муутай байна. Өөрчлөн байгуулалт хийх хүсэл эрмэлзэлгүй, тулгамдсан маш олон хурц хүнд асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй байна гэж үзлээ. Иймд Б.Батмөнх тэргүүтэй удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сайн дураар нь огцруулах шийдвэрт хүргэх тийм хүчтэй, маш нүргээнтэй юм хийхийг та бидэнд ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын УАХХ итгэн найдаж үүрэг болголоо гэв.

Монголчууд бид таг дуугүй сууцгаав. Ийм үг сонсоно гэж зүүдэлсэн ч үгүй. Балмагдсандаа ч тэр үү, дэд хурандаа Ж кофегоо өмд рүүгээ бүр тодруулбал нууц эрхтэнийхээ эгц дээрээс асгачихлаа. Энэ хөгтэй явдал тэнд уригдсан монголчуудыг тайвшруулсан. Эхлээд оросууд дараа нь монголчууд хөхрөлдөж гарав. Ж инээхтэй манатай, саарал брюк нь салтаа орчимдоо өтгөн кофенд хүрэн хар болсон байв. Ж-г өмдөө баахан зүлгэсний дараа Смирнов бидний хийх зүйлийг хуваарилснаа танилцууллаа. Би ЗХУ-ын УАХХ-ны 9 дүгээр газрын ажилтан, дэд хурандаа Богдановын /энэ нь хуурамч нэр овог, жинхэнэ нэрийг нь би хэзээ мэдээгүй/ удирдлага дор ажиллах болов. Доороо авч ажиллуулах долоо, найман хүнийг би өөрөө олох боллоо. Тэд Богдановыг хэзээ ч харах ёсгүй. Ямар зорилго тавигдсаныг ч мэдэх учиргүй гэлээ. Бидэнд тэр дор нь зөвлөлтийн рубль тус бүр 5000-ыг өгөв. Богдановын нөгөө хоёрыг Сёмин, Турчинов гэх бөгөөд азидуу царайтай Турчинов нь тэр их мөнгийг гаргаж ирээд тарааж өгөхдөө гарын үсэг ч авсангүй. Бид өөр өөр чиглэлээр ажиллах ба дараа өөр нууц байранд нийлж уулзах болов. Нэг нууц байрыг нэг л удаа ашиглана гэж анхаарууллаа. Ж.Батмөнх болхидуу хүн боловч НАХЯ, БХЯ, ГХЯ-д түүний үнэнч нөхөд олон байгааг бид бүгд ойлгож байлаа.

Орос хурандаа Богдановтой хамт хариуцан хийх ажил маань тун олон хүн олон ажил байв. Бид тус тусдаа орос зааварлагч нартайгаа нэг өрөөнд орж суугаад ажлаа ярьж гарлаа. Богданов түс тас эр юм.
Афганистанд, Йеменд, Кубад байсан гэв. Афганд Ерөнхийлөгч Х.Аминыг авч хаяхад оролцсон хүн юм байна. Ийм бужигнуулах ажилд сахиусан тэнгэрүүд огтоос хэрэггүй гэнэ. Бидэнд нам засагтаа үнэнч, авгайдаа үнэнч, ажил тасалдаггүй, архи уудаггүй, ам нь үдээстэй, эсвэл онц сурдаг, өсч дэвжих хүн хэрэггүй. Харин ерөнхийдөө хог шаар болох зам руугаа орсон хүмүүс хэрэггэй. Гэхдээ бүр хогийн юм байж бас болохгүй. Мөнгө, мөрийтэй тоглоом, хүүхэн, гоё ганган юманд дуртай хүмүүс хэрэгтэй байлаа. Хоёулаа эхний ээлжинд дөчөөд хүн олоод зохион байгуулахад хангалттай байв. Богданов “Чи бид хоёрт хамгийн заваан ажил ноогдсон шүү. Бусад нөхөд хамаагүй цэвэрхэн юм хийнэ. Харин цус урсгах ямар нэг юм байж хэрхэвч болохгүй. Бид та нөхдөд илүү сайн сайхан ирээдүйг нээх гэж ийм зүйл хийж байна гэсэн юм. Даалгавраа аваад түүний хамт доош буухад орос цэргийн ангийн ямбийдуу УАЗ -469 зогсож байлаа. Намайг шөнийн 2 хагаст гэрийн гадаа буулгаад одов. Гэртээ ормогц өглөө болтол хадгалахын тулд 850 рублийн нэг боодол мөнгөө диван доогуураа хийгээд унтсан билээ…

Манайд зодоон цохион мөрийтэй тоглоом, хүүхэн шуухан, жижиг сажиг хулгай, валютын дам гээд янз бүрийн хэргээр бүртгэлтэй байдаг олон арван хүн байлаа. Тэднээс хорин хүнийг сонгож аваад анкетыг нь 4 дүгээр хорооллын нууц байранд Богдановтой уулзан танилцуулав. Зураач, жүжигчин, инженер, офицер, сэтгүүлч, багш тэдгээр хүмүүсийн дотор нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Тэдний намтар түүх, амьдрал будилаан хэрэг зэрэг нь Богдоновт ихэд таалагдав. Арав гаруй нь манай байгууллагад мэдээлэл өгдөг байлаа. Зарим нь урамшуулалтай зарим нь манайхны шантаажаар. Жишээ нь: нэг нөхөр өөрийн шавь оюутан охиноо согтуудаа хүчиндсэн байв. Цаад охин нь онгон амьтан биш, үйлдвэрийн чехүүдтэй явдаг байж. Гэвч онгон охиныг согтуурхаж хүчиндсэн гэсэн шантааж мань хүнд хүчтэй нөлөөлж бүр 1994 он хүртэл нөхдөө матдаг байлаа…

Надад тун аюултай, харанхуй манан руу явж байгаа мэт санагдсан ч ажил бол ажил байлаа. Тэгээд ч би улс орны удирдлагын арчаагүй, урагшгүйд сэтгэл дундуур явдаг нэгэн байсан. Улс улам бүр хөгжиж байна гэх боловч тэр нь ард түмэнд мэдэгддэггүй байв. Би эхлээд сонгосон хорин хүнтэйгээ нэг бүрчлэн уулзахаар боллоо. Хамгийн түрүүн нэг зураачтай уулзав. Тусгай алба тийм юм ярьж байгаад нилээн гайхсан ч гэсэн саналыг дуртай хүлээн авлаа. Түүнд 500 рубль гардуулав. Тэр бөөн баяр. “Ахиад cap, cap өгнө. Чамаас зарцуулалтын тайлан нэхэмжлэхгүй. Хүссэнээрээ зар” гэж хэллээ. Нэг оюутан залууг тун амархан элсүүлэв. Тэр манай мэдээлэгч учир 500 рубльд унаад өглөө. Өөр нэг сэтгүүлч залуутай уулзахдаа мөнгө өгсөнгүй. Тэр миний саналыг шууд дэмжив. “Хэрэв шоронд суухад хүрвэл би тэсэхгүй амиа хорлоно шүү. Би шоронд сууж чадахгүй шүү” гэв. Тэрбээр эхнэр хүүхэдтэй боловч гомо байсан билээ…

Friday, April 23, 2010

Африкийн орнууд муугийн жишээ биш

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй уулзаж, цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-Амлалт тойрсон дуулиан шуугиан тасрахаа болилоо. Дээрээс нь цалин нэмэхийг Засгийн газраас хатуу шаардаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх цаг болсон гэцгээж байна. Энэ үйл явдлуудыг эдийн засагчийн хувьд та хэрхэн үнэлж байна?

-Манай Монголын нийгэмд сонин содон үйл явдлууд өрнөж байна. Олон асуудлаар эсрэгцсэн байр суурь илэрхийлэх болсон тул хүмүүс төөрөгдөхөд хүрээд байгаа юм. Амлалт, цалин, төмөр зам, уул уурхайн орд газар гэхчилэн маргаан үүсгээд байгаа асуудлаар манай танхим тун удахгүй байр сууриа илэрхийлэх болно. Энэ бүхнийг заяагдмал нөөцийн олдмол хам шинжийн илрэл гэж болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухайд танхимын байр суурь их тодорхой байдаг юм шүү дээ. Нэг хэмжээтэй цамц бүх хүнд таардагггүй гэсэн зарчмыг л баримтлах учиртай.

-Салбараар нь ялгаатай тогтооно гэсэн үг үү?

-Үгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүс нутгаар нь тогтоох ёстой. Монгол Улсыг таван бүст хуваан хөгжүүлэхээр “Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргасан. Бүс нутгийн газарзүйн байршил, хүн ам, хөдөлмөрийн бүтээмж, бизнесийн хөгжил бүгд ялгаатай. Тиймээс тэдгээрийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох учиртай. Мөн Улаанбаатарт ч ялгаатай байх ёстой. Ер нь бол танхимын зүгээс хоёр санал тавьдаг. Нэгдүгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огт тогтоохгүй байх, хоёрдугаарт Засгийн газраас ерөнхий жишгийг зөвлөмжийн шинж чанартайгаар тогтоох. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоогоогүй улс орон дэлхий дээр олон бий. Засгийн газар хатуу тоо тавих нь буруу. Иймд бүс нутаг бүрт хувийн хэвшил, иргэний нийгмийнхнийг бүгдийг нь оролцуулан хэлэлцээд тогтоодог байх нь хамгийн оновчтой шийдэл гэж.

-Сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд цалин, хөдөлмөрийн хөлсийг тухайн ажилтны ур чадварт тохируулан харилцан адилгүй тогтоох болсон. Гэтэл зарим хүн адил хөдөлмөр эрхэлж байгаа бол цалин ч мөн ижил байх ёстой гэсэн байр суурьтай. Тэгэхээр бүс нутгаар ялгамжтай тогтоохыг хэр хүлээж авах бол. Бүсээр бус салбараар ялгаатай тогтоож болохгүй юу?

-Мэдээж, энэ мэт эсэргүүцэл гаргах л байх. Гэхдээ тухайн бүс нутагт заяагдсан баялгийн хэмжээ, ажиллах хүчний хүрэлцээ хангамж, хөгжил, дэд бүтэц, мал сүрэг зэрэг зүйлс олон арван жилийн турш ялгамжтай явсаар ирсэн. Зарим УИХ-ын гишүүн говийн нэмэгдлийн талаар ярьж байгаа нь бүс нутгийн хөгжлийн нэг хэсэг. Бүс нутагт эрх шилжүүлье гэж ярих болсон. Тэгвэл эхний эрх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох эрх мэдэл байж яагаад болохгүй гэж. Ингэлээ гээд хөдөлмөрийн зах зээл дээр гажуудал үүсэхгүй. Салбараар тогтоох нь аюултай. Жишээ нь уул уурхайн салбарт асар их хэмжээний мөнгө орж ирж, голланд өвчний эх суурь тавигдахыг үгүйсгэхгүй.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодоггүй орон олон ч энэ нь манай нөхцөлд тохиромжгүй зүйл биш үү?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооно гэдэг чинь хөдөлмөрийн зах зээлд төрийн зүгээс хөндлөнгөөс оролцож байна л гэсэн үг шүү дээ. Зах зээлийн чөлөөт зарчмыг илүү үнэлдэг улс орнуудад энэ асуудлыг ярьдаггүй. Өнөөг болтол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог улс орнуудад бүтээмж нь илүү байна гэсэн судалгаа, нотолгоо алга. Харин ч эсрэгээрээ хөдөлмөрийн зах зээлд төрийн оролцоо их байх тусам хүн нь хөгждөггүй, бүтээмж нь дээшилдэггүй юм байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болоод цалинг хоёр дахин, бүр түүнээс ч илүү хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бий гэж МҮЭ-ийн холбооноос мэдэгдэж байгаа. Ярьж байгаа үндэслэлийг нь сонсохоор үнэхээр боломжтой ч юм шиг?

- Эдийн засагт цалин-үнэ-цалин гэсэн гинжин урвал байдаг ч энэ нь тодорхой цаг хугацааны давтамжтай явагддаг онцлогтой. Жишээ нь хоёрдугаар улиралд цалин нэмэхэд гуравдугаар улиралд үнэ өсдөг ч гэх юм уу. Энэ бол олон улсын туршлагаар батлагдсан зүйл. Ер нь хөндлөнгөөс ажиглахад цалинг нэмэгдүүлэх боломж, бололцоо байгаа мэт харагддаг тал бий. Улсын төсвийн үрэлгэн зарлага, үүр ашиггүй тендер зэргийг хэмнээд цалин нэмж болох юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ цалинг гэнэт их хэмжээгээр, тухайлбал хоёр дахин нэмэгдүүлснээр эдийн засагт сайнаасаа илүү саар үр дагавар авчрах магадлалтай. Харин тэр Засгийн газрын гаргасан 20 хувиар нэмэгдүүлэх тооцоо судалгаа нь хантай байх гэж бодож байгаа. Төсвийн шинэтгэл хийгээгүй өнөөгийн нөхцөлд 20 хувиас хэтрүүлэн нэмэх боломж байхгүй. Гэхдээ сүүлийн үед хүн болгон шахам цалин нэмэх нь инфляцид нөлөөлнө гэж ярьж байгаа нь огт худал зүйл. Цалинг үе шаттайгаар нэмбэл инфляцид нөлөөлдөггүй. Харин М.Энхболдын Засгийн газар шиг зарлаж байгаад гэнэт 50 хувиар нэмэх юм бол хүлээлт үүсч, инфляцийн дарамтыг нэмэгдүүлдэг. Хэрвээ цалинг хоёр дахин нэмбэл дээрх алдааг давтах магадлалтай.
Дээр нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж буй хамгийн гол хүчин зүйл амлалт. Бэлэн мөнгө өгнө гэснээр хүний ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бууруулдаг. Тийм учраас инфляцийг хөөргөж байгаа гол шалтгаан бол амлалтууд. Өнөөдөр Монголын эдийн засагт инфляцийн дарамт нь цалинг үе шаттайгаар нэмэх, эдийн засагт мөнгө гаргаснаас болж буй хэрэг биш. Үүнийг Монголбанк энэ жилээс л ойлгож эхэлж байх шиг байна. Саяхан төв банкнаас гаргасан мэдэгдэлд “Эдийн засагт мөнгө гаргахыг дэмжинэ” гэсэн өгүүлбэр оруулсан байна лээ. Энд бас нэг зүйлийг онцлон хэлэхэд инфляцийг барих бодлогыг зөвхөн Монголбанк боловсруулах нь буруу. Санхүүгийн харилцаанд Сангийн яам их хэмжээгээр оролцож, мөнгөний бодлого, мөнгөний секторт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тийм болохоор мөнгөний бодлогыг Монголбанк, Сангийн яам тус тусдаа боловсруулах нь зүйтэй юм. Эндээс харахад инфляци гэдэг бол ганц мөнгөний нийлүүлэлтээс болдог зүйл биш. Инфляци өсөхөд нөлөөлдөг маш олон шалтгааны дотор улстөрийн хүчин зүйл хүртэл ордог. Инфляцийг гурван талт хэлэлцээрээр ч тогтоодоггүй юм.

-Гурван талт хэлэлцээрт худалдаа аж үйлдвэрийн танхим орохгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Танхим хоёр жилийн өмнөөс гурван талт хэлэлцээрээс татгалзсан. Яагаад гэвэл энэ хэлэлцээр хэлбэр төдий явдаг. Тиймээс бид тодорхой асуудлаарх байр сууриа бичгээр илэрхийлдэг болсон.Эсвэл сайд, дарга нартай нь уулзаж санал бодлоо солилцож байна.

-Инфляци зээлийн хүүтэй уялдаатайгаар өсч байна гэж зарим эдийн засагч тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэн тэгж байгаа юм. Тэр хүнээсээ эхлээд зээлийн хүү яагаад өндөр байгааг асуух хэрэгтэй юм байна. Зээлийн хүү өндөр байгаа нь өрсөлдөөн байхгүйтэй л холбоотой. Манайд байгаа хэдэн банк нэг хэсэгтээ жаахан өрсөлдмөр болж, зээлийн хүү бага зэрэг буурч байтал хямрал гээч болсон шиг байгаа юм. Банк ч гэсэн компани шүү дээ. Тэдний өрсөлдөөнийг урамшуулж өгөх хэрэгтэй. Төв банк анх удаа өрсөлдөөнийг дэмжинэ гэж мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Банкны секторт өрсөлдөөн байж гэмээнэ зээлийн хүү буурна.

-Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн зүгээс Монголд банк олдоод байна, 5-6 банк л манайд хангалттай гэсэн утгатай үг хэд хэдэн удаа хэлж байсан. Мөн банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх талаар ч яригдаж байгаа. Банкыг цөөлснөөр, эсвэл дүрмийн санг нэмснээр өрсөлдөөн өрнөх үү?

-Би “Монголд компани олдоод байна. Мянга орчим компани л байхад хангалттай ”гэж хэлбэл танд ямар сонсогдож байна. Жам ёсны процесс явдгаараа явж л байг л дээ. Зах зээлийн, аливаа бизнесийн хөгжлийн гол түлхүүр өрсөлдөөн шүү дээ.

-Дээр хальт дурдаад орхисон амлалтын талаар эргэн ярилцмаар санагдлаа. Та сая бэлэн мөнгө амласнаараа бид Африкаас хоцорч яваагаа харуллаа гэлээ. Одоогийн байдлаар бол эрх баригчид нэгэнт амласан юм чинь мөнгөө өгөх л ёстой биз дээ. Хүмүүст мөнгө хэрэгтэй байна шүү дээ?

-Африкийн орнууд иргэн бүртээ 1,5 сая динар амлалаа гэж та сонссон уу. Амладаггүй л байхгүй юу. Тиймээс бид муу бүхний жишээнд Африкийн орнуудыг дурдахаасаа бас ичдэг байх ёстой юм. Өнөөдөр хүмүүст мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Хүмүүст, эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Инфляцийг барих нэрээр олон жил мөнгө гаргалгүй явж ирлээ. Үүнээс болоод бизнесийн идэвхжил саарч, ажиллагсдын цалин хөлс царцанги байдалд ороод байна. Худалдаа үйлчилгээ, импортын зах зээл хумигдаж, хүмүүс нь худалдан авах чадваргүй болсон нь гашуун боловч үнэн шүү дээ. Тэгэхээр бэлэн мөнгө амлахаасаа илүү юм хийх гэсэн хүмүүсийг дэмжих бодлого л хэрэгтэй байна. Өчигдөр надтай Зүүнхараад амьдардаг залуу ирж уулзлаа. Тэр залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн боловч нутагтаа чацаргана тарих хүсэлтэй байгаагаа хэлж байна лээ. Эд нар шиг хүмүүст тусалж чадвал хүмүүсийн худалдан авах чадвар ч нэмэгдэнэ, эдийн засаг ч өснө. Засгийн газраас бизнес эрхлэгчдэд 30 тэрбум төгрөгийн зээл олгох болсон нь сайн эхлэл. Гэхдээ энэ мөнгө хүрэлцээтэй биш. 50, бүр 100 тэрбумыг олгоё л доо. Яагаад болохгүй гэж. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бизнесийн идэвхийг нь өрнүүлэх чухал. Хамгийн зөв арга бол энэ.

-Тухайлбал ямар боломж олгож болох вэ?

-Томоохон бизнес эрхлэгчдийн тухайд улсын хэмжээний төслүүдэд шударгаар оролцох боломжийг олгох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд татвар болон зээлийн, бизнесийн орчныг сайжруулах , үүн дотроо зээлийн баталгааны сантай болох, барьцаагүй зээл олгох, санхүүгийн лизинг олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүл л гэсэн үг. Түүнээс биш нэг хэсэг нь цалинг хоёр дахин нэмэгдүүл гэхэд нөгөө нь 20 хувь л нэмнэ хэмээн мэтгэсээр энэ нь нийгмийн хамгийн анхаарал татсан асуудал болж байгаа нь инээдтэй хэрэг л дээ. Өнөөдөр Монголын нийгэмд ядуурал, ажилгүйдэл гэсэн хоёр том асуудал байна.
Түрүүн ч би хэлсэн. 30 тэрбум төгрөг гэдэг бол бага мөнгө. Амьдралынхаа төлөө гутал загнаж, гурав дөрвөн оёдлын машин ажиллуулж байгаа хүмүүст тэр мөнгө хүрэлцэхгүй байна. Нөгөө талаар тэр мөнгийг засаг тарааж байгаа нь зөв шийдэл биш. Түүнийг манай танхимаар дамжуулаад өг л дөө. Яагаад болохгүй гэж. Дараа нь гүйцэтгэлийг нь аваад бид худлаа хэлж үү, хуурамчаар баримт бүрдүүлж үү гэдгийг хяна л даа. Амьдралаа авч явахын тулд хөдөлж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дэмжье гэдгийг бид хэлээд байгаа юм. Бүр үндэсний хэмжээний бодлого болгоод хэрэгжүүлчихвэл цалин, тэтгэвэр нэм гэхээ болино. Үүнд цэцэн ухаан шаардлагагүй, асар мундаг эдийн засагч байх ч хэрэггүй. Амьдралыг бодит нүдээр л хардаг байх хэрэгтэй.

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонооос гаргасан судалгаагаар манай улсын эдийн засаг 2011 онд 8,2 хувиар өсөх боломжтой гэсэн байна лээ. Ийм боломж бий юү?

-Эдийн засгийн өсөлтийг харуулдаг үзүүлэлтүүд нь хуучирчихаад байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гэхэд л утгагүй үзүүлэлт санагддаг. Түүнийхээ оронд хүний хөгжил, тэр дундаа энэ жил хичнээн үйлдвэр байгуулагдав, ажилгүйдэл хэдэн хувиар буурав, агаарын бохирдол хэр буурав, төрийн байгууллагын хүнд суртал хэр багасав зэрэг үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцдог болмоор юм. Ер нь сүүлийн үед хүнд хүртээмжтэй, наалдацтай үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцдог болсон. Гэтэл бид энэ тухай ярихгүй байгаа. Зүгээр л бурхны хишиг буюу дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ гэх мэтэд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг тооцож байна. Эдийн засаг 8-10 хувь өслөө гэх мэт үгийг сонсоод хүмүүс уурладаг болж байна шүү дээ. Тэр өсөлт чинь хаана байна, надад тэр өсөлтөөс юу наалдав, тэр өсөлт надад ямар хамаатай юм гэдэг болсон. Өөрөөр хэлбэл одоогийн эдийн засгийн өсөлт чинь хүнээсээ бүүр хол сонсогдоод байна шүү дээ.

-Манай улс уул уурхайн салбараа түшиглэж хөгжих нь гарцаагүй. Иймд Оюутолгой, Тавантолгойн тухай тантай ярилцахгүй үлдээж боломгүй байна. Тавантолгойн төсөлд монгол компаниуд хэрхэн яаж оролцох вэ?

- Энэ асуудлаар би Ерөнхий сайдтай ярилцсан. Өнгөрсөн долоо хоногт Монголдоо томд тооцогдох хэд хэдэн компанийн захирлуудтай уулзаж байр суурийг нь сонирхсон. Хувийн хэвшил нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Энэхүү байр сууриа танхимаар дамжуулж Ерөнхий сайдад хүргүүлнэ. Тавантолгой нь зуун хувь төрийн өмчлөлд байгаа. Үндсэн хуулийн заалтаараа бол ард түмний өмчлөлд байна гэсэн үг шүү дээ. Тавантолгойд Монголын компаниудын хийж чадах зүйл ч бий, бас чадахгүй зүйл ч байна. Тэгэхээр чадах зүйлээ өөрсдөө хийгээд, чадахгүйгээ гадаадынхантай хамтарч хийе гэсэн байр суурийг бид илэрхийлнэ. Монгол Улсын төрийн мэдлийн энэ ордыг ашиглахад монголчууд туслан гүйцэтгэгчээр биш, үндсэн тоглогчоор оролцох ёстой. Давтан хэлье, монголчууд оператороор бус үндсэн тоглогчоор оролцоно. Нэгэнт төрийн мэдэлд байгаа хойно төр үүнийг зохицуулаад өгчих хэрэгтэй юм. Төр гадаад дотоодын компаниудад өөрийн зүгээс тавих шаардлагаа танилцуулаад “та бүхэн бизнесийн хэл”-ээрээ ойлголц гэх учиртай юм. Одоо бол гадаадын компаниуд монгол компанийг сонгодог байдал түгээмэл байгаа. Тэгвэл Тавантолгойд гадаадын болон Монголын компани эрх тэгш байх ёстой. Мөн нэг компани хоёр гурван зүйлд орохгүй байхаар зохицуулах нь зүйтэй санагддаг. Төр бол өөрийн сонирхлыг бодлогоороо илэрхийлэхийн зэрэгцээ нийт ард түмний эрх ашиг хангагдаж чадаж байна уу гэдгийг л хянах зарчмыг баримтлах нь зүйтэй юм. Түүнээс биш төрийн өмчит компаниуд байгуулах хэрэг байхгүй.

-Гадаадын компаниудад найр тавиад байгаагийн гол учир нь урьдчилгаа төлбөрт байдаг юм биш үү. Наад зах нь амлалтаа биелүүлэхэд төрд мөнгө хэрэгтэй шүү дээ?

-Мөнгө шаардлагатай нь үнэн. Дэд бүтэц хөгжүүлэх, төмөр зам барихад мөнгө зарцуулах нь зөв. Харин улстөрийн амлалтад мөнгө өгөхийн тулд асар үнэтэй гэрээг хийнэ гэвэл буруу шүү. Өнөөдөр Сангийн яам болоод сайд нь маш хүнд байдалд байгаа. Улс төрийн амлалтууд Сангийн яамны маневрлах чадварыг хязгаарлаж боочихоод байна шүү дээ. Тиймээс Монголын төр засаг Тавантолгойн хувьд Монголын компаниуддаа үлэмж дотночлон үзэхийг бид санал болгож байгаа. Монголын компаниудаа бодлоготойгоор үндсэн тоглогчоор оруулбал хожим ямар нэгэн асуудал үүслээ ч Монголын төр болон компаниудын эзэлж буй хувь хэмжээ их байх нь мэдээж. Тавантолгойд алсыг харсан шийдвэр гаргах хэрэгтэй. Арван жилийн дараа Оюутолгой, Тавантолгой хоёрыг зэрэгцүүлээд харахад аль нь зөв шийдвэр вэ гэдэг нь харагдана. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлыг бид 20 жилийн өмнөх өлөн нүдээр харж болохгүй. Гэхдээ шинэ баяны бардам, онгироо нүдээр харж бас болохгүй. Ухаарлын нүдээр харах цаг ирээд байна. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулалтын тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй байна.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг дээр зарим УИХ-ын гишүүд санал нэгдээд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд өсөн нэмэгдэх роялти буюу нөөцийн төлбөрийг тусгах ёстой ч гэх шиг. Ийм боломж бий юу?

-Оюутолгойн тухай одоо яриад байх шаардлагагүй. Нэгэнт гэрээг байгуулчихсан юм чинь харах л хэрэгтэй. Гэхдээ Оюутолгой бол сонгодог жишээ биш. Эрдэнэт ч бас сонгодог биш. Уул уурхайн ил тод байх, хариуцлагатай байх, байгаль орчинд халгүй байх гэсэн үндсэн зарчмыг биелүүлэхийг л шаардах учиртай, төр. Тиймээс Тавантолгойд төр хувийн хэвшилтэйгээ хамтраад гаднын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар юу бүтээж болдгийн жишээ болгон харуулъя л даа. Жижиг орны том дипломат үйл ажиллагаа гэдэг бол хөлд нь сууж ажиллахыг хэлдэг. Тэгэхээр маш уян хатан бодлогоор хүссэн үр дүнг авах хэрэгтэй байна.

-Одоогийн байдлаар Таван­толгойд ажиллах сонир­холтой хэчнээн монгол компани байгаа вэ. Нэрлэж болох уу?

-Яг одоогоор тэр энэ гэж нэрлэхэд эрт байна.

Ярилцсан Д.Цээпилмаа

Thursday, April 15, 2010

Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатан

Судлаач миний бие хоёр жилийн өмнөөс Хөх Монголын сор болсон Соркуктай цэцэн хатны айлдвар болох Журнайн Нүрзэд агсны "Алтан дээд гэрээ" номыг судлах болсон юм. Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй эзний гал голомтыг манасан Соркуктай цэцэн хатан өөрийн хуу Мөнхийг 1251 онд Их Монголын хаан ширээнд залах ёслол дээр "Хаантан минь одоо та яах ёстой билээ" гээд:

1. Нүүхүйн ухаанаар засаг барихыг мэдэх уу?
2. Наран мэт ээж, аадар мэт мохоож чадах уу?
З. Иргэн булхайн дурыг татаж Газар, Өтүгэ, Аадар, Наран, Хөх Монгол богд таван төгс эрдэнээр сууж сэрэх уу?
4. Хорин нэгэн шинж төгс хаан эрдэнээр сууж сэрэх уу? хэмээн асууж тэртээ нэгэн цагт Өгөөдэй хааны хатан Дөргөнэ Арабын Аламат Исламанд өгч харьд цөлсөн Монголчуудын төр жолоодох ухааны охь болсон "Алтан дээд үнэний хэлмэл", "Хөх үнэний хэлмэл", "Зөв хөгжил бүтээх үнэний хэлмэл"-ийг билгээрээ нэгэн цогц болгож "Алтан дээд гэрээ"-г бичиж мартахын үүдийг үүрд хааж Мөнх хаанд гардуулсан билээ.

Энэхүү ухаант хатан одоогоос 800 жилийн тэртээ өнөөгийн Монголчуудын дүр төрхийг нүдээр харсан мэт, бидний дунд одоо ч амьдарч байгаа мэт тод томруун дүрслэн харуулсан байна.

Одоо яг энэ цаг дор тэнгэрийн хөх тамгатай монгол хун бур:
1. Гал голомт болсон эх орноо;
2. Өвөг дээдсийн цусаар гагнагдсан газар шороогоо;
З. Монгол улсын өнө мөнх оршихуйн үндэс, иш, цоморлиг болсон ард түмнээ өмөөрөн босоо зогс! хэмээн сургажээ.

Хөх өвөг дээдсийн гүн ухаан юутай гайхалтай, юутай шимтэй, юутай сургаальтай билээ. Соркуктай цэцэн хатны хөх Монгол үрсдээ өвөг дээдсээс уламжлуулан дамжуулж үлдээсэн "Алтан дээд гэрээ"нь Монголчуудын тэнгэр ухаан, гүн ухааны сүмбэр оргил юм. "Алтан дээд гэрээ" нь жирийн уншигчид ойлгоход туйлын төвөгтэй бөгөөд ярвигтай. Тийм учраас уншигчдад зориулж номын "Нийгэмээр гутаагдагсадад хэлэх үг" хэмээх бүлгээс хэсэгчилэн авч, уншихад аль болох ойлгомжтой, энгийн үгээр уншигч олон түмэнд хүргэхийг хичээлээ.

Аливаа мэдлэг энгийнээс нарийн, багаас их руу тэмүүлдэг нь зүй тогтол болохоор уншигч олон түмнийг "Алтан дээд гэрээ"-нд шимтүүлэх зорилгоор энгийн ойлгомжтой үгээр илэрхийлэхийг хичээж айлдварын хэсгээс толилуулж буйг шүүмжлэгч, судлаач нар ойлгоно биз ээ. Эдийн засгийн ухааны доктор, судлаач Н. Чулуунбаатар

Ир нь мохсон иргэний нийгмийн арван зургаан гэм

Алтан дээд гэрээг үл мөрдөхүйд үүсэх дарангуйлагчдын арван зургаан нийтийн гэм буй.
Тачир тасартал тамладаг таван гэм байдгийг мэдэж улсаа өмөөрөн босоо зогстугай!
Шорондож, цагдаж, согтууруулж, галзууруулж, ядууруулж таван янзаар тамлахыг хорьтугай!
Монгол ухамсрыг гул болгож, долоон янзаар доройтуулж хорлож магад
Мунхагжуулж, ангижруулж, үжрээж, хөгжүүлж, гуйлгаж, бэлнийг өгч, залхууруулж доройтуулж
Иргүний боловсролыг долоон гэмээр гутааж Ир нь мохсон иргэн болгоно.
Өрсөлдүүлж, дайжуулж, хоосруулж, даяаршуулж хамтын хариуцлагыг үхүүлж
Өөртөө эзэн байх эрхийг нь булааж, булай хүн өөдгүйн боол болгож булхайн идэш болгоно.
Мэддэгийгээ булаацалдаж, булаацалдахын тулд мэдэж бусдыг хохироон цадаж
Цадаж аваад бодно гэвч цадчихваас мартаж, булаан цадах мунхагийг мөрөөдөн
Мэдэхгүйгээ хорлож, хорлох гэж хайж олдог, мэдвэл зохихуй хэмээх юу ч үгүй гул болсон
Мунхаглалаас мунхаглал руу тэмүүлэгч дарангуйлагчид чамд заналтай байна. Тэд бол гайт хүн.
Булаалгаж, хохирч, цуглуулж мэргэшвээс булай хүн. Тэд бол бусдаас аюултай хар хүн
Булааж, хохироож, бусдаар цуглуулуулж мэргэшвээс булхай хүн. Тэд бол өслөх аюултай улаан хүн
Булаацалдуулж, мохоож мэргэшвээс боулигай хүн. Тэд бол тархийг угаагч шар хүн.
Улаан, шар, хар тураалын гурван голомтоор улсыг хорлогч хий өмөн хүн бас буй. Тэд бол хий үймээн дэгдээгч хүн
Зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгүүлж, шунаж, эрх мэдлийг хулгайлан
Тарчигийг мөлжиж, баяжиж ядуусын орлогыг чинээлэг рүү гулсуулан хувааж аваад
Өвгөдийн өв, нүүдлийн соёлыг мангас мэт зажилж, сэг зэм болгож гишгээд
Монголчуудыг хүн гөрөөс мэт болгож Ирийг нь мохоон, гэгээн засгийг нь сүйтгэж
Таван тахлаар тамлаж, долоон доороор доройтуулж, дөрвөн янзаар хамтын хариуцлагыг үхүүлж
Толгой дээр чинь олбог засаж, тархийг чинь хоосруулна.
Минж мэтийн амнаас арай ядан мултрахад мангасын ам чамайг бэлэн тосож байдаг.
Тамлаж, доройтуулж, үхүүлдэг арван зургаан гэмийг чамаар үйлдүүлэн мохооно.
Ир нь мохож, тархи нь турагсад хүй элгээрээ хөнөөл тараалгуулж хүн гөрөөс мэт устгах
Нялуун, шулуун, халуун дайныг чамд зарлаж, морьтой, нохойтой чинь Ир нь мохсон иргэн болгоно.
Уул бие чинь хэрээ, хулт цатгахад зориулагдах цагт ч Алтан дээд гэрээг хүсвээс хөх Монгол бадарна.
Тэсэж магад гарах чадвар болох Ирийг Алтан дээд гэрээ хурцална
Ард түмний Ир нь амьдрахуй бөгөөд түүнийг Алтан дээд гэрээг хэрэгжүүлэгч Их засаг ирлэнэ
Иргэний Ир нь хөх Монгол ухамсар, Эр нь эзэн-Чингис хааны долоон дээд эцгийн Өв их ухаан, Тархи нь Тэнгэр ухаан билээ.

Тамлах таван гэм

1. Хөх Монголыг шоронгоор тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, шорон нь гэмээс амин эхтэй.
Олз баялагыг нь дарангуйлагчид чинээлэг рүү гулсуулж гэмийг үйлдүүлж, шоронд зэм өгч
Олхиотой бүгдийн Ирийг мохоож, оюун ухааныг хоосруулж, Эрийг үхүүлж, төрийг тараана.
Хөх Монгол ухамсарыг халж, хамтын хариуцлагын сэтгэхүйг хоослоно

2. Хөх Монголыг цагдахуйгаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, цагдахуй нъ гэмээс амин эхтэй
Хамтын хариуцлагын сэтгэхүйг сэг болгож тархийг үнэгүйжүүлээд, гэмээс хамгаалах нэрээр
Дарангуйлагчид олз, баялагийг чинь тархийг хоослогч булхай руу гулсуулан төлбөр авч шүдийг чинь мөлжөөд
Өөртөө эзэн байх боломжийг чинь цагдахуйгаар сольж мунхагжуулж бас мохооно
Булхай нар Алтан дээд гэрээг зөрчиж цагдахуй хэмээх гэмийг завшина.

З. Хөх Монголыг согтууруулж, тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал согтууруулах нь гэмээс амин эхтэй
Эрүүл тархи эвдэрдэггүйг мэдсэн булхай нар сархадыг дээдэлж, согтууруулах болно
Солиорлыг чинь завшиж, олз баялагыг чинь булхай руу гулсуулан хулгайлж завшаад
Өөртөө эзэн байх Эрийг үхүүлж, Ирийг мохоож Алтан дээд гэрээг зөрчинө.

4. Хөх Монголыг галзууруулан тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал, галзууруулах нь гэмээс амин эхтэй.
Галдан түйвээхээс өөр мэдэх юмгүй болтол нь оюун ухааныг тураагч булхай нар чамд өслөхийн цагт
Ахуй биеийг чинь тарааж, амин эх, сүүн эх, эрчим эх гурвыгг чинь булхай руу гулсуулна.
Аливаа бодит чанарыг хортой хоосон чанараар тэнцүүлэн олз баялагийг чинь дээрэмдэн завшиж
Мунхаглалыг үнэд оруулж, үндэсний дархлааг галзууруулан Алтан дээд гэрээг зөрчиж
Үр төлийг таслагч хоосон чанараар орон зайг дүүргэж, хэвтэж байгаад цадахыг хүсүүлж
Хөх Монгол ухамсар, хамтын хариуцлагын сэтгэхүй, ахуй биеийг алж галзууруулна.

5. Хөх Монголыг ядуурлаар тамлах гэм
Үхэл, доройтол, тамлал ядуурал нь гэмээс амин эхтэй
Өлссөн гэдэс бодохын өмнө цадахыг хүсүүлдэгийг мэдсэн булхай өслөхдөө
Аливаа баялагийг сорон ядуурлыг үүсгэж Алтан дээд гэрээг зөрчих болно.
Алтан улсад байсан ийм булхайг ухаант хаан Амбагай сөрөн тэмцэж бодохдоо
"Тумбао" нэртэй зоосон мөнгө хийж ядууст өгч мал ахуйтай болгож өмөөрсөн гэнэ.
Уйгар оронд дарангуйлагчид ядуусын орлогыг хулгайч руу гулгуулж хуваан идэхийг
Чингис хаан мэдээд "Тэн их" нэртэй зоосон мөнгө хийж үгээгүй, тарчиг ядууст өгсөн
Чингис хааны мэх ойчсоныг мэдсэн булхай нар омогшиж өөртөө найдаад
Булхай руу орлогыг гулгуулж хулгайлан ядууруулж өлсгөөд,
Ядуусыг цадахын тулд насаа бардаг болгож
Алтан дээд гэрээг ядууруулахаар зөрчинө.

Wednesday, April 14, 2010

Ганцаараа доёийгоод үлдчихсэн, гунигтай байна

Ардын уран зохиолч Бөхийн Бааст гайхамшигт номын сандаа таг шигдэн суужээ. Уран бүтээлийн нөхөрлөлийг хамгийн нинжин сайхан нөхөрлөл гэдэг. Ертөнцөд аж төрж, хамтдаа бүтээж туурвиж явсан нөхдөө хайрлах сэтгэлээс гадна амьдрал, уран бүтээлийн түүхийнх нь амьд үлдсэн сүүлчийн ганц гэрч тул хойч үеийнхэндээ үнэн мөнөөр үлдээх их үүргийг өөртөө хүлээсэн нь цаг мөч бүхнийг бусдаас харамлан бичиг цаасан дунд ийн шигдэхэд хүргэжээ. Зохиолч уран бүтээлчдийнхээ өвийг хамгаалах нь утга зохиолын хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд төрийн бодлогоор хамгаалж, ард түмнийхээ оюуны үнэт сан хөмрөг болгон авч үлдэх ёстой. Гэвч, манайд энэ талаар тийм ийм юм хийж байна гээд тоочих юм даанч цөөн. Яруу найрагчийн нэг шүлгийн гар бичмэл тонн алтнаас ч үнэтэй гэж үг бий. Амьдад нь үнэ цэнийг нь ойлгож ухаарахгүй явсаар, өнгөрсөн хойно харуусан, тэгэх ингэх минь яаваа хэмээн толгой шаадаг нь монгол араншин гэлтэй.

Хэнэггүй энэ монгол араншинг мэдэх хойно Бааст гуай Монголын шинэ цагийн утга зохиолын ноён оргил болсон их хүмүүсийн уран бүтээл, амьдрал, цаг үеийн түүхийг бидэнд үлдээх гэсэндээ ерэн насныхаа босгонд хүрчихээд хөл жийн суусангүй. “Д.Намдагаа гараас гаргачихлаа, одоо Ц.Уламбаяр дээрээ сууна. Тэгээд С.Дашдэндэв, дараа нь Ц.Цэдэнжав, Д.Сэнгээ, Ч.Чимид, Д.Тарва, Ч.Лхамсүрэнгээ бичнэ. Ч.Лодойдамбаа бичмээр байна. Ч.Ойдовыг бичих ёстой. Тэгээд л үхмээр байна” хэмээн илүү дутуу үггүй, нэн тод, тодорхойгоор уран бүтээлийн зорилгоо тодорхойлов.

Түүний нууцлаг мөртлөө агуу, уран бүтээлийн лабораториор зочилж, зохиолч нөхдийнхөө тухай өгүүлсэн халуун дулаан түүхийг нь сонссоноо уншигчдадаа хүргэж байна. Тэр өөрийгөө ярихаас илүү нөхдөө, уран бүтээлчдээ дурссан юм.

-Бааст гуай, та ерэн нас дөхөж яваа гэхэд мөн ч хөнгөн шингэн, эрч хүчтэй сайхан байна шүү. Есөн цуврал ном гаргачихлаа. Цуврал чинь цааш үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ ээ. Хэчнээн ном гарах цаад үзүүр нь харагдахгүй л байна. Ирэх жил Удвал бид хоёрын 90 насны ой болно. Сая ойг нь угтаж, “Удвал” сан, Удвалын хүүхдүүд, эмэгтэйчүүдийн байгууллага хамтраад нэг арга хэмжээ зохион байгууллаа. Нас чацуутан гээд намайг үг хэл гэж урьсан юм. Урилга аваад би бодлоо л доо. Удвал бидний дээдэс бүгд алга. Б.Ахтаан, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Дашдэндэв, Ц.Цэдэнжав, Ц.Уламбаяр, ерөөлч Ч.Жигмэд, Хөвсгөлийн Мижид гээд олон сайхан буурлууд маань биднийг орхиод явчихаж. Түүгээр барахгүй бидний үеийнхэн Д.Сэнгээ, Ч.Чимид, Ч.Ойдов, Д.Тарва, Ч.Лхамсүрэн, Ч.Лодойдамба, Л.Ванган нар маань алга. Доошоо бас Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров байхгүй. Би ганцаараа доёийгоод үлдчихэж. Ингээд бодохоор ёстой хэрэг алга. Гунигтай байна. Тэднийхээ араас явмаар санагдаж байна.

Тэр уулзалт дээр би олигтой юм хэлж чадаагүй. Манай Удвал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн. Тэгэхдээ, хүнийг нэг чимхэхээрээ айхтар хатуу чимхэнэ. Би Архангайд ёстой насандаа мартамгүй нэг чимхүүлсэн юм. Түүнийгээ ярьж амьтан шуугиулаад, Удвалынхаа зурагнаас адис авчихаад гарсан.

Би дээдчүүдээсээ Ахтаан гуай, Жигмэд гуай, Хөвсгөлийн ерөөлч Мижид гуайг бичжээ. “Удвал, Оюун хоёр минь”, ”Цэндийн Дамдинсүрэн” зэрэг номууд хэвлэгдсэн. Сая “Ринчен гуай болон…” ном минь гарлаа. Намдагаа гараас гаргачихсан. Ирэх жил 100 жилийн ой нь болно. Намдаг бид олон жил үерхсэн. Намдагийг надаас өөр олигтой мэдэх хүн ч үлдсэнгүй. Түүнийхээ тухай бичсэн арван долоо найман юм байна. Тэдгээрээ арваад зурагтай хавсаргаад Намдагийн 100 жилээр Х.Зандраабайдийн хэвлүүлэх дуртгал, дурсамжийн номд нэг бүлэг болгож оруулна. Одоо Уламбаяраа эмхэлж, бичиж байна. Цэдэнжав, Сэнгээ, Чимид, Тарва гээд л бичих эмхлэх санаатай. Би зохиолч нөхдөө дурсахыг өөрийн гэгээн үүргээ гэж бодсон. Тэд ч намайг ийм ажил хий гэж үлдээгээ биз. Энэ сайхан зохиолчдынхоо тухай дуртгал дурсамжийн ном бичиж үлдээх сүүлийн мэддэг хүн, амьд ганц гэрч нь би л болоод байна. Надаас өөр тэднийг мэдэх ч хүн алга. Бичих ч хүн байхгүй. Дашдэндэвийн дараа Ц.Цэдэнжав, Д.Сэнгээ, Ч.Чимид, Д.Тарва, Ч.Лхамсүрэнгээ бичнэ. Ч.Лодойдамбаа бичмээр байна. Ч.Ойдовыг бичих ёстой. Тэгээд л үхмээр байна. Амжих эсэхийг бүү мэд. Гар маань хоёр гурван хуудас бичээд л үзгээ алдчихдаг боллоо. Ийм гартай яаж амжуулах билээ. Аюул байна шүү. Хойтон Уламбаяр, Дашдэндэв хоёрын 100 жилийн ой. Зохиолчдын хороо мэдэж л байдаг байгаа. Саяын Удвалын арга хэмжээн дээр Зохиолчдын хорооноос хүн ирсэнгүй. Би гайхаад байна. Урьсан гэнэ. Зохиолчдын хороон дээр очиж хуурай агсам тавъя гэж бодоод байгаа.

-Та үнэхээр гайхамшигтай номын сантай юм. Багцаагаар энд хэдэн ном байна вэ?

-10 мянга гаруй ном бий. Ардын хувьсгалын жилүүдэд хэвлэгдсэн монгол уран зохиолын ном үндсэндээ байгаа. Орос хэл дээрх нь дандаа дурсамж дуртгал, баримтат уран зохиолын номууд. Би дөчөөд оноос ном цуглуулсан. Захидлаар ч хүмүүстэй харилцаж эхэлсэн. Одоо ч тэгээд бичихгүй бол уншихаас өөр юу хийх билээ. Уншихаар ухаан тэлнэ. Ядахдаа нэг шинэ үг, шинэ санаа олно. Уран хурц, ухаантай, сайхан хэллэг олно. Гоё дүр дүрслэл олно. Уншиж л байвал болж байгаа нь тэр. Уншихаа боливол тэгээд л миний хувьд кино төгслөө гэсэн үг дээ.

-Таны гар бичмэлүүд бүгдээрээ хадгалагдаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ, гар бичмэлүүдээ Улсын архивт өгчихсөн. Энд сүүлийн хэдэн жилийн л юм байгаа. Архивынхан намайг, зохиолч нараас хамгийн их “новштой” нь гэдэг юм. Тэмдэглэлийн дэвтрүүдээ архивт өгч болохгүй юм шиг байна. Надад 300 гаруй дэвтэр байна. Замын-Үүдэд нэг хайртай шар зээ маань байдаг юм. Түүндээ хар авдраа, тэмдэглэлийн дэвтрүүд, бусад нууц ба нууц бус, хожим хэвлэж болох бүх зүйлээ өгнө. Бусдын хоол болгохоор ач зээ, зээнцэр энэ тэр минь гэгээрч, соёлжиж, эрдэмжиж ашиглаасай. Нэг аймшигтай зүйл гэвэл монгол бичиг их холдож байна. Би ихэнх тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлсөн. Голцуу яарч сандран таталгаж бичсэн юм байдаг. Хоёр хоновол өөрөө гаргахгүй, хол явбал хүн гаргахгүй юм ихэнх нь байгаа. Түүнийг хэрхэн ашиглахыг хэн маань ч хэлэхэд хэцүү л байна.

-Кириллээр та нэлээд сүүл үеэс бичиж эхэлсэн үү?

-Би монгол бичиг үсэг тав солигдохыг үзэх гэж буй хүн. Анх бийр янтай хэрэглэж муутуу цаасан дээр монгол бичиг сурсан. Дараа нь латин бичиг сурсан. Эргээд монгол бичиг рүү шилжсэн. Дөчөөд оны дундуур шинэ бичиг сурсан. Одоо эргээд монгол бичиг сурах, хэрэглэх тухай ярих болж. Энэ ч амбасын үлгэр болох биз.

-Хүүхдүүдээс чинь зохиол бүтээлийг тань сонирхдог хүн бий юу?

-Байхгүй ээ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ. Манай зохиолчид дотроос үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн нь байдаг юм. Гэтэл Дашдэндэв гуай бид өөрсдөө улаан хувьсгалч зан гаргаж, нам, улс, эх орны төлөө гэж явсаар үр хүүхдээ мартчихсан. Миний хүүхдүүдээс эд материалаар тус болохоос биш эрдэм соёлын талаар тус болох нь алга шиг байна. Намайг нас барахад юмыг маань тарааж эхлэх биз. Эзэн болох хүн алга. Миний юмыг уншдаг хүн алга. Миний тухай ярих хүүхэд байхгүй. Манай аав сайхан хүн байсан, намхан нуруутай навтгар хүн байсан гэхээс өөрийг хэлэх хүн алга. Тийм зохиолыг тэгж бичсэн гэж дурсах хүүхэд байхгүй. Би хэлээд цөхөрсөн. Гомдох ч юм. Ганц туужийг минь ч болтугай унш гээд ядчихсан. Харин ач зээ нараасаа найдвар тавьж байгаа.

-Та олон хүүхэдтэй юү? Одоо хэдэн үеэ үзээд байна вэ?

-Гурван хүү, дөрвөн охинтой байсан. Хоёр хүү минь нас барсан. Сайхан охин минь осолд ороод 49-хөн насандаа нас барсан. Хоёр жил болж байна. Их хар буух юм. Миний хамгийн хайртай охин. Нөхөр нь жолооч, хоёр хүүхэд нь жолооч. Тийм хүн аваарт орчих юм. Ёстой хэлэх үг олдохгүй. Хэцүү юмаа. Одоо гурван охин, ганц хүүтэй үлдсэн. Би зээнцэрээ үзчихлээ. Дөрвөн үеэ үзэж байна. Нийлээд хорь гучин хүн болж байх шив. Ер нь өөрийн үр хүүхдээс илүү хүүхдийн хүүхэд гэдэг алт мөнгө, амь нас, аз жаргал байдаг бололтой.

-Та зохиолуудаа голдуу амралтын газар бичсэн байх юм. Амралтын газар яагаад таны уран бүтээлийн орчин болдог хэрэг вэ? Харин ч хөл хөдөлгөөнтэй, бичихэд саадтай биш үү?

-1949 онд анх улсын амралт гэж одоогийн Сонгины эхчүүдийн амралтыг нээсэн юм. Би тэр онд улсын ударник болчихов. Ударник хүн улсад нэг сар үнэгүй амар гэнэ. Тэгэхээр нь амрах гэж яадаг хэрэг вэ, амралт гэгчид явуулаад одоогийн ойлголтоор бол араар нь эргэлт хийж, сандал ширээг нь авах гэж байгаа юмуу гэх ухааны юм ярьж байлаа шүү дээ. Анхны амралт улсад тэгж нээгдэж, анхны амрагчдын нэг нь би болж байгаа нь тэр. Арваад хүн нэг сар амарлаа. Тэгж амрахдаа “Цогт” туужаа бичсэн. Түүнээс хойш амралтын газар миний уран бүтээлийн нэг гэр болж хувирсан. Гол зохиолуудаа дандаа амралтад бичсэн дээ. Гэртээ их ховор бичсэн шиг байгаа юм.

Сонгино, Сөгнөгөр, Сэлбэ, Ойн булаг, Санзай, Сүүж уул, Ар Жанчивлин, Баянбуурал амралтууд миний уран бүтээлийн орд харшууд.

Ардын жүжигчин Э.Оюун бид хоёр хорин жил амралтад хамт явсан. Хоёул явахаар бие биедээ дэмтэй. Бичиж байснаа гацчихвал зөвлөлдөнө. Орос хэл дээр ном уншихдаа ойлгохгүй бол Оюун руугаа гүйнэ. Ингэж амрах бүртээ би уран бүтээл хийсэн. Харин Оюун маань бараг бүтээл хийгээгүй. Дандаа бусдын орчуулсан кино зохиол, жүжгийг редакторлана. Орчуулсан хүмүүс нь өөдтэй юм хийхгүй. Бүгдийг шинээр бичин махаа идээд суучихна. Ингэж бусдын зарц болсоор амьдралаа дуусгасан. Түүнээс болж бид муудалцана. Хүний үгэнд орохгүй. Ингэж хүний зарц болоод чамд ямар ашиг байна гэхээр ашигтай гэнэ. Бусдын юм редакторлаж, орчуулж хэдэн төгрөг олно. Хөөрхий минь, уран бүтээл хийх хамаг сайхан цагаа тэгж алдсан. Бидний амьдрал ийм л байлаа. Цалин бага. Үүндээ ч гомдож байсангүй. Ийм л байх учиртай юм байлгүй гэж боддог байж.
Удвал ч гэсэн. Өөр гэрэл гэгээтэй улсад төрсөн бол гарын нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгч, эмч, тогооч, оёдолчин, үсчин гээд юм юмтай л байхаар хүн. Гэтэл тэр сайхан хүн бүх юмаа дан өөрийн гараар, хар биеэр зүтгэж хийсээр олигтой баярлаж, жаргасангүй. Тувт зүтгэсээр байгаад л өнгөрсөн. Бид хүнийхээ сайхныг өнгөрсөн хойно нь л ухаарах юм. Гэтэл гадаадын кино жүжигчдийг хар. Сүрэг юм л дагуулж явна.
Удвал тогоочтой байсан бол хүн зарлаа гээд бөөн юм болох байсан биз. Мөн ч бүдүүлэг, хөөрхийлөлтэй байж дээ. Энэ нь улсад ч их гарз, уран бүтээл хийдэг сайхан хүмүүстээ ч гарз болсон. Зарим нь ч гомддог цухалддаг, гашуун нясууныг уудаг, тэгээд амь насаа эрт алддаг тийм л байж. Олон сайхан зохиолчид ядахдаа тавь хүрэхгүй шахуу л явлаа шүү дээ. Чимид, Гайтав, Явуухулан, Дашдооров, Эрдэнэ, Лодойдамба, өөр бусад олон хүн байна.

-Гашуун нясуун юм хэрэглэдэг гэснээс та өөрөө хэрэглэж байв уу?

-Хэрэглэлгүй яах юм бэ. Ленин клуб зуны улиралд гаднаа бүжгийн талбай засчихдаг байлаа. Хоол унд, архи пиво дотроосоо зөөнө. Тэнд бүжиг болно. Би жаахан бүжиг оролдоно. Чойжилын Чимид орос сургуульд сурдаг байсан. Хамт сурдаг Алла Попова гэж хөөрхөн охинтой найзална. Өнөө хоёр маань бүжгэнд ирнэ. Чимид өөрөө бүжиглэхгүй. Поповаг надтай л бүжиглүүлнэ. Өөр хүнтэй бүжиглүүлэхгүй. Бид бүжгэнд орохдоо пиво уудаг байснаа сүүлдээ давраад архи амсдаг боллоо. Тэр үед “Толбо нуур” ном маань гараад овоо мөнгө авчихсан. Өнөөхөөсөө баахныг хармаалаад Чимэд бид бүжгэнд очлоо. Тэгээд би лут согтжээ. Бүр ухаанаа алдсан байгаа юм. Зоогийн ширээн дээр гарчихаад илтгэл тавьж, мөнгө цацаад, сүйд болсон гэнэ.
Тэр үед Зохиолчдын хороо Чойжин ламын сүмийн баруунтаа, дамждаг хоёр өрөө жаахан байшинд байв. Анхны хань минь нас бараад гурван жил ганцаараа явсан үе.

Хорооныхоо байранд яаж ирсэнийг мэдэхгүй, нэг муу жижиг диван дээр унтчихжээ. Өглөө сэрсэн чинь шартаад дотор гэж авах юм алга. Ойдов ирлээ. Өчигдөр чи ёстой нэг бужигнуулжээ гэнэ. Одоо яах билээ гэсэн чинь очиж буруугаа хүлээ. Тэгээд пиво ууж шараа тайлъя гэж байна. Очно гэхээс халгаад санаа зовоод. Очихгүй байх бас хэцүү. Ойрхон өөр пивотой газар байхгүй. Дүүрсэн хэрэг гээд л Ойдовоо дагаад гарч өглөө. Ресторан руу орсон чинь өлгүүрийн авгай нар өнөө гайхал чинь ороод ирлээ гээд шивэр авир гэлцэж байна. Нуруугаар хүйт оргиод л явчихсан. Хоёул хоол идэж, пиво уулаа. Хөлс гараад сайхан ч боллоо. Тооцоо хийх гэтэл мөнгө хураагч хүүхэн хэлж байна. Өчигдөр орой та жаахан эвгүй байдал гаргалаа. Гурван шилэн аяга хагалсан, мөнгийг нь төлнө дөө гэж байна. Тэгэлгүй яахав, төлье, хэд вэ гэсэн чинь 25 төгрөг гэнэ. Төлбөрөө хийж, шараа тайлаад, дахиж орох нүүртэй болоод гарлаа даа. Насандаа марташгүй айхтар юм ингэж үзлээ. Архи ууж сураагүй хүн тэгж галзуурдаг юм билээ. Түүнээс хойш уухаа хямгадсан. Ганц нэг хундага таталгүй яахав. Одоо уухгүй бол хэзээ уух билээ. Эрүүл мэндэд ч хэрэгтэй юм шиг байна.

-Нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ явав? Багын байснаас нутаг ус тань өөрчлөгдөж үү?

-Уржнан явсан. Наяад оноос хойш очоогүй юм. Бага охин минь хүний их эмч. Охиноороо амиа хамгаалуулаад зээ хүүтэйгээ цоо шинэ А-69 машинтай гарч өгсөн. 11 аймгийн нутгаар 22 хоног яваад ирсэн. Нутаг маань Баян-Өлгий аймгийн Алтан цөгц сум. Үнсэн дээр хаясан шалз шиг л болж. Өнөөх бургас, улиас, их харгана, дэрс түнгэ юу ч алга. Хааяа нэг тачир харгана, энд тэнд бургасны оёор төгцөгтэй, ганц нэг өндөрдүү бургас дээр хэрээ суучихсан тийм л газар угтсан. Манайхны өвөлждөг газар хэсэг өндөр бургас байснаас ганц л жижиг бургас үлдэж. Хадаг уяж, идээ цагаа өргөлөө. Ээжийнхээ нас барсан газрыг олоогүй. Харин цогцсыг нь тавьсан газраа мэдэж байсан болохоор тэнд очсон. Баян-Өлгийн хэдэн сум дундаа ганц урианхай ламтай юм. Тэр ламыг залж, ээжийнхээ газар ерөөл уншуулаад дотогшоо уйлж, цээжээ цэлмээн, сэтгэлээ уужрууллаа.

-Тэгээд нутагтаа очоод сэтгэл сэргэсэнгүй юү?

-Сэргэх байтугай сэнсэрчихсэн. Ховд гол яваандаа ширгэх эхээ тавьчихаж. Хэзээд дүүрэн устай байдаг нь больж. Дундраад зарим газар нь арал гарчихаж. Аймшигтай хорт шумуул нь бараг алга болж, нутгийнхан маань сумаараа уул шил өөд нүүн гарч, зуншдагаа болих нь. Жилийн дөрвөн улиралд хүн малын хөлд талхлуулсан нутгаас юу үлдэх билээ. Юу ч үлдэхгүй. Цөлжинө. Ер нь цөлжих, хуурайших аюул бүх газрыг хамарчихжээ. Байсан ан амьтан, жигүүртэн шувууд нь алга болж. Амьд явах насныхаа эцэст нутаг юугаа ийм болно чинээ зүүдлээ ч үгүй явлаа. Элдэв юм үзэхийн дотроос төрсөн, өссөн нутгаа ийм болохыг үзэхээс илүү эмгэнэл, харуусал гэж өөр юу байхав дээ.

-Багын дурсгалтай дотно сайхан газруудаа эргэв үү?

-Баглай, Бадам, Бадаан (Цэвээнгүр) гээд охидод гэнэн балчир цагтаа анхны хайраа илэрхийлж явсан газрууд таарах… Уйлмаар… Нүнжигтэй, буянтай баян Төрбат гэдэг хүний хувийн хүч хөрөнгөөр байгуулсан 50 хүүхэдтэй, зуны сургуульд гурван сар багшилсан Хоогийн булагтаа очлоо. Гэнэн багын хөгтэй, хөгжилтэй явдлуудаа санаж, дурсаж явлаа.

Өглөө босоод л дөрвөн аргын тоо, цагаан толгой заах нь уйтгартай гэж жигтэйхэн байдаг байж. Нэг өдөр хэдэн сурагчаа дагуулаад хувин, гадас барьчихсан зурам намнаж явтал Төрбат баян давхиад ирлээ. “Чамайг ардын үр хүүхдийг ном сурга гэснээс амьтан алж нүгэл хий гэж багш болгоогүй” гээд л ташуураа голцуу агаарт хий эргүүлэн сүр үзүүлж, заримдаа дал мөрөнд зөөлөн хүргэхэд нь айхын эрхэнд сурагчидтайгаа уйлалдан сургууль дээрээ ирж байж билээ.

Би цогц багатай. Даавуунд арвин дааганд хөнгөн хүүхэд. Төрбат баяны сургууль буудаг намар их овоог тахихад Дамба баяны хурдан бор морийг унах боллоо.Өнөө сүрхий багш чинь сурагчидтайгаа морь унаж яваа хэрэг.

Их насны морь уралдах өглөө Дамба баян “Хөгшин ах нь урьд шөнө их муухай зүүд зүүдэллээ. Хоёр морины минь нэгэнд зэтгэр тохиолдож магад. Болгоомжтой яваарай” гэж хэллээ. Дамба баян буурал ташаатай, лут жороо хээр морьтой. Хоёр морины нэг гэдэг нь тэр. Тохомыг минь нүхэлж, морины дэлнээс бөхлөн уяад, хоёр олмыг минь чангалж, өөрийнхөө даруулга олмыг давхар татаж өгөөд явууллаа. Зурхай дээрээс хурц гараатай хэдэн морьдтой бор морь минь зуузай холбон цахилан гарав. Явж байснаа хэд тонгортол би эмээлээ зайдлаастайгаа тээр тэнд үсэрчихлээ. Араас морьд ирэхээс өмнө амжиж замаас гарав. Морь тавьсан хүн сундлаад аваад явлаа. Морины хөлсөнд идэгдээд бөгс улаан нялга болоод очиж. Яршиж шархлаад, бүтчихлээ. Их зовж, тэр зовлонгоос салсан. Бор морь минь түрүүлсэн морьтой зуузай холбож иржээ. Эзэнгүй ч тэгж давхисан морийг нэг ухраагаад айргийн тавд оруулж. Малчин хүний зөн совин гэдэг лут шүү. Дамба баян ийм гай тохиохыг зүүдэндээ мэдсэн байгаа юм.

-Та ингэхэд яаж яваад зохиолч болчихсон юм бэ? Бөглүү хязгаар нутгийн хүүхдэд юу нөлөөлж, зохиолч болсон нь сонин байна?

-Энэ асуултыг би өөртөө тавьдаг л юм. Тэгээд тодорхой хариу ер олж байсангүй. Миний бага нас бөөгийн дуудлага, тууль хайлсан орчинд өнгөрсөн. Аль алиных нь онгод голдуу өвлийн уртад орно. Туульч хүмүүс яасан сайхан элбэг байсан юм. Туульчаар тууль хайлуулахын тулд хадаг барьж, хэд хоног тууль хайлж хэцээлж амар гэж зална. Ирэхээс нь өмнө гэр орноо цэвэрлэж, хоол ундаа бэлдэнэ. Туулийг ганцхан орой хэлчихгүй, олон шөнө дамжин хайлна. Туульч товшуурдан нам дуугаар тууль хайлахад хүүхэд хойно ихэнхдээ унтчихна. Тэгэхээр тууль надад нөлөөлөөгүй байх.
Миний ижийн таван эгчийн хамгийн томынх нь хүү Луузан гэж дөч эргэм насны эр хүн байсан. Тэр хүн бөө. Шаргай гэж Ховдын халх, тавь эргэм насны удган авгай байлаа. Бүдүүн тарган гэж жигтэйхэн. Манай нутаг ийм л хоёр бөөтэй. Бөө өвөл бөөлнө. Гэхдээ сардаа ганц хоёр л бөөлнө. Зун бөөлөхгүй. Хүн хүндээр өвчилж болохоо байлаа гэхэд зундаа бөө зална. Тэр нь ховор. Бөөгийн дуудлага их тод сайхан хэллэгтэй, уран яруу, сонсголонтой. Гэхдээ намайг уран зохиол руу ороход гойд нөлөө үзүүлсэн юм байхгүй байх. Шинэ цагийн зохиолчдоос ч надад нөлөөлсөн юм байхгүй. Нөлөөлөх ном нь ч байгаагүй. Ингээд бодоод байх нь ээ ижийн минь нэг үг миний амьдралын зам чигийг заасан алтан гадас од болсон байж мэднэ.

-Алтан гадас болсон үг гэхээр их л учиртай үг хэлж дээ?

Би олон хүүхэдтэй, ядуу айлын үр сад. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан байх үед ижийн минь дүр их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй. Ижий олон хүүхэд гаргасан. Сүүлчийн хүүхдээ гаргаад нялхын халуунаас болж нас барсан юм. Гарсан үр нь ч юм болоогүй. Миний ижий айлын эгч дүү долоон охины зургаа дахь нь. Ижийн минь доод талд Зандан гэж сайхан охин байж. Хосгүй сайхан царай зүстэй, үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэж эгч нар нь ярьдаг юм. Өсч том болоод үр хүүхэд ч гаргаагүй, эр хүнтэй ч энгэр зөрүүлээгүй нас барсан юм билээ. Тэгээд дараа нь ижий нас барсан. Ижийн таван эгч бүгдээрээ олон хүүхэдтэй, урт ч насалсан.

Ижий өвөлжингөө өвдсөн байх. Аргаа бараад хавар нь манайх хүрээ бараадлаа. Хаврын хавсарганаар хүрээний ойр нүүж ирээд нэг далан дээр буув. Гэрээ ч дулаалсан юмгүй, хаяа онгорхой, ижий гэрийнхээ зүүн хаяанд нэг муу ор шүү юман дээр суух. Аав, ижийг чөтгөр шуламд өгөхгүй гэсэн аятай тэврээд суучихсан ийм л хоёр амьтан байдаг. Хүрээнээс аавын ах ламын гэрийг нүүлгэж ирээд биднийг аавын ээжийн эх гэж харгис чавганцын гарт атгуулчихав. Аав ээж хоёр луу биднийг явуулахгүй. Ядуу хүний хүүхдүүд хар цай, хатуу хуруудаар л хооллоно. Гадаа зөндөө түлээ байхад түлээ түү гээд явуулчихна. Эргэн тойрон модтой болохоор газар унасан гишүү мөчрийг ядах юмгүй түүгээд ирнэ. Мөс овоолоостой байхад л мөсөнд яв гэнэ. Өдөр барж, биднийг ажилтай байлгах гэсэн арга юм даа.

Нэг өглөө өнөө харгис чавганц чинь томоо хар домботой халуун хар цайг хоёр аяганы хамт бариулаад цаад хоёртоо оруулж өг гээд намайг явууллаа. Ижийнхээ барааг харах нэг том аз ингэж таарав. Өөрөөс минь өндөр шахам домботой цайг үүрээд очлоо. Муу ээж минь үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн амьтан аахилаад, аав дээлэнд ороогоод тэврээд суучихаж. Авчирсан цайгаа аягатай нь тулганы дээхнэ тавьчихаад доохно нь очоод гар хуруугаараа оролдон зогсож байтал ээж нэг юм хэллээ. Би дуулсангүй. Аав, ээж нь үнсье гэж байна гэлээ. Айсан гэж жигтэйхэн. Тийм муухай болчихсон, хөөрхий минь. Дөхөж очоод духаа өгөхөд нэг хүйтэн юм хүрэв. Буцаад тулганы дор очоод зогсож байтал ээж аавд нэлээд олон үг хэллээ. Аав ч толгойгоо дохиод хэлснийг нь зөвшөөрч байгаа бололтой. Тэгээд л яв гэхээр нь би гарсан. Хоёр гурав хоноод ижий минь нас барсан. Тэр олон ах эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсэн азтай хүү нь би.
Хожим нь ээж юу гэж хэлснийг ааваас асуусан юм. Бид ах дүү арван наймуулаа. Энэ хэдэн хүүхдээс чинь амандаа тостой явах нь энэ муу сөөсгөр байж мэднэ шүү. Үүнийгээ харж яваарай гэж хэлжээ. Ижийнхээ тэр үгийг сонсоод өөрийн эрхгүй уйлж билээ. Ижий хүний ухаан гэдэг тийм айхтар мэргэн цэцэн, саруул, сийрэг, үр хүүхдээ нэвт шувт мэддэг юм билээ. Тэр олон дотроос ном бичгийн захад хүрч өдий зэрэгтэй яваа нь ганц би. Бусад нь хар бор ажил хийж явсаар энэ хорвоогоос буцсан. Одоо надаас ганцхан дүү нэг муу эмэгтэй дүү л үлдээд байна. Ижийн энэ үг л намайг уран зохиолын амаргүй хөдөлмөрт зүтгүүлсэн байх гэж боддог.

-Бага насыг тань бөөгийн дуудлагаас салгаж ойлгохын аргагүй юм байна. Та бөө шүтдэг үү?

-Шүтлэгтэй гэж хэлэхэд хэцүү. Бөө хэрхэн бөөлдөг байсныг би одоо ч их тод санадаг юм. Бөөгийн гэр орон нь хачин аймаар. Тотгоны дээд талын таван унины цаагуур хар даавуу татаад гурван хар могой хавчуулчихсан нь яг л амьд могой шиг л харагдана. Хоймрын хөшигний цаагуур бөөгийн хувцас, дүнгэр /хэнгэрэг/ байна. Бөөлөх орой гэрийн эд хогшлыг гаргаж зайчилна. Хутга мэс, сүх, мах, улайны зүйлийг бүгдийг гаргана. Нар шингээд харуй бүрий болохоор бөө хувцсаа өмсөнө. Хувцас нь хүн даахын аргагүй хүнд, хонх, тэнгэрийн сум, том жижиг, гуулин толинууд, унжлага, манжлагуудтай. Малгай нь жигтэйхэн сүртэй. Дүнгэрээ цохидог малъяа гэж байна. Бөөлөхийн өмнө тулганы эхэн дээр сан тавина. Дүнгэрээ сан дээр бариад хааяа нэг цохин бараг цаг сууна. Тэгээд л хөдөлгөөн нь ширүүссээр бөөлж эхэлнэ. Өвлийн урт шөнө үүр цайтал бөөлнө. Янз бүрийн онгод орж ирнэ. Чоно болж улина. Буур болно. Буур их догшин, аюултай. Гэрт байгаа бүх хүн дээр хөрвөөнө. Хүүхэд шуухад гэхгүй.

Хатуу унжлага энэ тэр нь холгоод хүүхэд ёолоод уйлж байдаг. Өвдөж хавдаж, үхсэн хүн байдаггүй л юм. Тулганд гал тасрахгүй. Галтай тулган дээр хөрвөөх гэнэ. Баруун хаяанд зургаан залуу суулгаад гурван хөшүүрэг бэлдчихнэ. Буурын онго орохоор өнөө залуучууд хөшүүргээ аваад бөөгийн шилээр нь хоёр, нуруугаар нь хоёр, тахимаар нь хоёр нь хөшнө. Хөшүүргэн дээр өнөө бүдүүн Шаргай удган чинь галд унах шахаад л хөрвөөнө. Гал дээгүүр харайна. Жир үедээ юун тулган дээгүүр харайх. Тийм сонин. Энэ мэтээр онгодууд нь ирж явсаар хамгийн сүүлд мэргэ төлөг татна. Бөө гадаа гарч, гэрийн үүдэн талын дээвэр дээр дүнгэрээ дээш нь харуулаад цохиод байна. Дээр нь чулуу тог тогхийгээд л унана. Хаанаас унадаг юм, бүү мэд. Тэгж байгаад 41 чулуутай орж ирнэ. Өвчин зовлонтой хүмүүс үзүүлж харуулж, засал юмаа хийлгэнэ.
Хамгийн сүүлд үүр цайж бөө чилэх болохоор бүх хүн хормойгоо дэвсэн сөхөрч сууна. Бөө дүнгэрээ цохин нэг хаяанаас эхлэн хүн бүхний хормой дээр малъяагаа шидээд явна. Дээш харвал энэ жил эрүүл саруул, сайн сайхан явах нь гэж баярлана. Доошоо харж тусвал тэр хүнд муу юм болох нь гэж үзнэ. Засал энэ тэрийг нь бөө зааж өгнө. Жинхэнэ бөө тэгж л бөөлдөг байсан. Хамгийн гайхамшигтай нь амьтнаас өргөл барьц авч байхыг үзээгүй. Одоо чухам юу болоод байгаа юм бүү мэд. Өндөр өсгийтэй гуталтай, жинсэн өмд өмсчихсэн, модон поошигны тал шиг хэнгэрэг барьчихсан, удган мод гээд манай зуслангийн арын хөмөг дор байдаг ногоон модыг хоргой, торгоор боож, хадаг яндар уячихаад 15 минут хэнгэрэг цохиод л, өнөө цугласан улс нь ч бөө залаад сайхан болчихлоо гэж тахиж шүтээд сүйд болох юм.

Би шашныг дотроо хүндэтгэдэг. Гэхдээ шашин гэхээсээ илүү байгаль дэлхийгээ шүтдэг, хайрладаг. Ус голдоо, ой модондоо, цэцэг навчиндаа, ан амьтандаа хайртай. Байгалиа шүтэж, сүсэглэж, түүнийг төлөө хамгаа зориулдаг, бичдэг хүн болж хувирсан байна. Сүүлийн дөчөөд жил миний бичсэн юм тэр чигээрээ байгаль, дэлхий. Одоо ч бичиж байна.

-Шадувлин зуслан гэж таны нэг хайртай газар байнаа даа?

-Хайртайгаар барах уу. Зохиолчдын тосгон гэдэг буяны газар байгуулах гэж Удвал, Түдэв хоёр минь төлөвлөж байв. Бидний заяа дутсан. Тэр хоёрын дараах урагшгүй золигнууд тэр газрыг маань тэр гэх тэмдэггүй болгуулаад хаялаа. Шадувлинд дөч гаруй жил зуслаа. Жил бүр уран бүтээлийн ургацтай бууж ирдэг. Үр хүүхэд, ач зээ, ачинцар зээнцэрүүдэд минь их өлзий болсон нутаг. Тэднийхээ амьдралаар “Елдэн саарал” тууж, “Шадувлин зуслангийн өгүүллэгүүд”, “Жинжиймаа” гэж номууд хэвлүүлсэн. Шадувлингийн тэмдэглэл гээд 100 гаруй хэвлэлийн хуудас тэмдэглэл цаана нь байж л байна.

-Зохиолчид голдуу шүлэг яруу найргаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Та бас шүлгээр эхэлсэн үү?

-Би 1936 оноос уран зохиол оролдсон. “Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам” сэтгүүл 1933 оноос гарсан юм. Сар бүр гардаг улс төр, утга зохиол, урлаг соёл, орчуулгын, өнгөтөй сайхан сэтгүүл байсан. С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши. Аюуш нар гаргаж байсан. Бас “Шинэ толь”, “Хэл бичгийг сайжруулах бодлогын бичиг” гэж цувралаар гарч байв. 1929 онд зохиолчдын уран бүтээлийн цомирлог “Уран үгсийн чуулган” гэж зузаан сэтгүүл гарав. Энэ бүхэн дээр гарсан шүлгүүд намайг шүлэг бичих өвчинд хөтөлсөн.
1936 онд анх “Миний нутаг” гэж шүлэг бичлээ. Бичсэн шүлгээ яахаа мэдэхгүй, бичээд л хадгалаад байв. 1937 онд Гэгээрүүлэх яамны сайд Баттөмөр манай аймагт ирлээ. Багш нар ч сайхан хүмүүс байж. Баттөмөр сайдад, манай нэг хүүхэд шүлэг гээд ийм юм оролдоод байх юм. Болж байна уу,үгүй юү. Мэддэг газар, хүмүүст нь хүргэж өгөөч гээд хэдэн шүлэг өгч явуулжээ. Тэгээд сураггүй болсон. Сураг дуулахнаа Баттөмөр сайд хэлмэгджээ. Дараа нь Ардыг гэгээрүүлэх яамны орлогч сайд Дамбийням ирэв.

Түүнд бас л хэдэн шүлэг, “Хангайн хүүхэн Хандцэцэг” гэж дуурийн цомнол гэсэн хэдэн дэвтэр шүлэглэсэн жүжгэрхүү юмны хамт явуулчихлаа. Дамбийням бас л хэлмэгдэж. Дараахан нь 1939 оны үед Гэгээрүүлэх яамны орлогч сайд Нацаг гэж хүн ирэв. Түүнд дахиад баахан шүлэг дайлаа. Гурван сайдаар шүлэг явуулаад нэг нь ч сураггүй болов.

-Тэгээд хот руу явуулсан өнөө шүлгүүдийнхээ араас хөөцөлдөв үү?

-Ховд аймгийн яамны дэргэдэх дундад сургуулиа төгсөөд 1940 онд би хотод ирлээ. Хотод анхны арван жилийн нэгдүгээр сургууль нээгдэхэд тэнд орж суралцлаа. Нөгөө ангид сурдаг, хожим физикийн том эрдэмтэн болсон Н.Содном нэг өдөр намайг дуудаад, чамайг Ховд Бааст гэдэг үү гэж байна. Тийм гэлээ. Чи шүлэг бичдэг юмуу гэхээр нь тийм л гэсэн. Чиний шүлэг хэвлэгдсэн байна, үзсэн үү гэв. Үгүй, хаана хэвлэгдсэн байна гэсэн чинь, “Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам” сэтгүүлд гарсан байна лээ. Өндөр хоршооны доод давхарт Тарва гэж өвгөн ном сонин зардаг юм. Тэнд оч гэв. Баярлаад л гүйчихсэн. Сэтгүүл байж байна. Хуудсыг нь яаран гүйлгэлээ. Ховд. Бааст гээд “Миний нутаг” шүлэг минь ёсоороо, миний бичсэн эхээр байж байна. Баярласныг хэлээд баршгүй. Энэ шүлэг бичигдээд 74, хэвлэгдээд 70 жил болж. Урт зам шүү. Тэр цагаас хойш өдийг хүртэл зохиол бичих ажлаас өөрийгөө өчүүхэн ч чөлөөлсөнгүй. Эргээд харлаа. Мөн чиг их цаас “идэж”, мөн чиг олон үзэг харандааны “аминд” орж дээ, хөөрхий.

-Зохиолчдоос та хамгийн анх хэнтэй танилцсан бэ?

-Анх Ц.Уламбаярыг харсан юм. Дөчөөд он гартал Намын төв хорооноос Суртлын бригад гэж хөдөө аймгуудад гардаг байв. Гол яамд, Багшийн сургууль, Намын сургууль гээд газруудаас 45 хоногоор бригад явуулна. 1939 онд манай суманд Дотоод яамны бригад очлоо. Дарга нь Ц.Уламбаяр. Түүнийг таних биш. Асар барьчихаад, үүдэнд нь матмал сандал тавьчихна. Түүн дээр нэг их гоё цэргийн даргын хувцастай хүн суугаад л Японы тухай баахан юм ярина. Түүнийг нь ойлгож байгаа юм байхгүй. Дараа нь хоёр хүүхэн шанзадна. Дуулна, бүжиглэнэ. Нэг зураач банди үнсэн самбар дээр гуравхан зураас татаад л дунд нь нэг нүд тавьчихаар хаанаас нь ч харсан гурван загас харагдана. Бид их гайхнаа. Тэр банди хожмын ардын зураач Цүлтэм байсан юм билээ.
Патиар авах юм боллоо. Хүмүүс айгаад, нас богиносно гээд хавирдаггүй. Би долдугаар анги төгссөн, бичиг үсэгтэй, нутагтаа мундаг хүн чинь эгч, бэргэн дүү нараа ятгасаар долуулаа зургаа авахуулав. Маргааш нь аав, лам байгаад хар болчихсон ахтайгаа дүү Бөмбөгийг дагуулчихсан ирлээ. Тэднийхээ зургийг авахууллаа. Орой нь бригад манай нутгийн цаст уул Цамбагаравын тийшээ нүүлээ. Маргааш тэнд очиж, зургаа аваарай гэж байна. Хэлсэн өдөр нь очиж зургаа авлаа. Зураг үзээд нөгөө зугтаад байсан хүмүүс зургаа авахуулдаг байж гэж амаа барьж байж билээ.

1940 онд хотод өнөө бригад даргалж явсан Уламбаяртайгаа тааралдаж танилцлаа. Зохиол оролддог болчихож. 1942 оны хавар Ленин клубын үүдэн дээр далбийсан саравчтай малгайтай, хичээлийн цүнхтэй хүүхэд зогсож байна. Хараад байсан, 1937 онд Чойбалсанд сайшаагдаж байсан Чойжилын Чимид мөн байна. Очоод чи Чимэд үү гээд асуусан, мань хүн мөн, чи Бааст уу гэнэ. Тэр үед нэгийгээ таньж цөхөх юмгүй. Уран зохиол оролддог нь цөөхөн. Гол уншдаг юм нь энд тэнд хэвлэгдсэн шүлэг. Тэгээд л танил болчихно.
1942 онд Дотоод яамны урдуур явж байтал хүрэн бор шинель, хавчиг малгай, мөрөвчтэй суран бүс, юбка, хар савхин гуталтай, ташаандаа нагаан буу зүүчихсэн шошийсон хүүхэн зогсож байна. Яваад очлоо. Удвал байна. Намайг ч таньж байна. 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж шүлгийн уралдаан зарлахад би “Хорин насанд чинь дуулъя” гэж шүлэг бичсэн юм. Тэр шүлэг байр эзлээд уралдаанд ирсэн шүлгүүдийг ном болгож гаргахад зурагтай минь хамт хэвлэгдсэн юм. Тэгээд хэрдээ олны танил болчихсон байж.
Цэдэнжавыг 1940 онд анх харсан юм. Намын төв хорооны нэрээр гарсан Багшийн сургуулийн бригад Увс, Ховдоор явжээ. Ховдод ирээд Дунд голын ширгэн дээр бригад буугаад үдэшлэг зохиов. Давхиад очлоо. Дуу хуур эхлэхийн урьд бор саарал дээлтэй, намхандуу нуруутай нөхөр асрын өмнө гарч ирэн, танай эргэн тойрны уул усыг магтсан шүлэг хэлье гээд нэг шүлэг уншлаа. Хэл нь ойлгогддоггүй, юу уншаад байгаа юм бүү мэд. Хажуугийн хүнээсээ энэ монгол хүн үү, ямар хэлтэй хүн ийм байдаг байна гэж асуусан чинь буриад хүн байна гэлээ. Нэгдүгээр арван жилд ороход Цэдэнжав манай түүхийн багш байдаг байгаа.

-Та хоёр хамтарч нэлээд олон жүжиг бичсэн байх аа?

-Бух дагаж бяруу өвсөнд хүрдэг гэдэг. Цэдэнжав багштайгаа хамтарч, “Мандухай сэцэн хатан”, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Арвижихын гэр бүл” жүжгүүд бичсэн. Бөмбөгөр ногоон театрын тайзыг жүжгийн зохиолч байхгүй үед арваад жил “эзгүйчилсэн”. Энд миний хувьд баярлах хоёр зүйл байдаг юм. Цэдэнжав багшаа дагаж, жүжгийн зохиол бичих арга дөр мэр сэр олсон. Хоёрт, бид хоёрын жүжигт тэр үед байсан манай театрын алтан үеийнхэн ямар нэгэн их бага дүрд тоглож, бүгд оролцсон. Тэдний дунд амьдарсан арван жил бол миний уран бүтээлийн замд тохиолдсон азтай алтан арван жил байсан.

-Зохиолчдоос уран бүтээлийн хувьд хэн хэнтэй нь хамгийн ойр дотно байсан бэ?

-Удвал, Оюун хоёртойгоо насан турш уран бүтээлийн холбоотой байсан. Манай Удвал дарга гайхамшигтай хүн байж. Хөдөө явахад нь манайд тийм жүжиг хэрэгтэй гэдэг. Үгүй гэж хэлж чадахгүй. Ирээд дуудна. Нэг удаа Өмнөговь яваад өр тавьчихаад ирж. Чи яв, тэмээчний амьдрал судал гэж байна. Хаврын хахир цагаар Ханбогд хүртэл явав. Арван гэж тэмээчнийд очлоо. Авгайг нь Хүүхэн гэнэ. Тэр Хүүхэн гэдэг авгайд шөнөжин загнуулж хонов. Аймгийн соёлын хэлтсийн дарга Рэнцэн гэж нөхрийг нэг А69-тэй надад гаргаж өгсөн юм. Тэмээчин айлуудаар оруулж туршлага судлуулах гэж.

Замд нэг ингэ ботголчихсон байхтай таарлаа. Ойр хавьд айл амьтан байх шинж алга. Чоно элбэгшээд байгаа сураг дуулдсан. Яах ч арга байдаггүй. Очих айлаа олохгүй шахам явж байдаг. Машинд багтах аргагүй. Эвий минь, хөөрхий гэж байгаад хаяад явлаа. Дөч тавиад км давхиад айлд очсон нь тэр. Гол нь жолоочийг загнаж байна. Говийн хүн байж нялх ботгыг эхтэй нь эзгүй хээр хаялаа. Ядахдаа чамд машин арчдаг, тостой алчуур чинь байгаа биз дээ. Тэр алчуураасаа урж бензин шингээгээд ботгоны бөх, эхийнх нь зогдор дээр уячихдаг байгаа. Тэгвэл бензиний үнэрээр чоно хавьтахгүй шүү дээ. Өнөө шөнө ботгыг нь чоно идчихнэ дээ. Ийм ч жолооч байх гэж, ийм ч зохиолч байх гэж үглээд. Малчин хүний сэтгэл тийм сайхан. Ингэж загнуулах ярих хослон хонолоо. Гэрийн эзэн Арван их гоё үг хэллээ. Нэг муу тэмээний хоргол дээр мянган сайн тэмээ халтирдаг гэж. Муугийн хор олонд, могойн цус тэнгэрт гэдэгтэй утга нэг үг. Говьд явж явж нэг тийм үг л олж ирлээ.

Удвал, Оюун хоёр юутай ирэв гэж байна. Мянган тэмээтэй хүн дээр үед байсан гэнэ. Мянган тэмээг худгаас ховоодож усална гэдэг мөн бэрх ажил шүү. Хэдэн мянган удаа худаг руу тонголзох вэ. Бас нэг сайхан үг дууллаа гэлээ. Тэгээд л гурвуулаа ажилдаа орлоо. Оюун жүжгээ үзэгдэл үзэгдлээр нь тайзан дээр өрөөд, сайн муу баатруудаа яаж дурлуулж, муудалцуулах вэ гээд л, хэдэн хүн олж аваад үзлээ дээ. Тэгээд “Мянган тэмээтийн хүү” гэж жүжигтэй боллоо.

Удвал дарга, чи явж, жүжгээ тэдэнд уншуул, санаа оноог нь сонсоод болмоор бол хүлээлгэж өг гэж байна. Өмнөговьд очоод намын хорооны товчоо, соёлын ордныхныг цуглуулаад жүжгээ сонсголоо. Дотроо бол батлуулчих юм л бодоод байгаа юм. Тэгсэн ёстой бут ниргүүллээ. Санаа нь зөв байна, тэгэхдээ тэмээ мэдэхгүй байна, зас гэнэ. Хот руу одоо яах вэ гээд ярьтал Удвал дарга, наанаа суугаад бич, засч гүйцээхээс нааш ирж болохгүй гэдэг юм байна. Засч янзалж нэлээд юм болсны дараа жүжгийг хүлээж авлаа.
Иймэрхүү маягаар Удвал дарга өөрөө ч зүгээр суудаггүй, биднийгээ ч зүгээр суулгадаггүй, хүнд үгүй гэдэггүй хүн байлаа.

-Зохиолчидтой одоо хэр ойр дотно байдаг вэ? Утга зохиолын элдэв арга хэмжээ, энэ тэрээс та их хол харагддаг?

-Хуучин бол найз нөхөд ирж очоод хөл тасардаггүй байлаа. Одоо тиймгүй болж. Уран бүтээл, зовлон жаргалаа хуваалцах хүн ч алга, үерхэх ч хүн алга. Ер нь нас насаараа байдаг юм байна. Миний үе насныхан бүгд алга боллоо. Ном унших, бичих хоёроор цагийг түлхэж сууна. Манайд ирдэг нь Зандраабайдий, сэтгүүлч Баатарчулуун хоёр.

Утга зохиолын аливаа арга хэмжээ, ер нь юм юман дээр ихээхэн гадуурхагддаг, шоовдорлогддог хүн байгаа юм, би. Нэр минь ядахдаа хавчуулагдмаар толь бичгүүд, зохиолчдын зураг дунд зураг минь байгууштай газар ер байдаггүй юм. Аливаа урилга, заллага, уулзалт үдэшлэг хаа юу болно, тэр бүгд надаас холуур өнгөрнө. Амьдаараа ертөнцөөс гээгдэх гээч нь энэ юм биз. Заримдаа ч тийм юманд оролцдоггүйдээ баярладаг юм. Цас, нас хоёрт хавчигдаж суухад яршиг ч юм шиг.

-Та шавьтай юу?

-Архангайд О.Цэнд гэж гайхалтай сайхан зохиолч байсан. Хөөрхий, бас л сархадаас болоод нас барсан даа. “Хусан дээр ургасан хуш”, “Эгийн саарал”-ыг нь уншигчид андахгүй. Түүнийгээ том зохиолч гэж үнэлэхийг тээр жил Румынд явж байхдаа сонсож бахархаж байлаа. Н.Энхбаярын англи, орос хэлээр орчуулсан О.Цэндийн “Маш нууц” өгүүллэг шиг санаж байна. Тэр өгүүллэгийг румынчууд магтаад л, хэлэх үгээ олж ядаж байж билээ.

-Таныг зохиолчид дотроо хамгийн их уншдаг, хаа хамаагүй юмыг ч мэдчихсэн явдаг, урт чихтэй сонин хүн гэдэг. Эрдэнэ, Чимэд, тэр байтугай Удвал даргаас хүртэл юм асуухаар зарим үед нь наадахыг чинь мэдэхгүй юм байна. Бааст л мэдвэл мэдэж байгаа, түүнээс асуу гэдэг байсан гэсэн яриа байдаг?

-Унших гэдэг миний жаргал. Уншихгүйгээр байж огт чадахгүй. Зохиолч хүнд бүхнийг унших, мэдэх зав байхгүй л дээ. Бүгдийг мэднэ гээд явбал хэзээ бичих билээ. Гэхдээ л урт чихтэй байлгүй болохгүй. Юм бүхнийг ултай, гүн мэдэх албагүй ч хамгийн наад захын жижиг сажиг зүйлийн тухай сонссон, мэдсэн байх хэрэгтэй. Том зохиолчид том том зүйлийг шилж уншдаг л байх. Би бол жижиг юм унших дуртай. Жижиг юман дотор их чимхлүүр нарийн юм оршдог. Эрдэм мэдлэгийг үр үрээр нь цуглуулдаг гэдэг биз дээ. Ихээхэн хосгүй том юмны үр хөрөнгө эгэл жирийн юман дотор оршдог. Ингээд бодоход уншихад цаг хайрлаж болохгүй. Дараа уншина гэж хойш тавьж болохгүй. Тэгвэл нэг л мэдэхэд унших юмандаа дарагдчихна. Өнөө хурж цугласан их юмыг уншихаас зүрх үхнэ. Ингээд л мэдлэгээс сугарч үлдэнэ. Манай мэдлэг тааруу зарим аваргууд сонин, зурагт энэ тэрд ярилцлага өгөх юм. Тэгэхдээ бүхнийг мэдэгч царайлаад хаа хамаагүй холоос их том том үг сургаалаас ишлэл авч байх.

Гэтэл уншигч, үзэгчид нь аваргын савны хэмжээг мэдэж байдаг. Энэ мөн хэрээсээ хэтэрсэн суутантай зиндаархаж байна даа, хөөрхий гэлцэх. Тэгэхээр аливаа юм савныхаа хэрд тохирч байх сайхан. Савнаасаа халихаар л юм чинь бишдэж эхэлж байгаа нь тэр. Ард түмнээсээ нэг үг зээлээд хэлэхэд, хэрээ мэдэж ярь, бяраа мэдэж өргө гэдэг үг бий. Ард түмэнтэйгээ хамт амьдардаг хүн энэ мэт үгийг санаж явахад тун зүгээр.

-Таныг уншдаг, сонирхдог, судалдаг гэхээр хүн байдаг уу?

-Ёстой мэдэхгүй юмны нэг нь наад асуулт чинь байна. Би судлаачид судлаасай гэж биш уншигчид уншаасай гэж л бичдэг. Гэхдээ миний бүтээлийг уншдаг уншигчид байдаг юм шүү. Уулзахдаа ч ярьдаг, ирүүлсэн захидалдаа ч бичсэн байдагт нь их баярлаж явдаг. Намайг шүүмжилж, сайн муу хэлж, бичиж болно. Би ямар хэн ч халдашгүй дархан, бурхан хүн биш. Би бас цулгуй цагаан цаас ч биш. Сүүлийн жилүүдэд миний уран бүтээлийн талаар дуугарах хүн байхгүй болсон. Ганцхан зохиолч Д.Төрбат л “Уйтай сэрүүн намар”-ыг чинь уншлаа. Самсаа шархирсан шүү гэсэн. Ганцдахгүй сайхан үг, том шагнал байсан. Ер нь тэгээд эх орныхоо утга зохиолыг тууштай, ултай, суурьтай судалж байгаа судлаач байдаг юмуу. Нэлээд дээхэндээ тийм судлаачид байсаан. Гэхдээ зохиолчид цөөн, зохиол тоймтой байж. Одоо зохиолчид шиг олон юм өөр юу байгаа юм. Би л мэдэхгүй юм байна. Тэр олон зохиолчийн бүтээлийг ялган салгаж, судалж дүгнэхэд ч бэрх болж. Тэгж үйл тамаа үзээгүй нь ч дээр биз.

Дээхэн үед байсан хэдэн судлаачид маань аль нэр төртэй, гавьяа шагналтай хэдээ л ноолно. Эсвэл гадны буюу ЗХУ-ын судлаачид манай хэн гэж зохиолчийн тухай аятай үг дуугарахыг хүлээнэ. Тэд нэг юм дуугарчихвал араас нь хошуурчихна. Сүүлдээ ахмад судлаачид маань нас нь ч ахилаа, судалж ч барахгүй боллоо. Тэнхээ тамир нь ч сульдлаа. Онол бодрол нь хуучирлаа. Зарим нь ч архи дарс руу орлоо. Ерээд оноос цааших утга зохиол руу орох судлаач одоо бараг төрөхгүй биз. Одоогийн судлаачид яг өөртэй нь хамт бичиж байгаа дотроосоо, бас хэн нэр төр олж байгааг нь олохын тулд тарвага сахьсан анчин шиг харж сууна. Миний тухайд бол тийм судлаач байгаагүй. Харин ч намайг муулдаг юм. Утга зохиолын түүх судлалын хар номд хүртэл муулж, доромжилж хэвлүүлэгчид байсан. Тэглээ гээд тэд сайнаа үзсэн юм алга. Намайг шүүмжиллээ гээд би тэдний “айлдвар”-аар явахгүй шүү дээ. Би өөрийнхөөрөө л бичнэ. 75 жил бичлээ. Их ч юм бичлээ. Түүний дотор сайн саар нь бүгд байгаа. Их бичиж байж сайн бичнэ үү гэхээс бичсэн бүхэн нь сонгодог шилдэг болсон хэн байгаа юм бэ? Ямартай ч тууж, өгүүллэг, дуртгал дурсамж, тэмдэглэл захидал дотор минь хүртэл миний нэрийг аваад үлдэх бүтээлүүд байж л байгаа.
-Танд хэвлэгдээгүй гар бичмэл олон бий юу?

-Хэвлэгдсэнээсээ хэвлэгдээгүй нь их байна даа. “Чулуунцэцэг”, “Хүрэл марал хоёр”, “Хэрэм тором хоёр”, “Хоёр буурал”, “Эмээл дээр өнгөрүүлсэн дөрвөн жил”, “Бортого сүү” гээд хэвлэгдээгүй арван хэдэн тууж байна. “Хүрлээ”, “Хаврын салхи”, “Цагаан түнгийн намар” хэмээх холбоо гурван туужийн минь дөрөвдэх тууж нь хэвлэгдээгүй гар бичмэлээрээ байна. Энэ дөрвөн туужаа нийлүүлээд хэвлэчихмээр байх юм. Бурхан болсон нөхдөө дурссан дурсамжуудаа эмхэлж хэвлүүлэх их ажил байна. “Цөөвөр”, “Чонон саарал” хоёр туужаа гараас гаргалаа. “Уянгаа Солонгоо хоёр” туужаа дуусгах, шинэ тууж өгүүллэг бичих, захидлынхаа хоёрдахь “101”-ийг бэлтгэх, арваннэгдэх цуврал номоо бэлтгэх гээд юу л байна ажил байна.

-Таны бүх ном бүтээлийг ботилвол хэдэн боть ном болох бол?

-Базарваань. Урьд нь хутганы ир шиг нимгэнээс хуруу зузаан зуугаад ном гарсан. Тэднийг дахиж хэвлүүлэхгүй. Дал гаруй жил сонин, ном, бусад хэвлэлд хэвлэхдээ хассан, зассан бүгдийг өөрийнхөө анх бичсэн эхээр болгох, машиндсан зүйлсээ л цуврал болгон үргэлжлүүлэх бодол байна. Мөн ч их юм байна даа. Ганцаардаад бүгдийг нь хэвлүүлж барахгүй юм шиг байна. Эхнээс нь цувуулаад есөн цуврал гаргалаа. Арав дахь ном бэлэн болж байна. Энэ ондоо багтаад арваннэг, арванхоёроо хэвлүүлчихмээр байна. Тэтгэвэр тэтгэлгээрээ хэвлүүлж барахгүй юм байна шүү дээ. Ивээн тэтгэх хүн, газар эрэх ч зав олдохгүй юм. Хөрөнгө мөнгөгүй тэнгэр холдоод, газар хатуудаад байна шүү дээ. Хэн нэгэн сайхан сэтгэлтэн хаа нэгтэйгээс гараад ирэх болов уу гэж дөрвөн зүг, найман зовхис руу хараа бэлчээгээд сууж байна. Зохиолчдын хороо маань одоо нэгэнт байхгүй болсон болон одоо байгаа миний мэтийнх нь тухай юу бодож суудаг нь мэдэгдэхгүй юм.

-Та өнөөгийн цаг үеийн талаар ямархан бодолтой сууна даа?

-Асар их гунигтай сууна. Заримдаа уйлмаар байна. Цас нас хоёрт дарагдлаа. Ерэн насны босго гэдэг яасан өршөөлгүй өндөр юм бэ? Цагаан зуд, малчид хоёроо хараад зүрх өвдөж гүйцлээ. Ингэж ч амьдрах гэж. Малыг малчдад өгсний гай гарлаа. Олон хавар нэгэндээ гэдэг энэ. Малчидтайгаа хамт л үйлээ үзэж явмаар байна. Ядахдаа хөдөө гадаа явдаг сайд дарга нар намайг “ганзаглаад” явбал би аяны явдал даахтайгаа л байна. Нэг удаа л тэгж явахад би мөн ч их олз омогтой ирнэ дээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бид хоёр нэг аймаг. Эчнээ л танил. Одоо болтол уулзаагүй, гар бариагүй. Намайг Алтайдаа нэг удаа аваад яваасай.

Бас нэг гунигтай санагдаж байгаа зүйл бол нийт сонин хэвлэл маань ийм ч болох гэж дээ. Ард түмний толгой, цээж буцаад харанхуй руу явж байна. Үүний хариуцлагыг сонин хэвлэл, бүх мэдээллийн хэрэгсэл үүрэх учиртай. Өглөө босоод л сонин эргүүлэх. Бүх мэдээлэл нь адилхан. Өөр өөр өнцгөөс л бичсэнээрээ ялгагдах юм. Уншигчдыг соён гэгээрүүлэх юм юу ч байхгүй. Яагаад ийм болов? Хэвлэл мэдээллийнхэн бүгдээрээ компьютер хэмээх эхийн сүү биш усан мээм хөхдөг болж. Хөдөө гадаа явах, ард түмний амьдрал дунд орох тэр бүгдийг усан нүдээрээ л хардаг болсон. Ард түмэнгүй, амьдралгүй, ажил үйлс, бүтээн байгуулалтгүй хэвлэлээс юуг нь харах юм бэ? Түүнээс юу сурах юм. Ядахдаа эх орны минь дөрвөн өнгө, олон талаараа гэрэл зургаар ч тусахгүй байна шүү дээ.

Бааст гуайн уран бүтээлийн лабораторид тухалж суугаад үзмээр ховор нандин зүйлс өчнөөн. Жирийтэл өрсөн тэмдэглэлийн дэвтрүүд, хорхойны мөр шиг нямбайлан жирийлгэсэн бичигтэй тэвхийсэн цомбогор гар бичмэлүүд, хүмүүстэй харилцаж байсан арваад мянган захидал, ховор нандин зургийн цомог, арван мянгаад номтой том номын сан. Бичих, уншихаас гадна түүний цагийг бардаг, барагдахгүй их ажлын нэг нь хайчилбар хийх. Сонин хэвлэлээс хэрэгтэй гэснээ цуглуулж эхэлсэн нь дөчөөд жилийн тэртээгээс аж. Нямбайлан хавтасласан хайчилбарууд нь сэдэв чиглэл бүрээрээ нэг нэг том ном болохуйц хэмжээнд хүрчээ. Зохиолчид, афоризм, ер бусын хүмүүс, дэлхий дээр тохиолдож байгаа гамшгууд, кофе, чоно, муур, ихрүүд гээд сэдэв хязгаарлагдаагүй олон талтай төдийгүй нэн сонирхолтой. Зөвхөн муурны тухай гэхэд 845 хуудас хайчилбар цуглуулжээ. 1000 хуудас болохоор нь зогсооно гэнэ. Түүний хайчилбарууд дотор байгалийн хар цагаан гэрэл зургууд жинтэй байр эзэлнэ. Байгаль дэлхий, мал, ан амьтан гэхээр нүдээ ухаад өгчих шахдаг хүн юм. Тааруу хүнтэй ярьж сууснаас энэ элдэв зургуудыг харж суух чинь жаргал шүү дээ гэж хуучлах.

Н.Ариунтуяа

Monday, April 12, 2010

Нүүдэлчдийн хувь заяа

- Уншигчийн захидал -

Би нүүдэлчин ардын удам нэгэн Монгол хүү, яс үндэс гэвэл халх. Яг үнэндээ би хэн бэ гэдгээ мэдэхгүй. 1000 жилийн өмнөх түүхийг бичсэн ямарч номон дээрээс халх гэдэг үгийг олж уншаагүй болохоор л тэр. Монгол гэдэг нь хиад, татар, найман, мэргэд мөн хожмийн ойрад, халх, буриад гэсэн олон олон аймгуудын нэгдлийг хэлнэ байх. Монгол гэж ямар утгатай, хаанаас үүсэлтэй үг болох нь одоо хэр тодорхойгүй. Юутай ч Монгол хэмээх энэ сонсголонтой нэрийн дор 800 илүү жилийн тэртээд хоорондоо ер таардаггүй байсан төв азийн цөөн тооны эгэл нүүдэлчид гэнэт нэгдэн дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулж, бас энэ л нэрийн дор бусдын туган дор 225 жил өвдөг сөгдөн сөхөрсөн хэдий ч, түүхийн хуудаснаас устгадаж мартагдалгүй өнөө цагийн босгыг алхаж, мөн л Монгол хэмээх тусгаар улсыг байгуулж чадсан билээ тэд.

Төрсөн цагаас эхлэн Монгол хэмээх энэ зургаахан үсэг бидний чихэнд ямар яруу, ямар агуу, ямар бахархалтай, ямар ариун, ямар дотно, ямар үнэтэй сонсогддогийг гадны хүнд тайлбарлахад бэрх. Харамсалтай нь үнэхээр тайлбарлахад бэрх юм. Гадаадуудын хувьд бол бидний бахархал, Монгол эх орон огт өөрөөр, тодруулбал бидэнд төсөөлөгддөгөөс бүр эсрэгээрээ, тэдэнд (европчуудад) маш таагүйгээр, тун бүдүүлгээр төсөөлөгддөг. Европт миний уншсан бүхий л түүх, соёлын ном зохиолуудаас Монголын талаархи, Монголчуудын талаархи тэдний төсөөллийг түүж үзвэл үндсэндээ бүгдээрээ Монголын эсрэг чиглэсэн байдаг (Монгол үндэстэн гэдэг утгаараа ч тэр, Монгол орон, Монголын соёл, иргэншил гэдэг утгаараа ч тэр). Өрнөдөд бидний талаар юу гэж дүгнэн үздэгийг ямар нэг хэтрүүлэггүйгээр доор товчилж сийрүүлье:

“Монголчууд бол ердөө л бүдүүлэг, зэрлэг талын нүүдэлчид. Өрнөдөд тэднээс сайн сайхан ирээдүй, техник, технологийн шинэ шийдэл, санаа, тэдний (Монголчуудын) хөгжил цэцэглэлтийг огтхон ч хүлээх хэрэггүй юм. Монголчууд бол эртний үеэс соёлт хүн төрөлхтнийг алж дээрэмдэн, бидний хийсэн бүтээсэн бүхнийг устгаж, нурааж ирсэн харанхуй, бүдүүлэг, дайнч ард түмэн. Монголчуудад өөрсдийн хийсэн бүтээсэн зүйл гэж огт үгүй бөгөөд түүхийн бүхий л цаг үед бусдыг дээрэмдэн, бусдаас хулгайлж амьдарсаар ирсэн. Ард иргэд нь үргэлж өлсгөлөн, ядуу амьдрах бөгөөд ийм ч байх ёстой юм (энэ бол нүүдэлчдийн хувь тавилан!). Энэ төв азийн зэрлэг нүүдэлчид хоол хүнс хайсаар бидэн рүү (европ руу) хоёр ч удаа довтолж золтой л хүн төрөлхтний соёл иргэншлийг үгүй хийчихээгүй. Байгаль цаг уурын тааламжгүй нөхцөл байдал нь энэ үндэстний хөгжлийг ихээхэн сааруулсан ба тэдний улс төрийн дотоод хөгжил хүй нэгдлийн үеийг санагдуулдаг. Монголыг Хятад мэт эртний соёлт хөрш улсуудтай нь харьцуулан ойлгох хэрэггүй. Тэдний хооронд хөгжлийн асар том ялгаа харагдана. Одоо ч Монгол хүнийг компьютерийн микросхем хийж байна гэж төсөөлж болохгүй юм. Энэ бол тэдний өлсгөлөнгийн эсрэг тэмцсэн амьдралын зарчмаас нь хэт хол зүйл. Тэдний хэрэгцээ үргэлж хоол тэжээлийн хүрэлцээгээр хангагдаж ирсэн. Усанд ч орж сураагүй ядуу азийн хагас зэрлэгүүдтэй европын соёл урлаг, уран барилга – архитектур, сонгодог хөгжим, театрын талаар яриа байж болно гэж үү? Та хэрвээ Улаанбаатарт очвол энэ хагас зэрлэгүүдэд европын соёлыг түгээх гэж ЗХУ амжилтгүйгээр ямар их оролдсоныг харж болно. Тэдэнд (Монголчуудад) загасыг нь өгөөд ч, загас барих аргыг нь заагаад ч эцэст нь ямар ч үр дүнгүй. Тэд хэзээ ч европын түвшинд хүрч чадахгүй, ийм боломж ч тэдэнд байхгүй! Сүүлийн жилүүдэд хөөрхийлөлтэй “зөвлөлтийн дууриалал” болсон энэ бяцхан орон Чингэс хааны нэрийг ашиглан дэлхийд танигдахыг их оролдож байна. Бид (европчууд ба америкчууд) жинхэнэ соёл иргэншилт хүмүүсийн ёсоор сая сая хүнийг алсан энэ харгис алуурчны нэр дэлхийд агуу хүн болж танигдахаас сэргийлэх ёстой. Эцсийн эцэст Монгол гэх энэ жижигхэн тэнэмэл нүүдэлчдийн дэлхийн соёлд гүйцэтгэсэн үүрэг нь юу байв? Атилла, Чингэс гэсэн 2 яргачны нэрийг хасвал чухам энэ хөөрхийлөлтэй бардам үндэстнээс юу үлдэх билээ?”

Үүнийг сонсоход нэлээд эвгүй ч гэлээ бидний барууныханд гайхуулж, магтаж ярьдаг нүүдэлчдийн амьдрал тэдэнд дээр өгүүлснээр л хүрдэг. Үүнд огт эргэлзэх хэрэггүй үнэхээр тийм гэдгийг танд баттай хэлье. Европт Монголын тухай бичсэн ном бүр нь яг ийм өнгө аястай гардаг юм. Иймэхүү зүйлс уншсан хүмүүс бидний талаар ямар төсөөлөлтэй болох нь мэдээж. Бүр Орос, Украин, Беларус мэтийн зүүн европын орнуудын, дээр нь Иран, Сири гэхчилэн арабын орнуудын дунд сургуулиудад яг ийм өнгөтэй Монголчуудыг үзэн ядсан хичээл ч байдаг. Та нэг л итгэхгүй байна уу? Тэгвэл жишээ болгож Улаан – Үдийн буриадуудыг харъя л даа. Тэд одоо яг оросууд шиг бодож сэтгэдэг болсон. Улаан – Үдийн буриадуудын Монголд хандах хандлага Монголчуудад олныг бодогдуулах ёстой. Надад танай Чингэс хаан буриадыг эзлэхдээ олон буриадыг алсан, буриад Монгол хоёр дайснууд байсан утгатай зүйл ярихад би лав уураа барьж чадаагүй. Арай ч дээ тэд бол бидний цусаараа, түүхээрээ холбоотой хамгийн ойрын ах дүү нар бус уу? Өнөөгийн хатуу, далд буй үндэстэн хоорондын соёлын өрсөлдөөнд Монгол туургатан бие, биеэ дэмжих ёстой атал, би нас тогтсон буриад эрээс яагаад ийм гомдом үгс сонсов? Үүнд хэн буруутай вэ? Оросууд уу, буриадууд уу? Эсвэл бид үү?.

Яг үнэндээ бол европт Монголд хайртай ганц ч европ хүн байхгүй!!! Тэр Монголд хайртай, Монгол судлаач гээд Монголд ирж байгаа барууны хэдэн түүхч, эрдэмтэд нь хэдий бидний өмнө Монголыг магтан ярьдаг ч, чухам тэд л иймэрхүү ном, өгүүлэлүүдийг бичдэг юм. Европчуудад азийн хамгийн ядуу арчаагүй, зураасан нүдтэй Монголчуудад ялагдаж байсан, тэднээс хөгжлөөрөө хоцорч байсан гэж бичих хэрэг байна гэж үү? Ёстой үгүй. Анлиар, Оросоор, Францаар, Германаар хамаагүй ээ, гол нь гадаад хэл дээр (дээрхи хэлүүд дээр бол бүр сайн) европчуудад бусад тэднийг дэмжигчдэд өөрсдийнхөө түүх, соёл, уламжлалыг хамгаалсан номоор хариу бичиж, эх орноо өмөөрөх чадалтай Монгол эрдэмтэн – түүхч алга гэж үү. Хаана байна? Еврей нарт бол байна шүү (тэд ч бас нүүдэлчид). Хэдий бүх европчууд тэднийг үзэн яддаг ч, бүгдээрээ шахуу еврейчүүдийн удирдлаган дор ажилладагийн нууц юунд байна вэ? Хэтэрхий хэцүү асуулт асуучих шиг боллоо. Эрхэм түүхч эрдэмтэд энэ талаар тунгаана биз. Нүүдэлчид бол аймшигтай зэрлэгүүд гэдэг энэ ойлголт зөвхөн өрнийхөнд ч бус, мөн дорныхонд ч хамаатай ойлголт. Үүнийг жишээ аваад, баримтаар нотлоход их амархан.

Хятадын У–ди хуандигийн зөвлөхийн тэмдэглэлд (М.Э.Ө. II зуун) эртний Хүннү нарын тухай ийн өгүүлжээ: “Хойд нутагт ногоон нүдтэй, хүн төрхтэй, араатан зүрхтэй зэрлэг нүүдэлчид нүүдэллэн амьдарна. Тэдний нутаг үржил шимгүй, хүмүүс нь тогтвор суурьшилгүй, балмад дээрмээр амь зууна, их хуанди Цинь улсыг энэ энэ зэрлэгүүдтэй нэгтгэх хэрэг юун. Харин Цинь улсыг тэднээс тусгаарлан хойд нутгаар их хэрэм босговол зохино”. Та “ойлгомжтой, энэ бол Хятад. Тэд ингэж бичсэнд гайхах хэрэггүй” гэх байх л даа. Гэхдээ тийм биш юм. Тэгээд ч ихэнх хятад хүн Монголын талаар нэрнээс цааш мэддэггүй. Гол учир нь Монголчууд бидний өөрсдийн байгуулсан энэ нүүдлийн аж ахуй, энэ ахуйдаа зохицон амьдрах нүүдэлчдийн сэтгэхүй, ухаан, Монгол хэл, Монгол соёл өрнөдөд ч, дорнодод ч байдаггүйд л байгаа юм. Өрнөд ийм ахуй оршиж болох талаар огтхон ч таамаглаагүй. Тэднийхээр бол хэрэв ийм ахуй байдаг юм бол энэ улс биш зөвхөн хүй нэгдлийн овог аймгууд л байх ёстой. Энэ нь тэдний логик гаргалгаагаар батлагддаг. Иймд тэдэнд юу ч гэж тайлбарласан тэд биднийг хэзээ ч ойлгохгүй, хэзээ ч!!!. Юун тэр их Монгол улс, өнгөрсөн баларсан муухай дурсамж. Тэгээд бид одоо юу хийх ёстой юм? Ямар сонин асуулт вэ. Тэнэг ч гэмээр. Мэдээж өрнөдөд ч, дорнодод ч Монгол гэж ямар агуу үндэстэн бэ гэдгийг үнэн зөвөөр нь таниулж, бидний дэлхийн хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.

Яаж?

Хоёр мянган жилийн турш бид суурин улсуудад өөрсдийгөө, нүүдлийн соёлыг таниулах гээд бүтэлгүйтэж байсан. Бүр бүгдтэй нэгэн зэрэг дайтаж дийлээд ч байдлыг өөрчилж чадаагүй, харин улам ч олон муу цол аваад үлдсэн. Европт Европын хамгийн муу дутагдал бүхнийгээ Монголчуудтай холбон тайлбарлаад эхэлчихэж. Жишээ нь: 13 дугаар зуунд орос орон яагаад хөгжөөгүй вэ? Оросын түүхчдийнхээр бол Монголчууд ирээд л байсан бүхнийг нь шатаагаад устгасан юм байх. Миний л мэдэхээр Оросын түүх Монголчуудыг ирснээс хойш эхэлдэг. Түүнээс өмнө Орос үндэстэн, Орос улс гэж байгаагүй. Харин ч хэдэн тархай, бутархай славъян үндэстнийг нь нэгтгэж Орос улсын, Орос үндэстний эхлэлийг бид л тавьсан бус уу? Яагаад тэд тухайн үед славъянчуудыг олноор нь устгаж байсан швед, германчуудын талаар бичихгүй байна вэ? Тэгэхэд Герман дээрэмчдээс хэн Орос орныг хамгаалсан билээ? Үүн дээр дэлхийн II дайны талаар нэмэх ч хэрэггүй. Би Оросуудын “Германыг уучилж болно” гэж хэлэхийг сонссон юм байна. Хачирхалтай юм шүү. Цагаан арьстан цагаан арьстнаа л гэдэг. Одоо ч арьсны үзэл хаана ч байсаар байгаа!

Дүгнэлтийн оршил

Дүгнэлт бичихийн өмнө би яагаад европын байр суурийг голлож авч үзэв гэдэг талаар товч тайлбар бичье. Европчууд бол өөрсдийгөө дэлхийн хамгийн ухаантайд тооцдог, дэлхийн хамгийн ихэмсэг хүмүүс юм. Хэрэв тэдний дэлхий дээр хийсэн бүтээснийг нь тооцвол тэд бол яах аргагүй бүх зүйл дээр анхдагчид, дэлхийн тэргүүлэгчид билээ. Өнөөдөр тэд дэлхий дээр хамгийн хангалуун чинээлэг амьдарч буй улсууд төдийгүй чухам тэд л дэлхийн хөгжлийн түвшин, аливаа хэм хэмжээг тодорхойлж буй улсууд юм. Эртний Грек, Ромоос эхтэй баруун европын соёл иргэншил өнөөдөр үндсэндээ дэлхий дээр байж болох хамгийн төгс, цорын ганц соёл иргэншил болон үлджээ. Энэ тогтолцоог сөрөн зогсох өөр ямар ч тогтолцоо одоогоор дэлхийд байхгүй байна. Монгол улс энэ тогтолцоонд хэдийн орсон. Өнөөдөр бидний судалж буй бүхий л шинжлэх ухааны салбарууд, манай академик боловсролын тогтолцоо, эмнэлэг - эрүүл мэнд, хууль эрх зүйн тогтолцоо, одоогийн хэрэглэж буй он тоолол, бичиг үсэг, мөрдөж буй хэв хэмжээ (стандарт), үзэж буй зурагт, сонсож буй радио, харилцаж буй үүрэн холбоо, интернет, компьютер, цаашилбал Америк, Австрали гээд хүчирхэг гүрнүүд хүртэл бүгдээрээ европоос гаралтайг сануулъя. Иймд европт өнөөгийн дэлхий, ертөнцийг зөвхөн европчууд бүтээсэн гэж ярилцдагтай маргах хэрэггүй. Ер нь европт хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгтэй үндсэндээ адил ойголтууд байдаг. Харин Ази тив, Хятад, Солонгос зэрэг нь бүс нутгийн чанартайгаар европчуудад ойлгогддог юм. (Ази, Европын хооронд соёл иргэншлийн өрсөлдөөн улам ширүүссээр байгаа – энэ талаар тусдаа өгүүлэх болно).

PS: Kапитализм ч бай коммунизм ч бай бүгд европчуудын оюуны өмч!.

Бидний хамгийн том алдаа

Өөрийгөө хамгаална гэдэг амьтан бүрт байдаг онцгой чанарыг хойш нь тавиад, өөрсдийгөө нэг сайн харъя. Бид чинь амьтнаас ялгарсан, оюун ухаант хүмүүн бус уу. Яг одоо толгойд 2 асуулт сөргөлдөнө:

1. Заримдаа бүр Монгол хүн гэдгээсээ ичих болтлоо бусдаар яагаад ингэж хатуу шүүмжлүүлэх болов? (Уг нь Монгол сайхан л орон юмсан. )

2. Ер нь тэд биднийг шүүмжлэх хэн юм? (Тэгээд шүүмжилж бичлээ гээд яадаг юм. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг. Бидэнд тэдний үг огт хамаа байхгүй)

За байз эдгээр асуултад хариулахад туслах нэгэн ишлэл уншиж байсан юм байна шүү: “Хэрэв чамайг хэн ч сонсохгүй, харахгүй, чамайг муулан дээгүүр чинь өнгөрдөг бол чи өөрийгөө үхсэнд тооцож болно” Тийм ээ, яг тохирсон хариу байна. Гэтэл Монголчууд бид үхээгүй, Монгол орон байсаар байгаа, байх ч болно. Монгол гэж орон байгаа л юм чинь түүний талаар хэн нэгэн ярьж, бичих нь гарцаагүй. Харин сайнаар уу, муугаар уу гэдэг нь л асуулт байна. Тэгэхээр шүүмжлэлийг тоохгүй явж болохгүй нь ээ. Хэрэв эс хайхарбал бид үхсэнтэй, Монгол улс гэж байхгүйтэй адил бус уу? Бүгд л бидний талаар юу дуртайгаа ярьсаар, бидний дээгүүр алхах болно. Үхсэн хүн ямар үг хэлэх биш. Тэгэхээр эхний хамгийн хэцүү асуултанд л хариулах үлдлээ – энэ бол ЯАГААД?.

“Галгүй утаа гэж байдаггүй юм”

Хэрэв дээр бичсэнийг эрүүл ухаанаар эрэгцүүлбэл европчуудын түмэн зөв. Аливааг бодитоор үнэлэн хүлээн авах – энэ бол европ сэтгэхүй. Та эргэн тойрноо сайн хараарай. Өнөөгийн Монгол хүнийг, Монгол эр хүнийг. Ямар байна даа?

“Хиртэй, өмхий үнэртэй, архичин, залхуу, хийсэн зүйл юу ч байхгүй, мөртлөө өөрийгөө магтан ярих дуртай, дандаа юмыг хойш тавьдаг, худал хэлдэг, гуйлгачин, хулгайч, хэлсэндээ хүрдэггүй, цаг барьдаггүй, харамч, хуучинсаг, хардамхай, матаач, атаархуу, гэнэн, итгэмтгий, тооцоогүй, мартамхай, бусдыг доромжлох дуртай, бусдын үгийг сонсч сураагүй, тэвчээргүй, туйлбаргүй, шүүмжлэлд эмзэг ханддаг (тэд бүр 100 хувь шүүмжлэлийн эсрэг шууд л би буруугүй гээд өөрийгөө өмөөрдөг юм билээ), онгироо, нарийн мэдлэггүй, зөвхөн өнгөц мэдлэгээрээ бусдыг болон өөрийгөө аргацааж явдаг, ирээдүйд итгэх итгэл султай...“ Ямар олон юм бэ? Харамсалтай байна. Бидний Монголчуудын ихэнхи нь яг ийм зан чанаруудтай. Тун ч эмгэнэлтэй байгаа биз. Энэ бол нүүдэлчин Монголчууд бидний эртнээс өвлөж ирсэн хамгийн муу талууд. Гадныхан Монгол хүнийг, Монгол аж ахуйг, яг бодит байдлаар нь дүрслэн бичсэн. Үүнд тэдний буруу байхгүй. Тэд сая та юуг харсан, яг түүнийг чинь л харж байгаа. Бүр хамгийн түрүүнд. Бидэнд эдгээр дутагдлуудаа бусдаас нуух арга одоо байхгүй юм. Энэ бол хэний ч нүдэнд хэтэрхий илэрхий зүйл. УБ хотын гудамжинд ядуурал, архи нь үнэртэж, малчин айлын гэрээс гуйланчлал, арчаагүй заваан байдал нь мэдрэгдэж, зурагт, сонингуудаас нь матаас, доромжлол хүлээгдсэн, орчуулагч бүсгүй нь бүтэн цагаар хүлээлгэдэг бол танд энэ орон ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? Хэрэв Монгол улс, Монгол хүн энэ бүх дутагдлаа хурдан устгахгүй бол цаашид ч ертөнцийн хамгийн хэрэггүй булан, хамгийн зэрлэг хүмүүс хэвээрээ л үлдэх болно. Ядаж цагийг ягштал барьдаг, туйлын цэвэрч, хөдөлмөрч бас үндсэрхэг Европ хүмүүст биднийг ойлгоход олон жил шаардагдах болно. Өнөөгийн олон улсын байдал, мэдээллийн эрин зуун Монголчууд биднээс энэ цаг хугацааг аль болох хурднаар багасгахыг шаардаж байна, яагаад гэвэл ингэх боломж бидэнд бий.

Тэр Монголчууд чинь дэлхийн хамгийн том гүрнийг байгуулсан, эртний түүхт орон мөн биз дээ? Хэрэв ийм л арчаагүй, дорой юм бол яаж тэр их гүрнийг байгуулдаг байнаа? Бас л сонин асуулт – нэгэн танил Монголд ирж байсан польш залуу надад иймэрхүү асуулт тавьж билээ. Би тухайн үедээ Монголоо магтаад л өнгөрсөн. Харин дараа нь нээрээ яаж гэж бодсон юм даа. Миний бодлоор хэрвээ бүх Монгол хүн ийм сэтгэхүйтэй, арчаагүй юм бол дэлхийтэй дайтна, ялна гэдэг бүтэшгүй зүйл. Тэгээд өнөөгийн Монголчуудыг эртний Монголчуудтай нь, зан соёлын хувьд харьцуулах гэж оролдлоо. Бидний энэ хоцрогдлын, оюуны хоосролын шалтгаан юунд юм бол оо? Тэр их гүрний бардам үр сад одоо согтоод гадныханд Чингэс гээд л агсам тавьдаг болоо шив дээ (ингэж байхыг хэд хэдэн удаа харсан). Бас л харамсалтай. Удтал бодож эргэцүүлсний эцэст өнөөгийн Монголчуудын сэтгэхүй, оюуны доройтлын учрыг тайлбарлах 5 үндсэн шалтгааныг олов:

1.Монголчуудын энэ дорой байдал бүр анхнаасаа л нүүдлийн аж ахуйтай нь хамт байсаар ирсэн ба иймдээ ч Монголчуудад гадныханд үзүүлэх түүхийн үнэт дурсгал нэн ховор юм. Монголчууд хэзээ ч өөртөө баялаг бүтээж байгаагүй бөгөөд үргэлж бусдыг дээрэмдэн амьдарч ирсэн. Тэдний хувьд хоол хүнсний асуудал хамгийн тэргүүнд тавигдах бөгөөд тэр нь шийдэгдвэл бусад руу халдан довтлох нь магадлал багатай. Энэ тайлбар бол Монголчуудын талаархи гадаад эрдэмтдийн тайлбартай нийцэж байгаа. Дэлхий даяар Монголчуудын талаархи хамгийн түгээмэл ойлголт. Энэ талаар дээр тодорхой өгүүлсэн гэж үзэв.

2.Байгаль – цаг уур, газар зүйн тааламжгүй нөлөөлөл. Монгол – Түрэг үндэстнүүд нь эрт цагаас Монгол нутгийн байгаль - цаг уурын тааламжгүй нөхцөлтэй тэмцэн оршсоор ирсэн ба ийм хатуу ширүүн цаг агаарт зохицон амьдрах хамгийн энгийн арга нь зогсолтгүй хөдөлмөрлөх юм. Үнэхээр Монгол нутгийн малчин айлуудад хэд хоног амьдрахад тэдний ямар их хөдөлмөрч хүмүүс болохыг харж болно.

- Жилийн дөрвөн улиралд зохицуулж үргэлж нүүн амьдардаг. Мөн өмнө зүгээс ирэх байнгын заналхийлэл нь Монголчуудад томоохон хот суурин барих шаардлага, нөхцөл ер олгоогүй.

- Монгол орны бэлчээрийн даац улирлаас хамааралтай учир баруун шиг фермерийн МААхуй хөгжүүлэх боломж байгаагүй.

- Мөн ердөө ганц эртний дайсагнасан улстай хиллэдэг байсан нь худалдаа хөгжихөд муугаар нөлөөлсөн (Орос болон арабын улс орнууд нь хэтэрхий хол зайтай оршиж байсан.). Энэхүү суурин улсын худалдааны тал дээрхи давамгай (монополь) байдлыг устгахад хүч хэрэглэхээс өөр арга бидэнд байгаагүй. Үүгээр Монголчуудын Хятад руу чиглэсэн түрэмгийлэлийг цайруулах бүрэн үндэстэй.

- Адам Смитийн эдийн засгийн онолоор чөлөөт эдийн засгийн хөгжилд өрсөлдөөн гол байр суурь эзэлдэг. Монгол улсын эдийн засгийн хувьд ямар ч өрсөлдөгчгүй (хоёр хөршөөсөө нэн дорой, тэдэнтэй харьцуулалтгүй нь хэнд ч ойлгомжтой) ганцаардмал байдал нь түүний эдийн засгийн, соёлын хөгжлийг бүрэн сааруулсан төдийгүй, үүгээрээ нийгмийн, иргэдийн сэтгэл зүйд шууд бус сөрөг нөлөө үзүүлдэг. Улс оронд нь ч, иргэдэд нь ч өмнөө тавих зорилго гэж үгүй болсон. “Юу хийх юм бол бүү мэд. Амьд л байвал болов” гэсэн сэтгэхүй суугдсан. Өөрөөр хэлбэл юу ч хийхгүй гэдсээ илээд зурагт үзээд хэвтэх, эсвэл худлаа ярьж мөнгө нэхэх. Энэ бол бидний үнэн – оюуны доройтол. О.Бальзак: (зорилгогүй) “хоосон тэг шиг хүмүүсийн өмнө тоо тавих хэрэгтэй”. Бид өөрсдөө тавих тоогоо сонгож чадахгүй зүдэрч байхад гадныхан аль хэдийн бидний өмнө зохих тоогоо тавьчихсан байх юм. АНУ-ын Элчин сайдын яам Монголыг япон маягаар хөгжүүлэх юм байна. Түүхээ хадгалсан хэвээрээ, өндөр хөгжинө гэсэн үг. АНУ агуу л даа. Гэхдээ л Япон Монгол хоёрын иргэншлийн зарчмын ялгааг бүрэн мэдэхгүй байгаа нь илт. Ер нь эртний соёлт тусгаар улсыг хэрхэх тухай заах тэд хэн билээ? Хэрвээ бид өөрсдөө бүх эрдэмтдээ цуглуулж байгаад тодорхойлсон зорилготой, бас аж үйлдвэртэй баян байсан бол хэн ийм үгс бидэнд хаяглах байсан бол? Энэ бас өнөөгийн Монгол орны эмгэнэл юм.

3.Дорой байдал нь Монголчуудад манжийн 225 жилийн дарлалаас үлдсэн өв. Угтаа бол бид хөдөлмөрч ард түмэн. Энэ бол миний хувьд ихээхэн боломжит хувилбар бөгөөд цаашид энэ хувилбарыг дэмжих болно. Эртний түүх, соёлын үнэт эх сурвалжуудаа манж нараар устгуулсан Монголчууд ердөө 1–2 үе өнгөрөхөд эртний хүчирхэг байдлаа, уламжлалаа, хуулиа бүрэн мартсан байж болох юм. Манж нар бидний уламжлалыг сэргээх боломж өгөөгүй. Харин эсрэгээр бидний түүхийг устгах үйл ажиллагаа явуулсан. Тэд Монголчуудын овгийг устгаснаар үндсэндээ бидэнд эртний түүхээс юу ч уламжилж ирээгүй бүгд мартагдсан. Түүхээ мэдэхгүй, хэдэн лам банди нарт өнөөгийнх шиг л сэтгэхүй сууж байсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Яахав үнэхээр Буддын гүн ухааныг төгс эзэмшсэн хэсэг лам нар байсан байх л даа. Гэхдээ тэд бол бүх Монголчууд биш. (Чухам энэ үеэс л манай Монголчуудын Буддын соёлд оруулсан агуу хувь нэмэр эхэлдэг). Монгол айл бүрт малаа маллаад амьдрах ганц л зам байсан. Юун тэр Монгол орны хөгжил, яаж Балдангаас баян болж, манж амбаны итгэлийг олох вэ гэсэн бодол бидний толгойг маань хязгаарлаж байжээ.

13 – р зуунаас бидэнд Гэсэр, Жангар гэсэн хоёрхон тууль л аман хэлбэрээр үлдсэн. Гэхдээ Монголчууд дэлхийд олон олон түүхийн үнэт дурсгалыг бүтээсэн. Жишээлбэл: тэр дэлхийн гайхамшиг Таж Махал, Киргизид байдаг доголон төмрийн ордон, узбекстанын алдарт одон орон судлалын төв, Төмөр хааны бунхан, Орост байгаа Мамайн бунхан зэрэг нь бүгд Монголчуудын шууд санаачлага, оролцоотойгоор бий болсон бус уу? Мөн Монголчуудын бүтээсэн бүтээл, сайн талуудыг бичсэн олон олон баримт дэлхийн алдартай номын сангууд, архивуудад огт нээгдээгүйг, судлагдаагүйгээр одоо ч хадгалаастай байдаг бөгөөд түүнийг судлах эрдэмтэд санаачлага Монголын талаас ч, бусад улсуудын зүгээс ч алга байна. Магад энэ манай түүхчдийн анхаарлаа хандуулах шинэ чиглэл байж болно!!!

Хамгийн энгийн зүйлийг ч бид яаралтай өөрсдийн болгон баталгаажуулах ёстой. Ер нь Чингэс хааны тараасан пайзыг дэлхийн хамгийн анхны гадаад паспорт, Хубилайн Мөнгө – давсны бичгийг дэлхийн хамгийн анхны бэлэн мөнгөний Чек гээд бичихэд маргах гадаад эрдэмтэн гарна гэж үү? Яахав Монголчууд дэлхийтэй дайн хийгээд арван сая хүн алжээ, харин хэдийг аварсан болоо? Яасан, үгүй гэж үү? Биднийг ирэхээс өмнө арабууд хоорондоо шийт – суннит гээд, германчууд – оростой, мөн тэд хоорондоо (загалмайтны аян дайн гэж та сонссон л байлгүй) яаж байлаа? Байдлыг 20 жилийн тэртээ эх орноо орхин гарсан Монгол хүү л өөрчилж, энэ бүхнийг өөрсдийн нэрээр, цусаар зогсоосон бус уу? Энэ бол бидний ухаант дээдсийн бүтээсэн, бодож олж хэрэгжүүлсэн оюуны болон материаллаг (бодит) гайхамшигууд мөн билээ, одоо цагт дээдсийн сайн үйлийг алдаршуулж, алдааг нь тойрох нь бидний үүрэг. Энэ тал дээр ажиллах ёстой түүхчид маань хаана явна? Тэр цагийн талаархи түүхэн, уран зохиолууд яагаад гарахгүй байна? Бидэнд ч дэлхийтэй дайтахад амаргүй байсан нь лавтай. Тэгээд ч Монгол оронд Хар – Хорин, Алтан ордын Бату - сарай хэмээх тухайн үедээ аваргад тооцогдох үзэсгэлэнт хотууд байсан нь Монголчуудыг эрт үед өнөө шиг залхуу байгаагүйг нотлоно. Харин Монгол түүхч та л энэ тухай өөр хэн нэгнээс түрүүлж бичих ёстой.

4.Хэт цөөн хүн ам. Монголчууд хоорондоо болоод бусадтай зөв боловсон харилцах урлагт суралцаагүй. Та Монголын дэлгүүр, автобусанд суугаад л үз... эдийн засгийн хөгжил, харилцааны соёл хэт цөөн хүн амтай, том газар нутагтай орныг тойрдог бололтой.

5.Оросын нөлөө. Яагаав нөгөө социализм барьж өгнө гээд ирсэн оросуудыг хэлж байна л даа. Тэд Монголд цөлөгдсөндөө гутраад баахан архи ууна. Манайхан ч бас дууриаж уусаар. Одоо эх орон архичдаар дүүрэн. Монголчууд их онцлогтой ууна. Оросууд бол урьд орой нь яаж ч архидсан маргааш өглөө ажил дээрээ яг цагтаа л байдаг байхгүй юу. Харин Монголчууд бол тийм биш. Үүний учир Монгол эрчүүдэд алкаголь-дегидрогеназа хэмээх цусан дахь спирт (охь) задлагч фермент (шүүрэл) бараг 20 дахин бага байдгаар тайлбарлагдана. Гэхдээ архидалтаас өөр муу зүйл бидэнд оросууд заагаагүйг хэлэх хэрэгтэй ба архи ууна гэдэг хувь хүнээс өөрөөс нь л хамгийн ихээр шалтгаалдаг. Иймд оросын нөлөө тийм өндөр түвшинд байх ёсгүй юм. Дээр дурьдсан шалтгаанууд нь Монголд ийм буурай байхаас өөр аргагүй гэсэн үг огт биш юм. Хэрэв эдгээр шалтгаануудын эсрэг төлөвлөгөө боловсруулан ажиллавал бид маш хурдан хөгжиж чадах билээ. Ингээд мөн өөрийн олсон шалтгаануудтай уялдуулан, тэдгээрийг арилгах талаар, бидний зайлшгүй хийх ёстой алхмуудыг, хүнд байдлаас гарах гарцуудын тухай бичье:

1.Бид өмнөө тавьсан хөгжлийн том, тодорхой зорилготой болох хэрэгтэй. Энэ бол хөгжлийн, тодруулбал их бүтээн байгуулалтын зорилго, үүнийг сонгуульд хэрхэн ялах вэ? Яаж маргааш хоосон хонохгүй вэ гэсэнтэй адилтган ойлгож болохгүй юм. Ер нь бидний хамгийн төгс эцсийн зорилго бол дэлхийн хамгийн хүчтэй, хөгжилтэй голлох орон болох (энэ хэдий мөрөөдөл ч гэсэн, өнөөдөр үүний төлөө л бүх улс гүрэн эрмэлзэж, өрсөлдөж байгаа). Энэ зорилгоо биелүүлэхийн тулд:

Гадаад өрсөлдөөнийг бий болгох. Манай улс хөгжлөөрөө орос, хятадтай өрсөлдөж чадахгүй. Иймд ижил төстэй Казахстантай ч юм уу, Арменитай хөгжлийн дайн зарлах хэрэгтэй. Ойрын 5 жилд хөгжлөөрөө казахстаныг гүйцэнэ ч гэх юм уу. Одоо бол бид хөгжлөөрөө африктай хамт дэлхийн орнуудын сүүлд яваа (ДНБ 199 орноос Монгол 141 - р байр, харин Казахстан 55 – рт, Армени 110 -рт жагсаж байгаа).

Бидний хөгжихөд олон тооны эрдэмтэд хамгийн чухал. Тэднийг олноор нь “үйлдвэрлэх”.
Гадаадад улсын зардлаар суралцаж буй залуу эрдэмтэд, оюутнуудтай төгсөөд эх орондоо ажиллах гэрээ хугацаатай байгуулах. Тэд ихэвчлэн эргэж ирдэггүй. Тэдэнд Монголд ажиллах боломж олгох хэрэгтэй.

Дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт шинэчлэлт хийх. Гүнзгийрүүлсэн сургалттай ангиудын тоог, гадаад хэл судлалын цагийг нэмэгдүүлэх (бүр 1 – р ангиас нь гадаад хэл заавал судлуулах), гадаад багш нарыг урьж багшлуулах. Улс хотын олимпиадад түрүүлсэн сурагч, тэдний багш нарт олгох шагналын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх. ЕБС - ууд болон их дээд сургуулиудад онц сурлагатны тэтгэлэг олгоход багагүй мөнгө зарах. Энэ нь Монголын боловсролын тогтолцоог чанаржуулахын зэрэгцээ юу ч бүтээгээгүй атлаа бусдаас мөнгө нэхдэг Монголчуудын бүдүүлэг сэтгэлгээг устгахад ихээхэн тус болно. Хүн мэдлэгээ үнэлүүлж байна гэдэг юутай сайхан. Бидэнд мэдлэгтэй, сэтгэн ажиллаж чадах ажилчин хэрэгтэй болохоос бус, Монгол их сургуулийн чанаргүй диплом хэрэггүй. Манай сургуулиуд мэдлэг олгох чадваргүй байна. Тэтгэлэг авахын төлөө оюутнуудад ихээхэн ажиллах хэрэг гарна, тэдэнд ажиллах чадвар, тэвчээр сууна. Оюуны салбар дахь өрсөлдөөнийг шагнал, тэтгэлэгийн замаар эрчимжүүлэх нь төрөөс юм хийсэн хүнд сайхан ирээдүйг бий болгоход өгч буй бодит дэмжлэг юм. Энэ нь шинэ гэр бүл болоход өгч буй мөнгөтэй харьцуулбал ихээхэн ач холбогдолтой төдийгүй, гадаадын олимпиадад түрүүлсэн сурагч, Монгол сайн мэргэжилтнүүд нь манай улсын нэрийг дэлхийд эерэгээр таниулахад онц хэрэгтэй. Мөн сөрөг үр дагавар тун багатай.

Гадаад эрдэмтэн мэргэдийг ихээхэн хэмжээгээр урьж хамгийн их ашиг олж болох, хамгийн хэрэгтэй салбарууд дээр ажиллуулах. Тэднээс суралцах. Жишээ нь газар, тариалангийн салбарт Монголын нөхцөлд ургаж, өндөр ургац өгч чадах үр тариа боловсруулахад ганц Монгол эрдэмтэдийн чадвар сул байгаа.

Бид өрнөдөөс ч, дорнодоос ч нэгэнт алс хоцрогдсон тул тэдний хийсэн бүхийг давтан гүйцэж түрүүлэх нь боломжгүй, иймд гадны ном зохиолуудыг ихээхэн хэмжээгээр хуулах, орчуулах хэрэгтэй.

Өөрсдийн түүх соёл, уламжлалаа маш сайн тэмдэглэн бичиж үлдээх хэрэгтэй. Өрнийн соёлын нөлөөгөөр бидний улалжлалын ихээхэн хэсэг мартагдах нь гарцаагүй ба дахин сэргээх шаардлага гарахгүй гэж үзэж байна. Хэрэв тийм шаардлага бий болбол бидний судалж, бичсэн тэмдэглэл байж л байх болно. Жишээ нь: Путин хэзээ ч орос үндэсний штаны (тэнэг иваны өмд) өмсч олон улсын үйл хэрэгт явахгүй. Гэхдээ орост үндэсний хувцас нь ямар байсан, байдаг талаар бүгд л мэддэг.

2.Монголын талаархи дэлхийд байдаг таагүй ойлголтуудыг устгах нь бидний бас нэгэн том зорилго. Үүнд ихээхэн цаг хүч, мөнгө зарцуулах хэрэгтэй. Монголчууд өөрсдийгөө өмөөрч Монгол хэл дээр юу бичдэг билээ, түүнийгээ яг тэр хэвээр нь англи, орос хэл гээд гадаад хэлүүд рүү орчуулаад л ном, интернет бүх л боломжит мэдээллийн сувгуудаар гадагш нь зогсолтгүй цацах хэрэгтэй. Монгол судлаач гадаад эрдмтдийг үүнд хамгийн ихээр ашиглах ёстой. Тэд бидний хамаагүй сайн орчуулагчид төдийгүй, гадаад хэл дээр гарч буй Монгол номын зохиогчид нь байх ёстой.

3.Юуны түрүүнд тэр өвөр монгол, халимаг, буриад, тува, алтай мэтийн ойрын Монголчуудыг өөртөө татах. Тэднийг Монголд суурьшуулан хот ч барьж болно. Үүн дээр бас яаравчлах хэрэгтэй. Үгүй бол тэд маань хүссэн,хүсээгүй бусдын хэлснээр явсаар биднийг мартаж эхэлсэн, бид оройтох болно. Одоо бол тэднийг буцаан, ядаж сэтгэл зүйн хувьд Монгол хэвээр үлдээх сүүлчийн боломжит жилүүд явж байна. Эдгээр хагас эрхтэй бүгд найрамдах улсуудад Монголын соёлыг ихэд сайнаар сурталчилах, тэдгээр улсуудаас Монголд оюутнуудыг олон тоогоор нь суралцуулах, Монгол хэл тэдэнд заах, монголтой холбогдолтой соёлын томоохон өргөө, сүм дуган, мэдээл солилцох төвүүдийг барих хэрэгтэй. Жилд эдгээр “улсуудаас” ирэх жуулчдын тоог өсгөх нь чухал. Үүний өмнө эхлээд тэдэнд үзүүлэх харуулах зүйлсээ бид өөрсдөө бүтээн босгох хэрэгтэй. Өнөөдөр Монголын зүгээс “гадаадын” монголчууддаа зориулж юу ч хийгээгүй. Халимаг, буриадууд нь Монгол хэлээ мартсан байна. Энэ бол бидний үргэлж сэтгэлдээ анхаарах асуудал бөгөөд, тэдний талаар мартах эрх Монголчууд бидэнд байх ёсгүй. Чухам эдгээр “гадаадын” Монголчууд л Монголыг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах, хайрладаг цорын ганц гадаадууд билээ.

4.Хүн амын эрчимтэй өсөлт ба европжсон Монголчууд. Хүн амын бага хэмжээтэй холбоотойгоор, Монголын өнөөгийн дотоодын зах зээл тун жаахан. Бид хүн амаа хоёр аргаар өсгөж болох юм.

Нэгдэхийг нь тайлбарлах хэрэггүй. Энэ бол биологи. Жишээ нь Та лав 3 хүүтэй байлгүй.

Хоёр дахь арга нь гадаадын иргэдийг Монголын харъяат болгох. Гэхдээ үүнийг маш нарийн төрийн бодлоготой хийх хэрэгтэй. Мэдээж юуны түрүүнд хэн бидэнд хэрэгтэй билээ гэдгээ бодох, мөн давхар харъяаллын асуудал Монголд байж болохгүйг санах хэрэгтэй. Би хувьдаа Хятад, Япон, Вьетнам, Солонгос, Энэтхэг, Араб мэтийн орнуудын хүмүүс бие бялдрын хувьд ч, генетикийн хувьд ч, оюуны чадавхийн хувьд ч Монголчуудаас илүү гарч чадахгүй гэж үздэг. Тэд бол цус нь холилдоод бусадтай холилдохын хүслэн болсон хүмүүс. Үүнийгээ нотлох гээд жаахан оролдъё: Хятад, Япон, Вьетнам, Солонгос бүгд яг нэг хэвийн өндөртэй, биеийн хүч муутай, жижигхэн, майга улсууд, Энэтхэг, Арабууд яг давтсан юм шиг шүд, нүүрний хэлбэр, төрөлхийн генетикийн гажгийн давтамж (энэ тоо тэдний хувьд дэлхийн хамгийн өндөр хувьтай), нэгэн хэлбэрийн амьдралтай гээд тус бүрдээ хоорондоо тун төстэй улсууд. Бас өөр нэг түгээмэл шинж нь эд нар бүгд маш олон тооны хүмүүс. Хятад, энэтхэг, арабууд бол тэрбумаар, бусад нь хэдэн арав, зуун саяар тоологдоно. Олон жилийн тусгаарлагдмал байдал, замбараагүй олон эхнэр, тэдгээрийн хүүхдүүд нь эдгээр үндэстнүүдийг яг нэгэн хэвийн болгосон. Хэрэв Монголчуудыг улам л төгс, төгөлдөр болгохыг хүсвэл ийм олон генетикийн гажигтангуудтай холбохгүй байх нь зүй. Яахав тэдэнд дунд төгс, ухаантнууд бий л дээ. Гэхдээ Монголчууд ийм олон байсан бол бүр ч олон ухаантан байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн эдгээр үндэстнүүд нь үргэлж өөрсдийн соёлыг бусдын дээр тавьж, бусдын оршин тогтнолыг үгүйсгэдэг хачин улс. Жишээ нь Араб аав, Монгол ээж байлаа гэж бодъё: хүүхэд нь мэдээж мусульман, мөн ээж нь ч бас. Ямар ч сонголт үгүй. Хятад, Япон бол мөн л адилхан. Тэд үргэлж л дотор газар руугаа гэдэг. Жишээг нь Монголд амьдарч буй хятадын эрлийзүүд хэлээд өгнө. Африкаас бол бүр ч дор юм болох биз. (Тэр ДОХ). Ийм хүмүүсээс Монголын ирээдүйг хүлээх хэрэггүй. Эдгээр орнуудаас иргэн, цагаач хэнийг ч бай авахгүй байх нь зөв. Ганц үлдсэн хувилбар нь европчууд юм. Тэдэнд өндөр нуруу, гоолиг бие, цэнхэр том нүд, генетикийн хувьд цус холилдсон байдал гээд биднээс илүү зүйл олон бий. Европчуудыг Монголд суурьшуулж, тэдэнтэй холилдох нь бидэнд бусад хэнээс ч ихээхэн давуу талуудыг олгоно (бүр европчуудаас өөрсдөөс нь ч). Европжсон Монголчуудад газар нутгийн байрлал европоос хол тэдэнд уусна гэж айх хэрэггүй, генетикийн хувьд энэ нь маш сайн цус сэлгэлт, гадаадаас шинэ санаа, шийдэл, технологи нэвтэрнэ, европчуудтай харилцах харилцаа улам ойр болно (цагаан хүн цагаан хүндээ хайртай гэсэн зарчим далдуур үйлчилсээр байгаа), дотоодын зах зээл өснө, улам л сайхан төрх бий болно (эрлийз хүмүүс ихэвчлэн царайлаг байдаг), эцэст нь энэ бол хятадаас ирэх ээлжит довтолгооноос хамгаалах хамгаалалт болж магад. Нэгэн өдөр хятадын ерөнхий сайд Монгол бол түвдийн адил хятадын салшгүй нэгэн хэсэг хэмээн зарлалаа гэж бодъё, харин тэр Монголчууд нь аль хэдийн хагас европ болсон байв. Дэлхий дахин ази, европ хүмүүсийн ялгааг гадарлана, харин түвд хятадыг бол сайн мэдэхгүй. Хятадын хувьд хагас европ хүмүүсийг манайх гэж хэлэхэд хэцүү л байх болно. Нэг л бүтэшгүй мэт авч энэ санаа 200 жилийн дараа бодит болж болно. (угтаа бол эртний тэр Хүннүгээс эхлээд Х зуун хүртэлх бүх л Монголчууд европ төрхтэй байсан ба тэд Хятадаас эхнэр авсаар өнөөгийн Монголжуу төрх үүссэн. Үүнийг Хүннүгийн үеийн археологийн олдворууд нотолдог бөгөөд тэдгээрээс ганц ч өнөөгийн Монголжуу хүний гавал олдоогүй нь үүний гол баталгаа болдог).

5.Согтууруулах ундаа Монголчуудад тун муугаар нөлөөлсөн. Иймд түүнд хамгийн өндөр татвар тогтоо л доо. Хамгийн хямд архи нь 10000 төгрөг. Ямар байна. Харин пиво, вино мэтийн арай бага согтууруулах үйлчилгээтэй ундаанууд нь илүү хямд байвал согтуурал багасгана гэж найдаж байна.

Дүгнэлт:

1.Монгол улс өрнө ч биш, дорно ч биш.

2.Бидний нүүдлийн аж ахуй нь өнөөдөр мөнхөд оршин тогтноход хэцүү болсон ба бидний хөгжлийг сааруулж буй гол хүчин зүйл болоод байна.

3.Монгол орон дэлхийн хамгийн хоцрогдсон орнуудын нэг.

4.Монголчууд бид нүүдлийн соёлоос суурин иргэншил рүү аль болох хурдан шилжих хэрэгтэй.

5.Бидэнд Путин шиг бүтээлч удирдагч алга байна.

Монголчууд бид суурин улсуудын дунд оршсоор ирсэн (оршсоор байгаа) нүүдэлчин ард түмэн. Цөөн тооны Монголчууд өмнөд их хөрш Хятадын дайралтыг тэсч, тэдэнд уусалгүй үлдсэн нь нүүдлийн аж ахуйтай маань салшгүй холбоотой билээ. Товчоор гагц нүүдлийн соёл иргэншил маань л биднийг саяхныг хүртэл хоёр мянга илүү жилийн турш суурин улсуудын элдэв довтолгооноос аварсаар ирсэн. Харин цаашид аварч чадах болов уу? Юуны өмнө үгүй, чадахгүй. Урьд бид (16-р зууныг хүртэл) бүхнээс хурдан, хамгийн боловсронгуй армитай байлаа. Тэр цагт бүхнийг зэвсгийн хурд, удирдагчийн ухаан хоёр шийдэж байв. Одоо ч тийм. Гэхдээ хамгийн хурдан нь бид биш, бидний эртний дайснууд болоод, хамгийн ухаантай нь нэг удирдагч биш нэлээд хэдэн эрдэмтэд болоод удаж байна. Эрт цагт Цинь улс бусад жижиг улсыг эзлэн Хятадыг анх удаа нэгтгэсэн, хариуд нь умарын нүүдэлчид эвлэлдэн Хүннү гүрэн үүссэн. Одоо хятад улс цөмийн пуужинтай, урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээндээ хүрч томорсон нэгдмэл улс болсон. Үүнд барих бидний хариу?!!!.

Төгсгөлийн үг

Монголын түүхийг их гүрнүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн бичиж, Монголчуудын дуу хоолой хэнд ч сонсогдохоо больсон байна. Өөрсдийн хэлснээ хэрэгжүүлдэг, амласнаа биелүүлдэг эртний уламжлалаа гээсэн болохоор, бодсоноо тэмдэглэж, бүтээснээ хадгалж үлдээгээгүй болохоор цаг хугацааны эцэст Монголчууд хоосон хоцорсон. Энэ хоосон орон зай өнөөдөр бидний өмнө байна. Түүнийг хэзээ, юугаар, яаж дүүргэх вэ гэдэг сонголт биднээс шалтгаална. XV зуунд Оросууд европыг сонгоод алдаагүй. Харин бид нүүдэлчид хэвээрээ л байгаа.

Нийтлэлийг бичсэн Бодука.